Д.НЯМХҮҮ: Монгол хүн байна гээд коронавирус тойроод явчихгүй

Дэлхий дахинд шинэ вирусээр өвчлөгсдийн тоо дөрвөн саяыг давлаа. Халдварын нөхцөл байдал бидний төсөөлснөөс ч хүнд, аймшигтай байна. Харин Монгол Улс өнгөрсөн таван сарын хугацаанд аюулт өвчнөөс ангид, иргэд эрүүл саруул, хайртай хүмүүстэйгээ хамт байгаа нь олзуурхууштай. “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үзүүлэх сургуулилалт хийх “зав гарсан” дэлхийн ганц улс нь бид. Монголчуудыг энэ бүхнээс тэнгэрлэг заяа, аз хиймор, дархлаа гэх мэт нь ивээж, аварсан гэж та арай бодоогүй биз. Гаднаас зөөвөрлөгдсөн халдварыг хүн амын дунд тархаахгүйн тулд мэргэжлийн байгууллагынхан өдөр, шөнөгүй, нойр, хоолгүй зүтгэж байна. ЭМЯ-ныхны ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр 185 дахь хоногтоо танд хүрнэ, энэ хугацаанд нэг ч албан хаагч амралгүй, үүргээ гүйцэтгэж ирснийг иргэд хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

Өдөр хоног өнгөрөх тусам олон түмний хайр, хүндлэлийг хамгийн их хүлээж буй эрхэм бол ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, доктор, профессор Дулмаагийн Нямхүү. Түүний даруу төлөв зан, ажилч хичээнгүй байдал, нөр их хөдөлмөрийг нь үнэлж, хүндлэхгүй байхын аргагүй. Дуу хоолой нь хүртэл бидэнд хэдийн дасал болж, мэдээлэл өгөхөөр гарч ирэх бүрт хүмүүс түүнийг “Аав ирлээ” хэмээн авгайлдаг болсон гэх. Мэргэжлийн нэр, томьёог тэрбээр жирийн иргэдэд тайлбарлахдаа нүдний шилээ авч байгаад л, нухацтай ярих нь олонтоо. Тэр бас “Илрээгүй ээ”, “Цэрэг, армиа бэлд (дархлаагаа сайжруул)” гэх зэрэг цөөнгүй брэнд үгтэй. Д.Нямхүү захирлаас ярилцлага авах хүсэлт эрт тавьчихсан байсан юм. Саяхан үүнийгээ сануулж хэлтэл “Би юу ярих юм бэ, ажлаа л хийж байгаа хүн. Яг одоо монголчуудыг аюулт өвчнөөс авран хамгаалахаас өөр чухал ажил алга. Гэхдээ хүн хэлсэндээ байх хэрэгтэй. Та бүхний ажлыг ч бас ойлгож, хүндэлж байна” гэсэн нь ямар хүн болохыг зах зухаас нь илтгэх биз ээ. Түүний ярьсныг “Өнөөдөр” сонины “Хоймор” буланд ийнхүү архивлав.

-Юуны өмнө завгүй ажлынхаа хажуугаар манай сонины урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа. Өвчин зовлон ярихаа түр азнаад таны талаар уншигчдадаа эхлээд хүргэе гэж бодлоо. Та эрүүл мэндийн салбарт 30 орчим жил ажиллачихав уу.

-Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний амьдралын ихэнх цаг мөч ХӨСҮТ-тэй холбоотой. Магадгүй үүнээс ч урт хугацааг энэхүү шар байшиндаа өнгөрүүлэх байх. Намайг эмээ дээрээ өссөнийг мэддэг хүн цөөнгүй. Өвөө Жамбал, эмээ Очирцоо хоёр минь Сэлэнгийн Хүдэр, Ерөө сумын буриад. Уг гарваль нь бол Дунд Шаргалжингийнх л даа. ОХУ-ын Улаан-Үд хотоос зүүн тийш 300 орчим км-ийн зайд Шаргалжин хэмээх газарт нутаглаж байгаад Хувьсгалын үед Сүх голоор хилийн зааг тогтооход манай хоёр нааш орж ирсэн юм билээ. Зарим ах, дүү нь тэнд үлдсэн гэсэн. Цаг төрийн үймээнээр цөлөгдөж, хувьсгалын эсэргүү хэмээгдэж, баригдсан нь ч бий.

Манайх удам судартай, эрдэм номтой, хөрөнгө чинээтэй гэр бүл байсан гэдэг. Миний ээж Жамбалын Дулмаа бол айлын бага охин. Би эхээс дөрвүүлээ, нэг эгч, хоёр дүүтэй. Харин манай ээжийн талынхан өнөр олуулаа. Ж.Хорлоо эгч Монголын пионерын холбооны дарга, “Залуу үе” сонины эрхлэгч байсан. Насаараа л нам, төрийн ажил хийсэн дээ. Нагац ах Ж.Шагж ОХУ-ын Ленинградын Анагаах ухааны их сургууль төгссөн. “Хүн ба амьтны бүдүүн гэдсэнд дулааны энерги үүсэх үзэгдэл” сэдвээр дэлхийд нээлт хийсэн, олон улсад данстай эрдэмтэн. Ж.Мандир бол ээжийн ууган эгч нь. Түүний нөхөр О.Цэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Мөнхжаргалд халаагаа өгснөөс хойш гадаадын олон улсад дипломат алба хашсан гэх зэргээр нагац ах, эгч нар минь салбартаа үлгэр жишээ болсон хүмүүс. Олонх нь ОХУ-ын Ленинград, Москва, Германд боловсрол эзэмшсэн. Тэднийхээ ачаар л би өдий зэрэгтэй явна даа.

-Сувилагчийн сургуулиас АНУ-ын Алабамагийн их сургууль хүртэл суралцахад эмээгийнх нь захиас, ах, эгч нарын ивээс их байсан гэж та ярьдаг. Эмээтэйгээ өнгөрүүлсэн цаг мөчүүд хүн бүхэнд хамгийн сайхан дурсамж үлдээдэг. Та ч гэсэн тэрхүү нандин дурсамжаасаа хуваалцаач?

-Эмээ минь их зарчимч, хатуу юм шиг мөртлөө зөөлөн хүн байсан. “Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ. Худлаа ярьж болохгүй, бусдыг хохирооно. Өөрийгөө ч зовооно. Чадах юмаа л амлаж, биелүүл. Чадахгүй бол үгүйгээ хэл” гэж сургадаг сан. Хэлсэн үгэндээ эзэн байхыг илүүтэй захина. Энэ сургаалиар нь л өссөн дөө. Би чинь эмээгийнхээ амин хүүхэд нь. Байнга өвөрт нь унтана. Намайг халуурч бүлээрэхэд гэдсэндээ наагаад л, эдгээчихнэ. Хүүхэд л болсон хойно их дэггүйтнэ. Үеийнхэнтэйгээ муудалцан, гэмтэж, бэртэх болгонд эмээ минь л бүгдийг эмчилдэг байсан. Тэгсэн мөртлөө “Зодолдож болохгүй, битгий” гэж ер хэлэхгүй. Хорьж цагддаггүй хэрнээ цаад учрыг зөвөөр ойлгуулж, ухаан заана. Эмээгийн хүүхдүүд хэдий олон ч надтай нэг нь ч булаацалдаггүй байсан нь сайхан. Эмээгийн минь авдар, эрхи, бас бус зүйл нь одоо хүртэл надад байдаг. Эмээгийнхээ эрхийг зүүгээд унтана. Янз бүрийн аюул, гамшиг, хэцүү санагдах үед энгэртээ халааслаад явдаг.

Нагац ах Ж.Шагж тэргүүтэй олон эмч манайд бий. Эмээ минь ч эрүүл мэнд бол юугаар ч сольшгүй чухал зүйл гэдгийг үргэлж захидаг байсан нь намайг анагаахын хүн болгосон. Уг нь анх АУДС-д эмч болохоор шалгалт өгсөн ч оноо дутаад Сувилагчийн сургуульд хуваарилагдсан юм. Ингээд хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээж, 1986 онд сургуулиа Сүхбаатарын нэрэмжит цалинтай, онц төгсөөд АУДС-д эрүүл ахуй, халдвар, тархвар судлаач мэргэжлийг 1986-1991 онд эзэмшсэн. Төгсөөд Ж.Шагж ахынхаа “Эрдэм судлал” анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан хийлээ. Үүний дараа буюу 1993 онд Эрүүл ахуй, халдвар, нян судлалын институтэд хилийн тархвар судлаачаар ажилд орсон. Хилээр дамжин тархдаг хүн, малын халдвараас сэргийлэх, хязгаарлах ажлыг зохион байгуулдаг ажилтай.

2001 онд Халдварт өвчин судлалын үндэсний төв одоогийн зохион байгуулалтад шилжин, манай институтийн лаборантууд, тархвар судлагч нар ХДХВ/ДОХ-ын чиглэлээр ажиллахаар төв рүү хуваарилагдсаны нэг нь би. Үүнээс өмнө буюу 1999 онд АНУ-ын Алабамагийн их сургуульд ДОХ-ын халдвар судлаачаар есөн сарын мэргэжил дээшлүүлэх курст сурсан.

-Тухайн үед ДОХ-ын халдвар судлаачаар мэргэшсэн ганц хүн нь та байсан гэл үү?

-Тийм ээ. 1992 онд манай улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдэж байсныг иргэд мартаагүй байх. Нэг цагдаа найз минь Камерун улсын хоёр иргэн хилээр орж ирээд, хуурамч доллароор залилан хийх гэж байгаад баригдсан тухай мэдээ надад сонирхуулсан юм. Тухайн үед ДОХ-ын талаар ид ярьж, сандарч байсан болохоор “Тэгвэл наад хоёроос чинь шинжилгээ авна” гээд маргааш нь сувилагчтайгаа очиж, сорьц авлаа. Тэгтэл тухайн хоёр иргэний шинжилгээнээс ХДХВ/ДОХ-ын вирус илрээд зогсохгүй тэмбүү, заг хүйтэн, трихомониаз зэрэг бэлгийн замын халдвар илэрсэн. Зохион байгуулалттайгаар халдвар тараахаар ирсэн гэж хардахаар. Ингээд тэдний ойрын хавьтлуудыг олж тогтоон, 17-18 биеэ үнэлэгчийг шинжилгээнд хамруулж, тэдэн дундаас нэг тохиолдлыг илрүүлж билээ. Эдүгээ ДОХ-ын халдвартай хүн 288-д хүрээд буй. Хэдийгээр тохиолдлын тоо цөөхөн юм шиг боловч тархвар зүйн судалгаагаар цаана нь 670 орчим хүн байх магадлалтай. Халдварыг илрүүлэх ДЭМБ-ын зөвлөмж үргэлжилж л байна. Тархвар судлаач бидний мэргэжил эмнэлгийн цагдаа л гэсэн үг. Хэрэг илрүүлээд болчихдоггүй, цаад эзэн холбогдогчийг нь олж тогтоон, уг үндсээр нь эмчилж эрүүлжүүлэх ёстой.

-Монголын 3.3 сая иргэнийг халдвараас хамгаалах онцгой нөхцөлд та энэ албыг хашиж байна. Тэр хэрээр үүрэх хариуцлага нь ч асар өндөр байх. Ингэхэд та ХӨСҮТ-ийн захирлаар гурав дахиа сонгогдсон санагдана.

-ХӨСҮТ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд дангаараа үзүүлдэг, лавлагаа төв. Есөн га газартай, 20 байшинтайгаар өргөжүүлэн, 1986 онд ашиглалтад оруулж байсан. Манай эмч, мэргэжилтнүүд энэ хэдэн байшин дотроо ажилладаггүй. 21 аймаг, бүх сум, тосгонд халдвар судлаач нарыг сурган, тэдэнтэй хамтран ажилласаар ирсэн. Халдварт өвчин цаг хугацаа, орон зайг үл хамааран тархаж, хэнийг ч ялгахгүй өвчлүүлдэг. Өчигдөр дэлхийн хаа нэгтээ дэгдсэн өвчин маргааш нь манайд урилгагүй “зочлох”-ыг үгүйсгэхгүй. Хүмүүс ханиад, томууг энгийнээр ойлгож, нэг их тоодоггүй. Гэвч энэ нь маш аюултай. Олон сая хүний аминд хүрсэн томуугийн вирус цөөнгүй. Жил ирэх тусам үүсгэгчүүд хувирч байгаа нь аюул. Үүнийг дахин сэргэж буй халдвар гэдэг. Дэлхийн хэмжээнд өнгөрсөн хугацаанд цөөхөн өвчин л устсан байдаг. Түүний нэг нь цагаанцэцэг буюу манайхны хэлдгээр Бодоог улс орнууд 1980 оноос устгаж эхэлсэн. Дэлхийн хэмжээнд бүрэн устсаныг саяхан зарлалаа. Харин манайх уг халдварыг 1940 онд, халдварт сааг 2000 онд устгасан гэрчилгээгээ гардаж байлаа.

Ер нь ХӨСҮТ-ийнхөн өдөр бүр бэлэн байдалд ажилладаг. Би ХӨСҮТ-ийн захирлаар 2007 онд томилогдоод, түүнээс хойш уг албан тушаалаас гурвантаа чөлөөлөгдсөн. Салбарын сайд солигдох бүрт янз бүрийн шалтгаанаар л энэ албанаас бууна. Гэсэн ч би гадагшаа, дотогшоо явж, өөр ажил, албан тушаал горилж байгаагүй. Эндээ үлдэж, ХДХВ/ДОХ-ын халдвар судлаачаар ажиллах нь надад илүү сонирхолтой. Мэргэжилдээ дурлана гэдэг өөрт ядаргаагүй, бусдад дарамтгүй байхыг л хэлдэг болов уу. Ажилдаа дуртай болохоор ядарлаа гэж нэг ч удаа ялархаж байгаагүй ээ. Хамт олныхоо ач, дэмээр би өдий зэрэгтэй өсөж дэвжсэн. Энэ нүсэр байгууламжаа гадна, дотроос нь арчилж тордон, тоног төхөөрөмжийг нь сайжруулах, хүн хүчээ бэлдэх, эмч, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг анхаарч, үйлчлүүлэгчдэд таатай орчин бүрдүүлэхийн төлөө л ажиллаж ирсэн. Эдүгээ манай төв 500 гаруй ортой, дэлхийн түвшний оношилгоо, эмчилгээ, тандалт судалгаа хийж байна.

-Эхнэр, хүүхдүүд нь гадаадад амьдарсан хэвээр байгаа юу?

-Одоогоор би нэг хүүтэйгээ амьдарч байна. Эхнэр минь надад гурван сайхан хүү төрүүлж өгсөн, дархан бэр. АУДС-д оюутан болсон намраа л түүнтэйгээ танилцаж, ханилсан. Сайн ханьтай байна гэдэг хувь заяа юм шүү. Бид 1988 онд том хүүгээ өлгийдсөн. Хань минь айлын ганц охин, олон эрэгтэйн дунд өссөн болохоор төрснийхөө дараа гэртээ байна гэсээр би хамдындаа хэсэг амьдарсан. Хоёр хүү ойрхон төрсөн учраас хадам аав, ээж минь л тэднийг өсгөж, хүн болгосон. Эхнэр сургуулиа төгсөөд Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажилд орж, эдүгээ бид 33 жил ханилж байна даа. Эхнэр, хоёр хүү гадаадад. Хүүхдүүдээ хүний дайтай, хэл устай, боловсролтой болгочих юм сан гэж л ээж нь тэднийг дагаж яваа. Харин би гавьяаныхаа амралтыг аваад цаг хугацаа төлөвлөхгүйгээр Монголынхоо тал нутгаар сайхан аялана гэж боддог. Аялал бол миний хообий. Ажлын шугамаар 21 аймаг, бараг бүх сумаар явжээ.

-“Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага, сургуулилалтыг манай улс амжилттай зохион байгууллаа. Уг ажлыг хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ?

-Гамшиг, онцгой байдлын үеийн урьдчилан сэргийлэлт, бэлэн байдал, хариу арга хэмжээнд гурван шатны буюу төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, иргэн, хуулийн этгээдийг хамруулдаг. Үүнийг удирдан зохион байгуулах иж бүрэн дадлага, сургуулилалт тавьсан зорилгодоо хүрч, үр дүнгээ өгсөн. Тодруулбал, цаг үеэ олсон арга хэмжээ болоод зогсохгүй бид эрсдэлтэй нүүр тулахад хэрхэн ажиллах, өөрсдийн нөөц бололцоогоо ямар байгааг шалгах боломж олдсон гэсэн үг. Олон салбарынхантай ч хамтран ажиллах боломж нээсэн, ард иргэдийн оролцоог тодорхойлж, дээшлүүлсэн чухал ажил боллоо.

ХӨСҮТ нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний дэгдэлт гарахад улсын хэмжээнд тэргүүлэх үүрэгтэй оролцож, бусад салбар, хүн ардаа мэргэжил арга зүйгээр ханган ажилласаар ирсэн. Монгол Улсын Шадар сайдын Олон салбарын хамтын ажиллагаа, харилцааг зохицуулсан журмын хүрээнд манайх уг сургалтад дээр хэлсэнчлэн голлох үүрэгтэй оролцож, салбар хоорондын хамтын ажиллагаагаа ч сайн дүгнүүлсэн.

-“Монгол Улс сүүлийн 10 жилд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд хэрхэн арга хэмжээ авах, тандалтын судалгаагаа яаж хийх, эрсдэлийн үнэлгээг хэрхэн тооцох, лабораторийн чадамжаа бэхжүүлэх зэрэгт анхаарсаар ирсэн нь эдүгээ дэлхийг нөмөрсөн цар тахлын үед “барьц” алдахгүй, сайн ажиллаж байгаагийн үндэс” гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица онцолсон.

-2009 онд дэлхийн нийтийг цочроосон томуугийн H1N1 цар тахал гарахад манай эмнэлэг уг вирусийн оношилгоог Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторид хийж байлаа шүү дээ. Тэр үед ч бид гаднаас зөөвөрлөгдсөн халдварыг дотоодод алдалгүй барьж чадсан. В.Путиний айчлалын үеэр Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор дипломат олон ажилтан, улс төрийн томоохон зүтгэлтнүүд ирэхэд бид зөрсөөр байгаад тэднийг тусгаарлаж, бүх хүнээс шинжилгээ авч, нэвтрүүлж байсан туршлага бий. Энэ цар тахлаас хойш Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас ч ХӨСҮТ-д онцгой анхаарч, байгууламжийг тойруулаад хэрмэн хашаа барьж, тоног төхөөрөмжийг сайжруулан, хилийн шалган нэвтрэх боомтуудад камер, биеийн халуун хэмжигч зэргийг суурилуулсан.

Өөрөөр хэлбэл, энэ үеэс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шинэ болон дахин сэргэн буй халдварын (APSED) стратегийг хэрэгжүүлж, өвчний тандалт судалгаа, лабораторийн бэлэн байдлыг хангах, чадварлаг мэргэжилтэн бэлдэх зэрэг ажилд онцгой анхаарсан. Түүнчлэн олон салбарын харилцаа холбоог сайжруулсан зэрэг нь өнөөдөр ач холбогдлоо өгч байна.

-Халдварт өвчний тархалтыг хязгаарлах хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт, эрт илрүүлж, эмчлэх гэдэг. Хүн төрөлхтөнд одоогоор вакцин, үр дүнтэй эмчлэх арга хомс байна. Тиймээс бид ч гэсэн халдварыг хумих, хүн амын дунд тархаахгүйн тулд илэрсэн өвчтөнийг тусгаарлаж, эмчлэх, хавьтлыг илрүүлэх зэргээр одоогийн энэ арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байх болов уу.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бид болзошгүй аюулд бэлэн байх хэрэгтэй. Яагаад гэвэл халдвар судлагдаагүй, хариу арга хэмжээ авахад тодорхой биш. Гэсэн ч бид бүх боломжоороо сэргийлж байна. Хамгийн гол нь иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг л хэрэгжүүлээрэй. Амны хаалт зүүх, гараа угаах, олон хүнтэй газраар явахгүй байх, зайнаас харилцах, дархлаагаа сайжруулах, тайван унтаж, амрах зэрэг зөвлөгөөг дагах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарынхан ч уг халдварыг эрт илрүүлж, тусгаарлах, оношлох, эмчлэх зэргээр шаардлагатай бүх л арга хэмжээг авсаар байх болно.

-ЭМЯ-ны өдөр бүрийн хэвлэлийн хурлаар шинэ вирус манай улсад зөөвөрлөгдөж орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Харин одоо хүн амын дунд дэгдэнэ гэж тооцон, бэлтгэлтэй байхыг сэрэмжлүүлж байна. Манай улс уг аймшигт өвчнийг дотооддоо тархаахгүй, тойроод гарах боломж хэр байгаа юм бол?

-Коронавирусийн халдвар дэгдсэн улс орнуудад өвчний тархалт удаан үргэлжилж, өвчлөл, нас баралт өндөр байгааг та бүхэн мэднэ. Хэрэв манай улсад өвчин дэгдвэл мөн л адилхан нөхцөл байдалтай бид нүүр тулна. Уг халдвараар бүх хүн өвдөх эрсдэлтэй. Өртсөн хүний биеийн байдлаас хамаарч өвчин хүндрэх, эсэх яригдана. Түүнээс биш, монгол хүн байна гээд тойроод явчихгүй шүү дээ. Тиймээс л бэлэн байдлаа хангах, хүн амаа халдвараас хамгаалахын төлөө ажиллаад байгаа юм. Гэхдээ энэ нь зөвхөн эрүүл мэндийн салбарынхны ажил биш гэдгийг дээр хэлсэн. Бүх нийтээрээ тэмцэж, энэ аюулыг даван туулна.

-Манай эмч нарын “Ковид-19”-ийн эсрэг боловсруулсан эмчилгээний тактик байгаа онож буйг эдгэрсэн өвчтөнүүд гэрчилж байна. Энэ талаар олон улсын сэтгүүлд нийтлүүлэх гэж байгаа тухай сонслоо.

-Шинэ халдварын үед эмч нар ямар арга барилаар ажиллаж буйгаа олон улсад танилцуулж, гадаадынхнаас санал, зөвлөгөө сонсох ёстой. Энэ бол ДЭМБ-ын гишүүн орнууддаа өгсөн үүрэг. Түүний дагуу бид ч гэсэн эмчилгээний онцлог, тактикаа хүргэх ёстой.

Бэлтгэсэн: О.Бат-Ундрах unuudur.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ