Н.Төгсцогт: Хүлэг хааны жанжин Хит Буха баатрын тухай уншихаар өөрийн эрхгүй огшдог
Mэргэжлийн боксын IBF холбооны аварга, Монгол Улсын Гавъяат тамирчин Н.Төгсцогттой ярилцлаа.
ХҮЛЭГ ХААНЫ ЖАНЖИН ХИТ БУХА БААТАРЫН ТУХАЙ УНШИХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ОМОГШИЛ ТӨРЖ ОГШИЖ ИРДЭГ ЮМ БИЛЭЭ
2009 онд Ази тивийн аваргаас хүрэл медаль зүүгээд ирж байсан арван долоотой сөөсгөр жаахан хүү Нямбаярын Төгсцогт тэр жилдээ Италийн Милан хотноо явагдсан насанд хүрэгчдийн дэлхийн аваргын дэвжээнээс монголын боксын түүхэнд гуравдахь мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Сонирхогчдын боксын хөнгөн жинд монголоос уран ухаалаг дайчин тоглолттой цэл залуухан хурц ширүүн өрсөлдөгч гарч ирсэнийг боксын гүрнүүд тооцож эхлэв. Тэрээр жилийн дараа нутагтаа зохиогдсон оюутны дэлхийн аваргаар түрүүлж улам туршлагажин тулалдсаар 2012 онд Лондонгийн олимпийн их наадмаас мөнгөн медаль авчирсан сайхан амжилт үзүүлж байлаа.
Тамирчин бүрийн мөрөөдөл тэмүүлэл болсон олимп дэлхийн аварга хэмээх их оргил хорин настай ид үедээ яваа хүүгийн өмнө тэр цагт тийм ч холгүй харагдаж байсан байхаа. Сонирхогчдын бокст үргэлжлүүлээд өрсөлдөх өргөн зам дурайж байсан ч тэрбээр мэргэжлийн бокс руу шилжиж өдгөө ямар амжилтанд хүрээд буйг монголчууд маань андахгүй.
Лас Вегаст хотноо Төгсцогт дүүтэй уулзаж тухлан ярилцах завшаан өнгөрсөн 7 сард таарсан юм. Буулгаж амжихгүй явсаар хэсэг хугацаа өнгөрчээ. Төгсөө маань өнгөрсөн 2-р сард Пенсильвани мужийн Аллентаун хотноо мэргэжлийн боксийн оргил WBC холбооны дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдаж харамсалтай ялагдал хүлээснээс хойш сэтгэл дотроо уудлан дэлгэж хэвлэлд ам нээгээгүй яваа билээ. Удахгүй хийх гэж буй ээлжит ширүүн тулааных нь өмнө түүнтэй ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
- Бие биенээ хайр найргүй цохиж тоглохыг анх хараад төрсөн хүүхдийн айдастай зэрэгцээд авхаалж самбаа гаргаад өөрийгөө зодуулахгүй байгаа зэрэг нь их сонирхолтой санагддаг байсан. Гэхдээ секцэнд шууд очоод орж чадахгүй дөлж хэсэг яваад байлаа. Мэдээж гүйж уралдаад түрүүлэх бол тодорхой, хэн хурдан нь түрүүлнэ.
Их спорт дамжаад хэр хэмжээндээ юм юм үзэж туулж ирлээ. Сүүлд монголдоо очиход одоо хэн ч намайг хүүхэд гэхгүй, хөөе чи болоогүй гэхгүй болсныг харин сайн ойлгосон.
- Би монголдоо хэрэгтэй юм хийнээ гэж нэг биш удаа хэлж ярьсан тухай өмнө нь уншиж байсан. Мэдээж дэлхийн хэмжээний амжилт ялалтын төлөө зүтгэж алдар хүндэд хүрч яваа хүүгээсээ ард түмэнд ямар нэгэн хүлээлт байж таараа.
- За дүүтэй ингэж нэг уулзаад тухтай ярилцах боломж тохиосонд баяртай байна. Сайхан зусаж байна уу. Цар тахал гээд хөл хориотой ч бэлтгэлээ хийж базааж байгаа биз дээ.
- Өө бэлтгэлээ тасралтгүй хийлгүй яах вэ, гэхдээ одоохондоо арай хөнгөн хийж байгаа. Ах та сайхан зусаж, сайн явж байна уу, наашаа ингээд зориод ирсэнд баярлалаа. Манай энд түм бужигнаж түжигнэдэг газар бүрэн хөл хорионд орж хэдэн сар хэсэг эзгүйрсэн, саяханаас арай суларч хорио тавигдаад хүн хартай уулзах боломж гарч байна.
- Уншигчид мэдээж сүүлд хийсэн тулааныхаа талаар юу ярихыг чинь хамгийн их сонирхож байгаа бизээ, ярилцлагаа шууд эндээс эхэлчихье. Энэ тулааныг монголчууд догдлон хүлээж байгаад нийтээрээ үзсэн, харин үзүүлсэн үр дүнд харамссан, шүүж дүгнээд шүүмжилсэн сэтгэгдэлүүд их гарсан. Яг юу болоод өнгөрөв өө?
- За маш хурдан болоод л өнгөрсөн дөө. Ер нь бол энэ тулаан их хүлээлттэй жил тойрон яригдаж байж болсон. Расселтэй хийсэн тоглолтын эхний хэдэн үе дээр нэг л эв нь олдохгүй нилээд хүлээсэн маягтай явсаар би санаачлага алдсан байхаа. Гол алдаа энд байсан болов уу. Сүүлд багштайгаа болон өөрөө тоглолтоо эргэж үзээд задаргаа дүгнэлт хийж нилээд ярилцсан.
- Бэлтгэл биеийн бэлэн байдал тоглолтын өмнө ямар байв, Расселийг хэр сайн судлаж ямар тактик боловсруулав. Рингэнд гараад зэхэж бэлтгэсэн хэмжээндээ ажиллаж болж байсан уу?
- Биеийн бэлтгэл тал дээр ямар нэгэн сүрхий асуудал байгаагүй. Гэхдээ яг ийм халз тулаанд гарахгүй нилээд удчихаар өмнөх темпээ алдах юм ч бас байна. Расселын тоглолтыг нилээд үзсээн. Хэрэндээ бодож боловсруулаад хэд хэдэн хувилбараар бэлдсэн. Тэр намайг отож хүлээсэн маягтай гол нь оноо хол алдахгүй, улайрахгүй өгөө аваатай тоглох тактиктай байсан байх. Би эхэндээ оноо хол алдаагүй ч илүү авч илт давуу байдал үүсгэж чадаагүй. Бодсон хэмжээндээ тоглолтоо гаргаж чадаагүй үнээн. Гэхдээ ийм хэмжээний хүнтэй ингэж үзэх ёстой юм байна гээд хийсэн дүгнэлтүүд дээр нь бас туршлага үлдлээ. Дараа илүү сайн тоглолт үзүүлж даагаа нэхнэ, даваагаа заавал авнаа л гэж хэлье дээ.
- Өнөөдөр чамаас өөртөө итгэлтэй, үнэлэлт дүгнэлттэй ийм хариулт сонсоход бас таатай байна. Монголдоо өгсөн нэг ярилцлага дээр америкт очоод авч хүрч болох бүх амжилтыг гаргая, үүний төлөө би явна... гээд зоригтой хэлж байгаа харагдсан. Ер нь яагаад мэргэжлийн бокс руу гэнэт шилжих болов...
- Аан тийм, ер нь мэргэжлийн бокс бол миний мөрөөдөл байсаан. Багаасаа Майк Тайсон мэтийн олон сайн боксчдын тулааныг үеийнхэнтэйгээ адилхан үзэж хараад шүтээд байгаа мөртлөө дотороо бол том болоод тэнд очих тухай мөрөөдөл бас нууцхан тээж явдаг байсан. Тэгээд бокст ороод тодорхой амжилт гаргаад ирсэн хойноо бодитойгоор бодож төлөвлөж эхэлсэн. Мэдээж олимпийн наадам бол миний очих хүрэхээр зүтгэх гол чиг баримжаа байлаа. Лондонгийн олимпийн дараа мэргэжилд шилжихээр бараг шийдсэн. Яагаад гэхээр миний насны үеийнхэн тэнд ид үзэлцээд байдаг. Надад тэнд өөрийгөө сорих боломжоосоо хоцроод байгаа нь мэдрэгдэж эхэлсэн.
- За тэгээд мэргэжлийн бокст орно гэхээр олон асуудал үүснэ биз. Клуб промоутер олох, гэрээ контракт, хууль эрх зүйн талаасаа гээд. Энэ бүхэн хүндрэлтэй байв уу?
- Би бол америкт эхлээд ажиглая, харья гэсэн санаатай ирсэн. Тэгээд хамгийн эхний санал болгосон Жо Гуссений клубт (Joe Goossen) хэсэг хичээллээд байж байтал бүх юм дараалаад бүтэж эхэлсэн дээ. Нэр нөлөөтэй клубын эзэн боломжтой гэсэн тамирчнаа нэг сонгоод авчихвал бусад асуудлыг амархан зохицуулдаг.
- Мэргэжилд орж ирээд 11 тулаан хийж байж аваргын бүсийн төлөө тоглосон. Мэдээж бүх тоглолт хариуцлагатай хатуу ширүүн байсан байх. Одоо харж байхад аль тоглолт хамгийн амаргүй хүнд туссан бэ. Де Ла Торретэй хийсэн тоглолтын 2-р үед хүнд цохилтонд ороод унаж байсан. Зарим үзэгчдийн дунд за ингээд ялагдлаа гэх бодол ч төрж байсан байж мэднэ. Тухайн үед юу бодогдож байв.
- Тэр үед үү. Ингээд л унадаг юм байна, үзлээ шүү гэж бодсон, хүнд цохилтонд орсоны дараа шууд босч ирэхэд хөл дээрээ тогтох хэцүү гэж сонсож байсан тул босохдоо яадаг бол гэж бас бодсон. Санасанаас гайгүй. Хожно гээд гарсан итгэлээ огт алдаагүй үргэлжлүүлээд үзсэн дээ. Харин IBO холбооны аваргын төлөө Нью-Йоркийн Брүүклинд хийсэн тоглолт илүү өрсөлдөөнтэй өгөө аваатай болсон байх. Маррейро (Claudio Marrero) бүх юмаа гаргаж шавхаж байх шиг байсаан. Автомат тооцоологчоор Маррейро 700, намайг 400 орчим цохилт хийснээс минийхийг илүү онож туссан гэж гаргасан байдаг. Би аль болох оногдохгүй зайлж бултаж эцээж ядраах, илүү оновчтой хариу хүнд цохилтууд хийх тактиктай гарсан.
- Сонирхогчдын боксын суурь школтой тамирчид мэргэжлийн рингэнд орж ирэхэд олон ялгаа, давуу болоод сул талууд гарч ирдэг байж таараа. Олимп дэлхийн аваргууд мэргэжилд орж ирээд гялалзаж байгаа нь олон бий, бас ялагдаад олигтой дээшээ явж өгөхгүй байгаа ч бас бий. Энэ тал дээр юу хэлэх вэ?
- Тийм, тийм. Угаасаа л тоглолт явагдах хугацаа, чиг баримжаа нь хүртэл шал өөр ялгаатай. Гэхдээ миний хувьд мэргэжлийн бокс сонирхогчдын бокс хоёулаа л адилхан хүнд хэцүү гэж хэлнэ. Мэргэжлийн рингэнд аваргын бүсийн төлөө маш их тэвчээр хөлс хүч бэлтгэл сургууль шаардагдана. Намайг Лондонгийн олимпийн финалд хожиж түрүүлсэн Кубын залуу од Робесси Карразана гэхэд олимпт дараалан түрүүлж хошой аварга болсон хойноо мэргэжилд орж ирээд анхны тоглолтоо хожигдож эхэлсэн. Одоогоор аль нэгэн холбооны аваргын бүс авч чадаагүй л явах шиг байна. Тив улс орнуудын өөр өөр боксын сургалт суурь техник онцлогууд тоглолтонд нөлөөлөх юм бас их байнаа.
- Багш нарынхаа талаар дурсаж ярих уу. Анхныхаа багштай авхуулсан зурагаа нүүр номондоо оруулсан харагдаж байсан. Мэргэжлийн рингэнд ардын багш Д.Бандийн зураг бүхий өмсгөлтэй нэг удаад гарч ирж байсан...
- За тэгье. Би спортд анх 9 настайдаа хөл тавьсан.
- Боксоор уу?
- Үгүй, намайг 5-6 настай байхад манай өвөө анх боксын зогсолт энэ тэр гээд зааж өгч байсан нь бүдэг бадаг санагддаг. Нялх дүүгийнхээ суурь даавууг цуулаад аваараа гараа ороолгож цохилт хийж байснаа бас санаж байна. Анхных гэвэл 9 настайдаа шатрын дугуйланд ороод нэг жил хэртэй явсан. Аравтайдаа жюдогийн секцэнд орж 4 жил орчим үеийнхэнтэйгээ барилдаж ноцолддог байв. Хажуугаар нь үндэсний бөх гээд бас хэсэг сонирхоод авсан. Тэгж байгаад 14 настайдаа бокс руу орсон.
- Бие биенээ хайр найргүй цохиж тоглохыг анх хараад төрсөн хүүхдийн айдастай зэрэгцээд авхаалж самбаа гаргаад өөрийгөө зодуулахгүй байгаа зэрэг нь их сонирхолтой санагддаг байсан. Гэхдээ секцэнд шууд очоод орж чадахгүй дөлж хэсэг яваад байлаа. Мэдээж гүйж уралдаад түрүүлэх бол тодорхой, хэн хурдан нь түрүүлнэ.
Харин бокст хэн ялах нь тодорхойгүй, юу ч болж яаж ч эргэж мэдэхээр байдагт их татагдсан даа. Тэгээд л боксын секцэнд орж тэмцээн уралдаан бэлтгэл сургуулийн зэрэгцээ элдэв тоглолт бичлэг үзэж хардаг, алдартай боксчдын зураг хөрөг цуглуулж намтар түүх, мэдээ сонин унших зэргээр дурлан хичээллэж ирсэн.
- Анхны багш маань А.Гантулга, сүүлд шигшээгийн ахлах байсан Д.Ганзориг багш нар маань хоёулаа гавъяат болсон. Ардын багш Д.Банди гээд бүх багш нар өөр өөрийн өвөрмөц онцлог арга барил, ур ухаантай улс. Өдий зэрэгтэй яваад минь үе үедээ хувь зохих нэмэрээ оруулсан тэр олон сайхан хүмүүсийн гар дамжиж би гарч ирсээн.
- Хүмүүс одоо өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, санал бодлоо хуваалцдаг цаг үе болжээ. - Хүн дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулж тэндээс баяр хөөр мэдрэнэ гэдэг хамгийн сайхан... гээд фэйсбүүкт саяхан нэг пост оруулсан байсан. Ингэж бичих ямар нэгэн онцгой тохиолдол гараа юу?
- Зүгээр л тухайн үед бодсон санасанаа бичсэн байх. Яг тийм ийм учраас гэхээр онцгой тохиолдол санахгүй байна. Би бокс тоглоод багагүй хугацаа өнгөрөөжээ, хатуу ширүүн хэдий ч дуртай спортдоо ингээд зүтгэж ард түмнийхээ итгэлийг хүлээсэндээ сэтгэл дүүрэн явдаг. Одоогоор нас байна, туршлага байна, амжилт ялалт дахин үзүүлнээ л гэж боддог.
- Дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулна гэснээс өөр ямар хоббитэй вэ?
- Тийм айхтар шимтэж судлаад сонирхдог зүйл гэхээр юмгүй дээ. Аль болох сайн амарч сэргэлт авч чөлөөтэй байхыг эрмэлздэг. Цав чөлөөгөөрөө түүхийн сэдвэвтэй зохиол нийтлэл уншина, баримтат сэдэвтэй кино их үзнээ. Бас хүний гоё яриа сонсох их дуртай. Таны сүүлд явуулсан номнууд маш сонирхолтой байсан. Ялангуяа Айнжалудын тулалдааны тухай, Хүлэг хааны шадар жанжин Хит Буха баатарын төгсгөлийн тухай уншаад өөрийн эрхгүй дотор омогшил төрж огшиж ирдэг юм байна. Их хаан Хүлэг 2 сарын 8-ны өдөр тэнгэрт хальсан гэж түүхэнд тэмдэглэгджээ. Гарри Расселд хожигдож мэргэжлийн дэвжээнд анхны ялагдалаа амсдаг өдөр маань 2 сарын 8 өдөр байж таарсан. (Төгсөөд зохиолч сэтгүүлч Б.Номинчимэд андын бичсэн “Эгнэшгүй нөхрийг олов” нэртэй түүхэн сэдэвтэй цуврал хэдэн ном шуудангаар илгээгээд байсан юм)
Нээрээ Их Монгол гүрний баруун зүгт хийсэн довтолгоог Мамлюкүүд анх няцаасан гээд тэр туужид гардаг даа...
- Гарри Расселийн дээд өвөг нь Египтээс гаралтай учир рингэнд гарч ирэхдээ тэр зүгийн өмсгөлтэй байсан гээд та нэг бичсэн байсан. Тэхлээр мань эр Мамлюкүүдийн удам тул монголчуудын түрэлтийг зогсоосон байж таарлаа. Тоглолтын өмнө энэ түүхийг уншаад гардаг байж. (Инээлдэв)
- Америкт мэргэжлийн спорттой зэрэгцэн реклам зар сурталчилгаа заавал дагалдаж хамтарч явдаг. WBC холбооны дэлхийн аваргын төлөө Гарри Расселтэй хийсэн тоглолтонд Venum гээд компанийн логотой бээлий хувцастай байсан, энэ компанитай хамтарч ажилладаг уу?
- Тийм, нэг жилийн гэрээ хийсэн байгаа. Францын компани гэсэн. Хойд америк хариуцсан салбараас нь санал болгоод эдний хийцийн хувцас хэрэгсэлийг одоогоор дагнан хэрэглэж байгаа.
-Монголоос манай пүүс компаниуд спонсор болох, зар сурталчилгаа хийлгэх санал тавьж байна уу?
- Анх мэргэжлийн боксоор эхэлсэн цагаас “Алтан Дорнод” компани надад итгэн дэмжлэг үзүүлж өнөөг хүртэл тууштай хамтран ажиллаж байгаа. Захирал Т.Ариунболд, Т.Ганболд хоёр ахдаа баярлаж талархаж явдагаа энэ дашрамд илэрхийлье.
- Монголынхоо өдөр тутмын мэдээллийг хэр үздэг вэ, голлон ямар сувгаар?
- Гол гол мэдээллийн сайтуудыг хааяа гүйлгээд харчихдаг, нийтийн сошиал сүлжээнд бол байнга орж харилцаад байдаггүй.
- Сонгууль энэ тэр гээд улс оронд болж байгаа цаг үеийн үйл явдал, цаашлаад улс төрийн сэдвээр уншина биз?
- Хэр хэмжээндээ үзнээ.
- Үзэл бодлын хувьд санаанд ойр дэмжмээр ч юмуу, улс төрийн намын талаар сонирхож байв уу. Дэлхийн хэмжээний амжилт гаргасан манай зарим нэг тамирчид аль нэгэн нам эвсэлд нэгддэг өнөөгийн жишээ олон байна.
- Тэр талаар тусгайлан бодож үзээгүй юм байна. Миний өөрийн том зорилго бол өмнө маань тодорхой хүлээж байгаа. Мэргэжлийн боксоор хүрч болох хэмжээний оргилд очих. Хүссэн зорьсон амжилтдаа хүрч чадвал дараагийн алхам аяндаа тодрох бизээ. Үнэнийг хэлэхэд саяхныг хүртэл хүүхдийн гэнэн мөрөөдэлтэй чигээрээ шахуу явжээ. Чи арай болоогүй, эрт байна, жоохон байна, одоохондоо зүгээр гэдэг үг өмнө нь намайг байнга л дагаж явдаг байсан.
- Би монголдоо хэрэгтэй юм хийнээ гэж нэг биш удаа хэлж ярьсан тухай өмнө нь уншиж байсан. Мэдээж дэлхийн хэмжээний амжилт ялалтын төлөө зүтгэж алдар хүндэд хүрч яваа хүүгээсээ ард түмэнд ямар нэгэн хүлээлт байж таараа.
- Тиймээ, бодож төлөвлөсөн зүйл байлгүй яахав, гэхдээ одоохондоо хийж эхлүүлээгүй болохоор эвлээд ярьж чаддаггүй, ам алдаж болдоггүй юм байнаа. Хүсээд явах биш хүрч очих, хий хоосон ярих биш хийж босгоод харуулах нь чухал байх.
- Төгсөөгийнхөө дэлхийн дэвжээнд үзүүлсэн тоглолтын торгон мөчүүдийн талаар өөрөөс нь тодруулж сонсмоор зүйл олон бий. Миланы дэлхийн аваргын финалд шалгаран үлдээд байхдаа яг юу бодож хоносон тухайгаа яриач.
- Финалд тоглох Пуэрто Рикогийн тамирчины талаар бараг юу ч мэдэхгүй шахуу байв. Банди багш угаасаа тайван хүн тул олон ч юм яриагүй - Миний хүү эртхэн сайхан амарч унт гэсэн. Сэрдамба ах тэргүүтэй багийнхан маань өрөөнд орж ирээд чамд таарсан эвтэйхэн өрсөлдөгч байна, чи хожноо гээд зоригжуулж байсан. Би их юм бодож төлөвлөөгүй дээ, тэгсгээд таг унтсан. Маргааш нь гарч ирээд үзсэн, маш битүү хамгаалалттай нөхөр байв. Оноо авах гээд урагшаа дайрч хөөсөөр байгаад нэг мэдэхэд цаг дуусчихсан. Тэр үед туршлага үнэхээр дутсан. Ялагдаад гарч ирэхдээ харамсаад уйлж байснаа санаж байна.
- Тэр тоглолт чиний хувьд нэг л эвлэж өгөөгүй харагдсан даа.
- Харин тийм, гэхдээ шүүлт шударга яваагүй санагддаг. Би яагаад ч 18:2 харьцаагаар дуусахааргүй тоглосон. Миний дараа хоёр жин алгасаад 60 кг-д Итали Пуэрто Рико хоёр бас финалд үлдсэн байв. Эхний Пуэото Рикод ялалт өгчихвөл дараа нь илүү дутуу тоглосон ч хамаагүй Италид нутаг дээр нь ялалт өгөх тооцоо байсан байж мэднэ. Монголын тамирчны оноо илт дарагдсан гэдэг шүүмж финалын дараа шүүгчдийн хурал дээр гарсан гээд багш ярьж байсан.
- За тэр тийм байж, хүмүүс чамаас ялалтыг хамгийн их хүсэн хүлээсэн тоглолт бол мэдээж Лондонгийн олимпийн финал байх. Бас л чиний тоглолт бүрэн гарч өгөөгүй санагддаг. Онооны хувьд бараг тэнцүү дууссан ч шүүгчид ялалтыг 17:14 -өөр Кубад өгсөн. Энэ хариуцлагатай тоглолтын өмнө чамайг сэтгэл зүй, сэргэлт гээд олон тал дээр бүрэн ирлэж хурцлаад гаргаж чадсангүй дээ, өөрөөс нь нэг асууж үзэх юмсан гэдэг бодол тээж явдаг байлаа.
- Олимпийн хаалтын орой байсан тул боксын финал их эрт эхэлсэн юм. За тэр ч яахав, миний хувьд яг бүрэн төвлөрч чадаагүй байсаар гарсан, нэг л юм дутуу санагдаад сэтгэл санаа бүрэн тогтохгүй нойрон дунд элдвийн юм зүүдэнд орж ирээд их сонин байсан.
- Тоглолт зүүдэнд орж ирээд байсан гэж үү, бүрэн амарч чадаагүй байх нь. Үр дүнд мэдээж их харамсдаг биз дээ?
- Нэг тийм тааруу зөн совин байсан, зүүдэнд ч тэр. Олимпийн алтан медалын оосроос бариад алдаж байгаа хэрэг. Гол нь байсан боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй болохоор харамсалгүй яахав.
- Чамайг мэргэжлийн бокст шилжсэн тухай таамаг олон бий. Олимпийн дараа болсон тивийн аварга, Азийн наадам, за тэгээд 2011 оны Бакугийн дэлхийн аваргаар булхайтай шүүлтээс болж медалгүй хоцроод цааш сонирхогчдын боксоор тоглох эргэлзээ төрж залхсан байх гэдэг яриа ортой юу?
- Хүмүүс янз бүрээр ярьсан байхаа. Би ид тоглож байх үедээ нэг ч удаа ялалтаа ингэж тэгээд луйвардууллаа гэсэн үг яриа гаргаж байгаагүй. Угаасаа тоглолт үзээд тоо оноо тооцоогүй дарсан нь тодорхой харагдаж байгаа зүйлийг юу гэх вэ. 2014 оны Азийн наадмын шүүлтээс болж шигшээг орхисон зэрэг яриа гарсан дуулдаж байсан. Үнэн хэрэгтээ би өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх хүсэл сонирхолынхоо дагуу мэргэжлийн бокст шилжсэн.
- Риогийн олимпт үздэг байж дээ гэж бодогдож байв уу?
- Бодогдсон. 2016 онд биеийн бэлтгэл насны хувьд би өөрөө ямарч хэмжээнд бэлэн байж чадах байсан байхаа. Миний жинд медалд хүрсэн тоглогчид өмнө нь сайн мэдэх хүмүүс. Ихэнхийг нь хожиж байсан тэр цаг үеэс хойш хол тасарч илт сайжирсан харагдаагүй. Гэхдээ алдсан ганц мөч, тэр торгон агшин ахиж хэзээ ч давтагддаггүй гэдэг. Өмнө нь хожиж байсан тул одоо би дахиад хожино гэж байгаа ч юм биш зүгээр тоглолт хараад санаандаа багтаасан гэмээр ч юмуу. Нөгөө талаар надад бас тэднийг хожиж болох мэдрэмж төрөөд байсан байж магад.
- Одоо чамайг дасгалжуулж байгаа Кубын домогт дасгалжуулагч Марсело Саласын тухайд юу хэлэх вэ?
- Техник ур ухаан заах аргын хувьд мэдээж мундаг хүн. Арга барилын хувьд ч эвтэйхэн таарч байгаа. Их энгийн, нөхөрсөг наргиантай хүн болохоор илүү ойр дотно санагддаг.
- Америкт цаашдаа төвлөрөн суурьших санаатай байгаа юу, эсвэл тодорхой хугацааны дараа нутаг бүрмөсөн буцах бодолтой байна уу?
- Нааш цаашаа ирж очоод л байх санаатай. Одоохондоо ирээдүйд ингэнэ тэгнэ гээд яг таг төлөвлөсөн юм байхгүй. Хүссэн хэмжээндээ хүрэхийн төлөө зүтгээд үр дүн гаргах одоогоор анхаарлын голд байгаа.
- За ингэж суугаад илэн далангүй ярилцсанд баярлалаа, дүүдээ улам илүү амжилт хүсье! Дараачийн тулаандаа ялалт байгуулж мэргэжлийн боксын эх оронд монголынхоо нэрийг өндөрт өргөөрэй!
- За ах танд бас баярлалаа. Venum компанийн энэ ширэн бээлийг дурсгая. Би ч хүний ярихыг илүү сонсдог, өөрөө болхоор хэвлэлээр элдэв ярилцлага энэ тэрд эв дүй багатай ярихдаа тааруухан даа.
- Зүгээрээ, харин ч товч тодорхой нээлттэй сайхан яриа боллоо. Уншигчдын маань хүлээсэн сонирхолд нийцэх байхаа.
Төгсөө маань ирэх 9 сарын 19 нд Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Arena” ордонд WBC холбооны аваргын төлөө даагаа нэхэх тоглолтын эрх авахаар тулалдахаар болжээ. Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр мэргэжлийн боксын рингэнд 28 тулаан хийж 23 ялсан Мексикийн боксчин 27 настай Эдуардо Рамирес гээд хуримтуулсан багаүй туршлагатай залуу халуун хатуухан тамирчин тодроод байна. Манай хүн яг одоо бэлтгэлээ яс шургуу шамдан хийж байгаа бизээ.
Төгсөө, ялалтын төлөөх дайчин дайралтаа дахин үргэлжлүүлээрэй!
Ярилцсан Д.Цэрэндорж
Лас Вегас хот, Невада муж улс
2020 оны 7 сарын 10 өдөр
Sonin.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ