Коронавирусийн үеийн ноцтой алдааг дурджээ
"Хүмүүстэй харьцахдаа амны хаалт зүүхээс татгалзах нь коронавирусийн хязгаарлалтыг цуцлах үеийн гол алдаануудын нэг мөн" хэмээн Оросын Эрүүл мэндийн яамны зүрх-судасны ерөнхий эмч Сергей Бойцов хэлсэн байна.
“Халдварын үйл явцад оролцогч хоёр хүн буюу халдвар авсан ч үүнийгээ мэдээгүй яваа хүн болон халдвар аваагүй хүний аль аль нь амны хаалт зүүх учиртай. Ингэж л бид халдварын тархалтыг зогсоож байгаа юм” гэж тэрээр мэдэгджээ.
Эмч “Комсомольская правда” сонины сурвалжлагчтай ярилцахдаа, амны хаалт зүүх нь эргэн тойрныхоо хүмүүсийг хүндэтгэж байгаагийн илрэл мөн гэж онцлон тэмдэглэжээ.
Өвчилсөн хүмүүс өөрийгөө дур мэдэн эмчлэхгүй байхыг Бойцов онцлон анхааруулжээ. "Эмчийн зөвөлгөөгүйгээр эм бэлдмэл хэрэглэх нь бие махбодид ноцтой уршиг учруулж, тархины цус харвалт юмуу ходоод, гэдэсний цус алдалтад хүргэж мэднэ" гэж тэрээр анхааруулсан байна.
Ариутгал нь COVID-19-ийг устгадаг гэж Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны тэргүүн Анна Попова телевизийн “Россия 1” сувгийн нэвтрүүлгээр ярьжээ. Үүнд өгөгдсөн концентрацийн аливаа ариутгалын хэрэгсэл тохирно гэж тэрээр хэлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ