Э.Энхболд: Алсын замд машин бүрийг шалгаж хамгаалах бүсгүй тохиолдолд анхааруулж, торгоно

Цагдаагийн ерөнхий газраас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.


Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.


-“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний гол зорилго?


-2017 оноос хойш энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд эдгээр аяныг өрнүүлснээр 2017 онд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон тоон үзүүлэлтийг 12.4 хувиар, 2018 онд 24 хувиар, 2019 онд 18.8 хувиар буюу 36 нэгжээр тус тус бууруулсан уй эерэг үр дүнгүүд харагдсан. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 10299 зам тээврийн осол бүртгэгдсэн. Эдгээр тоог бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар өнөөдрөөс (өчигдрөөс) эхлэн аравдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд зохион байгуулахаар боллоо.


Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг үе шаттай зохион байгуулахаас гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлэх, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зэрэг нөлөөллийн аргаар явуулахаар төлөвлөсөн. Мөн аяны хүрээнд Дархан-Сэлэнгэ аймгийн чиглэлийн олон улсын чанартай авто замд дундаж хурд хэмжигчтэй хяналтын камер суурилуулахаар ажиллаж байгаа.


-Улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг хэр их байна вэ?


-Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн. Мөн энэ оны эхний зургаан сарын байдлаар 10299 зам тээврийн ослын 1334, ослын улмаас 180 хүний амь нас хохирсны 130, 1208 хүн гэмтсэний 392 тус тус орон нутагт бүртгэгдсэн.


-Эдгээр зам тээврийн осол, зөрчил гарч байгаа үүдэл шалтгаанууд юу вэ?


-Иргэдийн осол аваарт өртсөн шалтгаан нөхцөлийг аваад үзэхээр согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон 45, мотоцикльтой хөдөлгөөнд оролцсон 36, онхолдох хэлбэрээр 76, явган зорчигч мөргөх хэлбэрээр 26 зэрэг хохирлууд байгаа юм. Арга хэмжээтэй холбоотой тээврийн хэрэгслийн жолооч нарын сахилга батыг сайжруулах, хяналт тавих чиглэлээр байнгын ажиллагаатай 62 пост, мөн тухайн постуудыг холбосон замууд дээр хөдөлгөөнт эргүүл байдлаар байнгын хяналт шалгалт хийнэ.Энэ жилийн хяналт шалгалтын тухайд хэд хэдэн зөвлөгөө онцгойлон өгмөөр байна. Нэгдүгээрт хурдны асуудал байна.


Он гарснаас хойш 77 хүн хурд хэтрүүлж явсны улмаас онхолдож амь нас нь хохирсон. Тэгэхээр эдгээр онхолдож байгаа хүмүүсийн амь насаа алдаж байгаа шалтгаан нь хэдийгээр хурд боловч тээврийн хэрэгслийн ард сууж байгаа зорчигч нар хамгаалах бүсээ зүүдэггүй. Энэ жилийн тухайд орон нутгийн замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл бүрийг зогсоож шалгана. Дээрээс нь ард сууж байгаа зорчигчийг хамгаалах бүсээ заавал зүүхийг цагдаагийн албан хаагчид шаардана. Тиймээс ард сууж буй зорчигчдоо зориулсан суудлын бүсээ бэлэн байлгахыг анхааруулж байна.


Ард сууж буй зорчигч бүсээ зүүгээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 20 нэгжээр торгуулах заалттай байдаг. Энэ жилийн тухайд бид юу юуны духанд хүрэлгүй торгохгүй. Эхний ээлжинд арын бүс заавал зүүхийг шаардана. Жолооч нартаа энэ бүсийг зүүснээрээ аюулгүй байдаг юм шүү гэдгийг ойлгуулах мэдлэг давхар өгөх зорилготой юм.


-Хүүхдэдээ зориулалтын бүс зүүлгээгүй тохиолдол хэрхэн арга хэмжээ авах вэ?


-Арав хүртэлх насны хүүхдийг орон нутгийн замаар тээвэрлэхдээ зайлшгүй хамгаалалтын бүс, 0-3 хүртэлх насны хүүхдийг нэмэлт суудалтай тээвэрлэх ийм чиг үүрэг байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Хэрэв 0-3 хүртэлх насны хүүхдийг нэмэлт суудалгүй тээвэрлэсэн тохиолдолд “дараагийн удаа хүүхдээ би хамгаалалтын суудалтай тээвэрлэнэ” гэсэн бичиг бүхий бид бүхний бэлтгэсэн самбар, амлалтын хуудсыг барьж байгаад зургийг нь авахуулна. Ингээд зургийг нь аваад Цагдаагийн байгууллага болон Тээврийн цагдаагийн албаны нэгдсэн хуудсанд байршуулна.


Ингээд энэхүү зураг, мэдээлэл нь тавигдсан эцэг эхчүүд дараагийн удаа хүүхдээ тусгай хамгаалалтын суудалтай нь тээвэрлэх хандлага, ухамсар тогтоно гэж үзэж байгаа юм. Харин амлалт өгчихөөд үүнийгээ дараагийн удаа дахин биелүүлээгүй бол холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцно. Эхний удаадаа сануулга өгөх буюу олон нийтэд нээлттэй зургийг нь авч сануулга өгнө гэсэн үг юм. Үүнийг хүүхэдтэйгээ орон нутгийн замд зорчиж буй жолооч та бүхэндээ анхааруулж байна. Магадгүй та олны танил байна уу, эрх мэдэлтэй байна уу хамаагүй. Хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх учраас эдгээр зураг болон амлалтын бичгийг заавал авахуулах болно. Хэрэв ингэхээс татгалзвал газар дээр нь хүүхдийг зориулалтын бусаар тээвэрлэсэн гэх торгуулийн арга хэмжээг авахаас өөр аргагүй юм.


-Өөрийн зургийг олон нийтийн сүлжээнд тавиулахыг хүсэхгүй байна зэрэг хандлагууд гарна. Тэгвэл тухайн хүний эрх зүйн хувьд энэ яах вэ?


-Бид бүхэн энэ хүнийг муу хүн байна гэх мэт хандлага гаргахгүй. Энэ он гарснаас хойш 29 хүүхдийн амь нас хохирсон байна. 12 хүүхдийг ээж аав нь ухарч байх үедээ дайрсан. Үлдсэн 17 тохиолдол нь ээж, аавтайгаа зорчиж байгаад хохирсон байгаа юм. Магадгүй эдгээр хүүхдүүд зориулалтын тусгай суудалтай зорчиж байсан бол амь насанд нь хохирол учрахгүй байж ч болох байсан. Тиймээс хүүхдүүд ийм хохиролд бүү учраасай гэсэндээ хийж буй ажил учир үүнийг иргэд маань хариуцлага, ухамсар гэж хүлээж аваасай гэж хүсэж байна. Үүн дээр ямар нэгэн байдлаар тухайн хүмүүсийн нууц гэдэг юм уу, бие эрхтэн согог зэрэг бусад байдлыг харуулахгүй.


Харин ч хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлахыг сануулах зэрэг эерэг зүйлийг нийгэмд түгээж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ та бусдаас ичиж байгаа бол, хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээгээгүйгээсээ ичиж байгаа бол аялал зугаалгад явахаасаа өмнө хүүхдэдээ зориулалтын суудлыг нь заавал авч өгөөрэй гэж хэлмээр байна.


-Хөдөө орон нутагт малдаа мотоцикльтой явах, насанд хүрээгүй хүүхдүүд мотоцикль унах түүнээсээ болж осолдох тохиолдол элбэг байдаг. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?


-Дараагийн томоохон асуудал бол Мотоцикльтой холбоотой асуудал яах аргагүй мөн юм. Энэ оны эхний зургаан сарын байдлаар мотоцикльтой холбоотой зам тээврийн ослын улмаас 36 хүний амь нас эрсэдсэн байна. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн бүхий л албан хаагчид тэдэнд шаардлага тавина. Улсын дугааргүй, техникийн хувьд илт бүрэн бус, оношилгоонд хамрагдаагүй, жолооч болон зорчигч хамгаалах малгай өмсөөгүй, жолоочийн хувьд мотоцикль жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүй зөрчлийг илрүүлэх болон илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зэрэг арга хэмжээг авч ажиллана.



Эх сурвалж: Өдрийн сонин 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ