В.Путин Норильск хотод онц байдал зарлалаа
Умард туйлын бүс нутагт оршдог голын усанд 20,000 тонн дизель түлш асгарсан ослын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тухайн газар оронд онц байдал зарлах шийдвэр гаргажээ.
Баасан гарагт Норильск хотын цахилгаан станцын шатахууны нөөцийн саванд эвдрэл гарснаас дизель түлш гадагш асгарсан байна. Өчигдөр болсон видео хурлын үеэр Путин цахилгаан станцыг эзэмшигч Норникель компанийн захирлыг ослын талаар төвд шуурхай мэдээлэл өгөөгүй гэж буруутган хатуу зэмлэжээ.
“Засгийн газар яагаад хоёр өдрийн дараа ослын талаар мэдэв? Ийм ноцтой ослыг бид сошиал сүлжээнээс түрүүлж сонсох ёстой гэж үү? Та ер нь эрүүл байна уу?” гэх зэргээр Путин компанийн тэргүүн Сергей Липинийг зэмлэсэн байна.
Норильск хот харьяалагддаг Красноярск мужийн захирагч ослын талаар ням гарагт анх сошиал сүлжээнээс мэдээлэл авснаа Путинд хэлжээ. ОХУ-ын мөрдөн байцаах товчоо дээрх осолтой холбогдуулан гурван төрлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ өчигдөр мэдээлсэн байна. Мөн бүс нутгийн байгаль, гол нууруудыг бохирдлоос цэвэрлэх ажлыг тус улсын онцгой байдлын ерөнхий газар эхлүүлэхээр болжээ.
Алдагдсан шатахууны хэмжээ асар их тул нуун дарагдуулах боломжгүйг World Wildlife Fund сангийн ОХУ дахь салбарын тэргүүн Алексей Книжников хэлж байна. 2007 онд Хар тэнгисийн Керчийн буланд 5000 тонн газрын тос асгарсан нь ОХУ-ын хувьд ийм төрлийн хамгийн том осол байсан бөгөөд цэвэрлэх ажиллагаанд зэвсэгт хүчин болон олон зуун сайн дурынхан оролцож байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ