“Тэд биднийг нэг л өдөр яваад өгөх зочид гэж боддог”
Жонни Депп ихэмсэг бас харгис хурандаа. Харин Б.Ганчимэг зовж, зүдэрсэн ч дотоод гоо үзэсгэлэнтэй эмэгтэй. Марк Райлэнс бүс нутаг хариуцсан ноён ч, эв эеийг эрхэмлэгч, зөв зөөлөн нэгэн. Киноны зөрчил, тэмцэл, ойлголцол бүрийг энэ гурван дүр илэрхийлнэ.
Кинонд аль нэгэн улс орны нэр дурдагдахгүй. Цаг хугацаа ч тодорхойгүй. АЖ П.Цэрэндагва арьс үс болсон дах дээл, малгайтайгаас үзэхэд эртний, магад Чингис хааны түүхэнд дөхүүлэх гэсэн оролдлого шиг санагдав.
Жонни Депп ширээний ард нэг гартаа хутга нөгөө гартаа сэрээ барьж, нуруу цэх, ихэрхүү хооллоно. Харин Б.Ганчимэг алчуур мэдэхгүй. Зохиолчийн дэвшүүлсэн санаа үүгээр илэрнэ. Бүх цаг үед соёлч нийгмээр өнгөлөн далдлалт хийсэн жинхэнэ зэрлэгүүд бол тэд өөрсдөө буюу Жолл хурандаа, Эзэнт Гүрний цэргүүд гэдэг санааг илэрхийлэхийг зорьжээ гэж санав.
Кинонд цус нүж урссан тулаан гарахгүй. Гэхдээ харгис яргалал, хомроглосон устгал үзэгдэнэ. Ерөөс кинонд монголчуудыг муу муухайгаар дүрслээгүй. Гэм хоргүй нүүдэлчид. Зочноо гомдоодоггүй, хөөж явуулдаггүй ард түмэн. Энэ санааг шигтгэхийг зорьсон бололтой. Үүнийг Магистрэт захирагчийн “Тэд зэрлэгүүд биш, нүүдэлчид. Тэд биднийг нэг л өдөр яваад өгөх зочид гэж боддог” гэх үг тодотгов.
Энэ кинонд туслах дүр бүтээсэн ч АЖ П.Цэрэндагва, АЖ Д.Гүрсэд, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ нар оноосон дүрээ чадварлаг илэрхийлсэн. Гүрсэд жүжигчний үнэн байгаа, Цэрэндагва жүжигчний зоримог харц,Ганчимэгийн түсхийтэл инээд алддаг хэсэг биднийг яав ч зэрлэгүүд биш гэдгийг дэлхийд илтгэчихэв.
Ингэж Монгол жүжигчид Холливудын алдартнуудтай кинонд хамтран тоглох гүүрийг “BlackstallionMongolia” продакшн тавьжээ. Энэ продакшн гадаад харилцааны боломжид тулгуурлан монголын кино төслүүдийг олон улсын туршлагатай баг бүрэлдэхүүнтэй зуучлан холбох ажлыг өрнүүлэхээр 2018 онд байгуулагдсан.
Продакшны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, продюсер Б.Гантулга “Хэзээ ч биелшгүй мөрөөдөл мэт итгэж ядан эхлүүлж байсан ажлынхаа үр дүнг үзэж байгаадаа баяртай байна. Аливаа зүйл оройноосоо бус бэлээсээ эхэлдгийн үлгэрээр бид ч бас дэлхийн кино урлаг гэх өндөр оргилын бэлд чадварлаг уран бүтээлчдээ хөтлөн нэгтгэж, кино урлагийн нэгэн түүхийг хуваалцах завшаан бүрдүүлэн ажиллаа. Цаашид ч дэлхийгээс хоцрохгүй, ухрахгүй чин хүслээр зогсолтгүй ажиллах болно” гэв.
“Black Stallion” продакшны үүсгэн байгуулагч, продюсер, найруулагч Б.Гарамханд найруулагч Giro GUERRO-ын удирдлага дор киноны монгол хэлний зөвлөх, дасгалжуулагч, талбайн туслах найруулагчаар ажилласан байна.
Кино дуусч дэлгэцэн дээр уран бүтээлчдийн нэр урсахад JOHNNY DEPP, ROBERT PATTINSON гэсэн нэрийн араас Ganaa Bayarsaikhan гэх үг тоон дотор үсэг цохих шиг сонихон, содон, гоёхон, бахархам байлаа.
Киног товчловол:
Эзэнт гүрний хил орчим өөрийн нутаг дэвсгэр дээр амьдрах уугуул иргэдийг Зэрлэгүүд гэж нэрлэх ба тэд алдагдсан газар нутгаа авахаар довтлох гэж байна гэсэн цуу ярианаас үүдэн хурандаа Жоллоор /Жонни Депп/ удирдуулсан Эзэнт Гүрний цэргийн хүч тус бүсэд ирнэ. Тэд урьдчилсан арга хэмжээ авах нэрийдлээр уугуул иргэдийг хомроглон зовоож, харгис бодлого явуулах бөгөөд тухайн бүсийг хариуцсан ноён Магистрэт /Марк Райлэнс/ энэ бүхэн ердөө цуу яраи төдий, хил орчим бүх зүйл хэвийн оршиж байгааг ойлгуулахыг хичээнэ.
Магистрэт цэргүүдэд олзлогдсон уугуул иргэдийг чөлөөлөх явцад тэдний нэг болох залуухан бүсгүйд /Б.Ганчимэг/ сэтгэл татагдсанаар түүнд тусалж нутагт нь хүргэнэ. Буцаж ирэхэд уугуул иргэдтэй хуйвалдан хань хамсаатан болсон гэж үзэн баривчилна. Бүх зүйл хэвийн байсан ч орвонгоор нь эргүүлж, улмаар уугуул иргэдийн өмнө хүчин мөхөсдөн цэргүүд зугтаан одож Магистрэт захирагч ганцаар үлдэнэ. Эцэст нь Эзэнт гүрний мэдлийн энэхүү хотын зүгт уугуул иргэд буюу зэрлэгүүд хэзээ ч төлөвлөж байгаагүй довтолгоонд бэлдэнэ.
Хот зэрлэгүүдийг хүлээнэ...Жинхэнэ зэрлэгүүд хэн бэ???
Киноны уран бүтээлчид:
Зохиолч: J.N. GOETZEE /Ph.D/
1940 онд Өмнөд Африкт төрсөн. Хэл шинжлэлийн ухааны доктор. 2003 онд “Waiting for the Barbarians” зохиолоороо Нобелийн шагнал хүртсэн. Түүний бүтээлүүд байгаль, экологи, ан амьтан, үндэстэн ястан, уугуул соёлын өвийг хамгаалахад чиглэсэн байдгаараа онцлог. Үүнийгээ ч энэ кинонд шигтгэж өгчээ.
Найруулагч: Giro GUERRO
Тэрбээр 1981 онд төрсөн. 2004 онд анхны бүрэн хэмжээний бүтээл болох “Wandering Shadows” киногоороо Латин Америкийн шилдэг залуу найруулагчаар шалгарч байсан. Мөн “The Wind Kourney”, “Embrace of the Serpent” кинонуудаараа Каннын кино наадамд өрсөлдөн хоёр ч төрөлд ялагч болсон Колумбын алдарт найруулагч. “Waiting for the Barbarians” кино түүний зургаа дахь бүтээл аж.
Гол дүрийн жүжигчид:
JOHNNY DEPP
Жон Кристоцер Депп "Алтан бөмбөрцөг" кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарсан. Мөн Оскарын наадамд гурван удаа өрсөлдсөн. Тэрбээр 75 сая ам.долларын ашиг орлогоор Гиннесийн дээд амжилтыг тогтоосон уран бүтээлч юм.
MARK RYLANCE:
Сэр Дэвид Марк Райлэнс Уотерс 1960 онд төрсөн. Тэрбээр 1995-2005 оны хооронд Лондон дахь Шекспирийн дэлхийн бөмбөрцөгийн анхны уран сайхны удирдагч юм. Тэрээр найруулагч Стивен Спилбергийн “Bridge Of Spies” кинонд бүтээсэн дүрээр 2015 онд Оскарын шагнал хүртсэн.
Б.Ганчимэг:
““Black Stallion” продакшны үүсгэн байгуулагч жүжигчин, загвар өмсөгч, продюсер. Тэрбээр “Wonderwoman”, “Ex machina”, “Three Dots A DASH”, “In the name of ben hur” зэрэг Холливудийн томоохон кинонд дүр бүтээж дэлхийд Монгол Улсын нэрийг гаргаж яваа залуу жүжигчин юм.
Г.Дөлгөөн-Эрдэнэ
“Солиот Эх”, “Дайчи” зэрэг кинонд тоглож байсан. Тэрбээр “Оюунлаг” дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч юм. Тус кинонд хоригдол хүүгийн дүрийг бүтээсэн.
Г.Тэгшсүрэн shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ