Б.Мөнхсоёл: Төсвийн өндөр алдагдлаас болж цалин, тэтгэврээ өгч чадахгүй байх эрсдэл үүсч болзошгүй

Эдийн засагч Б.Мөнхсоёлтой ярилцлаа.


-Үндэсний статистикийн хорооноос гаргасан хагас жилийн тайланг харахад төсвийн зарлага өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр өссөн, татварын орлого 703 төгрөгөөр буурсан зэрэг үзүүлэлттэй гарч. Өөрөөр хэлбэл, олох орлого маань улам багасч байхад зардал анх баталсан өндөр дүнтэй хэвээр байна. Төсвийн тодотголтой холбогдуулж таны байр суурийг сонирхъё?


-Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн байна. Таны хэлсэнчлэн, ҮСХ-ноос гаргасан хагас жилийн тайлангаар төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг хүрсэн. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдлыг ДНБ-ний 5.1 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан. Тиймээс уг хуулийн заалт зөрчигдсөн байх магадлалтай нөхцөл байдал үүслээ. Энэ байдал өмнө нь ч давтагдаж байсан. Төсвийн өндөр алдагдал хүлээдэг. Алдагдлаа нөхөхийн тулд бонд босгох замаар өрөө нэмэгдүүлдэг. Эргээд хуулиа засах замаар энэ алдаагаа далдалдаг байсан. Гол нь бид хуулиа дагах ёстой. Түүнээс биш зөрччихөөд үүнд нь зохицуулаад хуулиа өөрчилдөг байж таарахгүй. Үүний тулд төсвийн тодотголыг хийх учиртай. Угаас коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор нөхцөл байдал их хэмжээгээр өөрчлөгдсөн тул төсөв тодотгох хангалттай шаардлага, шалтгаан бий.


Өнөөдөр ажил нь эхлээгүй, тендер зарлагдаагүй барилгын болон бусад бүтээн байгуулалтын ажлуудыг түр хойшлуулаад нэгэнт эхэлсэн ажлуудыг явуулах боломжтой. Хөрөнгө оруулалтад тусгагдсан 3.7 их наяд төгрөгийн хоёр орчим их наядыг нь эрэмбэлэх замаар тодотгох боломжтой гэж гурван сарын өмнө зөвлөж байсан.


Өнөөдөр төсвийн алдагдал ийм өндөр түвшинд хүрлээ. Орлогын гол эх үүсвэр болсон уул уурхайн экспорт буурсаар байна. Энэ оны төсөвт төлөвлөснөөр 42 сая тонн нүүрс экспортлох ёстой. Гэтэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрснээс олох орлого 800 сая ам.доллараар буурсан байна. Өнөөдөр Хятадтай гэрээ хэлэлцээр хийж, найман цагийн дүрэм бус 24 цагийн турш нүүрс экспортлох хэлэлцээрт орж, нөхцөл байдлыг сайжруулахгүй бол маш хүнд боллоо. Бас нэг зүйл нь гадаадын хөрөнгө оруулалтыг зайлшгүй татах шаардлагатай.


Манай том мега төслүүд саатсаар ирсэн. Үүнийг улс төр, бусад фракцуудын ашиг сонирхлыг үл харгалзан хэн ч байсан шийдэх хэрэгтэй байна. Мөн олон жил ярьсан хувьчлалыг урагшлуулаач ээ. Жишээ нь, Төрийн банкийг хувьчлах боломжтой. Энэ мэтээр улс орноо бодсон байр сууринаас хандаж, олон фракц бүлэглэлийн эрх ашгийг хязгаарлаж дорвитой арга хэмжээнүүд авахгүй бол нөхцөл байдал бодсоноос ч хүнд шат руу хөрвөж эхэллээ.


-Компаниудын үйл ажиллагаа нэлээн доголдох боллоо. Таньд анзаарагдаж байгаа болов уу?


-Томоохон аж ахуйн нэгжүүдээс илүү жижиг, дунд аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд маш их өртөж байна. Одоогийн байдлаар бизнесийн ашиг орлогоо алдсан, эсвэл цомхотголд өртсөн иргэд болон аж ахуйн нэгжийн хэмжээ 50-аас доошгүй хувьд хүрсэн. Ажлын байраар хангаж, цалин олгож, эргээд худалдан авалтыг дэмждэг энэ эргэлт буурснаар эдийн засагт асар их хор хөнөөлтэй.


Эдийн засгийг боломжит хэмжээгээр тэлж, өргөтгөх зайлшгүй шаардлага байна. Төв банк хоёр том арга хэмжээ авсны нэг нь хоёр удаагийн шийдлээр бодлогын хүүг 10, цаашлаад 9 хувь болгосон. Мөн арилжааны банкуудад зайлшгүй байх шаардлагатай нөөцийн хэмжээг 10.5-аас 8.5 хувь болгосон. Гуравдугаарт, валютын ханшийн чангарал, төгрөгийн сулралтай холбогдуулаад ямар ч байсан томоохон төлбөр, хэлцлийг аль болох төгрөгөөр хийе гэсэн.


Үүнд зохицсон зохицуулалтыг хийж өгсөн. Эдгээр нөхцөл байдлыг арилжааны банкууд зөв ашиглаад аль болох бизнесүүд рүү чиглэсэн зээлийг зах зээл рүү гаргаад өгөх хэрэгтэй. Ер нь манай зээлийн харьцааг харахад хэрэглээний зээл илүү өндөр хувьтай байдаг. Иймд төв банкнаас харьцааг нь тогтоож өгөх замаар хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого барьж байна. Ингэж эдийн засгаа тэлж өгөхөөс өөр аргагүй.


-2020 оныг давж гарсны дараа 2021 оноос томоохон бондуудын өр төлбөр хүлээгдэж байна. Коронавирусийн халдвар дэлхий дахинд дэгдээгүй байх үед дээрх өр төлбөрийг хэрхэн барагдуулах вэ хэмээн санаа зовж байсан. Гэтэл нөхцөл байдал улам дордлоо. Мэдээж манай улс өр тавьж өрөө дарна. Дээрээс нь тодорхой хувийн төлбөрийг “халаас”-наасаа гаргах ёстой. Өрийн хэмжээ улам л өсөх болов уу?


-Өр төлбөртэй холбогдуулаад нөгөө талд зээлжих зэрэглэл зайлшгүй яригдана. Зээлжих зэрэглэл ямар байхаас хамаарч дахин санхүүжилт босгох асуудал шийдэгдэнэ. Одоогийн байдлаар гурван том агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийн ретингийг тогтоодог. Хоёр агентлаг өөрсдийнхөө дүгнэлтийг өөрчлөөгүй байна. Харин “Moodys” агентлаг тогтвортой байдлаас тогтворгүй буюу В3 сөрөг рүү шилжүүлээд дүгнэсэн байгаа шүү дээ. Ийн дүгнэсэн шалтгаан нь манай экспортын хэмжээ ихээр багассан нь эрсдэлийг эрс нэмэгдүүлж байгаатай холбоотой. Хоёрдуаарт, энэ нь буцаад манай хөрвөх чадварт сөрөг нөлөө үзүүлнэ.


Мөн олон улсын зах зээлээс бонд босгох чадварт сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тэр утгаараа зээлжих зэрэглэлийн түвшинг “Moodys” агентлаг сөрөг рүү оруулчихлаа. “Mood­ys” манай улсын төсвийн нийт алдагдал ДНБ-ын 8.6 хувьд хүрэх магадлалтай гэж үзсэн байна лээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар энэ алдагдлыг 5.1 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой. Төсвийн алдагдал ийм өндөр байснаар төсвийн байгууллагын ажилчдын цалин, өндөр настнуудын тэтгэврийг тавьж чадахгүй байх эрсдэл үүсгэж болзошгүй.


Иймд төсвийн алдагдлыг нөхөхөөс өөр аргагүй. Нөхөхийн тулд ахиад өрийг өрөөр дарах замаар олон улсаас бонд босгох боломжийг эрэлхийлнэ. Гэхдээ миний харж байгаагаар дотооддоо бонд босгох боломж байгаа. Үүнд төрийнхөн хүчээ нэгтгэн хамтран ажиллах ёстой. Өмнө нь бид “Чингис” бонд дээр 4.125, 5.125 хувийн хүүтэй буюу нэлээн зардал багатай санхүүжилт босгож чадсан. Гэвч ашигтай цаг хугацаандаа хэрэгжүүлж чадах бэлэн төсөл байгаагүй учир 1.5 тэрбум ам.долларыг үр ашигтай зарцуулж чадалгүй өрөнд орсон.


Цаашид манай эдийн засаг олон улсын болон дотоодын зах зээлээс хамаарч нөхцөл байдал нь муудсан учир 10 хувь хүртэл давсан хүүтэй бондыг босгосон. Одоогийн том зорилт бол өртөг багатай бонд босгох хэрэгтэй байна. Өрийг өрөөр дарахдаа ядаж зардал багатайгаар босгох замаар явах хэрэгтэй. 2020-2024 онд барагдуулах манай өр 14.3 тэрбум ам.доллар. Үүнд Хятадын банктай байгуулсан 1.8 тэрбум ам.долларын своп хэлцлийн өрийг гурван жил хойшлуулаа. Үлдсэн өрийг яах вэ гэсэн асуудал яригдаж байна.


-Валютын ханш жолоогоо алдлаа. Уг нь цар тахалтай холбоотойгоор валютын эрэлт буурах болов уу гэж төсөөлж байсан ч ханш өссөөр байна. Дотоодын аж ахуйн нэгж, иргэдийн орлого өсөн нэмэгдлээ ч валютын өндөр ханшид цохиулж олсон төгрөг нь цаас болон хувирч байна. Иргэдийн төгрөгт итгэх итгэл ихээхэн суларсан үзүүлэлт гарсан байна лээ?


-Гадаад худалдааны тэнцэл харьцангуй эерэг байгаа ч төлөвлөсөн хэмжээнд биш байгаа учир төв банк шууд интервенци рүү орохгүй байна. Одоо валютын нөөцийн хэмжээ багасаад 3.5 тэрбум ам.доллартай тэнцэх болсон. Иргэд, аж ахуй нэгжийн төгрөгт итгэх итгэл сул байна. Хүмүүс төгрөгөөс илүү ам.доллараар хадгалуулах сонирхол давамгайлжээ. Энэ оны хагас жилийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төгрөгийн хадгаламж 0.1 хувиар өссөн бол ам.долларын хадгаламж 47.1 хувиар өссөн байна.


Хүмүүс хадгаламжаа доллараар хийгээд байгаагаас хамаарч ханшны савлагаа хүчтэй явж байна. Гэхдээ оны эхнээс одоог хүртэл төгрөгийн сулралт төсөөлснөөс харьцангуй бага хувьтай явж байна. Гэвч он дуустал таван сар бий. Магадгүй оны сүүл болоход ханш илүү хүчтэй савлаж 3000 төгрөгт хүрэх магадлалтай. Тэгэхээр энэ байдал манай улсын хамгийн том тулгамдсан асуудал болж, аж ахуйн нэгж болон иргэдэд хүчтэй нөлөөлж байгаа нь үнэн.


-“ХҮН” намд томоохон эдийн засагчдын төлөөлөл багтдаг. та бүхний төлөөлөл болж т.Доржханд уИХ-ын гишүүнээр сонгогдсон. Хамтран засч залруулах шаардлагатай төсөв, эдийн засагт үүссэн томоохон алдаа дутагдлуудаас дурдахгүй юу?


-Монгол Улсын хувьд ойролцоо түвшинд байгаа бусад оронтой харьцуулахаар хууль эрх зүйн орчны хувьд илүү дэвшилттэй байж чаддаг. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгасан өрийн тааз, төсвийн алдагдлын дээд хязгаар, түүхий эдийн үнийг тооцохдоо сүүлийн 12 жилийн дунджийг харгалзан үзэх, зардлын өсөлтийн хэмжээ нь олж байгаа орлогынхоо түвшнээс илүүгүй байх зэрэг сайн зохицуулалт бий. Хоёрдугаарт, 2018 онд төсвийн зөвлөл гэж байгуулагдсан. Энэ зөвлөл тухайн жилийн төсвийн тухай хуулийн хэрэгжилт, ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилт, ер нь УИХ, ЗГ, төрийн өмчийн компаниудын түвшинд төсөв болгон дээр нь аналзиз хийж, хууль эрх зүйн зохицуулалтыг хэрхэн даган мөрдөж байгаа, төсвийн сахилга бат алдагдаж байна уу үгүй юү гэдэгт дүгнэлт гаргаж зөвлөмжөө өгөх ёстой байсан.


Гэтэл энэ зөвлөл нэлээн сул байна. Үйл ажиллагаа нь ил тод биш байгааг эдийн засагчид шүүмжилдэг. Тэгэхээр юу чухал вэ гэвэл нэгдүгээрт, бидэнд бэлэн байгаа хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнээс биш алдаа дутагдал гаргаж зөрччихөөд хуулиа өөрчилдөг баймааргүй байна. Төсвийн тодотголыг хэлэлцэж, сахилга баттай холбоотой асуудлыг зайлшгүй хийх хэрэгтэй.


Хоёрдугаарт, манайд тэтгэвэрт гараад ядуусын эгнээ рүү ордог. Тэтгэврийн дундаж хэмжээ 409 мянган төгрөг байгаа нь маш харамсалтай зүйл. Тийм учраас тэтгэврийн тогтолцооны шинэтгэлийг зайлшгүй хийх хэрэгтэй. Энэ бол өнөө маргаашийн тулгамдсан асуудлаас гадна эдийн засгийн хөгжлөө зөв голдиролд оруулах том хүчин зүйл болно. Гуравдугаарт, санхүүгийн реформ байна. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж, даатгал энэ болгоныг зөв зарчмаар нь хөгжүүлэх хэрэгтэй.


Банкны системийн хувьд зээлийн хүү өндөр байна гэж үздэг. Гэтэл хүүг шууд буулгах боломжид эргээд макро эдийн засгийн орчин, нөгөө улстөр, засгийн газрын тогтворгүй байдал гэх зэргээр маш олон үе шаттай хүчин зүйл нөлөөлж байгаа. Энэ байдлыг засаж, зөв голдиролд нь оруулах замаар санхүүгийн шинэчлэлийг хийх хэрэгтэй. Эдгээрийн шийдэл, гарц төлөвлөгөөний талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд намынхаа нөхөдтэй хамт мэдэгдэл хийсэн.



Г.Бат 

Эх сурвалж: Өдрийн сонин 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ