Амазоны омгийн хүү “COVID-19” халдварын улмаас нас баржээ
БРАЗИЛИА. /CNN/. “COVID-19” халдвар авсан нь тогтоогдсон Амазоны омгийн хүү нас барсантай холбоотойгоор коронавирусний халдвар тус бүс нутгийн уугуул иргэдийн дунд тархаж болзошгүйд олон нийт санаа зовниж эхэлжээ.
"Урарикоэра голын Рэхэбэ тосгоны Яномами омгийн 15 настай хүү пүрэв гарагт нас барсан" гэж Бразилын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Уг өвчтөн Рорайма мужийн Боа-Виста хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт энэ сарын 3-наас хойш эмчлүүлж байжээ.
Эрүүл мэндийн сайд Луис Энрике Мандетта лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр, хүүгээс “COVID-19” халдвар илэрсэн гэж мэдээлжээ. “Өнөөдөр Яномами омогт халдварын тохиолдол бүртгэгдлээ. Бидний сэтгэл маш их түгшиж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Яномамичууд Бразилын хойд нутаг, Венесуэлийн өмнөд нутгийн ширэнгэн ой, уулсад амьдардаг гэж “Survival International” уугуул иргэдийн эрхийг хамгаалах байгууллага мэдээлжээ. Тэдний хамгийн том омог Өмнөд Америкт байдаг бөгөөд тэнд 38 мянга орчим Яномами амьдардаг ажээ.
“Socio-Environmental” хүрээлэнгийн мэдээлснээр, вирус уугуул иргэдийн нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн уурхайчдаас Яномамичуудын дунд тархсан ажээ. “Яномамичуудын дунд халдвар бүртгэгдсэн нь хууль бус уурхайчидтай холбоотой гэдэг нь эргэлзээнгүй” гэж уг байгууллага мэдээлжээ.
“Бразилд “COVID-19” халдварын улмаас гурван уугуул иргэн нас барлаа” гэж Бразилын Уугуул иргэдийн холбооноос мэдэгдсэн байна.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээс үзэхэд, Бразилд баасан гаргийн байдлаар “COVID-19” халдварын 18176 тохиолдол бүртгэгдэж, 957 хүн нас баржээ.
montsame.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ