Архангайд болсон зам тээврийн ослоос гэр бүлийн таван хүнээ алдсан О.Цэнгэл бүсгүйд туслах хандивын аян үргэлжилж байна

Архангай аймгаас Завхан аймаг явах замд шатахуун тээвэрлэж явсан том оврын автомашин долдугаар сарын 15-нд осолдож, шатсаны улмаас хоёр хүн амь насаа алдаж, найман хүн түлэгдэн, таван автомашин, нэг мотоцикл галд өртсөн талаар мэдээлж байсан билээ.

Тухайн үед газар дээрээ нас барсан хоёр хүн нь нэг гэр бүлийн хүмүүс буюу эмээ, ач охин хоёр байсан юм. Тус гэр бүлийнхэн нь тавуулаа зорчиж явсан бөгөөд өнөөдрийн байдлаар эмнэлэгт гурван хүн нь хүнд байдалтай эмчлэгдэж байна. 

Мөн тус ослын улмаас өөр нэг гэр бүлийн долоон хүн хүнд, хөнгөн гэмтэл авч, эмчлүүлж байсан бөгөөд ослоос хойш тус гэр бүлийн таван гишүүн өөд болоод байна. Тодруулбал, ослын үеэр хүүхдүүдээ аврахаар гал руу орсон аав Ж.Банзрагч болон түүний хоёр охин (тав болон 13 настай), нэг хүү (10 настай), хадам ээж нь тус ослын улмаас шархаа даалгүй нас баржээ. Өнөөдөр бидний авсан мэдээллээр талийгаач Ж.Банзрагчийн том охин болох 13 настай охин ээжийн хамт БНСУ-д эмчлүүлэхээр очоод хоёр удаа хагалгаанд орсон боловч нас барсан тухай мэдээлэл авлаа. 

Ингэснээр дөрвөн хүүхэдтэй айлын аав, гурван хүүхэд, эмээ нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, биеийн 35-45 хувийн түлэгдэлтэй ээж нь 5 сартай хүүтэйгээ үлдээд байна. Тус гэр бүлийнхнээс авсан мэдээллээр ээж О.Цэнгэлийн биеийн байдал мөн сайнгүй, БНСУ-д сар гаруй хугацаанд эмчлэгдэх шаардлагатай байгаа гэнэ.

Мөн өөд болсон охины шарилыг эх оронд нь авчрах асуудлаар Ерөнхий сайд, Улсын Онцгой комисст хандаад байгаа ажээ.

Сайн санаат хүмүүс энэхүү гэр бүлийнхний эмчилгээний зардалд зориулж 200 орчим сая төгрөгийг цуглуулаад байна. Өнөөдрийн байдлаар тус хандивын мөнгийг БНСУ-д хоёр удаа хагалгаанд орсон ч өөд болсон охины эмчилгээний зардалд зарцуулаад дуусах мэдээлэл байна.

Тиймээс О.Цэнгэлийн хоёр удаагийн хагалгаа болон бусад эмчилгээний зардалд зориулж үргэлжлүүлэн хандив цуглуулах шаардлагатай байгаа талаар гэр бүлийнхэн нь мэдээллээ. Энэхүү ослоос хамгийн бага түлэгдэлтэй гарсан 5 сартай хүүгийн биеийн байдал хэвийн болж, О.Цэнгэлийн ар гэрийнхэн Монголд асарч байгаа мэдээллийг мөн өгсөн юм.

 

Дансны мэдээлэл:

Данс эзэмшигчийн нэр: О.Цэнгэл

  • Хаан Банк - 5021715838
  • Голомт банк - 2205040025
  • Худалдаа Хөгжлийн Банк - 472008534

О.Цэнгэл бүсгүйд Солонгост байгаа Монголчууд тус болохоор түүний нэр дээрх данс нээхээр ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

ikon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ