ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева: Дэлхийн эдийн засаг зогсож, бид унаж байна
Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал 2008-2009 оны хямралын үеийнхээс дор байна гэж Олон улсын валютын сан (ОУВС) мэдэгджээ. Вирусийн тархалтын байдал улам бүр дордож дэлхийд цар тахал дэгдэж байгаагаас үүдэн тус сан яаралтай санхүүжилтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 100 тэрбум ам. долларт хүргэсэн байна.
Дэлхийн эдийн засаг бараг зогсож, нөхцөл байдал 2008-2009 оны хямралын үеийнхээс хавьгүй дор байдалд орчихлоо гэж ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева мэдээлэл хийх үеэрээ хэллээ.
Тэрээр “Дэлхийн эдийн засаг зогсож байхыг бид ОУВС-гийн түүхэнд хэзээ ч харж байгаагүй юм. Бид бараг л унаж байна” гэж тэр хэлжээ.
Коронавирусийн үр дагаварт хөгжиж буй орнууд бусдаас илүүтэй өртөж байгаа бөгөөд учир нь эдгээр орон эрүүл мэндийн системийн болон эдийн засгийн гэсэн хоёр давхар хямралаас өөрийгөө хамгаалах нөөц багатай юм” гэж Георгиева нэмж дурдсан байна.
“Үнэндээ манай сангийн 75 жилийн түүхэнд яаралтай санхүүжилт шаардагдаж буй орон ийм олон байгаагүй бөгөөд одоо 85 орон нэгэн зэрэг бидэнд хандаад байна” гэж тэр тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан ОУВС 1 их наяд ам. долларын хэмжээтэй өөрийн бүх нөөцөөс ашиглаж, яаралтай санхүүжилтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 50 тэрбумаас 100 тэрбум ам. доллар болгоно гэж тэр хэлсэн байна.
Коронавирусийн цар тахлын нөхцөлд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 2009 оны санхүүгийн хямралын үеийнхээс маш ихээр буурах бөгөөд сэргэлт вирусийн тархалтыг зогсоох хугацаанаас шууд шалтгаална гэж Георгиева түрүүнд нь анхааруулж байсан юм. Дампуурал давалгаа мэт үргэлжилж, ажлын байр цөөрөх нь онцгой аюултай бөгөөд энэ нь эдийн засгийн сэргэх чадварыг дордуулж, нийгмийн үндэс суурийг муутгана гэж тэр хэлжээ.
Цар тахлын үр дагавар дэлхийн эдийн засагт “нэн ноцтой” байх бөгөөд тухайлбал ажил эрхлэлтийн түвшинг өндөр байлгаснаар асуудлыг бага ч гэсэн шийдвэрлэж болно гэж ОУВС тэмдэглэсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ