"Эдийн засгийн уналт 2009 оны хямралаас дор байх болно"

Коронавирусийн цар тахал дэлхийн эдийн засагт хүчтэй цохилт болж, Төв Азийн орнууд ноцтой хямрах төлөвтэй байна. Азийн хөгжлийн банкны шинжээчид ийм дүгнэлт хийснийг хэвлэлд мэдээлжээ.

Цар тахлаас болоод энэ бүс нутгийн орнууд эдийн засгийн олон бэрхшээлтэй тулгарчээ. Тодруулбал, дэлхийн болон бүс нутгийн харилцаа, нийлүүлэлт алдагдаж, аялал жуулчлал зогсож, санхүүгийн урсгал болон мөнгөн гуйвуулга өртсөн байна. Мөн хөл хорионы арга хэмжээнээс болоод дотоодын үйлдвэрлэл буурч, дэлхийн зах зээлд нефтийн үнэ унаж байгаа нь “хар алт” экспортлогч орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

Төв Азийн бүс нутгийн орнуудын хувьд эдийн засгийн уналт 2009 оны хямрал болон 2015 оны нефтийн үнийн бууралтаас дор байх болно гэж Азийн хөгжлийн банкны илтгэлд дурджээ. Шинжээчид эдийн засгийн хямралуудын дараах Азийн орнуудын хөгжилд дүн шинжилгээ хийснээр, бүс нутгийн орнуудын эдийн засаг бүр удаан сэргэнэ гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. 

Төв болон Баруун Азийн орнууд дэлхийн эдийн засгийн суурь болон урт хугацааны өөрчлөлттэй тулгарснаар эдгээр орны дотоодын эдийн засагт муугаар нөлөөлөхийг үгүйсгэхгүй байна. Улс орнууд эдийн засгаа богино хугацаанд сэргээж, дараачийн цохилтод бэлэн байхын тулд бололцоотой бүхнийг хийх хэрэгтэй болно гэж шинжээчид хэлж байна. Гэвч дараа оны сүүл үед ч энэ бүс нутгийн орнууд хямралын өмнөх үзүүлэлтэд буцаж орж чадахгүйг онцолж байна.

Б.Атар 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ