Ц.Оюунгэрэл: Ийм амбиц гаргахаас өөр аргагүй боллоо

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Та Ардчилсан намын даргад өөрийн нэрээ дэвшүүллээ. Яагаад ийм шийдэмгий байдлаар байр сууриа илэрхийлэхээр болов?


-Миний хувьд том амбицаас хол олон жил явсан. Ер нь улстөрд байх үедээ өөрийгөө дандаа хоёр, гуравдугаар эгнээнд тавьж, мундаг эрчүүдийг гаргахад зориулагдсан мэт л ажиллаж ирсэн. Улс төрийн гал тогооны бүх л үйл ажиллагаанд оролцож байсан хэрнээ нэгдүгээр эгнээнд оръё гэсэн амбицыг төдийлөн гаргаж байгаагүй. Гэхдээ өнөөдөр ийм амбиц гаргахаас өөр аргагүй боллоо. Учир нь манай нэгдүгээр эгнээнд байгаа эрчүүд намаа удирдахдаа хоёр сонгууль дараалан хүлээн зөвшөөрөхийн аргагүй том ялагдлыг авчирлаа. Үүнээс болж намын гишүүд сэтгэл санааны маш хүнд байдалд орж байна. Яагаад ч юм. АН-ын ялагдал ардчилалд хайртай, дэмждэг хүн бүрийн ялагдал болчихдог. Энэ ч утгаараа намд итгэх итгэлээс гадна ардчилалд итгэх итгэл ихээр бүдгэрч байна. Энэ нь тун хортой үр дагавартай. Тэр ч утгаараа ардчилалд итгэх итгэлийг сэргээе гэвэл ямар нэгэн байдлаар АН-д итгэх итгэлийг сэргээх ёстой.


Монголын ардчилалтай Ардчилсан нам хүйн холбоотой юм. Бид хүүхэд, залууст илүү сайхан боломжтой нийгмийг авчирч өгдөг улс төрийн хүчнийг босголцох ёстой. Одоо хоёр, гуравдугаар эгнээ рүү суугаад байх цаг биш юм байна. Зүгээр л эхний эгнээний өрсөлдөөнд оролцъё. Бид харсаар, мэдсээр байж оролцохгүй юм бол хэн, хэзээ оролцох вэ. Энэ ч утгаар өөрийгөө намын даргад нэр дэвших хүсэлтэй байгаагаа зарлалаа. Энэ өрсөлдөөнд олон хүн оролцох боломжтой. Би хаалгыг нь л нээлцэж байгаа юм. Мэдээж энэ өрсөлдөөнд хүмүүс ялъя гэж оролцоно. Тиймээс бусад нөхдийгөө амбицаа илэрхийл, Ардчилсан намаа яаж босголцохоо ярилцъя, оюун бодлоо уралдуулцгаая гэж уриалмаар байна.


АН-д байгаа ардчилсан бус дүрмийн заалт, элдэв зүйлсээсээ салъя, намынхан, ард түмнийхээ нурууг хэзээ ч даахгүйгээр бөхийлгөх элдэв татварын системээ эргэж харъя, дараа үеийн залуусын авч явах ардчиллын суурийг зөв тавилцъя, хийсэн алдаануудаа цэгцэлье. Бид Ардчилсан намын гишүүд мөн л юм бол дараагийн сонгуульд намаа ялуулах ажлыг өнөөдрөөс эхлээд хийх ёстой. Манай намын гишүүдээс ч “Намынхныхаа алдааг гишүүдээсээ тэвчээртэй сонс. Дээгүүрээ мөнгөтэй хэд нь ярьж байгаад асуудлаа шийддэгээ боль. Олноо сонсож өөрчлөлтөө хий” гэх зэрэг захиа даалгаврууд ирж эхэлж байна.


-Ардчилсан намын ялагдлыг дотоод эв нэгдэл муу, ямар нэгэн лидер гаргаж ирээгүй, залуучуудаараа цус сэлбэдэггүйтэй холбоотой гэж тайлбарлах нь байна. Таны хувьд энэхүү ялагдлыг юутай холбож тайлбарлах вэ?


-Намын суурь рейтинг гэж бий. Ямар ч нам сонгуульд орохын өмнө сууриа зузаатгах гэрийн даалгаврыг биелүүлэх ёстой байдаг. Тэр гэрийн даалгавар нь намын нэрээр нэр дэвшиж байгаа хүмүүст саналын суурь дэмжлэг болж очдог. Манай нам сонгуулийн кампанит ажлын үеэр ялагдчихсан юм биш. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гэрийн даалгавраа буруу, дутуу хийсэн бол заримыг нь бүр огт хийгээгүй юм. Энэ бүхнээсээ л болж саяын сонгуулийн нэг сарын хугацаанд яаж ч хичээгээд рейтингээ өсгөж чадаагүй. Одоо намын шинэ удирдлага гарлаа гэхэд эхний өдрөөсөө л гэрийн даалгавраа хийх хэрэгтэй. Намынхаа үзэл санааг цэгцлэх, гишүүдээ нэг зүгт харуулж, нэг зорилготой болгох, тэднийг сонгуулийн кампанит ажлынхаа үеэр зүг бүрт өөр өөр зүйлс яриулах бус чиг шугамыг нь бариулах гээд бүх бэлтгэлийг хангах ёстой юм. Энэ бэлтгэлийг намын удирдлага л хангуулах ёстой байдаг. Энэ удаад бэлтгэл тун муу явагдсан.


-Намын удирдлагууд гэрийн даалгавраа муу хийсэн нь намын суурь рейтингд нөлөөлсөн гэлээ. Ер нь та сонгуулийн үр дүнг хэрхэн таамаглаж байв?


-Арай ч ийм том ялагдал хүлээнэ гэж таамаглаагүй. Би МАН, АН хоёр эн тэнцүү, ялимгүй зөрүүгээр л ялж, ялагдах байх гэж бодож байсан. Гэхдээ миний таамаглал хөөсөрсөн, илүү өөдрөг байсан юм билээ. Намын удирдлагууд хэрхэн таамаглаж байсныг би хэлж мэдэхгүй. Намын удирдлага анх нэр дэвшүүлэлтээ хийхдээ ямар тойрог дээр, хэнийг тавьбал ялах вэ гэдгийг харах ёстой байсан л даа. Гэтэл тэр тооцоог огт хийгээгүй. Судалгаа, тоо баримт харахгүйгээр хүнийг ялах тойргоос нь салгаж, ялагдах тойрог руу нь явуулах, эсвэл баталгаатай ялах хүнээ дэвшүүлэхгүй байх зэрэг алдаануудыг гаргасан. Энэ нь намыг ялагдалд хүргэж байгаа юм. Ийм асуудал З.Энхболд даргыг намын дарга байх үед гарч байсан.


Намын удирдлагууд шинжлэх ухааны үндэстэйгээр намын дотоод нөөц бололцоог хуваарилж сурах хэрэгтэй. Цаашдаа намын удирдлага бүлэг, фракц, элдэв хувийн эрх ашгийг хойш тавьж, нэр дэвшигчээ ялах тойрогт нь тавьж л сурах ёстой. Намын дарга энэ том гэрийн даалгавраа биелүүлэхийн тулд гишүүдээ дөрвөн жилийн турш чиглүүлж, судалж, судалгааных нь араас нягталж байх учиртай. Судалгаанаас зөрсөн гэнэтийн байр суурь орж ирэхэд хэрхэн няцаах вэ гэдэг нь ч өдөр тутмын ажилтай холбоотой шийдвэр гаргалтын процесс юм. Энэ процесс шинжлэх ухааны үндэстэй, тооцоотой байсан бол ингэж баримжаагүй хуваарилалт хийгдэхгүй. Үр дүн нь ч ийм хэмжээнд савлахгүй.


-АН ийнхүү хоёр удаагийн томоохон ялагдал хүлээлээ. Иргэд дэмжигчдийнх нь зүгээс АН хурдан хугацаанд өөрчлөгдөж, хоёр том хүчний нэг хэвээр байх ёстой гэсэн шаардлагыг зүй ёсоор тавьж байна. АН-д шинэчлэгдэхэд хэдий хэр хугацаа шаардлагатай вэ?


-Энэ боломжгүй зүйл биш. Бид тийм хэмжээнд хүргэх үүрэгтэй. Ардчилсан намд маш их нөөц бололцоо бий. АН МАН-тай эн тэнцүү буюу түүнээс илүү гарах улс төрийн хүчин болох ёстой. Бид хүчээ дайчилж, нөөц бололцоогоо зөв хуваарилж, байгаа нөөц бололцоондоо тохируулан иргэдээ цааш нь ямар үзэл санааны манлайллаар дагуулах вэ гэдгээ ярьж, гарц гаргалгаагаа олох шаардлагатай. Үүнийг нэг л хүн бодоод олчихгүй. Нам гэдэг дуртай нь орж, гарч болдог нээлттэй бүтэц. Энэ бүтэц дотор шилдгийн шилдэг санаануудыг олохын тулд арга барил нь нээлттэй л байх ёстой. Хүмүүсийн бодол санаан дотроос маш ардчилсан, нээлттэй, ухаалаг арга замаар хамгийн хэрэгжих боломжтой санаануудыг шигшиж гаргаж ирэн намаа чадавхжуулах ёстой юм.


-Ардчилсан намын дүрмээр дараагийн намын дарга хэдий хугацааны дараа тодорхой болсон байх ёстой вэ?


-Манай намын дүрмээр нам сонгуульд ялагдсан л бол тэр өдрөө намын удирдлагуудыг огцорсонд тооцдог болсон. Тэгэхээр манай намын удирдлагуудыг зургадугаар сарын 24-нд ард түмэн огцруулчихаж байгаа юм. Улмаар Ардчилсан намын дүрмийн хороо дээрх дарга нарын огцорсныг албажуулна. Энэ тогтоолыг ажлын тав хоногт багтаан гаргана. Энэ тогтоолыг үндэслээд Дотоод сонгуулийн хороо дараагийн дарга нарыг сонгох сонгуулийн бэлтгэл ажилдаа орох ёстой.


Дотоод сонгуулийн хороо 14 хоногийн дотор Үндэсний бодлогын хорооны хурлыг зарлана. ҮБХ-ны хурлаар намын дарга нарыг огцорсныг албажуулсан дүрмийн хорооны тогтоолыг баталж, албан ёсоор огцруулдаг. Энэ бүх үйл явц 14 хоногийн дотор хийгдэх ёстой. Намын дарга нар огцрох үйл ажиллагаа дууссаны дараагаар дараагийн намын даргыг сонгох сунгааг зохион байгуулах, намын Их хурлыг зохион байгуулах зэрэг дотоод зохион байгуулалтыг ажлууд хийгдэнэ. Дээрээс нь ҮБХ-ны гишүүдийн сонгуулийг дахин явуулах зэрэг ажлууд өрнөнө. Сонгуулиас хойш 90 хоногийн дараа буюу есдүгээр сарын 24 гэхэд Ардчилсан намын Их хурлаар шинэ дарга батламжаа авч байх ёстой.


-Танаас гадна намын даргад нэрээ дэвшүүлэх хүмүүс байна уу. Тодорхой болоогүй ч таамаг бий юү?


-Гарч ирээсэй л гэж бодож байна. Би намын даргад нэрээ дэвшүүлснээрээ маш олон хүнээс “Зөв зүйтэй байна. АН зоригтой алдаа, дутагдлаа яриад эхэл” гэсэн байр суурь, шаардлагуудыг сонслоо. “Нэг нь ялагдлаа гэсэн шиг нөгөөх нь дараагийн уралдаанд ороод эхэллээ” гэсэн шүүмжлэл ч ирж байна. Аль аль нь байж болох магтаал, шүүмжлэл. Манай намын түүхэнд надаас өөр хүн сонгуулийн маргааш намын даргад өрсөлдөнө гэж зарлаж байгаагүй байх. Учир нь АН-ын энэхүү дүрэм нь анх удаа хэрэгжих гэж байгаа юм.


Аливаа нэг дүрмийн шинэ заалт анх удаа хэрэгжих гэж байхад тэр дүрмийг ойлгож байгаа хүн бусдад хэрэгжүүлэхийг уриалах, тайлбарлах хэрэгтэй. Энэ дүрмийг тайлбарлаж, уг өрсөлдөөнд өөрийгөө татан оролцуулж байгаа минь өнгөрсөн ялагдлын үеийн сургамжаас бий болсон дүрмийн шинэ заалтыг хэрэгжүүлэхэд нь намынхаа гишүүдэд тусалж, сануулж байгаа хэрэг. Ингэж өрсөлдөөний процессийг эхлүүлье л гэж бодсон юм. Энэхүү дүрэм хатуу, дараагийн намын даргаа сонгохдоо уужуу тайвнаар хүлээх боломжгүй. Ийм хоног өдөр заачихсан дүрэмтэй учраас хугацаа алдалгүй АН-ын процесс явагдаасай гэж хүсэж байна.


-АН-ын залуус сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?


-Би үүнийг маш эрүүл үзэгдэл гэж харж байна. Ардчилсан намд тодорхой хэмжээнд дотоод ардчилал байна. Гишүүдэд ардчилсан аргаар аливаа зүйлийг шийдлийг олох хүсэл сонирхол маш өндөр байна. Ардчилсан намын залуус Дотоод ардчиллыг хангуулах Түр хороог байгуулахаар болж. Дүрмээрээ АН-д өөрчлөлт, шинэчлэлт гарах нь зайлшгүй. Энэ дүрмээрээ гарах өөрчлөлт шинэчлэлтийг дотоод ардчилалтайгаар түргэн шуурхай явуулах зорилготой байгуулагдаж байгаа юм билээ. Энэ бол тун зөв. Залуучуудын хувьд ч ингэж бухимдах нь зүйн хэрэг.


Аливаа сонголт бүр тухайн улс орны залуучуудын өмнө шинэ боломжуудыг авчрах ёстой юм. Энэ удаад Монголын залуус маш олноороо санал өгч, шинэ өөрчлөлт, бодлого гарч ирээсэй гэж бодож байтал хуучин эрх баригчид тэр чигээрээ гараад ирсэн. Тэгэхээр зөвхөн АН-ын гэлтгүй Монголын залуус нийтдээ маш их бухимдаж, цочирдсон. Энэ цочролыг илэрхийлэх залуучууд АН-д байх ёстой. Тэр ч утгаараа залуучуудыг зөв шаардлага тавьсан гэж бодож байна.



Эх сурвалж: Өдрийн сонин 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ