Худалдаа эрхлэгчид түрээсээ төлж чадахгүй болтлоо хоосорчээ

Цас ханзарч, нар ээсэн хаврын урин цаг налайж байна. Өвөл улирч, хавар айлчлах энэ үед ихэнх хүн нимгэн хувцсаа зэхдэг тул бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг хүмүүс орлого ихтэй, борлуулалт арвин байдаг. Түүнчлэн цагаан сар, хүүхдийн баяр, хонхны баяр, наадам зэрэг тэмдэглэлт өдрүүдэд худалдан авалт эрс нэмэгддэг байв.

Гэвч энэ жил коронавирусийн цар тахлын улмаас хөл хорио тогтоож, иргэдийг хорио цээрийн дэглэм сахиж, гэртээ байхыг үүрэгдээд буй. Мөн баяр, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хориглосон тул бараа бүтээгдэхүүний худалдан авалт буурч, хувийн хэвшлийнхэн хүнд байдалд ороод нэлээдгүй удлаа. Халдварт цар тахлаас сэргийлж буй нь зүй ёсны хэрэг ч лангуу түрээсэлж, үйлчилгээ үзүүлдэг хүмүүс түрээсийн мөнгө,зээлийн хүүд дарлуулж байна. Үүнийг сурвалжлахаар бид Sunday худалдааны төвийг зорилоо. 

 

Бэлэн хувцас худалдан авч буй хүн нүдний гэм болжээ

Жилийн аль ч улиралд хөл хөдөлгөөн ихтэй байдаг уг зах энэ амралтын өдөр эл, хуль, хүн цөөнтэй байлаа. Наймаачид энд, тэнд цугларч хөзөр тоглож харагдах бөгөөд лангуу бүхэн хямдралын самбар өлгөсөн байв. Мөн “зарагдсан барааг буцаахгүй тул та сонголтоо зөв хийнэ үү” гэсэн бичгийг толь, ханандаа бэхэлжээ. Орлого муудаж, худалдан авалт багассаныг уулзсан хүн бүхэн хэлж байсан юм. Sunday худалдааны төвийн лангуу түрээслэгч М.Бадрах-Орших “Энд гурван жил лангуу түрээсэлж, гутал зарж байна. Хэзээ ч ийм байдалд орж байсангүй. Сүүлийн гурван сар борлуулсан барааныхаа мөнгөөр түрээсээ ч төлж чадахгүйд хүрсэн. Сая зээл авч, түрээсийн төлбөрөө төлсөн. Үнэндээ арга мухардаж байна. Бараагаа бараг урдаас оруулж ирсэн үнээр нь өгч байгаа. Уг нь гутал борлогдох нь амархан байдаг. Харин одоо нэн шаардлагатай хүмүүс л худалдан авалт хийж байх шиг байна. Хоосон горьдлого тээж л лангуун дээрээ ирдэг болсон. Зөвхөн би ийм байдалтай байгаа юм биш, энд байгаа ихэнх хүнд хүндрэлтэй байна. Өл зогоож, өнөө маргаашаа өнгөрөөх хүнсний мөнгөө ломбард, ББСБ-аас босгож байгаа хүн ч олон бий” гэлээ. Үнэхээр ч хоёр цаг орчим нөхцөл байдлыг ажиглангаа тус худалдааны төвөөр хольхиход бэлэн хувцас худалдаж буй хүн нүдний гэм болсон нь анзаарагдаж байлаа. Тус худалдааны төв бусад төвүүдтэй харьцуулахад түрээслэгч цөөхөн, 600 гаруй нь лангуугаа хувийн өмчийнх болгосон учир түрээсийн үнэ буух эсэх нь тэдний бизнест чухал нөлөөлөхгүйг худалдаа эрхлэгчид хэлж байлаа. Тэд лангуу худалдаж авахдаа зээл авсан учир өрөө дарж чадахгүйд хүрч зээлийн хүү, эргэн төлөлтөд шахуулж байгаа аж. 

 

Хөл хорио зогстол худалдааны төвүүдийг хааж өгөхийг хүслээ

“Бөмбөгөр” худалдааны төвийн зүг бид явлаа. “Алтжин бөмбөгөр”-т хаалттай лангуу онгорхой павилоноос олон байсан юм. Учрыг лавлахад, түрээсээ хугацаандаа төлөөгүй худалдаачдын үйл ажиллагааг зогсоосон гэнэ. Мөн зарим нь сайн дураараа лангуугаа хаасан аж. Ажлын байраа хадгалахын тулд алдагдал хүлээсэн ч үйл ажиллагаагаа явуулж буй иргэд үүрч буй ачаа, үнэн бодит байдлыг мэдээлэхээс татгалзаж байсан юм. Учир нь түрээслүүлэгч нь тэднийг хэвлэлд мэдээлэл өгөхгүй байхыг шаардаж, элдэв зөрчил гаргавал “лангуугаа сулла, дараагийн хүн бэлэн бий” гэж зандардаг аж. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Манай худалдааны төв түрээсийн төлбөрөө буулгаагүй. Бид ямар ч орлого олохгүй атлаа талбайн хэмжээнээсээ хамаарч сар бүр багадаа нэг сая төгрөг төлж байна. Хүүхдийн хувцас бүр ч зарагдахаа больсон. Сургууль хааж, дэлгүүрт хүүхэд оруулахгүй байхаар аргагүй шүү дээ. Сүүлийн хоёр хоног нэг ч бараа зарагдсангүй. Долоо, бүр 10 хоног орлого олоогүй хүн олон бий. Бас лангуугаа хаагаад явчихсан хүн цөөнгүй. Ингэж байхаар зах, худалдааны төвийг хөл хорио дуустал хаах хэрэгтэй байна. Тэгвэл ядаж л сард сая, сая төгрөгөөр “шатахгүй”, таксинд ч болов явна шүү дээ” гэв. Түрээсийн төлбөрт халаасаа сэгсрүүлж буй иргэд дуу нэгтэй түрээс хөнгөлдөггүй юм гэхэд хөл хорио зогстол худалдааны төвүүдийг хааж өгөхийг уламжилсан юм. Бүх бараагаа авчирсан үнээрээ зарж, бизнесээ орхихоор зэхэж буй хүнтэй ч таарсан юм. “Дүнжингарав”, “Нарантуул”, Grandplaza зэрэг худалдааны төвүүдэд ч мөн адил дүр зураг үзэгдэнэ. Эл хуль дэлгүүрт энд тэндгүй хямдралын самбар харагдаж, “юу сонирхож байна, сайн яриад өгнө шүү” гэх хүний мөрөөс болсон худалдагч нар ажлын байр, амьдралынхаа төлөө алдагдалтай нүүр тулан тэмцэж байна. Зөвхөн бэлэн хувцасны бизнес эрхлэгчид ч бус гоо сайхан, үсчин, зоогийн газрууд ч ажилчдын цалингаа тавьж чадахгүйд хүрч, хаалгаа барихдаа тулж буйгаа хэлж байсан юм. Хөл хорионы үед төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газруудыг түрээсийн төлбөрөө бууруулбал татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг чөлөөлөхөөр болсон. Уг шийдвэр гарсны дараа цөөн тооны томоохон зах, худалдааны төвийн удирдлагууд түрээсийнхээ төлбөрийг бууруулжээ. Тухайлбал, “Дүнжингарав” худалдааны төв гурав болон дөрөвдүгээр сарын түрээсийн төлбөрөө 60 хувиар бууруулахаар болсон бол “Шөнийн зах” худалдааны төв түрээсийн төлбөрөө 30 хувиар бууруулсан байв. Харин “Хүчит шонхор” компани түрээсийн төлбөрөө 50-80 хувь хөнгөлжээ. 

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ