“Black Lives Matter” -ийн идэвхтнүүд ямар хөшөөг буулгахыг хүсэж байна вэ? Яагаад тэр вэ?

ЛОНДОН. /BBC/. Боолчлол ба колоничлолын түүхтэй холбоотой улс төрчид, худалдаачид, шинжлэх ухаан урлагийн ивээгчдэд /меценат/ зориулсан хөшөө дурсгалууд дэлхий даяар өрнөж буй “Black Lives Matter” эсэргүүцлийн хөдөлгөөний гол бай болжээ. Их Британи, Бельги, АНУ-ын эрх баригчид идэвхтнүүдийн шаардлагаар тэдгээрийг буулгаж байна.


Их Британи: нээлттэй жагсаалт, Черчилль ба Сесил Родез

АНУ-д өнгөт арьст эрэгтэй цагдаагийн гарт амиа алдсаны дараа тус улсын хэдэн арван хот төдийгүй дэлхийн олон улсад томоохон эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, түүхэн дурсгалт хөшөөнүүдийн зохистой байдлын талаар дахин бодоход хүргэв.


Их Британи дахь “Black Lives Matter” хөдөлгөөний идэвхтнүүд тус улсын нутаг дэвсгэрт буй 60 хөшөөний жагсаалтыг гаргажээ. “Topple the Racists” /“Арьсны өнгөөр ялгаварлагчдыг түлхэн унагая”/ төслийн гол зорилго бол хөшөөнүүдийг буулгах талаар хэлэлцүүлэг эхлүүлж, "британичуудад өөрсдийнх нь өнгөрсөн үеийн үнэнийг хүлээн зөвшөөрүүлэх” юм гэж идэвхтнүүд бичиж байна.


Жагсаалт ил тод нээлттэй байгаа бөгөөд энэ нь заримдаа эвгүй байдалд хүргэдэг. Тухайлбал, уг жагсаалтад 1830-аад оны үед Их Британийн Ерөнхий сайд, 1840-өөд оны үед Дотоод хэргийн сайд байсан Роберт Пилийн таван хөшөө байгаа аж.


Роберт Пил нь Их Британийн цагдаа нарыг сургахад ашигладаг цагдаагийн ажилтнуудын ёс зүйн есөн зарчмыг боловсруулсан бөгөөд эдгээрийг одоо ч ашигладаг байна.


Пил боолчлолыг халах тухай хуулийн төслийг хөвөнгийн үйлдвэрлэлд аюул учруулна гэж үзэн эсэргүүцэж байсан гэж Лидс хот дахь түүний хөшөөг буулгахыг шаардаж буй идэвхтнүүд тайлбартаа бичжээ. 


Түүнчлэн уг жагсаалтад 16 зууны үеийн далайчин сэр Фрэнсис Дрейк, Испанийн Армадаг ялахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ алдартай, адмирал Нельсон нарын хөшөө байгаа аж. Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жагсаалтыг үргэлжлүүлэн судалж байна.


Үүний зэрэгцээ Лондонд хөшөө дурсгалыг буулгах ажил үргэлжилж байна. Мягмар гарагт Ямайкт тариалан эрхэлдэг байсан боолын худалдаачин Роберт Миллиганы хөшөөг буулгажээ. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, хөшөөг олон нийтийн хүсэлтээр буулгасан байна.


Түүнчлэн Уинстон Черчиллийг бас арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхдаг байсан гэж буруутгажээ. Лондонд саяхан болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр түүний хөшөөг эвдэж сүйтгэжээ. "Тэр цагаан арьст хүмүүс бусад хүмүүсээс давуу гэж үздэг байсан. Тэр энэ талаар маш тодорхой ярьдаг байсан" гэж түүхч Ричард Рой ярьсан байна. “Тэр индианчуудыг аймшигтай итгэл үнэмшилтэй хүмүүс гэж нэрлээд тэдний талаар тааламжгүй үг хэлдэг байсан” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Оксфорд хотод XIX зууны үед Өмнөд Африкт Английн колоничилсон газар нутгийг тэлэх бодлогыг гардан зохион байгуулагч, алмааз олборлогч “De Beers” компанийг үүсгэн байгуулагч Сесил Родезийн хөшөөг буулгахыг дахин шаардаж эхэлсэн байна. 


Бельги: II Леопольд хаан

Нидерландад арьсны өнгөөр ​​ялгаварлахыг хэд хоногийн турш эсэргүүцсэний дараа II Леопольд хааны хэд хэдэн хөшөөг буулгажээ.


XIX зуунд Бельгийг захирч байсан энэ хаан бол Конго голын хөндийг эзлэн авснаараа алдартай юм. Түүний үед нутгийн ардын эсрэг колоничлолын харгис бодлого явуулж байв. Бельгийн колоничлолын бодлогын золиос болсон хүний ​​тоо 10 саяар тоологддог байна.


Бельги дэх “Black Lives Matter” хөдөлгөөний жагсаал илүү том хүрээг хамарчээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Брюсселийн гудамжинд арван мянган хүн жагссан байна. Жагсагчид  Бельгийн нийслэл хотын төвд орших Шүүхийн ордны өмнө цуглажээ. Уг ордны барилгын ажлыг II Леопольд хаан санхүүжүүлсэн аж.


Эсэргүүцлийн ажиллагааны үеэр Антверпен хот дахь Леопольдын хөшөөг галдан шатааж, шүршдэг будгаар будаж сүйтгэсэн байна. Дараа нь хотын эрх баригчид хөшөөг буулгаж музейд тавьжээ. Брюссельд босгосон хааны хөшөөн дээр “алуурчин” гэж бичсэн байна. Гент хот дахь бас нэгэн хөшөөг буджээ.


Түүний зэрэгцээ Бельгийн зарим иргэд II Леопольд хааны хөшөөг буулгахыг эсэргүүцэж байгаа юм. Тэд түүнийг улс оронд баялаг авчирсан олон улсын худалдааг санаачлагч гэж үздэг аж. Бельгичүүд Леопольдын бүх хөшөө дурсгалыг буулгахыг шаардсан өргөдлүүдэд гарын үсэг зурсаар байгаа бөгөөд өргөдлүүдийн нэгд 70 мянга гаруй хүн гарын үсэг зурсан байна.


Зургадугаар сарын 30-нд Конго улс тусгаар тогтносныхоо 60 жилийн ойг тэмдэглэнэ. Өргөдөл гаргагчид хөшөөнүүдийг энэ өдрөөс өмнө буулгахыг хүсэж байна.


АНУ: хурандаа Ли болон Христофор Колумб

АНУ-д “Black Lives Matter” хөдөлгөөний идэвхтнүүд 1860-аад оны Иргэний дайны үеийн өмнөд муж улсуудын генерал, цэргүүдийн хөшөөтэй тууштай тэмцэж байна.


2017 онд Шарлоттсвилл хотод мөргөлдөөн болсны дараагаар өмнөд муж улсуудын холбоотнуудад зориулсан хөшөөнүүдэд жинхэнэ дайн зарлаж байв. Эцэст нь зарим хот өмнөд муж улсуудын түүхтэй холбоотой бүх дурсгалыг буулгахаар шийдэж байжээ. Эдгээр хөшөө Жорж Флойдын үхлээс үүдэлтэй эсэргүүцлийн ажиллагааны үеэр ч  идэвхтнүүдийн гол бай болсон байна. 


Өмнөд нутгийн армийн командлагч, боолын эзэн Роберт Лигийн хөшөө дахиад л жагсагчдын гол бай болжээ. 2017 оны эсэргүүцлийн ажиллагааны үеэр Умард Каролина дахь түүний хөшөөний нүүрийг хагалж байсан бол энэ жил идэвхтнүүд 1890-ээд оны үед Виржини муж улсад босгосон, 12 тонн жинтэй, хурандаа Лигийн хөшөөг буулгуулах зорилгодоо хүрчээ. "Бид түүхийн хуурамч хувилбарыг цаашид дэлгэрүүлэхээ болино" гэж муж улсын захирагч хөшөөг буулгах шийдвэрийг мэдэгдэхдээ хэлсэн байна.


Холбоот улс байгуулсан өмнөд муж улсуудын түүхэн хүмүүс төдийгүй амь үрэгдсэн цэргүүдийн хөшөө дурсгалыг АНУ-ын олон хотод эсэргүүцлийн ажиллагааны дараа буулгаж эхэлжээ. Мягмар гарагт Флорида муж улсын Жексонвилл хотод амь үрэгдсэн цэргүүдийн хөшөөг буулгаж, ачааны машинд ачин авч явсан бол хотын дарга Ленни Керри өмнөдийн Холбоот улстай холбоотой бүх дурсгалыг буулгахыг уриалав.


АНУ-ын Сенат дахь ардчилагчид Конгрессын ордон дахь өмнөдийн Холбоот улсад зориулсан хөшөөг буулгах тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна. Хуулийн төслийг пүрэв гарагт доод танхимд хэлэлцэнэ.


Үүний зэрэгцээ АНУ-ын зарим нутагт эсэргүүцэгчид хөшөө дурсгалыг сүйтгэсээр байна. Лхагва гарагт шилжих шөнө Виржини муж улсын Ричмонд хотод голын эрэг дээр босгосон Христофер Колумбын хөшөөг буулгаж гол руу хаясан байна.  


montsame.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ