COVID-19: Энэтхэгт халдвартай хүний тоо 300 мянга давлаа
Энэтхэгт бямба гарагт коронавирусийн халдварын 11458 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр халдвар авсан хүний тоо 300 мянга давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.
Энэтхэг халдварын тохиолдлын тоогоор Их Британийг баасан гарагт давснаар уг үзүүлэлтээрээр дэлхийд дөрөвдүгээрт жагсаж эхэлжээ. Энэтхэгт өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр хөл хорио тогтоосон хэдий ч халдвар авсан хүний тоо тасралтгүй нэмэгдсээр байсан бөгөөд сүүлд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулжээ.
Эрүүл мэндийн яамны мэдээллээр, халдвар хамгийн их тархсан баруун нутгийн Махараштра мужид бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 100 мянга давсан бол нийслэл Шинэ Дели хотод 2000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэтхэгт халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа хэдий ч эдгэрсэн хүмүүсийн хувь ч мөн өсч байна. “Манай улсад 147 мянга гаруй хүн коронавирусээр халдварлаад эдгэрсэн” гэж Засгийн газар нь мэдээлжээ. Энэтхэгт халдвар авсан 145779 хүн эмчлүүлж байгаа бол 8884 хүн нас баржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ