НАТО ОХУ-д халдахаас болгоомжлох үндэслэл "бий"

Орост НАТО халдан довтлохоос болгоомжлох үндэслэл бий. Учир нь ОХУ сүүлийн хэдэн зуун жилд Герман, Швед, Польш, Франц, тэр ч байтугай АНУ-ын халдлагад өртөж байсан юм. Америкийн нийтлэлч Питери Сучиу “The National Interest” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ ингэж үзэж байгаагаа илэрхийлжээ.


"Одоо Америкчууд НАТО-ийн Орост учруулж буй аюул заналыг санаанаасаа зохиосон яриа хэмээн үзэж болох ч өөрийнх нь хилийн ойролцоо тус эвслийн цэргийн идэвхжил өндөр түвшинд хүрснийг Оросын тал аль эртнээс бүртгэж байгаа юм" гэж тэрээр тэмдэглэсэн байна.


Мөн тэрээр "Хүйтэн дайн дуусч, ЗХУ-ыг тарж бутарсны дараа Орос улс хуучин олон дагуул улс тухайлбал, одоо НАТО-д багтаж буй Польш, Унгар, Румын, Чех, Словактай харьцуулвал олон талаар илүү эмзэг юм. Тиймээс Орос улс арми, флотоо зузаатгаж, цэргийн сургуулилт тогтмол явуулж, цэргийн шинэ техник, түүний дотор Т-14 “Армата” танк, усан доорх дуунаас хурдан пуужин хийж байгаад гайхах явдалгүй юм" гэжээ.

Оросын хилийн ойролцоо  АНУ болон түүний НАТО-гийн холбоотнуудын үйл ажиллагаа ихэд идэвхижсэн тухай Оросын зэвсэгт хүчний жанжин штабын ерөнхий оператив газрын дарга хурандаа генерал Сергей Рудской мэдэгдсэн юм.


Түүний хэлснээр дөрөв, тавдугаар сард Америкийн стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцуудын үйлдсэн нислэгийн тоо олширчээ. Америкийн алсын нислэгийн нисэх онгоцууд ч Украины нутаг дээгүүр анх удаа ниссэн байна.


Арктикт ч НАТО-ийн үйл ажиллагаа идэвхижжээ. Хүйтэн дайн дууссанаас хойш анх удаа, тэр дундаа ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын онцлон тэмдэглэснээр,  Ялалтын 75 жилийн ойн өмнө Баренцевын тэнгист НАТО-ийн тэнгисийн цэргийн нэгдсэн хүчний байлдааны хөлөг онгоцны отряд сургуулилт хийсэн байна.


НАТО Польшид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах дэд бүтцийг зузаатгаж, “Оросын гүний нутгийг ажиглах боломжийг өргөжүүлэхээр” Норвегийн хойд нутагт радиолокацын “Бөмбөрцөг-3” станцыг шинэчилж байгаа ажээ.



Гэхдээ Орос улс НАТО-ийн хөрш бөгөөд тус байгууллагаас зэвсэглэлд хяналт тавих асуудлаар Оросын талтай яриа хэлцээ хийх хэрэгтэй гэж тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэж байсан юм.




Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ