ДЭМБ: Коронавирусийн эсрэг арга хэмжээнүүдээ дахин чангатгах хэрэгтэй
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ дахин чангатгахыг улс орнуудад уриалжээ.
“Дэлхий даяар нэг хоногийн дотор халдварын 183 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн нь өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт боллоо” гэж Т.Гебрейесус Швейцарын Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Цаашид энэ үзүүлэлт өдөр бүр шинэчлэгдэн, нэмэгдэж болзошгүй байгааг тэрбээр тэмдэглэсэн байна.
ДЭМБ-ын тэргүүн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдлуудаас шинжилгээ авах, халдвар авсан хийгээд тэдэнтэй ойр байсан хүмүүсийг тусгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг дахин эрчимжүүлэхийг улс орнуудад уриалжээ.
Мөн ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга, доктор Майкл Райан Америк, Өмнөд Ази болон хүн ам ихтэй орнуудад халдварын тархалт нэмэгдэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, олон оронд халдварын оргил үе нэгэн зэрэг эхэлж байгаа юм уу эхлэх төлөвтэй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ