Лукашенко: Сонгуулийг дахиж явуулбал манай улс сүйрнэ

Энэ сарын 16-нд буюу өчигдөр Беларусь улсын Минск хотод тус улсын түүхэнд байгаагүй томоохон эсэргүүцлийн жагсаал боллоо. Нийт 100 мянга орчим хүн оролцсон уг жагсаал ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болсноос яг долоо хоногийн дараа болж буй юм.


Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал, тэмцэл өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилсэн юм. Уг  сонгуулиар 1994 оноос хойш Беларусийг тасралтгүй захирсан ерөнхийлөгч Александр Лукашенко 80 орчим хувийн саналаар зургаа дахь удаагаа сонгогдсон байна. 


Хоёр сая орчим оршин суугчтай Минск хотод 100 мянган хүн цугларсан нь хэр том арга хэмжээ болсныг харуулж байна. Брест, Гродно зэрэг бусад хотуудад ч мөн жижиг хэмжээний жагсаалууд болжээ.


Мөн ням гарагт эсэргүүцлийн жагсаалын өмнө  Лукашенког дэмжигчдийн томоохон цуглаан болсон аж. Уг арга хэмжээнд 65 мянган хүн оролцсон гэсэн албан ёсны тоо байна. Лукашенко энэ үеэр “Хэрвээ анхны ерөнхийлөгчөө устгавал энэ улс орон устах болно. Хэрвээ сонгуулийг дахиж явуулбал манай улс сүйрнэ. NATO-ийн цэргүүд манай баруун хил дээр довтлоход бэлэн байна” гэжээ.


Лукашенкогийн байр суурь урьд урьдынхаас илүү суларсныг олон үйл явдлууд харуулж байгаа юм. 

Тухайлбал, түүний дэглэмийг байнга сурталчилдаг төв телевизийн ажилтнууд улс орондоо шинэчлэлт хийхийг уриалж эхэлжээ. Гадаадад суугаа элчин сайд нараас анхны дипломатч иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжиж буйгаа мэдэгдсэн байна. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ