Истанбул дахь Ерөнхий консулынхан шинэ ажилтнуудаа гэмт бүлэглэлд элсүүлдэг байсан уу
БНТУ-ын Истанбул хот дахь манай улсын Ерөнхий консулын газрын ажилтнуудыг мансууруулах бодис худалддаг гэмт бүлэглэлд элссэн байж болзошгүй хэрэгт шалгахын тулд ГХЯ-наас тус улсын тал зөвшөөрөл авахаар хандсан тухай бид энэ сарын 2-ны дугаартаа мэдээлсэн билээ. Туркийн www.timeturk.com цахим хуудсанд мэдээлснээр, манай Консулын ажилтан Б.Энхмөнх, Б.Алтансүх нарыг “Халим” гэх хочтой этгээдийн удирддаг, мансууруулах бодис хил дамнуулан худалддаг сүлжээнд элссэн хэмээн бичжээ. Уг мэдээлэлд “Олон улс дамнасан хар тамхины наймаачдыг Туркийн Прокурорын газар шалгаж буй бөгөөд уг хэрэгт гадаад орны Ерөнхий консулын газрынхан холбогджээ. Шалгалтын явцад 25 хүн баривчилсан бөгөөд гэмт бүлэглэлийн гишүүн Фарук Билен, Ханефри Арслан нарын утсыг чагнаж баримтжуулснаар тусгай ажиллагаа явуулсан байна. Тэдний ярианы холбоосуудаар хамжигчдыг нь олж тогтоосон” хэмээн дурджээ.
Мөн дээрх бүлгийн гишүүн Олкай Кючюквардарын гэрт нэгжлэг хийж, их хэмжээний героин, кокаин, экстази хураасан. Түүний гэрийн гаднах хяналтын камерын бичлэгт 2019 оны нэгдүгээр сарын 8, 10, 13-нд Олкай Кючюквардар болон Атилла, Озкан нар 34 СС 3221 дугаартай автомашинаар зөөж ирсэн 34 боодол зүйлийг дамжуулан авч, өгөлцсөн байна. 34 СС 3221 дугаартай автомашин нь хилийн чанадаас Истанбулд 2019 оны нэгдүгээр сарын 10-нд орж ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий консулын газрын нэр дээр бүртгэлтэй болох нь тогтоогджээ. Хэд хэдэн удаагийн нэгжлэгээр энэ бүлгийнхнээс 6874 кг героин, 750 мянган ширхэг экстази, их хэмжээний олсны ургамал, 103 кг кокаин хурааснаа Туркийн Прокурорын газраас зарласан. Гэмт бүлгийнхэн хар тамхи хил давуулан тээвэрлэхдээ Монгол Улсын Ерөнхий консулын газрын эзэмшлийн 34 СС 3221, 34 СС 2542 дугаартай автомашиныг ашигладаг байсныг тогтоолоо. Мансууруулах бодисыг хил давуулах, тансаг шилтгээн, томоохон худалдааны төвүүдэд хүргэх ажлыг Монгол Улсын дипломат паспорттой Б.Энхмөнх, Б.Алтансүх нарын хүн гүйцэтгэж байсан хэмээн дээрх цахим хуудасны мэдээнд бичжээ.
БНТУ-ын Ерөнхий прокуророос манай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт илгээсэн захидалд “Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул Б.Энхмөнх, техникийн ажилтан Б.Алтансүх нарт эрүүгийн 2019/94915 дугаартай хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд тус улсын Эрүүгийн хуулийн 188.3, 220.2 дахь зүйл хэсэгт зааснаар ял төлөвлөсөн тухайгаа ч бичсэн аж. Бусад холбогдогчийг нь дээрх хоёр зүйл ангид зааснаар 150 хүртэлх жил хорих ял оноохоор төлөвлөж буй тухай www.timeturk.coм цахим хуудасны сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээнд дурдсан байв. Түүнчлэн Гадаад харилцааны сайдад хаягласан захидалд “Истанбул дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрынхныг элсүүлсэн хар тамхины наймааны энэ бүлгийг “Balina” буюу “Халим” хочтой нэгэн удирдаж, олон улс дамнасан хар тамхины наймаа эрхэлдэг гэдгийг ч Туркийн Ерөнхий прокурор тодорхой бичсэн гэнэ.
Энэ мэдээллээс үзэхэд, манай улсаас Туркийн Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрынхныг тус улсын хууль сахиулах байгууллагынхан удаан хугацааны турш хянаж байсан нь тодорхой болов.
Эх сурвалжуудын мэдээлснээр, дэд консул Б.Энхмөнх, техникийн ажилтан Б.Алтансүх нар Туркт нэг сургуульд хамт сурч байсан гэнэ. Өөр төрлийн бизнес хийж тус улсад амьдарч байсан Б.Алтансүхийг Истанбулын Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир техникийн ажилтнаар ажилд авсан юм байх. Ингээд “Халим” хочтын бүлэглэлд ч цааш нь элсүүлсэн байх магадлалтай гэсэн хардлага ГХЯ-ныхны дунд байна. Түүнийг нь ч дээрх цахим хуудсанд гарсан мэдээлэл баталж буй бололтой. Германд баригдсан дэд консул Б.Баттүшиг 2018 оны наймдугаар сард Истанбул дахь манай дипломат төлөөлөгчийн газарт жолооч С.Эрдэнэбаяр нь мөн оны есдүгээр сард томилогдсон нь тодорхой болсон. Тэднийг 2019 оны тавдугаар сард ХБНГУ-д баригдахаас өмнө буюу тухайн оны нэгдүгээр сард Б.Энхмөнх, Б.Алтансүх нь хар тамхины сүлжээнд элсчихсэн, бараа зөөж явсан нь камерын бичлэгээр тодорхой болчихоод байгаа. Тэгэхээр эндээс Истанбул дахь манай Ерөнхий консулын газрынхан шинээр ирсэн залуусаа хар тамхи зөөх бүлэглэлд элсүүлж байсан юм биш биз гэсэн хардлага төрж буй юм.
Манай ГХЯ-ныхан уг нь 2018 оноос хойш удаа дараа очиж шалгалт хийж байсан гэх юм билээ. Тэр үедээ юу ч үзэж, хараагүй мэт өнгөрөөж байсан нь хачирхалтай. Уг нь санхүүг нь шалгасан бол хууль бус үйлдлийг даамжруулахаас өмнө таслан зогсоож болох байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь Ерөнхий консулын газрын ажилтнууд нь сарын 2000 еврогийн түрээс төлдөг пентхаус байранд тус тусдаа амьдардаг байсан аж. Цалингаараа ийм өндөр үнэтэй байр түрээсэлж чадахгүй нь ойлгомжтой учраас санхүүжилтийн эх үүсвэрийг нь шалгасан бол манай дипломат төлөөлөгчийн газрынхны нэр хүнд шавартай хутгалдахгүй байсан биз.
Эх сурвалжууд “Би Туркийн цагдаагийнханд баригдах нь тодорхой боллоо. Намайг дагаж, мөрдөж буйг мэдэрч байна. Э.Мөнх-Очирыг дагаж дэмий юманд орооцолдлоо. Их хэмжээний орлого олдог байсан нь үнэн. Уг мөнгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ-ны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд, Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрыг Истанбулд байгуулахын тулд хөрөнгө цуглуулж байгаа гэж бидэнд хэлдэг байсан” хэмээн Б.Алтансүх нь ярьсан тухай мэдээлсэн юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дэд консул Б.Энхмөнх рүү ГХЯ-наас албан бичиг илгээж, “Ажлаасаа түдгэлзэж, Туркийн хууль хяналтын байгууллагад шалгуулж асуудлаа шийд” гэсэн чиглэл өгсөн тухай шивэр авир гэлцэж байна. Түүнчлэн ХБНГУ-д шалгуулж байгаа Б.Баттүшигийн гар утасны харилцааг хууль сахиулагчид нь нягтлаад Б.Энхмөнх болон ерөнхий консул асан Э.Мөнх-Очир нарыг гэрчээр байцаах талаар асуудал сөхөгдсөн гэх сураг байгааг яамныхан шивнэлдэх болжээ.
Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажиллаж байсан Элбэрэлт гэх хүний эхнэр нь Монголд ирэхдээ 250 мянган евро авчирснаа гаалийн байгууллагад мэдүүлээгүй, түүнийг нь хууль сахиулагчид шалгаж эхлэхэд “Э.Мөнх-Очир даргад хүргэж өг гэсний дагуу авчирсан” гээд уг их хэмжээний валютыг гаалийн байгууллагад орхиод явсан тухай ч ярилцаж байгаа нь бидний чихийг дэлссэн юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа unuudur.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ