Говь-Алтай аймгийн Тонхил сумын засаг дарга сэжигтнээр татагдаж, гурван хүүхэд өнчирч үлдлээ
Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндоржийн ажлын өрөөнд 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн лхагва гаригт архидалт болж тус аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нас барсан байдаг. Түүнийг үүрийн 04:00 цагийн үед машиндаа нас барсан байдалтай байхад олсон.
Аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж тухайн үед “Манай өрөөнд архидалт болоогүй” гэж мэдэгдэж байсан ч Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж архидан согтуурсныг тогтоосон. Улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, мэдүүлэг авч байгаа. Тэрбээр Гэр бүл хүүхэд залуучуудын газрын дарга агсан С.Болормааг “Чамайг ажилгүй болгоно” хэмээн цаг үргэлж дарамталдаг байсан нь хохирогчийн ойр тойрны хүмүүсийн мэдүүлгээр батлагдсан билээ. Талийгаач нь Засаг дарга асан В.Рэнцэндоржийн өрөөнд нас барсан уу, өөр газар амьсгал хураасан уу гэдгийг хуулийн байгууллага одоогоор тогтоогоогүй байгаа.
Дээрх хэргийн дуулиан гүйцэд намжаагүй байхад тус аймгийн өөр нэг төрийн албан тушаалтан холбоотой байж болох ноцтой хэрэг тавдугаар сарын 15-ны өдөр гарчээ. Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ амь насыг хохироосон байж болзошгүй тохиолдол бүртгэгдээд байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Энэ сарын 15-ны өдрийн 11:00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Тонхил суманд эмэгтэй хүн гэртээ нас барсан байна гэсэн дуудлага мэдээллийг Аймгийн Цагдаагийн газарт эмнэлгээс өгсөн. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа, хэргийн газрын үзлэг хийсэн. Аймгийн төвөөсөө 260 орчим км зайд орших Тонхил суманд Аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн 15:00 цагийн орчим хэргийн газарт очиж ажиллагааг явуулсан” гэв Хэргийн талаар шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.
Тонхил сумын Засаг дарга Р.Даваадоржийн эхнэр талийгаач Б-ийн ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол Р.Даваадорж нь тогтмол гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, зарим тохиолдолд эхнэрээ зоддог, дарамталдаг байсан ажээ.
Бид Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хүүхнээтэй холбогдож тодруулга авлаа.
-Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ аминд хүрсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Хэргийн талаар тодруулахгүй юу?
-Харамсалтай үйл явдал болсон. Талийгаачийн ажил явдал өнөөдөр (өчигдөр) болж байна. Хэргийн газарт аймгаас цагдаагийн байгууллагын ажилтнууд ирж шалгалтын ажиллагаа явуулсан. Болсон үйл явдлыг дэргэдээс нь хараагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Үнэхээр харамсалтай явдал боллоо” гэв.
Р.Даваадоржийн эхнэр талийгаач Б нь санхүүч мэргэжилтэй бөгөөд Тонхил сумын Төрийн банкинд ажилладаг байсан аж. Тэрбээр гурав дахь хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байжээ. Нялх хүүхдээ үлдээгээд нас барсан талаар нутгийн иргэд хэлж байна.
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГБХЗХГ-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.ЦЭЭПИЛМАА: ТАЛИЙГААЧИЙН ГУРВАН ХҮҮХДИЙГ АНХААРАЛДАА АВСАН
Дээрх үйл явдлын талаар Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын түр үүрэг гүйцэтгэгч Н.Цээпилмаагаас тодруулга авлаа.
-Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ амь насанд халдсан байж болзошгүй гэх мэдээлэл гараад байна. Тус хэрэгт аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ямар оролцоотой ажиллаж байна вэ?
-Дээрх хэрэг энэ сарын 15-ны өдөр гарсан. Засаг дарга Р.Даваадорж талийгаач нар гурван хүүхэдтэй байсан. Болсон үйл явдалтай холбоотойгоор аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын зүгээс гурван хүүхдийг нь анхааралдаа аваад байна. Хэрэг дээр шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Манай байгууллагын зүгээс шаардлагтай арга хэмжээг авч ажилласан” гэв.
ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Р.ДАВААДОРЖ ГЭЖ ХЭН БЭ
Р.Даваадорж Говь-Алтай аймагт 1984 онд төржээ. Санхүүч мэргэжилтэй тэрбээр 2016 онд Тонхил сумын засаг даргаар томилогдсон аж. Засаг даргын албан тушаалд очихоос өмнө сумын засаг даргын Тамгын газарт мэргэжлээрээ ажилладаг байжээ. 2016 оны орон нутгийн сонгуулиар Тонхил суманд МАН олонх болсноор түүний хувьд Засаг даргын албан тушаалд очсон байна. Албан өрөөндөө архидан согтуурч, хүн амины хэрэгт сэжиглэгдээд буй В.Рэнцэндорж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ амь насыг хохироосон байж болзошгүй гэгдээд буй Р.Даваадорж нар МАН-ын албан хаагчид юм. Говь-Алтай аймгийн Ардын намын залуу боловсон хүчингүүд он гарсаар хоёр ч удаагийн хүн амины ноцтой хэрэгт нэр холбогдлоо. Үр дүнд нь таван ч хүүхэд өнчирч хоцорлоо.
Зарим мэдээллийн хэрэгслээр Р.Даваадоржийн эхнэрийг хууч өвчтэй байсан, өвчний улмаас амьсгал хураасан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Талийгаачийн төрсөн эгчийнх нь хэлж буйгаар бол удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь амь алдахад хүргэсэн байж болзошгүй гэнэ.
Гэр бүлийн хүчирхийлэл далд, цоожтой хаалганы цаана үйлдэгддэг. Таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй, даамжирвал амь насанд ч аюул учирч болох эрсдэлтэй талаар цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлдэг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ч хууль хяналтын байгууллагад хандахаас эмээдэг, ар гэр хүүхдүүдээ боддог эмэгтэйчүүд олон байдаг талаар Гэр бүл хүүхэд залуучуудыг хөгжлийн газраас үргэлж анхааруулдаг.
ТАЛИЙГААЧ МЭРГЭЖЛЭЭРЭЭ ОЛОНД ХҮНДЛЭГДСЭН НЭГЭН БАЙЖЭЭ
Талийгаач Б нь Завхан аймгийн Санхүү Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгсчээ. Мөн 2015 онд Удирдлагын академид Төрийн захиргааны удирдлагаар суралцаж дүүргэжээ. 2007-2009 онд Монгол шуудан банкны нягтлан бодогчоор, 2010 оноос хойш Тонхил сумын Хадгаламж банк болон Төрийн банкны захирлаар ажиллаж байжээ.
Тэрбээр Залуучуудын холбооны Тэргүүний залуу Алтан медаль, Монголбанкны –“Хүндэт жуух” “Нягтлан бодож бүртгэлийн Тэргүүний ажилтан зэрэг цол тэмдгээр шагнуулж байсан аж.
Р.Даваадоржийн эхнэр Б нь хувийн цахим хаягтаа өнгөрсөн дөрөвдүгээр сард гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцсэн гурван ч удаагийн пост оруулж үлдээжээ. Үүнээс үзэхэд хүчирхийлэл даамжирч түүний амь насыг авсан байж болзошгүй гэх хардлагад хүргэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн давхарга бүрт үйлдэгддэгийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас сэрэмжлүүлж ирсэн. Хүчирхийлэл даамжирвал юунд хүргэдгийн тод томруун жишээ энэ болов бололтой.
Эх сурвалж: Өдрийн сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ