Т.Доржханд: Энэ сонгуулийн системийг дахин ашиглаж болохгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй

Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт “Зөв ХҮН Электорат” эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулаад буй Т.Доржхандтай ярилцлаа.


- “Зөв ХҮН Электорат” эвсэл УИХ-д төлөөлөлтэй боллоо. Сонгуулийн үр дүнд хэр сэтгэл хангалуун байгаа вэ?


-Ямартаа ч Монгол төрөө байгуулах сонгуульд маш олон төлөөлөл оролцлоо. Онцлох зүйл нь нам, эвслүүдээс болон бие дааж олон сайхан залуус оролцсон явдал байлаа. Үүнийг маш сайн үзүүлэлт гэж дүгнэж байна. Залуус улс төр муухай, бохир заваан, өмнөх ажлаа хийгээд явахад л болно гэсэн байдлаар олон жил явсан.


Гэтэл үр дүнд нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд монгол хүний амьдралын чанар эрс муудсаныг хүн болгон мэдэж байгаа байх. Тиймдээ ч олон сайхан залуус урдах ажлаа хойш тавиад улс орноо өөрчилье гэж халуун сэтгэлээр төрөө байгуулахаар сонгуульд оролцож байгаа энэ үзэгдэл маш сайн. Цаашдаа улам идэвхжээсэй гэж хүсч байгаа.


Харин энэ удаагийн сонгуулиар хүлээсэн үр дүн маань гарсангүй. Мэргэжлийн залуусыг гарч ирээсэй гэж бодож байлаа. Сонгуулийн систем болохгүй байна гэдгийг монголчууд хаана хаанаа ойлгосон байх гэж найдаж байна. ХҮН намынхан Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батлагдах шатанд нь эрс эсэргүүцэж байсан. Энэ сонгуулийн тогтолцоог Сири, Сьерра-Леоне гэсэн хоёрхон улс л ашиглаж байгаа. Кастын нийгэмтэй улсуудад хамгийн их тохирдог, дэлхий дээрх хамгийн муу систем юм. Дэлхийн түүхэнд ердөө найман улс л ашигласан байдаг юм билээ. Энэ системийг ашиглахыг Тайланд, Филиппин Үндсэн хуулиараа хориглосон нь ч бий.


Энэ нь ардчиллын эсрэг, ард түмнийг төлөөлж чаддаггүй, маш их мөнгөний сонгууль болгодог, нам институцийг дотор нь хагалдаг, бэхжүүлдэггүй, хамгийн муу үр дагавар нь залуу, шинэ улс төрийн хүчинд танигдах боломжийг олгодоггүй, үр дүн нь эсрэгээрээ гардаг систем юм. Яг л ийм шинж чанартай сонгуулийн систем. Энэ системийн сөрөг тал нь энэ удаагийн Монгол Улсын сонгуулиар маш тодорхой харагдлаа. Ийм системийг дахин ашиглаж болохгүй юм байна гэдгийг монголчууд хатуу ойлгох хэрэгтэй. Үндсэндээ монголчуудын цөөхөн хэсгийн саналыг авсан аль нэг нам, улс төрийн хүчин нийт суудлын дийлэнхийг авч байна шүү дээ.


-Дараагийн сонгуулиас урьтаж энэ системийг өөрчлөх шаадлагатай байх нь.


-Маш яаралтай өөрчлөх хэрэгтэй. Пропорциональ системийг 100 хувь биш юм аа гэхэд 50 хувьд нь оруулж ирэх хэрэгтэй байна. Энэ чиглэлээр манай ХҮН нам, Зөв ХҮН эвслийнхэн тууштай ажиллах болно. Ардчиллаа хамгаалъя, төлөөллүүдээ тэнцвэртэй оруулъя, улс төрд шинэ салхи оруулж ирье гэж байгаа бол энэ сонгуулийн үр дүнгийн дараа, нийгэмд мартагдаагүй байгаа үед нь энэ асуудлыг ярьж, Сонгуулийн тухай хуулиа өөрчлөх зайлшгүй шаардлага байна.


-Та нам, эвслээсээ ганцаараа УИХ-д орж ирлээ. Ганц хүн гал болдоггүй гэдэгчлэн хүчгүйдэх үе байх нь мэдээж. Таны хувьд ямархуу байдлаар иргэд сонгогчид болоод нам, эвслээ төлөөлөн ажиллая гэж бодож байна вэ?


-Нэг зүйлийг цохон тэмдэглэмээр байгаа юм. Их олон залуу сонгуульд өрсөлдлөө. Заримынх нь урам хугарсан болов уу гэж бодож байна. Энэ үр дүн бол залуучууд та бүхний буруугаас болсон зүйл биш. Залуучууд хэдийнэ ялчихсан, үр дүн нь сонгуулийн системд байгаа юм шүү. Цаашдаа төрөө байгуулах шат шатны сонгуульд идэвхтэй оролцоорой гэж хэлэх байна. Үр дүн гаргаж чадаагүй ч нийгмээ өөрчилье гэсэн залуучуудын итгэлийг тээж мөс зүсэгч онгоц шиг ажиллах болно оо. Атар газар гадас зоож, анхны трактор явдагтай адил олон залуусын урмыг хугалахгүйгээр, нэр төртэй, эр зоригтой, тууштай, үзэл баримтлалдаа үнэнч, энэ улсын хөгжлийн төлөө олон мэргэжилтэн залуусын дуу хоолой болж явна гэдгээ танай сониноор дамжуулж албан ёсоор илэрхийлж байна.


Ирэх дөрвөн жил маш хүнд жилүүд байх болно. Эдийн засгийн хувьд дефолт зарлах өндөр эрсдэл бий. Бид ирэх дөрвөн жилийн хугацаанд их хэмжээний өр төлөх ёстой. Наймдугаар сарын 7-нд БНХАУ-ын Ардын банкны своп хэлцлийн 2.3 тэрбум ам.доллар, ирэх жилээс эхлэн Засгийн газрын дөрвөн бондын төлбөрийн өр болох 2.9 тэрбум ам.долларыг төлнө. Дэлхий даяар Ковид-19-ийн хүндрэл байна. Бид төсвийн орлогынхоо 30-40 хувийг алдчихсан, эдийн засаг маань эхний улиралд 10 хувиар агшчихсан байгаа. Энэ улиралд ч агших нь тодорхой. Хоёр улирал дараалан агших юм бол үүнийг эдийн засгийн хямрал гэдэг. Хямарсан эдийн засаг дээр өр төлбөрүүдийн асуудал орж ирнэ. Одоо хөгжиж байгаа эдийн засгуудад хөрөнгө оруулалт зогссон, буцаад гарч байгаа. Тэгэхээр бид өр төлбөрөө төлөхөд маш хүнд байдалд орно.


Эдийн засагч хүний хувьд яг энэ хүндрэл дээр гарц шийдлийг гарган шинэ засагт тус дэм болно оо. Хэрэв буруу шийдвэр гаргаж хөшүүн хойрго ажиллавал Засгийн газрыг шахна, бас шүүмжлэх болно. Бодлого ярина, шаардана. Эрх баригч хүчин дээр маш том сорилт, ачаа ирж байгаа гэдгийг ойлгоод маш сайн мэргэжлийн засаг байгуулж яаралтай ажилд нь оруулах хэрэгтэй. Дэлхийн хөгжиж байгаа эдийн засгууд дээр зөвлөгөө өгч ажиллаж байсан багахан туршлага байгаа. Монголчууд энэ хүндрэлийн ард элэг бүтэн, ажилтай орлоготой байх тэр бодлого дээр хатуу зогсоно. Бид бол улс төрийн хүчин. Доржханд гэдэг хүн ганцаараа биш ээ. Миний ард инженер, эдийн засагч, хуульч, эмч, багш нар гээд дэлхийн маш сайн сургуулиудад боловсрол эзэмшсэн, ажлын туршлагатай салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүд бий. Энэ хүч байгаа болохоор энэ чиглэлээр шаардлагатай хуулиуд, бодлогуудыг тухай бүрт нь хийж, шахаж, батлуулж ажиллана.


-Бие даагчид, нам, эвслийн цөөнхийн төлөөлөл Ардчилсан намд элсэх тохиолдол цөөнгүй байдаг. Хамгийн сүүлийн жишээгээр С.Жавхлан, О.Баасанхүү нарыг дурдаж болно. Хэрэв танд ийм санал тавивал та хэрхэх вэ?


-Дахин хэлэхэд сонгуулийн системийг өөрчлөх хэрэгтэй байх. Хоёрдугаарт, нэгдэхийн тулд үзэл санаагаараа нэгдэх ёстой. Бид социал демократ зүүн төвийн үзэл санаатай, хүнээ дээдэлсэн “Хүн дээд” гэдэг үзэл баримтлал дээр нэгдсэн салбар салбарын мэргэжилтнүүд юм. Холын зорилго дээрээ нэгдсэн болохоор ойрын ямар нэгэн эрх ашгийг урьтал болгохгүй. Монголын улс төр энэ 30 жилд ямар бохир болсныг бүгд мэдэж байгаа байх. Тиймээс өөрсдийнхөө үзэл санаа, хөгжлийн хөтөлбөр дээр хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Энэ үзэл санаан дээр нэгдэж байгаа аливаа хувь хүмүүс, намуудыг бид нээлттэй хүлээж авах болов уу гэж бодож байна. Монголын улс төрд шинэ, эрүүл салхийг оруулж үр хүүхдийнхээ, дүү нарынхаа амьдралыг зөв тэгш, эрүүл нийгэмд амьдруулаасай л гэж хүсч улс төрд орж байгаа. Ийм бодолтой маш олон залуус бий. Тэр залуусын гүүр нь болж ажиллана.


Иймд энэ хоёр намын систем рүү уусч орно гэж бодохгүй байна. Учир нь энэ хоёр нам маш их популист амлалт хийж, 30 жилийн энэ амьдралыг бидэнд өгсөн. Тийм болохоор эдгээр намууд өөрчлөгдөөгүй тохиолдолд өөрийн тогтсон үзэл баримтлалтай залуус бүү боломж хайж ороосой гэж хүсч байна. Харин энэ намууд төлөвшөөсэй, цэвэрлэгдээсэй, залуу үе нь илүү гарч ирж үзэл санаан дээрээ нэгдэж, итгэл үнэмшилтэйгээр улсаа өөрчлөөсэй, парламентынхаа ардчиллыг бэхжүүлээсэй гэж хүсч байна. Мөн парламент нь хэрүүлийн бус бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг, Засгийн газар нь тогтвортой, хөгжлийнхөө төлөө нэг зүг рүү харж, ажилладаг байгаасай. Бидний хувьд ардчилал хүний эрх, эрх чөлөө, бизнесийн ээлтэй орчин, эдийн засгаа тэтгэсэн, Монгол хүнийг ажилтай, орлоготой, эрүүл байлгах бодлого дээр хэнтэй ч гэсэн тууштай хамтарч ажиллахад бэлэн байна.


-Хан-Уулчууд таныг хэн болохыг өнгөрсөн хугацаанд сайтар таньсан нь мэдээж. Тэгвэл энэ удаад Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа “Өдрийн сонин”-ы уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?


-Намайг Тогмидын Доржханд гэдэг. Би 44 настай, дөрвөн хүүхдийн аав. Эдийн засагч мэргэжилтэй. Төрдөө болон дэлхийн Сангийн яам гэгддэг Олон улсын валютын санд ажилласан жаахан туршлага байгаа. Өөрийн сурсан, мэдсэн бүхнээ нийгмийг өөрчлөхийн төлөө чин шударгаар, тууштайгаар зориулна гэсэн амлалтыг Хан-Уулчууддаа өгсөн. Хэлсэн үгэндээ хүрч, нэр төртэйгөөр залуусын зүрхэн дэх гал, нүдэн дэх цогийг бөхөөлгөхгүйн тулд энэ нийгэмдээ тэдэнтэйгээ хамт гэрэл асаана гэсэн итгэл үнэмшил байна. Үүнийхээ төлөө ч тууштай ажиллах болно.


-Бие даагчид, нам, эвслээс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ илэрхийлж эхэллээ. “Зөв ХҮН Электорат” эвсэл ямар байр суурьтай байна вэ?


-Нам, эвслийнхээ байр суурийг бид энэ долоо хоногт албан ёсоор мэдэгдэнэ. Хувь хүнийхээ зүгээс гар тооллого хийгээд шалгаж баталгаажуулсан нь зүйтэй гэж үзэж байна. Бидний үнэт зүйл ардчилал шүү дээ. Ардчиллаа хамгаалах арга хэрэгсэл нь сонгууль. Сонгууль зөв, шударга байж бид парламентын ардчиллаа бэхжүүлж чадна. Ер нь бол Эстони, Швед, Австралиас эхлээд блокчейн дээр суурилсан технологиор сонгуулиа явуулж байна.


Монгол залуус гар утасны платформыг нь бий болгочихсон, дэд бүтэц нь бэлэн бий. Тиймээс цаашдаа технологийн дэвшлийг ашиглаад иргэддээ ч гэсэн хүндрэлгүй байдлаар гар утсаар сонгуулиа өгдөг загвар руу маш яаралтай орох нь зүйтэй. Ковид-19-ийн нэг эерэг тал нь иргэд маань гэрээсээ ажлаа хийдэг болж, төрөл бүрийн онлайн сургалт, үйлчилгээнүүд идэвхжиж байна.


Бид Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг зоригтой, хурдан ашигласан үндэстэн байя гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Эрх баригчид энэ чиглэлийг барьж дараа, дараагийн сонгуулийн санал авах процессийг хурдан шуурхай явуулбал бид ардчиллаа хамгаалж чадна.





О.Ариунцэцэг 


Эх сурвалж: Өдрийн сонин 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ