Хойд Солонгос АНУ-ыг “устгахаар” сүрдүүлжээ

Хойд Солонгосын хойгт дахин дайн дэгдэх тохиолдолд АНУ-ыг устгана хэмээн сүрдүүлсэн байна.  Орост суугаа БНАСАУ-ын элчин сайдын яамнаас Солонгосын дайн эхлэсний 70 жилийн ойг тохиолдуулан гаргасан мэдэгдлийг иш татан ТАСС агентлаг мэдээлжээ.


"Энэ жил Америкчууд Өмнөд Солонгост цэргийн элдэв сургуулилт хийж, БНАСАУ-д даруй цохилт өгөхөөр Америкийн зэвсэгт хүчнийг Солонгосын хойгт байрлуулах нь эдгээр сургуулилтын зорилго юм" гэж дипломатчид тэмдэглэсэн байна. “БНАСАУ руу гар далайхаар зүрхлэх этгээдийг гэсгээн цээрлүүлж чадах цөмийн пуужин Хойд Солонгост бий" гэж элчин сайдын яам бас дурджээ. “Солонгост дахин дайн дэгдвэл АНУ гэдэг эзэнт гүрнийг эцэс болгох онцгой явдал хүн төрөлхтөний түүхэнд бичигдэнэ” гэж Пхеньяны төлөөлөгчид мэдэгдсэн байна.


"Сүүлийн хоёр жилд Хойд Солонгос, АНУ-ын харилцаа ямар ч найдваргүй болсон юм" гэж БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ли Сон Гвон зургаадугаар сарын 12-нд мэдэгдсэн юм. Солонгосын хойгийн байдал өдрөөс өдөрт дордож байна. Америк, Солонгосын удирдагч Дональд Трамп, Ким Чен Ун нарын 2018 оны анхны уулзалтаас төрсөн итгэл найдвар цөхрөлтөөр солигдож, тайван нөхцөлд цэцэглэн хөгжинө гэсэн өөдрөг бодлын оч гутрангуй бодол төрүүлсэн аймшигт явдлын түрэлтэд бөхсөн юм” гэж сайд хэлсэн байна.


Хойд, Өмнөд Солонгосын дайн 1950 оны зургаадугаар сарын 25-наас 1953 оны долоодугаар сарын 27-нд үргэлжилсэн юм. Хойд Солонгост ЗСБНХУ, Хятад хоёр туслаж, харин АНУ, Их Британи болон бусад орон НҮБ-ын далбаан дор Өмнөдийн талд дайнд оролцсон билээ. Гурван жилийн хугацаанд 1.3 сая орчим солонгос хүн алагдаж, шархдаж, америкийн тал мөргөлдөөнд 36.6 мянга орчим цэргээ алджээ. Дайн 1953 онд гал зогсоосноор дуусч, энэ нь өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа юм.





Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ