Дуу чимээгээр “хардаг” хүн буюу Дэниэл Киш
Ямар нэг юмыг харахын тулд бидэнд нүд хэрэггүй хэмээн Дэниэл Киш үздэг байна. Тэр өөрөө үүнийг сургаар мэддэггүй бөгөөд торлогийн хавдраас болоод хүүхэд байхад нь Дэниэлийн хоёр нүдийг авчээ. Хүүгээ ямар ч л байсан хараатай хүн шиг өсгөхөөр шийдсэн ээжийнхээ бие хайргүй хичээл зүтгэлийн ачаар тэр эргэн тойрондоо чиг баримжаагаа маш сайн олдог болсон байна. Жаахан байхаасаа тэр сарьсан бавгаахай шиг цуурай барих аргыг зөнгөөрөө сурчээ. Тэр яадаг гэвэл, тагнайгаа юмуу алгаа ташихад дуу авианы долгион эргэн тойрны бүх зүйлээс ойж, буцаж ирдэг байжээ. Тийнхүү Дэниэл өөрийнх нь эргэн тойронд байгаа эд зүйлсийн хэмжээ, хэлбэр ямар болохыг мэддэг байж.
Киш хөл хөдөлгөөн ихтэй гудамжуудаар сургуульдаа явж, өөрөө хоолоо хийдэг байсан байна. Хүү арван нас хүрэхдээ, унадаг дугуй унаж сурчээ. Түүнийг хөршүүд нь юмуу цагдаа нар гэрт нь нэг бус удаа хүргэж ирэхдээ, хүүхэддээ санаа тавихгүй байна хэмээн эхийг нь зэмлэдэг байж. Нэг удаа Дэниэл шон мөргөж, дугуйгаа эвдэлж, нэг шүдээ булгалжээ. Ээж нь түүнд тэр даруй дахин шинэ унадаг дугуй авч өгсөн байна!
Киш олон жил өөрийгөө байнга шахаж ажилладаг байжээ. Тэр морь унаж сурч, хаданд авирч, их сургуулийн сэтгэл судлаачийн ангид орсон байна. Элдэв саад тотгор учирч, байнга хориглож байсан хэдий ч, Дэниэл багшлах зөвшөөрөл авчээ. Тэр телевизийн нэвтрүүлэгт оролцох болж, өөрийн чадварыг үзүүлэн, элдэв хязгаарлалтгүйгээр бүрэн сайхан аж төрөх боломж бий гэдгийг хараагүй хүүхдүүдийн эцэг, эхэд харуулахыг хүсдэг байжээ. Цуурайг таних гэдэг бол байнгын бэлтгэл сургуулилтаар тогтдог дадал. Ямар ч хүнийг сургаж болно, харин аль болох эрт эхлэх хэрэгтэй гэнэ.
Өнгөрсөн он жилүүдэд Дэниэл өөртэйгээ адил хүмүүсийн хамт дэлхийд 2500 орчим хүнийг ингэж харж чаддаг болгосон байна. Хүний тархи дуу чимээний юмуу гэрлийн долгионоос харах дүрсийг үүсгэж чаддаг. Хараагүй хүмүүсийн тархины бор гадаргуугийн үлэмжхэн хэсэг нь хар өнгөтэй байдаг аж. Кишийн шавь нар болон түүний өөрийнх нь бор давхарга гэрэлтэн, гялалзаж харагддаг нь МРТ-гийн шинжилгээнээс харагддаг байна. Энэ хүмүүс үнэхээр харж чаддаг нь үнэн. Тэдний тархинд буудаг зураг бага зэрэг бүүдгэр, хар цагаан өнгөтэй байдаг ч, гурван хэмжээстэй гэнэ.
Дэлхийд 35 сая хараагүй хүн байдаг бөгөөд тэднийг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг. Хараагүй хүмүүс үүнийг эмгэнэл хэмээн хүлээж авдаг байна. Харин Киш хараагүйгээс айх хэрэггүй гэдгийг өөрийн туршлага, амьдралаар нотложээ. Харин сэтгэл зүй, оюуны харалган байдал үүнээс илүү аймшигтай. Өөрийн гэсэн замыг сонгож, харанхуйгаас гэрэлд гарахын тулд ингэхийг хүсч байгаа хүн бүрт туслах нь Дэниэлийн зорилго ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ