COVID-19: Хөл хорио зөрчигчдийг дэлхийн орнууд хэрхэн шийтгэж байгаа вэ?
Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас ихэнх орнууд төрөл бүрийн байдлаар хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авч эхлээд багагүй хугацаа өнгөрч байсан. Улсорны эрх баригчид иргэддээ авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд хүлээцтэй хандаж, онц шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа юм.
Гэхдээ хүн бүр ухамсартай хандаж чадахгүй байгаа тул албадлагын шинжтэй арга хэмжээ буюу торгууль шийтгэлээ энэ асуудлыг зохицуулж байна. Хөл хорио зөрчигчдөд ямар орон ямар шийтгэл ноогдуулж байгаа талаар тоймлон хүргэж байна.
Испани
Хөл хорио тогтоосноос хойш сарын дотор буюу гуравдугаар сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 16-ны хооронд Испанид өөрийгөө тусгаарлах горимыг зөрчсөн 600 мянга орчим зөрчил гарсан талаар цагдаа нар протокол үйлджээ.
Анхандаа тус улсын эрх баригчид 100-600 еврогийн торгууль ноогдуулна гэж байсан ч дараа нь цагдаа нарыг торгууль бичихдээ иргэдийн аюулгүй байдлын тухай хуулийг мөрдөх ёстой гэсэн зааварчилгаа өгсөн байна.
Хөл хориог туулахад хамгийн хэцүү байгаа хүмүүс нь хүүхдүүд юм. Испанид нохой салхилуулахыг зөвшөөрсөн ч хүүхдийг гадаа гаргахыг хориглосон юм. Саяхан, Барселона хотын дарга, хоёр хүүхдийн ээж Ада Колау хүүхдүүдийг өдөрт ядаж ганц ч цаг болтугай гадаа гаргахыг зөвшөөрөхийг Фейсбүүк хуудсандаа бичсэн ч түүний уриалгыг одоогоор хэн ч дэмжээгүй байна. Мөн энэ улсад байгальд гарах, зуслан руугаа явахыг хориглосон бөгөөд энэ хоригийг зөрчвөл 1500 еврогоор торгох аж.
Канад
Канадын хууль сахиулагчид хөл хорионы дэглэмийг иргэд мөрдөж байгаа эсэхийг шалгах зорилгоор айлуудаар явж эргүүл хийх эрхтэй болжээ. Тэр дундаа, хилийн чанадаас ирсэн, 14 хоног өөрийгөө тусгаарлах ёстой хүн байгаа орон сууцнуудыг нэн тэргүүнд хянан шалгах ёстой болжээ.
Цагдаагийнхан хөл хорионы дэглэмийг зөрчвөл ямар хариуцлага ноогдуулах талаар байнга сануулж байгаа бөгөөд ухаангүй үйлдэл гаргавал энд түрийвчээ нэг мөр сэгсэрч, эрх чөлөөгөө ч хасуулах эрсдэлтэй. Өөрийгөө тусгаарлах нөхцлийг зөрчвөл хамгийн дээд тал нь 750 мянган ам.доллар /1,9 тэрбум төгрөг/ болон зургаан сар хорих ял оноох журамтай. Гэхдээ энэ нь журам зөрчигч хэнд ч халдвар тараагаагүй бол. Харин бусдыг эрсдэлд оруулвал нэг сая ам.доллар эсвэл гурван жил шоронд хоригдох шийтгэл хүлээх аж.
Гэхдээ одоогоор дээр дурьдсан шиг асар өндөр торгууль төлсөн хүн гараагүй байна. Дөрөвдүгээр сарын зургааны өдөр Саскачеван мужид анхны зөрчил гарсан бөгөөд шинжилгээ нь эерэг гарсан 23 настай оршин суугч эмэгтэй 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг зөрчсөний улмаас 2800 ам.доллараар /7,3 сая төгрөг/ торгуулжээ.
Мөн Онтарио мужийн Бельвил хотод 21 настай залуу автомашины зогсоол дээр найзуудтайгаа наргисны улмаас 880 ам.доллараар торгуулжээ.
Итали
Хөл хориог зөрчсөн хүмүүсийг 400-4000 еврогоор торгох тухай хуулийг Италид гуравдугаар сарын 22-ноос эхлэн мөрдсөн юм. Энэ хуулийн дагуу, титэм вирусийн халдвар авсан хүмүүс тусгаарлалтаас зугатвал таван жилийн хорих ял оноох юм байна.
Герман
Энэ даваа гаригаас сургуулиудын үйл ажиллагааг сэргээхээр зэхэж байгаа Германд хөл хорио зөрчсөний төлөө торгуул шийтгэл ноогдуулахаа хараахан зогсоох болоогүй байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Германы муж бүрт торгуулийн хэмжээ харилцан адилгүй байх бөгөөд онц шаардлагагүйгээр гэрээсээ гарвал Берлинд 10-100 еврогоор торгуулах бол Өмнөд Померанид 25 мянган еврогоор торгуулах аж.
Баварид борлуулж буй бүтээгдэхүүн дотор нь нэн хэрэгцээт бараа багтаагүй дэлгүүрийг хууль бусаар нээвэл эзэн нь 5000 еврогоор торгуулах юм байна. Хүмүүс хоорондын 1,5 метрийн зай баримтлах журмыг зөрчвөл 150 евро, харин Бранденбургт 50-500 еврогоор торгох аж. Хувийн болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан бол 250-2500 евро, харин Гамбургт үдэшлэг зохиовол 1000 еврогоор торгуулах гэнэ.
Баар, зоогийн газар ажиллуулвал 4000-5000 евро, харин зочид буудал ажиллуулвал 10 мянган еврогоор торгуулах юм байна.
Их Британи
Нэгдсэн вант улсад хөл хорио тогтоох гэж нэг их яараагүй. Тус улсын Ерөнхий сайд ард иргэд нь өвдөж, дархлаатай болно гэж, нэг ёсондоо "сүргийн дархлаатай" болно гэж удаа дараа мэдэгдэж байв.
Хүмүүсийг хамгаалахын тулд хөл хорио тогтоох ёстой гэдгийг өөрөө өвдөж байж л ухаарах байсан бололтой, Борис Жонсон үхлийн аюулт өвчнөөр өвдөж, одоо хэдийнэ эдгэж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн тус улсад хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн юм.
The Telegraph сонины мэдээлснээр, хорио цээрийн арга хэмжээг зөрчсөний төлөөх шийтгэл нь бусад оронтой харьцуулвал тийм ч их биш гэнэ. Тухайлбал, олон хүн цугласан бол хүмүүсийг 60 фунт стерлинг /196 мянган төгрөг/-ээр торгох бөгөөд торгуулийг тэр дор нь төлөх бол үнийн дүн хоёр дахин багасах боломжтой гэнэ.
Хэдийгээр энэ улсад хориг үйлчилж байгаа ч британичууд үүнийг нэг их ойшоолгүй, олноор цугласаар байгаа гэнэ. Британийн хэвлэлүүдийн мэдээлснээр, олон нийтийг бүхэлд нь хянахад цагдаагийн хүч хүрэлцэхгүй байгаа тул иргэд хорио цээрийг үл хайхран урьдын адил цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан, олноор цугласан хэвээр байгаа гэнэ.
Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок /мөн л COVID-19 вирусийн халдвар аваад эдгэрсэн/ иргэддээ хандан мэдэгдэл хийхдээ "Засгийн газар хязгаарлалтын тухай хууль баталсан болохоос хэрэгжүүлэхгүй ч байж болох зөвлөгөө өгөөгүй" хэмээн анхааруулжээ.
Франц
Энэ улсад гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хатуу хязгаарлалтын арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлсэн. Шинэ журмын дагуу гэрээсээ гарсан шалтгаанаа хуулийн үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй бол тухайн иргэн 135 еврогоор торгуулах аж. Энэ нь анх удаа гаргасан зөрчилд ноогдуулах торгууль, харин давтан зөрчил гаргавал 3700 евро /10,5 сая төгрөг/-гийн торгуулийн хуудас гардан авах гэнэ.
Францчууд гэрээсээ нэг километрээс холгүй зайд явган зугаалж болно, нохойгоо нэгээс ихгүй цагийн хугацаанд салхилуулж болох аж. Хөл хорионы арга хэмжээнүүд ирэх сарын 11 хүртэл үргэлжлэх бөгөөд нөхцөл байдлаас шалтгаал сунгагдаж болзошгүй гэнэ.
Г.Бямбасүрэн shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ