Иракийн улстөрч коронавирусийн улмаас нас баржээ

Иракийн улстөрч Тауфик аль-Ясири шинэ коронавирусийн халдварын улмаас ням гарагт нас барсан гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын эх сурвалж мэдээлжээ.



“Ардчилсан эх оронч эвсэл”-ийн дарга Аль-Ясирийн коронавирусийн шинжилгээний хариу хэдэн өдрийн өмнө “эерэг” буюу халдвартай гарсны дараа эмнэлэгт хүргэгдсэн байна. Ийнхүү тэрбээр ням гарагт нас барлаа гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна.



Иракийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг Саддам Хуссейн хашиж байх үед Тэнгисийн цэргийн хүчинд зүтгэж байсан Аль-Ясири Саудын Араб руу дүрвэсэн бөгөөд 2003 онд Иракийн дэглэм нуран унасны дараа эх орондоо эргэн ирж, Ардчилсан эх оронч эвслийг байгуулжээ. Гэсэн хэдий ч түүний нам парламентэд суудал авч чадаагүй аж. 




Аль-Ясири нь Иракт халдварын улмаас нас барсан анхны улстөрч болжээ. Иракт сүүлийн мэдээллээр халдварын 18,950 тохиолдол бүртгэгдэж, 549 хүн энджээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ