Б.Ариунсан: Ч.Сайханбилэг олон хүний хувь заяагаар тоглож болохгүй. Эх орондоо ирэх хэрэгтэй
Оюутолгойн гэрээ, Дубайн төлөвлөгөө, Татварын маргааны асуудлаар өнөөдөр хэд хэдэн төрийн хариуцлагатай албан хаагчид хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй. Тэдний нэг Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсантай ярилцлаа
-Оюутолгойн гэрээ тойрсон маргааны нэг нь татварын асуудал. Та Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Татварын ерөнхий газрын дарга байлаа. 2009 онд байгуулагдсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны Дубайн төлөвлөгөө, одоо Олон улсын Арбитрын шүүх дээр дахиад л татварын маргаан яригдаж байна. Татварын маргаан мөнхийн асуудал болсны учир юу вэ?
-Оюутолгойн гэрээ хийгдэх үед манай татварын орчин олон улсын гэрээ хийх түвшинд хүрээгүй, улс дамжсан компаниудтай татварын харилцаанд орох нөхцөл бүрдээгүй байсан. Оюутолгойн гэрээг байгуулахын өмнөхөн Монгол Улсын Татварын хуульнд “тухайн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцөлийг хадгалах, дэглэм тогтоох” гэж хуульчилж өгсөн нь энэ олон жил үргэлжилж буй татварын маргааны гол эх үүсвэр болсон. Яах аргагүй энэ хуулиар Оюутолгойд давуу байдал бий болгосон. Оюутолгойн гэрээ байгуулагдснаас хойш манай татварын хуульд олон өөрчлөлт орсон. Гэтэл УИХ-аар хуульчлагдсан “хөрөнгө оруулалтын гэрээ”-тэй холбоотой заалт нь татварын хуулинд суучихсан учраас Оюутолгой компанид мөрдөх боломжгүй болчихсон. Татварын хуульнд байгаа хөрөнгө оруулагчдад давуу байдал олгосон энэ заалтыг өөрчлөхгүйгээр энэ маргаан эцэслэгдэхгүй. Нэн яаралтай өөрчилж байж л бид Оюутолгойгоос татвараа бүрэн авах боломжтой.
Оюутолгойн гэрээ, Дубайн төлөвлөгөө, татварын маргаантай асуудлаар тухайн үед төрийн хариуцлагатай алба хашиж байсан хэд хэдэн хүн өнөөдөр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна. Та татварын хөнгөлөлт эдлүүлсэн гэсэн үндэслэлээр шалгагдаж байна. Нарийвчилбал, Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтээр Оюутолгойд 130 сая ам.долларын татварын торгууль ногдуулсан.
-Гэтэл Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс 100 сая ам.долларыг нь үндэслэлгүй тогтоосон байна гэсэн шийдвэр гаргасан. Үндэслэлгүй гэж шийдсэний учир юу вэ?
-Татварын байцаагчийн тавьсан актыг компаниуд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлдэг.
Татварын маргаан таслах зөвлөлд Татварын ерөнхий газрын дарга ордоггүй бөгөөд түүнийг тэргүүлдэггүй. Тус зөвлөл Татварын Ерөнхий газрын байцаагчид, Сангийн яам, Хууль зүйн яам, Нягтлан бодох бүртгэлийн газар, Татвар төлөгчдийн төлөөлөл зэрэг 11 хүнээс бүрэлддэг. Зөвлөлийг Сангийн яамны газрын дарга удирддаг. Миний оролцоо энд нэг ч байгаагүй. Тэгээд ч намайг албан тушаалд очихоос өмнө шийдэгдсэн асуудал. Оюутолгойн татварын асуудлаар Татварын маргаан таслах зөвлөлийн хурал 2014 оны долдугаар сард хуралдаж шийдвэр гаргасан байдаг. Би 2014 оны арваннэгдүгээр сард Татварын Ерөнхий газрын даргаар томилогдсон. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг Татварын ерөнхий газрын дарга өөрчлөх эрхгүй. Дараагийн шат нь шүүхэд хандах л байдаг юм.
-Үлдсэн 30 сая ам.долларыг Оюутолгой компани мөн л хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд хандсан. Шүүхэд зөвхөн шалгалт хийсэн байцаагч нар оролцох ёстой байсан. Гэтэл та уг байцаагч нараас итгэмжлэл авалгүй дур мэдэн шүүхийн шатанд Оюутолгой компанитай Эвлэрлийн гэрээ байгуулсан шүү дээ. Эвлэрлийн гэрээгээр Оюутолгой компанийн татвараас зайлсхийсэн асуудлыг цаашид ч хууль зөрчсөн гэж үзэхгүй хэмээн хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр албан тушаалаа ашиглаж, Оюутолгойд татварын давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлтэй юм бишүү. Та яагаад эвлэрлийн гэрээ байгуулсан юм бэ?
-Эвлэрэлийн гэрээг би дур мэдэн байгуулаагүй. 2015 оны дөрөвдүгээр сарын 13 болон тавдугаар сарын 15-ны Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу Сангийн сайд бид хоёрт татварын маргааныг эцэслэж, Эвлэрлийн гэрээ байгуулан, үлдэгдэл 30 сая ам.долларыг улсын төсөвт оруулахыг үүрэгдсэн.
Энэ дагуу Сангийн яам манай Татварын ерөнхий газар хамтран ажиллаж, шүүх дээр очсон маргаантай асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөрийг шүүхийн шийдвэрээр улсын төсөвт оруулсан. Цаашид зөвхөн энэ асуудлаар дахин маргахгүй гэж хоёр тал тохирсон. Түүнээс биш урт хугацаанд үйлчлэх ямар нэгэн үүрэг авсан зүйл огт байхгүй. Оюутолгой компани үлдэгдэл мөнгөө тогтсон хугацаанд манай талд оруулсан.
Харин надад дээрх үүрэг чиглэл өгсөн Засгийн газрын хуралдаанд би болон манай татварын газраас нэг ч хүн оролцоогүй, ямар ч санал авч байгаагүй. Засгийн газрын хурлаар яагаад ийм шийдвэр гаргаж бидэнд үүрэг өгснийг би мэдэхгүй. Тухайн хуралд оролцсон Засгийн газрын гишүүд л мэдэх байх. Үүрэг чиглэл өгсний дагуу л энэ асуудлыг шийдсэн.
-Оюутолгойгоос Татварын ерөнхий газарт ирсэн албан бичгийн хариуг өгөхдөө тус компанийн татварыг бууруулах, татвараас зайлсхийх үйлдлийг дэмжснээрээ Оюутолгой компанид давуу байдал бий болгосон юм биш үү?
-“...Татварын ерөнхий газар Оюутолгой компани хоёр татварын чиглэлээр хамтран ажиллахдаа мөрдөх заавар...” гэх агуулгатай бичиг Оюутолгой компаниас манай газарт ирсэн. Хариуд нь би энэ асуудлыг хүлээж авахгүй ээ, хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Монгол Улсын татварын хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Гэтэл 2015 оны дөрөвдүгээр сарын 13-нд Засгийн газрын хурал болсон. Маргааш нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намайг өрөөндөө дуудаж, Оюутолгойн талаар гарсан Засгийн газрын шийдвэрийг танилцуулсан. Үүний нэг заалт нь эвлэрлийн гэрээ байгуулах чиглэл байсан юм.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өрөөндөө таныг дуудаж, үүрэг чиглэл өгөхдөө яг юу гэж хэлсэн байдаг юм бэ?
-“Оюутолгой компаниас Татварын ерөнхий газарт удаа дараалан албан бичгээр санал тавьсан ч уг асуудлыг та өнөөдрийг болтол шийдсэнгүй. Хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч компанитай үл ойлголцол үүсвэл өнөөдрийн том хөрөнгө оруулалтууд бүгд зогсохоор байна. Тавьсан хүсэлтийг нь шийдэх хэрэгтэй” гэж үүрэгдсэн.
-Та тэгээд юу гэсэн юм?
-Ерөнхий сайд бид хоёрын дунд нилээд маргаан үүссэн. Би тухайн үед Татварын ерөнхий газрын даргын хувьд Оюутолгойн санал болгож, бичгээр удаа дараалан илгээсэн “Татварын ерөнхий газар, “Оюутолгой” компани хоёрын татварын асуудлаар хамтран ажиллаж, хэрэгжүүлэх заавар” гэгчийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ хэлсэн.
“Хөрөнгө оруулалтын гэрээ”-ээр энэ компани нилээд их хэмжээний татварын хөнгөлөлт эдэлдэг. Дээрээс нь нэмээд бүхэл бүтэн Монгол Улсын Татварын ерөнхий газар нэг компанитай тусгайлсан заавар журам гаргаж, мөрдөж болохгүй биз дээ. Хэрэв тэгвэл хууль зөрчсөн зүйл болно гэж хэлээд маргалдсан юм.
-Гэхдээ та энэ байр сууриа хамгаалж чадаагүй юм байна тийм үү?
-Нэгэнт Засгийн газрын шийдвэр гарчихсан учир бид хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс шүү дээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой” компанийн асуудлыг дахиж судлах, “Оюутолгой” компанитай уулзалт хийхийг үүрэгдсэн.
Өгсөн үүрэг чиглэлийнх нь дагуу “Эрдэнэс Оюутолгой” компанийн уулзалтын зааланд “Оюутолгой” компанийн удирдлагууд, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал, ТУЗ-ийн дарга, Татварын ерөнхий газар, Сангийн яамны төлөөллүүд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр уулзаж, “Оюутолгой” компанийн тавьсан саналыг бүгдээрээ сонссон.
“Оюутолгой” компани өмнө нь явуулж байсан бичгүүдээ гаргаж ирж, хамтарсан заавар журам гаргаж, батлуулна гэдэг саналаа тавьсан. Бид хүлээж аваагүй. Оюутолгойн зүгээс Засгийн газар нь дэмжээд байхад та нар асуудал шийдэхгүй байна гэсэн байдлаар бидэнд хандаж байсан. Энэ асуудалтай санал нийлэхгүй гэдгээ дахиж хэлээд хойшид аливаа асуудлаар зөвхөн Татварын ерөнхий газрынхаа байранд ярилцаж байхаас аль нэг компанийн оффист уулзахгүй гэдгээ хэлсэн. Ер нь, “Оюутолгой” компани төрийн байгууллагуудад дарамт шахалт үзүүлж ажилладаг нь ажиглагдсан. Тухайн санал, хамтран ажиллах заавар журмыг баталж, тушаал гаргаж, мөрдүүлэх асуудлыг бид хүлээж аваагүй бөгөөд ямар нэг шийдвэр гаргаагүй.
-Дахиад Ерөнхий сайдын зүгээс шахалт ирсэн үү?
- Яг тийм. Үүнээс хойш хэд хэдэн удаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газар дээр дуудаж, үүрэг даалгавар биелүүлсэнгүй гэдэг байсан.
“...Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө олон бэлтгэл ажил хийгдсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажиллагааг зохион байгуулах комисс Уул уурхайн яам, “Эрдэнэс Оюутолгой” компаниуд дээр ажилласан. Тэдний дүгнэлт дээр үндэслэн Засгийн газрын шийдвэрүүд гарсан. Засгийн газрын үүрэг даалгавар биелүүл...” гэсэн шаардлага тавьж байсан. Энэ дагуу Ерөнхий сайдын өгсөн үүрэг болон Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн л хэрэг шүү дээ.
-Одоо таныг буруутгаж байгаа гол үндэслэл нь юу вэ. Нэг албан бичиг яригддаг. Тэр ямар учиртай бичиг байсан бэ?
-Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийг биелүүлсэн явдал юм болов уу. Би Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа ямар нэг заавар журам мөрдүүлэх, татварын хуулийн аль нэг заалтыг өөрчлөх тухай ямар ч тушаал шийдвэр, захирамж гаргаж байгаагүй.
Тэр албан бичиг юу гэвэл, “Оюутолгой” компанид хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан зарим нэг заалтуудыг сануулан, байр суурь илэрхийлсэн бичгийг Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу явуулсан юм. Гэхдээ ямар ч татвар өөрчлөөгүй.
Өнөөдрийг хүртэл Засгийн газар, УИХ-аар Оюутолгойтой холбоотой ямар нэг татварын асуудал орж өөрчлөгдөөгүй. Харин 2008 онд батлагдсан Татварын Ерөнхий хууль дахь “Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, эсхүл хөрөнгө оруулалтын гэрээгээр уг гэрээг байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцөлийг хадгалах дэглэм тогтоох” гэсэн заалт одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа нь “Оюутолгой” компани давуу байдал эдлэх гол үндэслэл болсоор л байгаа.
-Таны өгсөн чиглэлээр “Оюутолгой” компанийн тайланг хүлээн авч, баталгаажуулсан нь тус компани татварын хөнгөлөлт эдлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэх яриа өрнөж байна. Ийм зүйл болсон уу?
-Засгийн газраас шийдвэр гаргаж, “Оюутолгой” компанийн тайланг хүлээж авахыг Сангийн сайд болон Татварын ерөнхий газрын даргад үүрэг болгосон. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг том татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн тайланг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газар хүлээж авч баримт материалыг хянаад, татварын Ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлогын хяналтын газар баталгаажуулж, тухайн байгууллагын дарга гарын үсгээ зурж, тамга тэмдэг дарснаар баталгааждаг.
Улсын төсвийн орлогын хяналтын газар нь өөрөө даргатай, тусдаа тамга тэмдэгтэй, Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газраас хянасан тайланг баталгаажуулж хариуцдаг газар. Тийм болохоор энд миний үүрэг оролцоо, шийдвэр огт байхгүй.
-Тэгвэл би таниас дэлгэрэнгүй асууя. 2015 оны тавдугаар сарын 15-ны өдөр Та Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга М.Энхбаярт албан бичгээр үүрэг өгчээ. Энэ дагуу нь М.Энхбаяр тушаал гаргаснаар Оюутолгойн ирээдүйд элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг 6,4 тэрбум ам.доллараар хүлээн зөвшөөрсөн. Энэ дүнгээс 10 хувиар тооцохоор 646,269,768 ам.долларын татварын хөнгөлөлтийг “Оюутолгой” компанийн ирээдүйд төлөх татвараас нь хасаж хөнгөлөхийг баталгаажуулсан байна. Уг нь, Хөрөнгө оруулалтын зардлаас 10 хувиар татварын хөнгөлөлт тооцох заалт хуульд хүчингүй болсон байхад хууль зөрчин ийм шийдвэр гаргасан гэж таныг буруутгаж. Үүнийг юу гэж ойлгох вэ л гээд байгаа юм.
-Би дээр дурдлаа. Улсын төсвийн орлого хяналтын газар гэдэг бол өөрөө бие даасан даргатай, тамга тэмдэгтэй. Тайлан баталгаажуулахдаа өөрөө шийдвэр гаргадаг газар. Тиймээс би энэ газрын дарга М.Энхбаярт тайлан хүлээж авч, баталгаажуулах үүрэг өгч байгаагүй. Засгийн газрын шийдвэрийг мэдэгдэж, хуралдааны тэмдэглэлийг л хүргүүлсэн. Том татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн тайланг хүлээж авч, нягтлан бодох бүртгэлийн баримтыг нягталж, дүгнэх үүрэг нь Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газарт байдаг. Би тэнд оролцох боломжгүй. Ямар нэг албан бичиг илгээж, элдэв хөнгөлөлт эдлүүлсэн асуудал байхгүй. Хэрвээ ийм хөнгөлөлт эдлүүлэх бол татварын хуульд оруулна. Хууль нь Засгийн газраар орж, УИХ-аар батлагдах ёстой.
-Оюутолгойд үүссэн татварын зөрчлийг эвлэрлийн гэрээ байгуулж шийдсэний үр дагавар нь үргэлжилсээр 2018 онд 155 сая ам.долларын татварын акт дахиад тавигдсан. Одоо Лондонгийн Арбитрын шүүхэд энэ асуудлаар дахиад Монгол Улс дуудагдах болсон нь нөгөөх л эвлэрлийн гэрээтэй холбоотой юм биш үү?
-Эвлэрэлийн гэрээ бол зөвхөн тухайн актад тавигдсан татварыг л шүүхээр шийдсэн асуудал. Хойшид ямар нэгэн байдлаар татварын хууль, бусад дүрэм журамд өөрчлөлт орох талаар ямар ч нөлөөлөл үзүүлэх боломжгүй. Арбитрт очих шалтгаан болохгүй. Дахин хэлэхэд өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Татварын хууль дахь “хөрөнгө оруулалтын гэрээгээр уг гэрээг байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцөлийг хадгалах дэглэм тогтоох” гэсэн заалт хэвээрээ байгаа нөхцөлд энэ маргаан байсаар л байх болно. Хэн нэгэн албан тушаалтныг буруутгаад энэ маргаан шийдэгдэхгүй. Монгол Улсын эрх ашгийн төлөө, Оюутолгойд олгосон давуу байдлыг арилгахын тулд татварын хуулиас энэ заалтыг нэн даруй авч хаях хэрэгтэй.
-Оюутолгойн гэрээ батлагдаад 11 жил өнгөрчээ. Гэрээтэй холбоотой маргаан өнөөдрийг болтол цэгцэрсэнгүй. Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайдаас авахуулаад төрийн хариуцлагатай албан хаагчдыг буруутгах үндэслэл болж байна. Та Уул уурхайн салбарын мэргэжилтэн, геологич болоод Татварын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан эдийн засагч хүний хувьд үүнийг юу гэж дүгнэж байгаа вэ?
-Ер нь, Оюутолгойн гэрээг бид эргэж харж засаж, зөв замд нь оруулах шаардлагатай. Гэрээ эхэлж хийж байсан 2009 оны үед бид олон улсын гэрээ байгуулах, үндэстэн дамнасан том хөрөнгө оруулагчтай харьцаж байсан туршлага байгаагүй.
Мөн эдийн засаг, татварын хууль эрх зүйн орчин ч олон улсын түвшинд хүрээгүй байсан. Ийм гэрээ байгуулах өндөр түвшний мэргэжилтэй олон улсын татвар, санхүү, уул уурхай, гэрээний эрхзүйн мэргэжилтэн бараг байхгүй байсан үе. Мөн тухайн онуудад дэлхийн эдийн засгийн хямрал гүнзгийрсэн цаг үед гэрээг баталж байсан. Бид ирээдүйн зарим нэг боломжуудаа олж хараагүй ч байж магадгүй. 11 жилийн дараа эргээд харахад үнэхээр “Оюутолгой” компанид давуу байдал эдлүүлсэн нөхцөл ажиглагдаж байна. Гэрээ байгуулах үед уул уурхай геологийн олон ч эрдэмтэд эрүүл саруул шүүмжлэл хэлж байсан.
Тухайлбал, Доктор С.Авирмэд, Владимор нарын хэлж байсан үнэн үгийг сонсох л ёстой байсан. Наад зах нь Оюутолгойн ордыг иж бүрэн ашиглах Техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулсны дараа гэрээ байгуулагдсан бол өнөөдрийн энэ олон маргаан үүсэхгүй байсан. Ус, байгаль орчны, тус уурхайд байсан ховор металлын... гэх мэт олон асуудал зөвөөр шийдэгдэх байсан.
-Монголчуудын ярьдагаар “Мордохын хазгай” л гэдэг болсон доо?
-Чи бод доо. Ганцхан жишээ хэлэхэд 2015 онд Дубайн төлөвлөгөө баталж байх үед “Оюутолгой” компани 1.8 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай, үүнийг л бий болгочихвол 2019 он гэхэд Далд уурхайг бүрэн ашиглалтад оруулна гэж зарлаж байлаа. Гэтэл өнөөдөр 2020 он. Далд уурхай ашиглалтад орсонгүй.
Дахиад 2022-2023 онд ашиглалтад орох, нэмээд 6.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай, уул техникийн нөхцөл хүндэрсэн, усны асуудал хурцадсан, уурхайг цогцоор нь ашиглах, металлуудаа бүрэн ангилж авах асуудал ярьж, зардал мөнгөө өсгөн хугацаа алдсаар л байна.
Тиймээс 2009 онд гэрээ байгуулсан болон одоо уг гэрээг засаж сайжруулах үүрэг хүлээсэн ажлын хэсэг хамтран ажиллаж, хүчээ нэгтгэж, нэг ойлголт, нэг сэтгэлтэйгээр тус гэрээг Монгол Улсад ашигтайгаар өөрчлөх шаардлагатай байна. Олон жил хэрэлдлээ. Дундаас нь монголчууд лав хожсонгүй. Одоо нэг талдаа гарах цаг болсон.
-Таниас гадна Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлснийхээ төлөө төрийн өндөр албан тушаалтан, төрийн жирийн албан хаагч, мэргэжилтэн өнөөдөр хариуцлагад татагдан шалгагдаж байна. Бодлоо хуваалцахгүй юу?
-Төрд олон жил ажиллаж, Засгийн газрынхаа үүрэг даалгаврыг биелүүлснийхээ төлөө шалгуулж байгаадаа дотроо харамсаж сууна. Тухайн шийдвэрийг гаргахад бүрэлдэхүүнээрээ оролцсон Засгийн газрын гишүүд нь ямар ч хариуцлага хүлээдэггүйд гайхаж байна. Тэд бүгд л давхар дээлтэй, УИХ-ын гишүүд байсан шүү дээ.
Засгийн газар хуралдаад нэгэнт гарсан шийдвэрийг нь хэрэгжүүлснийхээ төлөө жирийн албан хаагчид буруудаж байгаа нь шударга бус байна. Бид эвлэрлийн гэрээ хийе, Оюутолгойн татварыг багасгая, хөнгөлье, давуу байдал олгое гэсэн ямар ч үүсгэл санаачилга гаргаагүй. Хууль журамд өөрчлөлт оруулах эрх бүхий субьект ч биш. Засгийн газраа тэргүүлж, тухайн шийдвэрийг гаргаж, бидэнд үүрэг хариуцлага хүлээлгэж байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь өнөөдөр гадаад оронд гарчихсан. Өндөр хөлстэй гадны өмгөөлөгч аваад хаана ч юм яваад байдаг. Гэтэл энд Ерөнхий сайд, түүний Засгийн газрын гаргасан шийдвэрийг биелүүлсэн хэд нь хууль хүчний байгууллагад шалгагдсан хэвээр байна.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байсныхаа хувьд, Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтныхаа хувьд эх орондоо ирэх хэрэгтэй шүү дээ. Энэ олон хүний хувь заяагаар тоглож болохгүй. Нэг намын хувьд ч гэсэн нэг удирдлага дор ажиллаж байсны хувьд жаахан гомдолтой л байна.
эх сурвалж:үндэсний шуудан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ