Өмнөд Солонгост цар тахлын хоёр дахь давлагаа эхэлжээ

Өмнөд Солонгост коронавируст цар тахлын хоёр дахь давалгаа эхэлсэн гэж тус улсын анагаах ухааны мэргэжилтнүүд дүгнэжээ. Солонгосын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн удирдлагууд даваа гарагт энэ талаар мэдэгдсэн байна.


“Эхний давалгаа хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд том хотуудын орчимд үргэлжилсэн гэж бид үзэж байна. Дараа нь тавдугаар сарын эхээр хоёр дахь давалгаа эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байна” гэж тус төвийн захирал Жён Юн Киён хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.


Тавдугаар сарын эхээр тохиосон бүх нийтийн амралтын өдрүүдэд Сөүл хотын шөнийн цэнгээний газруудаар тарсан халдварыг хоёр дахь давалгааны эхлэл гэж үзсэн байна. Өнгөрсөн ням гарагт Өмнөд Солонгост 17 шинэ халдвар тээгч бүртгэгдсэн нь сүүлийн сар орчим хугацаанд нэг өдөрт илэрдэг тоо анх удаа 20 хүрээгүй тохиолдол байжээ. Өмнөх хоёр өдөр нь тус бүр 48, 67 тохиолдол бүртгэгдээд байв.


Цар тахал эхэлсэн цагаас хойш Өмнөд Солонгост нийтдээ 12,438 халдварын тохиолдол бүртгэгдэж, 280 хүн нас бараад байна. Хоёрдугаар сарын сүүлээр өдөрт 900 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан нь тус улсын хувьд цар тахлын оргил үе байжээ. “Бид эхэндээ хоёр дахь давалгааг намар, эсвэл өвөл эхэлнэ гэж тооцоолж байсан. Бидний тооцоо буруу байжээ. Хүмүүс хоорондоо ойр харилцсаар байвал халдвар үргэлжлэн тархсаар байх юм байна” гэж Жён Юн Киён хэлжээ.


Ойрын гурван өдөрт бүртгэгдсэн дундаж халдварын тохиолдол 30-аас доош буухгүй бол хорио цээрийн хатуу дэглэмийг буцаан сэргээхээ Сөүл хотын захирагч Пак Вон Сун мэдэгдсэн байна.


Дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол ням гарагт 183 мянгаар нэмэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн дээд хэмжээ байв. Мөн өчигдөр буюу даваа гарагт нийт халдварын тохиолдол 9 саяыг давж, 469 мянган хүн нас бараад байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ