Коронавирус дэлхийг илүү цэвэр болгожээ
Коронавирус дэлхийг илүү цэвэрхэн болгож, түүний тархалтаас болж тогтоосон хязгаарлалт манай гарагийн хамгийн их бохир хотуудын агаарыг цэвэрлэхэд туслажээ. Блумберг агентлаг швейцарийн агаар цэвэршүүлэх IQAir систем үйлдвэрлэгч компанийн тайланг иш татан ингэж бичсэн байна.
Тус байгууллагын мэдээлснээр, олон улсын агаарын харилцаа багасч, бусад хязгаарлах арга хэмжээ авсан нь Дели, Сөүл, Лос-Анжелес, Нью-Йорк зэрэг томхон хотын агаар дахь PM 2.5 хатуу биетийн их бөөгнөрлийг бууруулахад тус дөхөм үзүүлжээ.
Дэлхийн хамгийн бохир нийслэл болох Энэтхэгийн Нью-Дели хотод агаарын бохирдлын хэмжээ 60%-иар буурсан нь бүртгэгдсэн байна. Ерөнхий сайд Нарендра Моди хил хааж, нийтийн тээврийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэж, түүнчилэн тус орны 1,3 тэрбум хүн амын хувьд бүх нийтийн хөл хорио тогтоож, тэднийг гэр орноосоо гарахыг хориглосон юм.
Өмнөд Солонгост өвчлөлийн тохиодол олширсны хариуд засгийн газар шуурхай арга хэмжээ авснаар Сөүл хотод агаарын бохирдлын хэмжээ 54 хувиар буурсан байна. Тус орон бие биеэсээ зай барих хатуу горим тогтоож, боломжийн хэрээр гэрээсээ ажиллахыг иргэдэд уриалсан юм.
Дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст ч агаарын чанар дээрдсэнийг судалгаа бас харуулжээ. Америкийн Лос-Анжелес, Нью-Йорк хотод агаарын бохирдлын хэмжээ 31 болон 25 хувь, бразилын Сан-Паулу хотод 32 хувиар багассан байна. Харин Европ тивд энэ үзүүлэлт харьцангуй бага байжээ. Тухайлбал, Лондон хотод агаарын бохирдол 9, Мадрид хотод 11 хувиар багассан байна.
Коронавирус анх дэгдсэн хятадын Ухань хотод 10 долоо хоногийн хөл хорио тогтоосноор PM 2.5 хатуу биетийн агнууламж 2019 оныхтой харьцуулвал 44 хувиар буурсан байна.
Хөл хорио тогтоож, жуулчдын урсгал зогссоноор Венеци хотын сувгуудын ус нэлээд цэвэршиж, тэнд хун шувууд буцаж иржээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ