Б.Индра: Зам засварын ажлыг хамгийн их хөдөлгөөнтэй, хамгийн их ус тогтож байгаа газраас эхэлж хийдэг
Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индратай ярилцлаа.
-Энэ зун хийгдэх зам засварын ажлуудын талаар мэдээлэл авч болох уу?
-Энэ жил нийтдээ авто замын үйлчилгээний газар дээр Улаанбаатар хотын авто замын засварын ажил, арчлалтын ажлууд бол ерөнхийдөө хийгдээд явж байгаа. Одоогийн байдлаар 60 гаруй хувьтай явагдаж байгаа. Нөхөөс, заадас, тэмдэг, тэмдэглэгээ гэх зэрэг бусад арчлалтын ажлууд ерөнхийдөө үе шаттай хийгдээд явж байна. Гол нь бидэнд хүндрэлтэй асуудал юу байна вэ гэвэл арчлалтын ажил хийхэд усархаг бороо өдөр дараалан орж байгаа учраас энэ нь технологийн горим алдагдуулж, татвар төлөгчдийн мөнгийг үнэгүй зардал болгохгүйн тулд бид яалт ч үгүй нүхэн эвдрэлүүдийг хатааж, чийгийг нь гаргаж байж хөрөнгө тавин, нөхөн сэргээлтийн ажлуудыг хийгээд явж байна.
Өдөр тутам орж байгаа бороонд авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг нь хангах үүднээс ямар ч байсан гар хумхиж суугаагүй. Томоохон хэмжээний нүхэн эвдрэлүүдийг бид дайрга, хайргаар дүүргээд хөдөлгөөний эрчмийг тасалдуулалгүй, хэвийн явуулах үүднээс 24 цагийн хоёр ээлжээр манай инженерүүд ажиллаж байна.
-Ямар ямар томоохон ажлууд төлөвлөгдсөн байгаа вэ?
-Энэ жил төлөвлөсөн ажлуудаас Тасганы овоог сая хийгээд хөдөлгөөнөө нээчихлээ. Шинэчлэлтийн ажлын хүрээнд. ТЭЦ4 дээр маш их өргөдөл гомдол ирдэг байсан бол мөн ТЭЦ4-ийн замыг бид шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд явж байна. Нийслэлийн зургаан дүүрэгт нөхөөс, тэмдэг тэмдэглэгээний ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Засвар шинэчлэлтийн ажлын хувьд бол энэ. Шинээр зам тавьж байгаа тухайд бид түлхүү гэр хороолол руу зам тавьж байгаа. Ерөнхийдөө Улаанбаатар хотын төвийн замууд бол хангалттай сүлжээ бий болчихсон байгаа учраас бид бүхэн дандаа гэр хороолол руу түлхүү зам тавьж байгаа. Улаанбаатар хотын төвийн зам дээр бид ямар авто замууд тавьж байна вэ гэвэл нэгдүгээрт түгжрэлийн бууруулахын тулд, хоёрдугаарт орон сууц гэр хорооллыг ийм локерын системд оруулахын тулд холбоос замуудыг хийх төсөл гаргаад явж байгаа.
Үүн дээр бид бүхэн хашаагаа кадастраасаа хэтрүүлж байрьсан, орц гарцыг хаасан, хууль зөрчсөн ААН-үүдийн албадан буулгалтуудыг хийж, холбоос замуудыг хийх төсөл арга хэмжээг аваад явж байгаа. Ерөнхийдөө бидэнд энэ бороо, устай холбоотой иргэдээс, ХМХ-ээс сошиал медиагаар ус зайлуулах шугам сүлжээ, хоолойтой хийдэггүй юм уу гэсэн асуулт нэлээд их ирдэг. Бид бол үүнийг зураг төсөлдөө тусгахдаа сүүлийн жилүүдэд хийж байгаа бүх авто замууд бол ус зайлуулах шугам сүлжээ хоолойтой нь иж бүрдлээр нь зохицуулж шийдэж байгаа. Гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн замтай хэсэг нь дугуйн замтай гээд, борооны ус зайлуулах шугам сүлжээ, төвийнхтэй холбогдож байгаа бол төвийнхтэй нь холбоод хийгээд явж байгаа.
-Зам, зам засварын ажлыг хийхдээ ус зайлуулах шугам сүлжээний тал дээр дутуу хийгдлээ гэсэн асуудал яригддаг. Энэ тал дээр хэр анхаарч байгаа вэ?
-Ерөнхийдөө гэр хороолол руу тавьж байгаа авто замууд болохоор тэр болгон борооны ус зайлуулах, төвийн шугам тэнд байхгүй учраас бид авто замыг гадаргуугаар нь усаа зайлаад хажуугаар нь үерийн жалга суваг руу зайлахуйц нөхцөлөөр хийгээд явж байгаа. Үүн дээр ганц үүсч байгаа хүндрэлтэй нөхцөл байдал нь авто зам маань өөрөө гадаргуугаараа усаа зайлаад жалга суваг руу орох ёстой байтал одоо айл өрх, зарим нэг ААН-үүд дүрэм журмаа зөрчиж, тэнд жалга дээр шороогоо буулгаад, барилгын сууриа хийж буулгаад дээр нь нягтаршуулаад гэр, үйлчилгээний төвүүдийг барих жишээний.
Ийм хууль зөрчсөн асуудал байгаа. Үүн дээр хотын даргатай хамтран бид бүхэн газар дээр нь очиж ажиллаад, хоёр өдөр холбогдох байгууллагуудтай нь албадан буулгах ажлыг зохион байгуулах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнтэй холбоотойгоор засаг даргын захирамж гарна. Энэ дээр ажлын хэсэг байгуулагдаад, буруутай этгээдүүдийг бид албадан буулгаад, тэр буруутай этгээдээс үүссэн авто замын эвдрэл гэмтлийг бол тэр этгээдийг олж тогтоож байгаад нөхөн төлбөрийг тэндээс гаргана гэсэн байр суурьтай байгаа.
-Тэгвэл хотын төв гэлтгүй ус ихтэй бороо орохоор л усаар дүүрчихдэг. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Төвийн Улаанбаатар хотын орон сууц хорооллын доторх замууд бол нэлээд их усаар дүүрсэн байгаа. Энэ дээр бас яалт ч үгүй гуч, дөчин жил болчихсон замууд, хорь гучин жил болчихсон замууд байна. Энэ замууд маань тухайн үед төлөвлөхдөө төвийн бүсүүдээр ингэж их орон сууц барилга баригдана гэдгийг төлөвлөж тооцогдоогүй хийсэн тул энд ямар ч ус зайлуулах шугам сүлжээгүй газрууд байна. Зарим байгаа нь болохоор хүчин чадал нь хүрэхгүй, лаг шавраар дүүрчихсэн гэх мэт ийм хүндрэлтэй асуудлууд байгаа. Үүнд бидэнд байгаа замын сангийн хөрөнгө маань өөрөө хаанаа ч хүрдэггүй маш бага байдаг. Тэгээд энэ байгаа батлагдсан хөрөнгөө бид эрэмбэлж байгаа.
Эрэмбэлээд хамгийн их хөдөлгөөний эрчимтэй газар хаана байна, хамгийн их ус тогтож байгаа газар хаана байна. Энэ батлагдсан төсвөө эхний ээлжинд эрэмбэлж байгаад хамгийн их ус тогтож байгаа газрууддаа л бид шүүрт худгуудыг нэмэх, хоолой нэмж, өргөтгөх барих гэх мэт төсөл арга хэмжээнүүдийг хийгээд явж байгаа. Ер нь бол бид өмнө нь замын хураамжийн асуудлыг ярьж байсан. Хэрвээ хураамжуудыг нэмэгдүүлэх юм бол бид саяны ус, борооны асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Үүнийг мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгаагаа хийгээд гаргаад ирэхээр нөгөө төсөв хөрөнгөндөө баригдаад энэ асуудлыг бид шийдэж чадахгүй байгаа үе бий.
-Хэр хэмжээний төсвөөр энэ жил зам засварын ажлууд хийгдэж байгаа вэ?
-Зам засварын ажлуудын хувьд бол замийн сангийн хөрөнгө маань өөрөө маш олон задаргаатай байдаг. Автобусны буудал, рамп унах, тэмдэг тэмдэглэгээ, нөхөөс, заадсууд, гэрэл дохио арчлалтын ажлууд, шилэн кабель гэх мэт энэ олон ажлууд ингээд тал тал тийшээ хуваагдчихдаг учраас яг аль нь вэ гэдгийг би хэлээд өгч болж байна. Ерөнхийдөө замын сан бол авто замын тухай хуулиараа 35 тэрбумаас доош батлахыг хориглосон байдаг. Тэгээд 35 тэрбум чинь өөрөө байгаад байгаад сургууль орчмын аюулгүй байдал, саяны ярьдаг орц гарцны асуудал байна, рамп унах асуудал, нөхөөс, заадас, тэмдэг тэмдэглэгээ, хайс хашлага, гэрэл дохионы арчлалтын ажлууд гэх мэтчилэн маш олон төсөл ажлууд байна.
-Энэ жил гэр хорооллын аль хэсгүүдэд зам тавьж байгаа вэ?
-Одоо жишээ нь Баянхошуунд гурван километр авто замууд байж байна. Иргэдээс маш их өргөдөл гомдол ирж байсан Санзайн далайн давлагаа шиг болчихсон, бүтэц эвдрэлд орчихсон байсан замууд, Дарь Эхийн маш их эвдрэлтэй зам байж байна. Дарь-Эхийн замыг бол бид бүхэн бүтнээр нь шинэчлэхээр өнөө маргаашгүй ажил нь эхлэх гээд явж байна. Улаанбаатар хотын зүүн баруун бүсийн авто замын сүлжээг үргэлжлүүлж хийх авто замын мастер төлөвлөгөөтэй уялдуулсан ийм замуудаа хийх ажлууд бас төсөл арга хэмжээ явж байна. Ерөнхийдөө улсын төсөв, нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгө, гадны урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн төсөл арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа гээд орон нутгийн хөгжлийн сантай нийлээд таван эх үүсвэрээр нийтдээ энэ 2020 оны төсөл арга хэмжээнүүд явж байгаа. Тэгээд он дамнасан ажлууд мөн явагдаж байна. Гацаж байгаа хүндрэлтэй асуудлууд нь бол бид нарт гэр хороололд зам тавихад газар чөлөөлөлтийн асуудал нэлээд төвөгтэй байна.
Газрын албатай хамтраад энэ газрын чөлөөлөлтийн асуудлыг бид шийдэх гээд газрын алба очдог боловч нөгөө нийслэлийн төсөв маань бага учраас газрын алба газар чөлөөлөх төсөв хөрөнгө нь бас хүрдэггүй. Үүн дээр бас барилгын ажил саатаж байгаа тохиолдлууд бий. Зарим айл өрхүүд бол зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буучихсан. Тэгээд зөвшөөрөл байхгүй учраас албадан буулгалт хийе гэхээр төвөгтэй хүндрэлтэй асуудлууд гарч байгаа. Төр төмөр нүүртэй гэдгийн адил хуулийн дагуу хот нийслэл дүрэм журамтай. Ямар нэгэн дүүрэг нийслэлэээсээ зөвшөөрөл аваагүй тохиолдолд бид бүхэн албадан буулгалт хийгээд очих гэхээр экскаваторынх нь дугуйн доор ороод хэвтчихдэг. Эсвэл шанаган дээр нь очоод суучихдаг. Иймэрхүү бүтээн байгуулалтын ажил бас хэсэг бүлэг иргэнээс болоод жаахан удаашралтай байгаа.
-Зам хаах хуваариудыг тодорхой ярих боломжтой юу?
-Ер нь бид энэ шинээр хийгдэж байгаа болон, шинэчилж байгаа замуудыг аль болох хаахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Аль болох хөдөлгөөнийг эсрэг урсгалд нь шилжүүүлэх, эсвэл засварын ажлууд хийгдэж байгаа тохиолдолд орой хөдөлгөөний эрчим байхгүй буюу иргэд амарсан үед 23 цагаас өглөөний зургаан цаг хүртэл хийж гүйцэтгээд явж байна. Хаах шаардлагатай замууд байвал бид мэдээллээ долоо хоногийн өмнө мэдээлээд явна.
-Саяхан Чингисийн талбайн урд талын усан оргилууртай холбоотойгоор зам дээр ус тогтлоо гэж яригдаад байсан. Энэ тал дээр та тайлбар хэлэхгүй юу?
-Тийм, усан оргилуурын асуудал болохоор хот тохижилт буюу захирагчийн ажлын албаны хариуцсан асуудал болохоор шугам сүлжээний асуудал нь манайд хамааралгүй.
-Зам дээр ус тогтсон асуудал нь?
-За ер нь энэ ус тогтсон хэсгүүд зөвхөн энэ Сүхбаатарын талбай гэлтгүй бусад зургаан дүүргүүдийн гол болон туслах замууд дээр үүссэн, ус их хуримтлагдсан газрууд дээр бид ГУББГ-тай хамтран усыг соруулах, зайлуулах, шүүрт худгуудын лаг шавруудыг буудаж цэвэрлэх ажлыг бол хийгээд явж байна. Би түрүүний хэлдгээр Улаанбаатар хот маань өөрөө хотгор газар байрлаж байгаа. Гэр хорооллын бүс маань өөрөө өндөрлөг газар байдаг. Тэгэхээр тэр өндөрлөг газар хийж байгаа авто замуудаа бидний нөгөө үерийн жалгаар урсаж, дамжаад гарах ус маань нөгөө хэсэг бүлэг айл өрх иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болоод өндөрлөгөөс ирж буй, лаг шавраар дүүрчихсэн хог шороотой ус маань төвийн шугамуудыг бөглөж тагласан асуудлууд бас байгаа.
Өнөөдөр бороо ороод бид буудаад цэвэрлэчихсэн байлаа гэхэд маргааш нь дахиад бороо орчихно. Би бас өмнө нь хэвлэл мэдээллээр ингээд яриа өгөөд байхад үндсэндээ иргэд маань зарим нь ойлгохгүй байх шиг байгаа юм. Мэргэжлийн бус хүмүүс байгаа учраас ойлгохгүй байж магадгүй. Гадаргуугийн усаа зайлна гэдэг маань үндсэндээ тэр авто зам дээр ирж байгаа авто зам маань өөрөө үндсэндээ бол үерийн ус зайлуулах зориулалттай бол биш. Үндсэндээ бол гадаргуу дээр ирсэн борооны усыг зайлуулах шүүрт худгууд чинь тийм л үүрэгтэй. Гэтэл саяны тэр үерийн жалга сувгийг хааж бөглөсөн буруутай ААН-ээс болоод авто зам руу маань үерийн ус өөрөө орж ирэхээр шүүрт худгууд маань угаасаа тэр хүчин чадлаа дийлэхгүй ийм асуудлууд бол байгаа. Үүнийг бас зөв талаас нь ойлгох хэрэгтэй. Бид шинээр зураг төсөл гаргахдаа дандаа иж бүрдлээр нь цогцоор нь хийгээд явж байгаа.
Эх сурвалж: Өдрийн сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ