Шинэ Зеланд улсад дотоодод нь халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдлээ

Шинэ Зеланд улс дотоодод нь коронавирусийн халдвар илрээгүй 100 дахь хоногийн "баяраа" саяхан тэмдэглэсэн. Гэтэл тус улсад халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдсэнийг өчигдөр зарлалаа.
Тодруулбал, Оклэнд хотын нэгэн гэр бүлийн дөрвөн хүнээс халдвар илэрсэн байна. Тэднийг хаанаас халдвар авсныг тогтоож чадаагүй байгаа гэнэ.
Даваа гарагт 50 гаруй насны иргэнээс анх халдвар илэрсэн бөгөөд түүнтэй хамт амьдардаг зургаан хүнээс шинжилгээ авахад дахин гурван тохиолдол нэмж илэрсэн байна. Эхний өвчтөн гадаадад аялсан түүхгүй байсан нь анхаарал татаж байгааг Шинэ Зеландын эрүүл мэндийн сайд Эшли Блүүмфилд мэдэгджээ.
Шинэ Зеландын хамгийн том хот Оклэндэд өнөөдрөөс эхлэн баасан гарагийг дуустал гуравдугаар түвшний онц байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоохоор болсныг тус улсын ерөнхий сайд Жасинда Ардерн зарласан байна. Энэ үеэр хотын иргэд гэртээ байж, баар ресторанууд хаагдах юм.
Шинэ Зеландын бусад хэсэгт хоёрдугаар түвшний онц байдал зарлахаар болжээ. “Энэ гурван хоногт бид мэдээлэл цуглуулж, нөхцөл байдлыг үнэлэх бөгөөд дараа нь ямар арга хэмжээ авахаа шийднэ” гэж Ардерн тайлбарлажээ.
Оклэнд хотын захирагч Фил Гофф хорио цээрийн дэглэмийг сайн сахиж, дэлгүүрээс бараа бөөндөж авахгүй байхыг иргэддээ зөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ