Цар тахлын дараах олон улсын нөхцөл байдал

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс "Ковид-19”: Олон улсын нөхцөл байдал, сорилт, үр дагавар, хандлага" сэдвээр 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар судалгаа хийснийг shuud.mn цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад "Ковид 19-ийн дараах олон улсын нөхцөл байдлын тухай эрдэмтдийн эргэцүүлэл" бүлгийг хүргэж байна. 

III.    Ковид 19-ийн дараах олон улсын нөхцөл байдлын тухай эрдэмтдийн эргэцүүлэл

1.    БНХАУ

Одоогоор Ковид 19-ын дараах дэлхийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдэх боломжгүй байгаа ч БНХАУ-аас доорх алхмуудыг хийж байгаа нь судлаачдын зүгээс зарим нэг хандлага төлөв, цаашдын таамагийг дэвшүүлэхэд хүргэж байна.

БНХАУ-ын эдийн засаг: “Ковид-19” нь олон нийтийг хамарсан эрүүл мэндийн хямралаас эдийн засгийн хямрал руу оруулах бодит эрсдэл тулгарч байгаа учраас БНХАУ цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, дотоодын зах зээлийг сэргээх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд, Засгийн газрын болон орон нутгийн бонд гаргах, хувь хүний орлогын албан татварыг бууруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх, мөнгөний уян хатан бодлого хэрэгжүүлэх, тусгайлсан зээлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор зээлийн хүүг бууруулж, үйлдвэрлэлийн зээл олгох, гадаадын компаниудыг хөнгөлөлтийн бодлогоор дэмжиж зэрэг арга хэмжээг үе шаттай авч байна.

БНХАУ-ын судлаач мэргэжилтнүүд дээрх арга хэмжээг үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байгаа ба үүний гол баталгаа нь Хятадын дотоодын хэрэглээний зах зээл, үйлдвэрлэлийн хүчин чадал хэмээн үзэж байна. БНХАУ-ын эдийн засгийн 2020 оны сүүлийн 3 улирлын үзүүлэлт 2019 оны мөн үеийн өсөлтийн түвшинд байвал 2020 оны жилийн өсөлт 3%-3.5% байхаар байна. Гэхдээ энэ таамаг нь ажил эрхлэлт хэвийн байх нөхцөлд суурилж байгааг анхаарах хэрэгтэй.  Олон улсын валютын сан (IMF) 2020 онд дэлхийн эдийн засаг 3%-аар буурах бол БНХАУ-ын эдийн засаг 1,2%-аар өсөж, 2021 онд БНХАУ-ын эдийн засаг 9.2%-аар өснө гэж таамаглаж байна. Гэхдээ энэ таамаглал нь 2020 оны сүүлийн хагаст цар тахлыг бүрэн хяналтдаа оруулсан тохиолдолд биелэгдэнэ гэдгийг онцолсон юм.

“Ковид-19”-ын үеэр бусад улсууд БНХАУ-аас хөрөнгө оруулалтаа татаж үйлдвэрлэлээ нүүлгэх эсэх талаар Хонконгийн эдийн засаг судлаач Жу Вэнхуй: “БНХАУ-аас гаднын компаниуд үйлдвэрлэлээ нүүлгэх нь тэдэнд эрсдэлтэй. БНХАУ-ыг орлох өөр ашигтай газар олох нь тийм амар биш. Тухайн улсын Засгийн газраас өөрийн орны компанийн хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийг БНХАУ-аас татах хүсэлтэй байсан ч бодит байдал дээр хэрэгжихэд хүндрэлтэй. Энэ асуудал зах зээлийн зарчмын дагуу явагдана” гэдэг байр сууриа илэрхийлсэн юм. Мөн тэрээр “Цар тахлын үр нөлөө үйл явц удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Ерөнхийд нь 3 шатанд хувааж авч үзвэл, эхний шат нь БНХАУ-д тархсан үе, хоёрдугаар шат нь одоо болж байгаа үйл явц буюу БНХАУ-д өвчлөл намжиж АНУ, Европ зэрэг дэлхийн бусад орнууд руу хурдтай тархаж байгаа үе, гуравдугаар шат нь АНУ, Европ зэрэг хөгжингүй улсуудад цар тахал намжиж, “Ковид-19”-ын голомт хөгжиж буй буурай орнуудад шилжих үе гэсэн дараалалтайгаар явагдахаар байна гэж үзжээ. Ийм нөхцөлд БНХАУ-аас өөр үйлдвэрлэлийн хүчин чадал нь бүрдсэн, найдвартай ашигтай улс байхгүй”   гэж үзжээ.

Өнөөдөр эрдэмтэд дэлхийн эдийн засгийн өсөлт сэргэлтийн төлөвийг янз бүрээр таамаглаж байна. Өөдрөг төлөвөөр бол эдийн засаг “V” байдлаар богино хугацаанд сэргэнэ гэж таамаглаж байгаа бол зарим судлаачид таамаглашгүй олон хүчин зүйл байгаа учир эдийн засаг “U” байдлаар харьцангуй удаан хугацаанд хэвийн байдалдаа орно хэмээн таамагласаар байна. 

БНХАУ-ын нийгэм, улс төр: “Ковид-19”-ийн нөлөөллөөс үүссэн олон тодорхойгүй хүчин зүйлс дунд тодорхой харагдаж буй нэг зүйл бол БНХАУ, АНУ-ын хоорондох зөрчил өрсөлдөөн юм. Энэхүү зөрчил нь дэлхийн улс орнуудын улс төр, эдийн засгийн бодлогод илүү их сорилтыг авчрахаар байна. Ардчиллын жишиг болсон АНУ, Баруун Европын улсууд “Ковид-19” тархаж эхлэх үед гаргасан хандлага, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, арьс өнгөөр ялгаварлах үзэл нь тэдний эрхэмлэн тунхагладаг үнэт зүйлтэй харшилж байсан бол нөгөө талд Азийн улс орнууд халдварын тархалтын үеэр нийтийн эрх ашгийг хүндэтгэх үзэл, соёл ёс суртахуун, сахилга батаараа ялгарч бодлого арга хэмжээ нь үр дүнтэй байлаа.

“Ковид-19” гарахын өмнө Хятадын зарим судлаачид, барууны улсуудад олон зуун жил байсан технологийн давуу тал, эдийн засаг хөгжлийн чадамж Ази тив рүү шилжих үйл явц явагдаж “Азийн эрин” ирж байгаа талаар санал бодол байр сууриа илэрхийлж байв. Харин “Ковид-19”-тэй холбоотой гарсан арьс өнгөний үзэл нь зөвхөн Хятад хүмүүс гэлтгүй нийт ази хүмүүст чиглэсэн хандлагатай байсан нь Азийн улс үндэстнүүдийн сэтгэл зүйд барууны орнуудад итгэх итгэлд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлсөн ба ардчиллын зөөлөн хүчинд халтай энэхүү үйл явдал нэг талаараа Азид өөрийн онцлогоор хөгжиж буй БНХАУ-д ашигтай байж ч болох юм.

Даяаршлаас дангааршил руу шилжих үйл явцыг “Ковид-19” улам хурдасгаж байна. Дэлхийн эдийн засаг худалдаа үйлдвэрлэлийн “Гинжин холбоо” (Industry chain) өөрчлөгдөж хуваагдах эрсдэл байгаа талаарх зовнил БНХАУ, АНУ-ын хоорондох худалдааны дайн эхэлсэн цагаас яригдаж мэдрэгдэж байсан бол “Ковид-19”-тэй холбоотойгоор үүссэн олон улсын харилцааны үйл явдлууд энэхүү болгоомжлолыг бодитоор үүсэх магадлалтай байгааг харуулсаар байна.

Цаашид “Ковид-19” глобалчлалд сөргөөр нөлөөлж, дэлхийн олон улс дотооддоо үйлдвэрлэлээ татах хандлагатай байгааг “Гадаад харилцаа ба олон улс улсын тинк танк байгууллага”-ын (Charhar Institute) судлаач Ван Чун (王冲) анхааруулж байна. Түүний үзэж байгаагаар “Ковид-19”-ийн үеэр НҮБ зэрэг томоохон олон улсын байгууллага хангалттай чадамжтай байж чадсангүй, цаашид олон улсын байгууллагын үүрэг роль буурч, их гүрний нөлөөлөл нэмэгдэн түүнийг тойрсон улс төвтэй олон улсын харилцааны хэв шинж тогтох хандлагатай байна. Ялангуяа энэхүү хандлага эдийн засагт үзүүлэх цохилт үр нөлөө маш ноцтой байх болно” гэсэн юм. 

2.    ОХУ

Оросын Холбооны Улсын хувьд субъектүүдийн эдийн засгийн чадамж, эрүүл мэндийн тогтолцоо хангалттай хүрэлцээтэй биш байгаа ч салбар тус бүрд арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхээс гадна бусад улсад дэмжлэг тусламж үзүүлж байна. Цар тахлаар дэлхийн эдийн засаг уналтад орж, тахлын дараагаар улс орны дотоодод болон гадаадад томоохон өөрчлөлт гарах тухай ОХУ-ын эрдэмтэн судлаачид санал бодлоо илэрхийлж эхэлж байна.

Тухайлбал, Олон улсын асуудлаарх Оросын зөвлөл (Российский совет международным делам) цахим хуудаст ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины хүрээлэнгийн зөвлөх В.Наумкин “Коронавирусийн дараа дэлхий ямар болох вэ”  хэмээх нийтлэлдээ даяарчлалын тогтолцоо бүхэлдээ томоохон өөрчлөлттэй тулгарна гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд цаашид глобалчлалыг зогсоох боломжгүй хэдий ч тодорхой хүрээнд тогтоон барих боломжтой юм гэжээ. 

Мөн АНУ-ын олон улсын харилцаан дахь ноёрхол үгүй болж, олон туйлт тогтолцоонд Хятад онцгой байр суурь эзлэх тухай, Ойрх Дорнодын асуудалд Хятадын байр суурь урьд өмнө байгаагүй өсөн нэмэгдэх тухай таамаглажээ. Гэхдээ Хятад дэлхийн тэргүүлэх гүрэн болно гэж одоо таамаглах нь арай эрт бөгөөд ийм хувилбар нь дэлхийд шинэ дэг журам тогтож, үүнд аль нэг гүрэн гол үүрэг гүйцэтгэх тохиолдолд байж болох хувилбар юм гэжээ. Тэрээр ОХУ-ын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа нийгмийн халамжид зориулан гаргасан шийдвэр, үйл ажиллагааг тахалд нэрвэгдээд байгаа улсуудтай харьцуулахад нэлээн эрт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэмээн дүгнэсэн байна. 

Мөн  Олон улсын асуудлаарх Оросын зөвлөлийн гишүүн Андрей Кортунов “Ковид-19-ийг дэлхий нийтээрээ даван туулах нь”  гэх өгүүлэлдээ цар тахлын үргэлжлэх хугацаа, дэлхийн эдийн засгийн одоогийн байдал, улс орнуудын улс төрийн нөхцөл байдал, дахин тахал дэгдэх эрсдэлийн талаар өгүүлээд олон улсын харилцааг дүгнэхдээ “национализм, протекционизм хүчээ авч, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл цах тахалтай тэмцэхэд барьц алдан ДХБ хямралтай тулгараад байна. Гэхдээ эдгээр асуудал цар тахал дэгдэхээс аль эрт дохио өгсөөр байсан. Глобалчлалын асуудал аль 10 гаруй жилийн өмнө эхэлсэн... Хүн төрөлхтний нэгдмэл байдлын бэлэг тэмдэг өөрчлөгдөнө. Цахим худалдаа, ажиллах хүчний зах зээл, цахим харилцаа холбоо, зайнаас хөдөлмөр эрхлэлт гээд энэ бүгд дэлхий нийтийг хамарсан зах зээлийг бий болгоно” гэжээ.    

Таамаглалд, цар тахлын үед улс орны үндэсний төр засаг хүчирхэгжиж, национализм улам бэхжих бөгөөд засаглалын бүх хэв маягтай улсууд хямралыг даван туулахын тулд нэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Ингээд цар тахлын дараа олонх улсын төр өөрсдийн олж авсан энэхүү хүчирхэг эрх мэдлээсээ татгалзахыг хүсэхгүй бөгөөд харин иргэд өөрсдийг нь үндэсний төр засаг л хамгаалах юм байна гэсэн найдвар тээснээс болж дэлхий нийтээр глобалчлалаас ухрах  тухай таамаглал дэвшүүлсэн байна. 

“Засгийн газрууд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлнэ, хүн төрөлхтний ойрын жилүүдэд яаж амьдрах хэв маяг тодорхойлогдоно. Улмаар бидний эрүүл мэндээ хамгаалах тогтолцоог төдийгүй эдийн засаг, улс төр, соёлын тогтолцоог ч улсаас удирдан тодорхойлоход хүрч болзошгүй. Тиймээс бид урт хугацааны үр дагаврыг бодож шийдвэр гаргах ёстой”  хэмээн Юваль Ной Харари үзэл бодлоо илэрхийлжээ. Одоо хэрэгжүүлж байгаа хатуу хөл хорио хэр удаан үргэлжлэх, ингэж хөл хорио тогтоосноор илүү үр дүнд хүрэх боломжтой эсэхийг, орчин үеийн техник технологийг ашиглан хувь хүн бүрийн алхам бүрийг хянаж цагдах нь зөв эсэх, цар тахлын дараа энэ бүгдийн үр дагавар ямар байх талаар нарийн тооцоолол одоогоор алга байгааг мөн тэрээр онцолжээ. 

3.    АНУ

Энэхүү цар тахлын нөлөөгөөр цэрэг, зэвсэг, арми бүхий их гүрнүүдийн реалист хандлага бүдгэрч зохион байгуулалт, удирдагчийн ур ухаан, ард түмний эмх цэгц нэн чухалд тооцогдож эхэллээ. Зөвхөн пуужин, зэвсэглэлээр аюулгүй байдал хангагдахгүй болох нь нэгэнт батлагдав. Тиймээс АНУ нь Дэлхийн II дайнаас хойш анх удаагаа цэргийн стратегийн төлөвлөгөөгөө дахин нэг нягтлан үзэх хэрэг гарах болов уу гэсэн эрдэмтдийн таамаглал байна. Учир нь эрдэмтдийн үзэж буйгаар 2020 оны 6 дугаар сард АНУ-д 20 сая хүн ажилгүй болох урьдчилсан тооцоо гараад байна. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер "Цар тахлын дараа дэлхий өмнөх шигээ болохгүй бөгөөд тахал дэлхийн дэг журмыг үүрд өөрчлөх болно " гэж мэдэгдээд байна. Учир нь цар тахлын халдвар авсан хүний тоо, нас барсан хүний тоогоор АНУ, Япон, Хятад, ОХУ, Итали, Испани, Франц, Англи, Герман зэрэг дэлхийн хүчирхэг гүрнүүд тэргүүлж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Мөн дэлхий дахинд АНУ, Хятад, ОХУ гэх мэт олон туйлтай систем алдагдах болно хэмээх таамаглал ихсэж байна.  

Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага “Ковид-19”-ийн дараа дэлхийн эдийн засаг эргэж сэргэхийн тулд олон жил зарцуулагдана гэж мэдэгдлээ.  Мөн эдийн засагчид дэлхийн эдийн засаг V хэлбэрээр сэргэхгүй нь тодорхой бөгөөд харин U хэлбэртэй муруй байх болно. Бид хурдан хугацаанд оновчтой шийдвэр гаргаж чадвал L хэлбэрээс сэргийлж чадна гэж дүгнэсээр байна.

Даяарчлал, интеграцийг дэмждэг үндэстэн дамнасан байгууллагууд болох НҮБ, ДХБ-ын үйл ажиллагаа, оролцоо, үүрэг цар тахлын дараа хумигдах таамаглалыг дэлхийн эрдэмтэд дэвшүүлцгээж байна.  

Өмнө нь төв рүү тэмүүлэх хүчний үйлчлэл их байсан бол үүссэн шинэ нөхцөл байдал, сорилт төвөөс зугтаах хүчийг өдөөх магадлал өндөр болж ирэв. Тиймээс дотоодын үйлдвэрлэл, дотоодын зах зээлээ хамгаалах үзэл санаа улам эрчимжих болов уу гэх таамаглал их байна.

Америк, Европ нь Азиас хөрөнгө оруулалтаа татаж байгаатай холбогдуулан ирэх жилүүдэд Хятадын бодлого Ази, Африк руу улам бүр чиглэх бөгөөд ингэснээр юанийн ханш чангарч доллар, еврогийн ханш сулрах болов уу гэж тэд үзжээ. Энэ нь АНУ тэргүүтэй барууны ертөнцөд төсөөлж таамаглашгүй олон сорилтыг шинээр тулгах магадлалтай байна.

4.    Европын Холбоо, ХБНГУ

Ковид-19” цар тахлын дэгдэлтийн үр дүнд Европын нэгдэл нягтралын үнэ цэнэ хэр их болохыг, үүнд гишүүн орнуудын дотоодын эв нэгдэл хамгийн чухал болохыг ЕХ-ны орнууд тод томруун харсан төдийгүй цаашид уг интеграцчиллийг улам бүр гүнзгийрүүлэх, харилцан уялдааг улам нягт боловсронгуй болгох шаардлагатай байгааг ойлгуулсан үйл явдал болжээ. Энэ бол Европын хувьд цар тахлаас авсан хамгийн том сургамж бөгөөд ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд Хейко Маасын үзэж буйгаар, ЕХ амин чухал эмчилгээний бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, хамтарсан хангамжийг бий болгох, гамшгаас хамгаалах явдлыг сайжруулах нь нэгэн чухал сургамж болж байна.  Цаашид цар тахалтай тэмцэх хамгийн сайн арга бол НҮБ, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагыг жишээлбэл, оношлуур болон вакциныг үйлдвэрлэх, хуваарилах тал дээр хүчирхэг болгоход хөрөнгө оруулалт хийх явдал бөгөөд үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ЕХ дотроо төдийгүй тэдний бий болгосон“Аlliance for multilateralism”-ын хүрээнд ч ярилцах тухай Холбооны Гадаад хэргийн сайд Хейко Маас дурдсан байна.  

Үүнээс үзэхэд төдийгүй цар тахлын үед Европоос авах Хятадын импорт нэн удааширсны улмаас сүүлийн саруудад Европ 15,6 тэрбум еврогийн алдагдал хүлээж буй  зэргээс харахад ч ЕХ нь бараа бүтээгдэхүүн худалдан авах, нийлүүлэх тал дээр зөвхөн ганц нэг эх үүсвэрээс хараат байх бус олон эх үүсвэрээс хамааралтай байх нь чухал болж байна. Гэвч Европ ба Герман-Хятадын худалдааны нягт хамааралтай байдал нь хоёр талд аль алинд нь эдийн засгийн үр ашиг авчирч байдаг тул үүнийг шууд хумьж зогсоох нь маш их эрсдэлтэй талаар ХБНГУ-ын Шинжлэх Ухаан, Бодлогын сангийн судлаач Ханс Гюнтер Хильперт дурдсан байна.  

Иймд энэхүү аюулгүй байдлын чухал аспектыг цаашид Европ ба Германы тал хэрхэн, ямар замаар шийдвэрлэх нь тэдний эдийн засгийн гадаад бодлогын нэгэн томоохон сорилт болох төлөвтэй байна. Гэхдээ ЕХ-ны гишүүн орнууд Европын стратегийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “ханцуй шамлан” ажиллаж буй өнөө үед үүнийг ч бас энэ хүрээнд багтаан цогц байдлаар шийдвэрлэх байх гэж таамаглаж байна.

5.    Япон улс

  "Ковид-19”  өвчний эсрэг Япон улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбар, үйлдвэр аж ахуйн нэгж, айл өрхүүдийг дэмжих зорилгоор олон их наяд иений хөрөнгийг зарцуулах шийдвэр гарч үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж буй хэдий ч нийгэм, эдийн засаг хуучин хивэндээ ороход багагүй хугацаа зарцуулна хэмээн тус улсын судлаачид үзэж байна.

  Коронавирусийн халдварыг нэн яаралтай тогтоон барих гол арга нь хөл хориог эрчимжүүлэх шаардлагатайг онцолж байна. Иймд ард иргэдийг үнэн зөв цэгцтэй мэдээллээр цаг алдалгүй хангах явдал нь маш чухал бөгөөд Япон улсад халдвар ихээр тархсаны шалтгаан нь ард иргэдийн короно вирусийн талаарх мэдлэг ойлголт нимгэн байсантай холбоотой хэмээн дүгнэжээ. 

Халдварын тархалтын талаар мэргэжлийн байгууллага судалгаа хийж, болзошгүй нөхцөл байдлын таамаглал боловсруулан Засгийн газар болон халдвар тандалт судалгааны мэргэжлийн байгууллага хамтран ажиллах нь дэлхий нийтийг хамарсан энэ өвчнийг хохирол багатай даван туулахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна. Таамаглал боловсруулах ажилд үндэслэн бодлогоо тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн ажиллаж буй нь короно вирусийн эсрэг Япон улсын Онцгой комисс, Засгийн газраас удаа дараа хэрэгжүүлж буй арга хэмжээ шийдвэрээс харагдаж байна. 

“Ковид-19”-ийн дараах дэлхий ертөнцийн тухай Японы судлаачид дараах таамаглалыг дэвшүүлж байна .

Үүнд:

-    Короно вирусыг ялан дийлэхэд ихээхэн амжилт олсон (дотооддоо халдварыг бүрэн устгаж, эмчилгээний эм, вакцин гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, гадаад орнуудад тэр дундаа хөгжиж буй орнуудад эрүүл мэндийн тусламж их хэмжээтэй үзүүлсэн гэх мэт) орнууд дэлхий ертөнцийг манлайлах болно. Энэ нөхцөл байдлыг зарим нэг орнууд ойлгон өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд “Эрүүл мэндийн дипломат бодлого” (Маскан гадаад харилцаа)-ыг хэрэгжүүлж, эмнэлгийн ажилтнуудыг илгээх, маск, оношлуур зэрэг эмнэлгийн багаж хэрэгслийг бусад орнуудад тусламж болгон хандивлах зэрэг үйл ажиллагааг явуулж байна. 

-    Хөгжингүй орнууд ялангуяа АНУ тэргүүтэй G7-гийн орнууд короно вирусээс үүдэлтэй дотоодын асуудлаа хурдан даван гарч эс чадваас тэдгээр орнуудын байр суурь, нөлөөлөл ганхахад хүрнэ.

-    Улс орны хөгжил нөгөө орноос хэт хамааралтай байх нь сөрөг үр дагавар үзүүлнэ гэдгийг дэлхий дахинд ойлгуулж, даяаршил хумигдахад хүрнэ хэмээн дүгнэжээ.  

6.    БНСУ

“Ковид-19” цар тахлын улмаас цахим боловсрол, хоол хүргэлт, алсын зайн эмчилгээ оношилгооны салбарууд БНСУ төдийгүй дэлхийн олон оронд илүүтэй хөгжиж төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл гадна явагддаг бизнес хумигдаж, дотор явагддаг бизнес өргөжнө гэсэн үг юм. БНСУ-ын хувьд цахим худалдаа, цахим үзвэр, үйлчилгээ, цахим эрүүл мэндийн үйлчилгээ, зайны цахим сургалтууд одоогоор мэдэгдэхүйц хэмжээгээр өсөөд байна. 

7.    БН Турк улс

Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал эхэлсэн цагаас хойш гадаад, дотоодын мэдээллийн сувгаар олон төрлийн мэдээллийг цаг, минут тутамд авч байгаа энэ өдрүүд 2001 оны 9 дүгээр сарын 11-ны өдрөөс хойш түгээмэл хэрэглэгдэх болсон терроризмын эсрэг дайн, улс үндэстний аюулгүй байдал, заналхийлэл зэрэг нэр томьёотой зэрэгцэн “Ковид-19” гэдэг нэр томьёог хүн төрөлхтний ой санамжид хэзээ ч мартахааргүй хадав. 

Зарим турк судлаачид, дэлхийн шилдэг эдийн засагчдын  хийж буй таамаглал биелэх магадлал өндөр гэж үзжээ. Тухайлбал, Ноуриел Рубини, “Ковид-19” цар тахлын улмаас дэлхий нийтэд тулгарах эдийн засгийн хямралыг 1929 онд тохиосон их хямралтай зүйрлэж хэлжээ. 

Туркийн их дээд сургууль, судалгааны хүрээлэнд ажилладаг эдийн засагчдын үзэж байгаагаар дэлхийн эдийн засаг ирэх гурван жилийн турш зогсонги байдалд орж, улс орнуудын эдийн засаг хумигдаж эхэлнэ гэж тооцож байна. Өөрөөр хэлбэл, энэхүү цар тахал 2020 оны 9 дүгээр сарыг өнгөртөл үргэлжилнэ гэж тооцвол 2020 оныг бүхэлдээ алдагдал хүлээсэн, эдийн засгийн өсөлт байхгүй 1 жил өнгөрснөөр тооцоход хүрэх юм. Дэлхий нийтээрээ хэвийн нөхцөлд шилжиж, эдийн засгийн хямралаас гарах үйл явц, өмнө тохиож байсан дэлхийн эдийн засгийн хямралуудаас эрс өөр, таамаглахын аргагүй байна гэж тэд үзэж байна.

Эдийн засагт огцом уналт бий болох нь тодорхой бөгөөд түүний дараа маш удаан боловч бага өсөлт гарч, улмаар 2024-2025 оноос дэлхийн эдийн засаг уналтаас бага багаар сэргэнэ гэж үзжээ. 

Дэлхийн бүх улс орон дахь чөлөөт эдийн засаг, бараа болон иргэдийн чөлөөт урсгал, өөр улс оронд хийх үйлдвэрлэл, гадаад ажиллах хүч авах зэрэг глобалчлалын эрин үед хурдацтай хөгжсөн салбар, үйл ажиллагаа цаашид бидний хүлээлтийг гүйцэлдүүлж чадах нь тодорхой бус, өөр гарц хайх шаардлагатай тулгарсан тийм цаг үе ирж байна гэж Турк судлаачдын зарим нь үзэж байна. Өөрөөр хэлбэл, ирэх 10 жилд хүн төрөлхтний амьдрал дижиталчлагдах үйл явц хүчтэй өрнөж, нийгэм эдийн засгийн бүх салбарт хүчтэй тархана гэж зөвхөн турк судлаачид төдийгүй Европын орнуудад, олон улсын форум, хэлэлцүүлгийн үеэр судлаачид үзэл бодлоо илэрхийлэх болжээ.  

Турк судлаачдын үзэж байгаагаар энэхүү цар тахлын дараагаар бий болох хямрал нь зөвхөн санхүүгийн салбарын хамарсан хямрал бус, бодит салбаруудыг тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт шууд сөргөөр нөлөөлнө гэж харж байна. 

Анкара дахь Ойрх Дорнодын Техникийн их сургуулийн эдийн засгийн тэнхимийн багш нарын таамагласнаар энэхүү бодит салбарт үзүүлэх сөрөг нөлөө АНУ, ОХУ зэрэг их гүрнүүдэд илүү хүнд тусч, тэдний бусад бүс нутгуудад тухайлбал,  Ойрх Дорнод, Төв Азийн бүс нутаг дахь хүчийг сулруулж, Турк улсад нааштай байдлаар ч эргүүлж болно гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, АНУ, Сири болон Ирак дахь сөргөлдөөний талбаруудыг Турк улсад даатган үлдээж болзошгүй гэж үзсэн байна. Цар тахлын дараа дэлхийн нийтийн шинэ дэг журам  бий болох цаг үед Төв Азийн бүгд найрамдах улсууд АНУ, ОХУ-ын зүгээс ирэх ямар нэг дарамт, алсаас удирдан чиглүүлэх оролдлогод үл автан өөр хоорондоо харилцаагаа бэхжүүлж, илүү хүчирхэгжих боломж гарна гэсэн дүгнэлтийг мөн хийсэн байна.

Турк улсын хувьд ч шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, боловсрол, үйлдвэрлэлийг гол зорилгоо болгосон тогтолцоогоор цааш явах ёстой, тулсан хэрэгцээ биш болох дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, 7 сая хол давсан Сирийн дүрвэгсдэд анхаарал хандуулах, Афганистан Пакистаны асуудалд анхаарч суух цаг биш гэж үзэж байна. Учир нь Сирийн дүрвэгсдийн асуудал Туркийн эдийн засагт 80 тэрбум ам.долларын хохирол учруулж байсныг санах хэрэгтэй гэжээ. Тиймээс ирэх 10 жилд БНТУ-ын хувьд чухал он жилүүд байх бөгөөд БНТУ улс болон Төв Азийн бүгд найрамдах улсууд өөр өөрийгөө авч явах найдвартай дэд бүтэц, бодлогын шийдлийг боловсруулж, төлөвлөгөөтэй ажиллах ёстой.

Тэр дундаа батлан хамгаалах, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбараа чухалчлан хөгжүүлэх хэрэгтэй. Учир нь ирэх жилүүдэд харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, биологи, цахилгаан магнетик технологийн салбарын хөгжил дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлно гэжээ. Хүнсний аюулгүй байдал, хангалттай нөөц бий болгох асуудал улс орон бүрийн өмнө тулгарах хамгийн чухал асуудал болно. Тиймээс хөдөө аж ахуй, мал ахуйн салбарын бодлогоо энэ үйл явцтай уялдуулж зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.  

“Ковид-19” цар тахлын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөг хэлэлцсэн цахим хэлэлцүүлгийг 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр БНТУ-ын Эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны зөвлөлийн дарга Найл Олпак, Харвардын Их сургуулийн ЖС Симмонсын Генетик, Бодисын солилцоо судлаач доктор, профессор Гокхан Хотамишлигил, Массачусетийн Технологийн Институтийн Эдийн засагч, профессор Дарон Ажемоглу нарын дэлхий дахинд танигдсан турк судлаачдын бүрэлдэхүүнтэй зохион байгуулагджээ. Хэлэлцүүлгийн үеэр Найл Олпак хэлэхдээ, иргэдийн хэрэглээнд огцом өөрчлөлт гарч, ажил эрхлэх орчин, хэлбэр мөн хэрээр өөрчлөгдөнө гэж онцлоод энэхүү хэрэглэгчийн зан байдалд гарсан өөрчлөлтүүд аажмаар эдийн засгийн салбарт, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж дүгнэв. Тэрээр цахим худалдаа, логистикийн салбар харин хурдацтай хөгжиж, хүрээгээ тэлнэ гэдгийг мөн онцолсон байна. 

Харин профессор Гокхан Хотамишлигил, "Дэлхий нийтийн өмнө тулгараад буй аливаа асуудал хэдий хэмжээнд том байна түүний шийдэл ч мөн том, далайцтай байх ёстой. Дэлхийн улс орон бүр хүн ардын эрүүл мэнд гэдэг хэчнээн чухал болохыг нэгэнт ойлгож, эрүүл мэндийн салбараа хоёрдугаарт тавьж болохгүй гэдэгтэй санал нэгдлээ. Тиймээс дэлхий нийт зэвсэг, батлан хамгаалахын салбарт оруулдаг хөрөнгө оруулалтаа татаж, вирусийн эсрэг вакцин, эмчилгээний тоног төхөөрөмж, эм бэлдмэл гарган авахад зарцуулах цаг ирсэн гэж бодож байна. Учир нь аюулт вирус ямар ч зэвсэг, дайн байлдааны техник хэрэгслээс илүү хор хөнөөлтэй, сөрөг үр дагавартай болохыг бүх дэлхий харлаа, ойлголоо хэмээжээ.

Профессор Гокхан, цаашид улс орнууд тэр дундаа Турк улс дараах шат дараалсан арга хэмжээг авах нь зүйтэй гэж зөвлөжээ. Үүнд.  

1.    Эрүүл мэндийн тогтолцоогоо хүчирхэгжүүлэх,

2.    Нас баралтын хяналтыг сайжруулах,

3.    Эрүүл мэндийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудаа хамгаалах,

4.    Аль болох олон хүнийг шинжилгээнд хамруулах,

5.    Шинжлэх ухааны салбарт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэх,

6.    Халдварт өвчин судлалын төвүүдийг шаардлагатай хэмжээнд байгуулж, мэргэжлийн боловсон хүчнийг хангалттай хэмжээнд бэлтгэх зэргийг онцлов.

Профессор Ажемоглу, дэлхийн нийт хүнд хэцүү үе, цаг хугацааг даван туулж байгаа ч нийгэм, улс төрийн амьдрал, орчин нөхцөл төдийлөн муу бус, найдвар байгааг онцолж хэллээ. Тэрээр бид энэ хүнд бэрх цаг үеийг зөв удирдаж, нөхцөл байдлаас гарч чадвал, улс бүр илүү сайхан нийгэм, чадварлаг эрүүл мэндийн тогтолцоотой болох боломж бүрдэнэ. Гэхдээ улс орон бүр нөхцөл байдал хэвийн болтол буюу 1-2 жилийн хугацаанд тодорхой хязгаарлалт, тусгарлалтыг хийх шаардлага гарна гэж тэр бээр үзэж байна. 

8.    БНСВУ

Энэхүү аюулт өвчин бусад олон улс орны нэгэн адил Вьетнамын нийгэм, эдийн засаг, бүх салбарт ноцтой нөлөөлөх төлөвтэй байна. 2020 оны I улиралд ДНБ-ий өсөлт ердөө 3.82% байсан нь 2011 оноос өнөөг хүртэлх хамгийн доод үзүүлэлт байв. Судлаачдын үзэж байгаагаар цар тахал удаан үргэлжлэх тусам эдийн засагт үзүүлэх нөлөө нь ноцтой болж, ДНБ-ий өсөлтийг 6,8 хувь болгох зорилтоо биелүүлж чадахгүйд хүрээд байна. Хэрэв 2020 оны II улиралд тахал хяналтад орвол ДНБ-ий өсөлт 5.32% орчим байх бөгөөд харин тархалт III улирал хүртэл үргэлжилбэл ДНБ-ий өсөлт 5.05% байх төлөвтэй байна.

Нөлөөлөлд өртөх магадлалтай зарим макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд үнийн менежментийн эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй бол жилийн туршид хэрэглээний үнийн дундаж индекс 4% -иас дээш өсөж болзошгүй. Улсын төсвийн орлого 145,000 тэрбум вьетнам донгоор буурч магадгүй байна.  

Дэлхийн зах зээл дээр "эрэлт" огцом буурснаас импорт, экспорт, хувийн хэвшлийн болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа болгоомжлох хандлагатай байна. 

Иймд тархалтыг амжилттай хянах, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааг зохих түвшинд байлгах, макро эдийн засгийг тогтворжуулах, инфляцыг хянах нь аюулт цар тахлын дараа эдийн засгаа "хурдан сэргээх", "бага хагарах" боломжийг нэмэгдүүлэх болно. Үүний зэрэгцээ олон улсын бизнесийн нийгэмлэг, хөрөнгө оруулагчдын аюулгүй, тогтвортой хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх чиглэлээр БНСВУ анхааран ажиллаж байна.

 Монгол Улсын ШУА-ийн Олон Улсын Харилцааны Хүрээлэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ