АНУ: Орос-Америкийн хэлэлцээний эхний өдөр маш нааштай боллоо
"Стратегийн тогтвортой байдлын асуудлаарх Орос-Америкийн хэлэлцээний эхний өдөр маш нааштай өнгөрлөө" гэж АНУ-ын ерөнхийлөгчийн зэвсэглэлд хяналт тавих асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Маршалл Биллингсли мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.
“Венийн хэлэлцээний эхний үе маш нааштай боллоо. Цөмийн сэдвийн бүх асуудлыг нарийвчилан хэлэлцлээ. Техникийн ажлын хэсгүүд байгуулсан бөгөөд хоёр дахь үеийн хэлэлцээгээр энэ тухай зарчмын хувьд ярина” гэж тэр тодруулан тайлбарласан байна.
Стратегийн тогтвортой байдлын асуудлаарх Орос-Америкийн зөвлөлдөөн даваа гарагт Вена хотод дууссан юм. Хэлэлцээ 10 орчим цаг үргэлжилжээ. Хэлэлцээн дээр Оросын талыг Оросын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябков төлөөлж байгаа юм. Зэвсэглэлийг хязгаарлах тухай Орос, АНУ-ын хооронд одоо үйлчилж буй цорын ганц гэрээ нь стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлаж, хорогдуулах тухай гэрээ юм. Гэрээний үйлчлэх хугацаа 2021 оны эхээр дуусна.
"Цөмийн шинэ гэрээ боловсруулах тухай хэлэлцээнд Хятадыг оролцуулах хэрэгтэй" гэж АНУ-ын засаг захиргаа янз бүрийн түвшинд онцлон тэмдэглэж байгаа юм. Харин Бээжингийн эрх баригчид энэ үйл явцад оролцохоос татгалзаж буй юм. Учир нь Вашингтоны засаг захиргаа одоо мөрдөж буй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихөөр байнга санаархаж байдаг хэмээн үзэж байгаа ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ