Шинэ Зеланд нэмж нэг ч халдвар бүртгэгдэлгүй 100 хоног болсноо тэмдэглэж байна

Шинэ Зеланд улсад Ковид-19 цар тахалтай тэмцэж буй бодлогоороо олон улсад жишиг болж байна. Тус улсад өнгөрсөн тавдугаар сарын 1-нд дотоодод тархсан коронавирусийн хамгийн сүүлийн халдвар бүртгэгдсэн ба үүнээс хойш дахин халдвар нэмж гаралгүй 100 хоносны баярыг Шинэ Зеландын иргэд тэмдэглэж байна. Түүнчлэн өчигдрийн байдлаар (ням гараг) гаднаас халдвар зөөвөрлөгдөж ирэлгүй дөрөв хонож байгаа талаар BBC мэдээлжээ. Одоогоор, Шинэ Зеланд улсад нийтдээ 23 хүн коронавирусийн халдвартай байгаа бөгөөд цөм тусгаарлагдан эмчлэгдэж байгаа аж.
Шинэ Зеланд хоёрдугаар сарын сүүлээр анхны халдвар бүртгэгдэж, өнгөрсөн хугацаанд нийт 1219 тохиолдол, 22 нас баралт бүртгэгджээ. Үүссэн нөхцөл байдлын улмаас Шинэ Зеландын засгийн газар гуравдугаар сарын эхээр хатуу хөл хорио тогтоосон бөгөөд өдгөө бүх хөл хориог цуцалж, ердийн амьдралын хэмнэлдээ ороод байгаа юм.
"Нэмж халдвар гаралгүй 100 хоносон нь чухал амжилт хэдий ч бид үл харгалзан сонор сэрэмжтэй байх хэрэгтэй" гэж Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгдэлдээ дурджээ.
Дэлхий нийтийн хэмжээнд коронавирусийн халдвар 20 сая дөхөөд байгаа ба халдвар намжсан улсуудад цар тахлын хоёр дахь давлагаа гарах эрсдэл өндөр байгааг ДЭМБ анхааруулсаар байна. Тухайлбал, Вьетнам улс долоодугаар сар хүртэл нэг ч халдвар дотооддоо нэмж гаргалгүй 99 хоног болоод байсан ч Данан мужид 57 настай эр коронавирусийн халдвар авснаар тус бүс нутаг долоодугаар сарын сүүл гэхэд томоохон халдварын голомт болжээ. Түүнчлэн тархалт намжих төлөвтэй байсан Австралид ч мөн адил дахин халдвар гарсны улмаас Шинэ Өмнөд Вэльс, Виктория мужуудад хатуу хөл хорио тогтоогоод байна.
Эх сурвалж: BBC
СЭТГЭГДЭЛ БИЧИХ