Д.Будзаан: Ахуйн ослоор амь насаа алдах хүүхдийн тоо буурахгүй байна

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.


-Амралт, аяллын үе эхэлжээ. Энэ үеэр эцэг эх асран хамгаалагчийн хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэж бага насны хүүхэд зам тээвэр болон ахуйн ослын улмаас амь насаа алдах тохиолдол байдаг. Энэ жилийн тухайд нөхцөл байдал ямар байна вэ?


-Манай улсад жилд 1500-2000 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болдог гэх судалгаа байдаг. Хүүхэд амь насаа алдаж, бэртэж гэмтэж байгаа осол хэргүүдийн хамгийн өндөр хувийг зам тээврийн осол эзэлдэг. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн осол хэргийг бууруулах үүднээс “Дураараа биш дүрмээрээ”, “Яараад яахав дээ” гэх нөлөөллийн аянуудыг зохион байгуулсан. Зам тээврийн осол хэрэг буурч байгаа ч энэ төрлийн ослоор хүүхэд эндсээр байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд л гэхэд зам тээврийн ослын улмаас 149 хүүхэд нас барсан. Тухайлбал, 2017 онд 55, 2018 онд 45, 2019 онд 49 хүүхэд нас баржээ. Энэ он гарсаар эхний хагас жилд л 26 хүүхэд зам тээврийн ослын улмаас хорвоог орхисон гэх мэдээлэл байна.


Үүнд нөлөөлж байгаа голлох шалтгаан нь эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэд машин барихыг зааж өгөөд байна. Хөдөө орон нутагт бол хятад мотоциклыг хүүхдүүд ахуйн хэрэглээнд ашиглаж байгаа юм. Ямар ч баталгаагүй, уул хадтай замаар зорчиж онхолдож эрүүл мэнд цаашилбал амь насаараа хохирох осол хэрэг буурахгүй байна.


Мөн өндрөөс унаж байна, гол усанд ч живж амь насаа алдаж байна. Үүнээс гадна гадны биетэд цохиулах, мориноос унах, халуун ус, галд түлэгдэх зэргээр хүүхдүүдийн амь нас хохирч байна. Энэ онд найман хүүхэд гол усанд живж, есөн хүүхэд өндрөөс болон мориноос унаж найман хүүхэд эндсэн харамсалтай тоон мэдээлэл байгаа. Эцэг эхчүүд хүүхдээ ахуйн хүрээнд осол эрсдэлээс хамгаална гэж Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиар үүрэг хүлээсэн байдаг. Энэ зүйл хэрэгжихгүй байгаа асуудал бий.


-Үүрэг хариуцлагаа биелүүлээгүйгээс нялх хүүхдүүдийн амь нас хохирсон жишээ олон байдаг. Жишээ нь өндөр асга хавцал руу хүүхдүүдийг сонгино түүлгэхээр явуулсны улмаас өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг саяхан гарсан. Энэ тохиолдолд асран хамгаалагчдад ямар хариуцлага оногдуулах вэ?


-Бүх зүйлийг ээж аавын хариуцлага гэж авч үзэж бас болохгүй. Гэртээ халуун тогоонд түлэгдэж байгаа тохиолдлууд бол эцэг эх асран хамгаалагчийн хариуцлагын асуудал. Харин байрны гадаа тоглоомын талбайд тоглож байгаад хөндлөвч төмөрт цохиулаад нас барж байгаа асуудал бол тухайн нийгэм хүүхдэд ээлгүй аюултай байна л гэсэн үг. Энэ асуудал дээр тоглоомын талбайн гүйцэтгэл дээр ажиллаж байгаа компаниуд болон төрийн байгууллагууд онцгой анхаарах ёстой. Нөгөө талдаа гэр бүлийн орчинд эцэг эх асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлага гарч байгаа юм.


-Үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан асран хамгаалагчид хүлээлгэх эрх зүйн орчин манайд байдаг уу?


-Эрүүгийн гэмт хэрэг эсэхийг бүрэлдэхүүн шинжээр нь авч үзнэ. Хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд осолдсон байна уу гэдгийг харгалзаж үзнэ. Санамсар болгоомжгүйгээс үйлдэгдсэн бол гэмт хэрэг биш шүү дээ. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан эсэхийг шалгалтын явцад тогтоодог. Жишээ дурдаад ярья л даа. Таван настай хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээгээд эцэг эхийн хуралд явсан байдаг.


Гэтэл хүүхэд цонхоор унаад нас барсан харамсалтай хэрэг Баян-Өлгий аймагт гарч байсан. Энэ жишээн дээр эцэг эхийн хариуцлагын асуудал яригдаж байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэг Хэнтий аймаг, Баянзүрх дүүрэгт ч гарсан. Шүүхээс эрүүгийн хэрэг үүсгэж 16 дугаар зүйлийн 16.11 дүгээр бүлэгт заасны дагуу асран хамгаалагчийг нь таван жил хүртэлх ялаар шийтгэсэн.


-Бага насны хүүхдийг аргамжиж аюул ослоос хамгаалдаг уламжлалт арга байдаг. Энэ нь өнөөдрийн нийгэмд хэр зохимжтой юм бол. Та үүнийг хэрхэн харж байна вэ?


-Амьдралын том философи шүү дээ. Хүүхдээ 6-7 нас хүртэл нь дагаад явах боломжгүй. Тиймээс хүүхдийг аливаа аюул ослоос хамгаалахын тулд орны хөлнөөс бүдүүн уяагаар аргамждаг байсан. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Өнөө цагт хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж аргамжиж болно. Үүнийг үгүйсгэж болохгүй. Монгол гэрт бол хүүхэд гурав алхаад л галын тулга руу орж түлэгдэх эрсдэлтэй. Өнгөрсөн жил цэцэрлэгийн багш гурван настай хүүхдийг үймүүллээ гэж харанхуй өрөөнд аргамжсан байсан. Тухайн багш нарт хэрэг үүсгэж шалгаад хариуцлага хүлээлгэсэн асуудал байгаа.


-Өнөөдөр эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан ямар хэмжээнд байна вэ?


-Хүүхдийг хүмүүжүүлэх асран хамгаалах уламжлалт олон аргууд байдаг. Өнөөдөр хүүхдийн эрх зөрчөөд, хохироогоод байгаа эцэг эх асран хамгаалагчдыг анзаарахад 20-40 насныхан байгаа юм. Энэ ээж аавууд хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга ухаанд суралцаагүй байна. Орчин үеийн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргад ч суралцаагүй байдаг. Бид гэр бүл, хүүхдийг төлөвшүүлэх хүмүүжүүлэх нөлөөллийн ажлуудыг төрийн захиргааны байгууллагуудад болон цахимаар нөлөөллийн ажлуудыг явуулж байна. Харамсалтай нь зорилтот бүлгийн эцэг эх асран хамгаалагч нар “Хоёр гурван хүүхэдтэй надад хэн юу заах гээд байна” гэх байдлаар хайхрамжгүй ханддаг. Өөрсдийнхөө сул тал, алдаа дутагдалтай эвлэрч чаддаггүй. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.


Хүнээр хүн хийнэ гэдэг өөрөө их ухаан байдаг. Манайхан хүүхэд эрүүл, өмсөх хувцастай, идэх хоолтой байвал болоо гэж үздэг. Хүүхдийн суурь хүмүүжилд анхаарал хандуулдаггүй. Хүүхдийн дэргэд архидан согтуурдаг, хүчирхийлэл үйлддэг. Ийм орчин мэдэрч өссөн хүүхэд ирээдүйд хүчирхийлэгч болох магадлал их өндөр. Гэр бүлийн халуун дотно харьцаатай байна гэдэг таны хүүхэд зөв хүн болж төлөвшихөд эхний алхам нь болж байдаг. Залуу гэр бүл үүнийг ухамсарлах хэрэгтэй.


-Сүүлийн хэд хоног өдөр алгасахгүй бороо орлоо. Холбогдох байгууллагууд өдөр тутам үер усны аюулаас сэрэмжлүүлж байгаа ч хүүхдээ дагуулаад аялал зугаалгад явах иргэдийн цуваа тасрахгүй үргэлжилж байна. Иргэд болзошгүй үер усны аюулаас хэрхэн сэрэмжлэх вэ?


-Үер усны аюулын эрсдэл өндөр байгаа. Таны өмнө нь гарч байсан гарам, сэлж байсан гол гүнзгий эрсдэлтэй болсон байж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Иргэд голын эрэг дагуу буудаллаад архидан согтуурч бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисны улмаас усанд живэх асуудал гардаг. Үүнд онцгой анхаарах хэрэгтэй.


Хоёрдугаарт, дэлхийн бусад орнуудад далайн эрэгт иргэдийн амрах цэгүүдийг бий болгосон байдаг. Тухайн цэгүүдэд аврах ажилтнууд бэлэн байдалд ажилладаг. Мөн тухайн өдөр хэдэн цагийн орчимд ямар хүчтэй давлагаа ирэхийг амарч буй иргэдэд сэрэмжлүүлж, далайд ороход тохиромжтой цагийг зарлаж анхааруулдаг. Тэр олон хүнийг ийм нарийн зохион байгуулалтаар ажиллаж хамгаалдаг.


Манайд бол Туул голын ай сав газраар л Онцгой байдал болон цагдаагийн хамтарсан шалгалт, завьт эргүүл явж сэрэмжлүүлдэг. Завьт эргүүл хоёр чиглэлд явж байхад хүмүүс олон чиглэлд сэлдэг. Улмаар архидан согтуурч усанд эндэх осол хэрэг буурахгүй байгаа юм. Дураараа очоод сэлээд байж хэрхэвч болохгүй, тодорхой зөвлөмж авч, хамгаалалтын хувцастай байх хэрэгтэй. Үүнийг сэрэмжлүүлж байна.


-Аж ахуйн нэгжүүд хүүхдэд эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд мэргэжлийн байгууллагууд сануулга өгч ажилладаг ч үүний биелэлт сул байгаа нь гарч байгаа осол хэргүүдээс анзаарагддаг. Үүнд ямар зохицуулалт шаардлагатай байна вэ?


-Мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт тавьж ажилладаг. Хүүхдэд эрсдэлтэй байвал мэдэгдэл шаардлага хүргүүлдэг. Байгууллагууд нь зөрчлөө арилгадаггүй жишиг байдаг. Сая дөрвөн хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цүнхээлд сэлж байгаад живж амь насаа алдсан эмгэнэлтэй хэрэг гарлаа. Тухайн нүхийг булж аюулгүй болгох шаардлага хүргүүлсэн байсан. Мэргэжлийн хяналтын байцаагч очоод цаас өгөөд орхих биш, харж байгаад зөрчил дутагдлыг нь арилгах ёстой байсан. Энэ асуудал дээр мэргэжлийн хяналтын байгууллага хариуцлагагүй хандсан.


-Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг осол хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ямар ажил арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?


-Хүүхдийн гэмт хэргийг хүн амын түвшинтэй харьцуулаад үзэхэд манайх дэлхийд 22 дугаар байранд явж байгаа. Бидний хайхрамжгүй, хэнэггүй, хүүхэд хамгаалах үйлчилгээ үр дүнгүй байгааг харуулж байна л даа. Монгол Улс хүүхэд эрүүл аюулгүй орчинд аж төрөх хууль тогтоомж олныг баталсан. Гэхдээ хууль батлаад бүх зүйл сайхан болчихгүй. Энэ чиглэлийн яамны бүтэц орон тоонд мэргэшсэн хүүхэд хамгааллын ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай байна.



О.Дашням 

Эх сурвалж: Өдрийн сонин 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ