МҮОХ-ны ээлжит бус хурал үргэлжилж байна
Монголын үндэсний олимпын хорооны ээлжит бус хурал Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна. Энэ удаагийн ээлжит бус хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгууль болон бусад ажлуудыг хэлэлцэх юм.
Өмнө нь хоёр ч удаа хойшлогдоод байсан тус хурлаар МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгуулийн ажил болон бусад ажлуудыг хэлэлцэх юм. Тодруулбал, тус хорооны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг сонгоно. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр ганцаараа өрсөлдөж байгаа. Түүнийг Монголын үндэсний олимпын хорооны дүрмийн 14.4.5-д “Ерөнхийлөгчид нэр дэвшигч нийт саналын 50-иас дээш хувийг авсан тохиолдолд сонгогдсонд тооцно” хэмээн заасныг мөрдөх юм.
Харин дэд ерөнхийлөгчид дараах хүмүүс нэр дэвшиж байна.
Цэвэгмидийн БАТ-ЭНХ: 1995-2018 онуудын хооронд Монголын Воллейболын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. Одоогоор Улаанбаатар спорт менежмент ХК-ны Ерөнхий зохион байгуулалтын газрын захирал, “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын Гүйцэтгэх хорооны Наадам хариуцсан захирлын үүргийг гүйцэтгэж байна.
Чойжгаваагийн НАРАНБААТАР: 2005-2012 онуудын хооронд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байсан Монгол улсын гавьяат дасгалжуулагч.
Жүгдэрийн ОТГОНЦАГААН: 2004-2017 онуудын хооронд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. 2017 оноос эхлэн МҮОХ-ны зөвлөхийн үүргийг гүйтэтгэж байна. 1992 оноос хойш Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн.
Галсанжамцын ПҮРЭВ-ОЧИР: 1980-1997 онуудад Самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бол 2011 оноос эхлэн Монголын Рагбийн Холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж буй Монгол улсын гавьяат дасгалжуулагч.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ