Төсөвт тодотгол хийхгүйгээр баталсан 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэрээ тайлбарлана уу, Ерөнхий сайд аа?

Монгол Улс энэ цаг үед онц байдал зарласан ч хуулиа дээдлэх ёстой, парламентын хийгээд шүүх засаглалтай Ардчилсан улс гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн баасан гарагт хийсэн коронавирусийн эсрэг авах арга хэмжээний тухай мэдэгдэл нь зарим иргэнд “У.Хүрэлсүх бол ард түмний хайртай аврагч, үндэсний баатар” хэмээх өргөмжлөл, цол гуншин өгмөөр сайхан сонсогдсон байж болох. Тийм хэдий ч Монгол Улсын Үндсэн хуульд “Хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь иргэн бүрийн үндсэн үүрэг” гэсэн бол Татварын ерөнхий хуульд “Татварыг зөвхөн УИХ (парламент) татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан байдаг.
Тэгэхээр зүй тогтлоор нь авч үзвэл, Ерөнхий сайд гэдэг хүн өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлж, түүнийгээ баталж өгөхийг хүсэх ёстой субьект болж байна. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь энэхүү наад захын хуулийн гаргалгааг ил цагаан зөрчиж, сонгууль дөхсөн энэ үед коронавирусийн халдвараар шоу хийн, мөн ард иргэдийн орлогогүй, ядруу байгаа нэн эмзэг үеийг далимдуулан “У.Хүрэлсүх бол Монголын төр” гэж олон түмэнд харагдан, улмаар сонгуулийн оноо авахаар үзэж байна. Хамгийн ноцтой нь Ерөнхий сайд нь УИХ-ын өмнөөс шийдвэр гаргах эрхгүй бөгөөд энэ нь Үндсэн хууль зөрчсөн туйлын хариуцлагагүй мэдэгдэл юм.

Засгийн газар 5 их наяд төгрөг тараах нэрийдлээр 2️.4️
их наяд төгрөг тарааж, талыг нь цавчих уу️

МАН-ын дарга У.Хүрэлсүх эдийн засгийн хямралыг 5️ их наяд төгрөг тарааж давна хэмээн мэдэгдсэн.️

1️. НДШ төлдөг 270 мянган хүнийг 6 сарын хугацаанд шимтгэлээс чөлөөлнө
(Үүнд 1.3 их наяд төгрөг зарцуулна)

2️. Хувь хүний Орлогын албан татвараас 6 сар чөлөөлнө
(Үүнд 500 тэрбум төгрөг зарцуулахаар байна)

3️. 1.6 тэрбумаас доош орлоготой ААН-үүдээс орлогын албан татвар авахгүй
(Угаасаа татвар авдаггүй юмыг татвар авахгүй гэж попорсон)

4️. Үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдийн ажилчдад сар 200 мянган төгрөг олгоно
(Үйл ажиллагаа нь доголдсон гэдгийг ямар шалгуураар тогтоох талаар ямар ч журам алга, ААН-үүдэд энэ талаар ямар ч мэдээлэл өгсөнгүй. Энэ ажилд төсөвлөсөн 300 тэрбум төгрөгийн ихэнхийг МАН-ын гишүүдийн компаниудад очих нь тодорхой байна)

5️. 300 тэрбум төгрөгийн зээл гаргаж, малчдаас ноолуур худалдаж авна
(Манай ноолуурын гол худалдан авагч Итали улсад коронавирусийн тархалт дээд цэгтээ хүрснээс үйлдвэрлэл зогсоод байгаа. Худалдаж авсан ноолуураа боловсруулах экспортод гаргах боломжгүй байна)

6️. Хүүхдийн мөнгийг 30 мянга болгоно
(МАН-ын Засгийн газрын шийдвэрээр бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохыг зогсоосон байгаа. Үүнд зарцуулах 60 тэрбум төгрөг жинхэнэ эзэддээ очих эсэх нь эргэлзээтэй)

7️. Бензиний үнэ 150 төгрөгөөр бууруулна
(Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч, үүнээс ч илүү хямдрах бодит нөхцөл бүрдсэн ч Засгийн газар импортлогчидтой тохиролцсоноор 150 төгрөг л бууруулав)

Энэ бүх ажилд 2️.4️ их наяд төгрөг зарцуулах тооцоо гарч байгаа ч Хүрэлсүх 5️ их наядыг зарцуулна гэж буй

Үүнийг баримтаар харуулъя.

1:

2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөн оны аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд хувийн аж ахуйн нэгж, компаниуд болон хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг НДШ-ээс чөлөөлөх, ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөнд ХАОАТ ногдуулахгүй байх, мөн албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1,5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг ААН-ийн орлогын албан татвараас чөлөөлнө гэж мэдэгдсэн.

Үүний хариу тайлбарыг дараах үндэслэлүүдийг баримтлан хүргэе.
Нэгдүгээрт, Засгийн газрын долоон шийдвэрт ААН-үүд, компаниудыг НДШ-ээс нь чөлөөлөх асуудал багтжээ. Нийгмийн даатгал төлдөг ажилтан, албан хаагчдын цалин хөлс, түүний орлогын албан татвараас нь чөлөөлж байгаа аж. Гэвч үүнд хамрагдахгүй нэг зүйл байгаа нь хувиараа бизнес эрхлэгчид юм. Айл өрхийн 60 орчим хувийг авч явдаг эдийн засгийн нэгээхэн хэсэг бол тэд. Нийгмийн даатгал төлдөггүй, тодорхой хэмжээний татвар хураамж, түрээс төлдөг иргэдийн хувьд хөнгөлөлт байхгүй байна гэдэг нь арга хэмжээ жигд хүрч чадахгүй байгааг харуулж байна. Тухайлбал, лангуу түрээслэгчид, бараа бүтээгдэхүүн худалддаг хүмүүсийн хувьд орхигдож байгаа учраас эдгээр иргэдийг ч мөн хамруулах хэрэгтэй. Ингэж байж нийт хүн амын дунд үүсч буй эдийн засгийн дарамтыг бууруулж чадна. Түүнчлэн цалин, орлогогүй аж ахуй нэгж болон иргэд угаасаа нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татвар төлөхгүй шүү дээ.

2:

COVID-19-ийн тархалт, халдварын эрсдэлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох асуудал байна. Гэтэл энэ хэмжээний мөнгөний зээлийн эх үүсвэр тодорхой биш, мөн Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийхгүйгээр асуудлыг шийднэ гэдэг бараг л боломжгүй зүйл. Халдвар тархаж буйтай холбогдуулан өнөөдөр Төв банкны гадаад валютын нөөц сан хумигдсан байдалтай байгаа. ,

3:

Ноолуур бэлтгэлийн цаг болсонтой холбогдуулан, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгч нарт гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэх асуудал Засгийн газрын өмнө тулгарна. Гэтэл улсын ДНБ-ий 77 хувийг бүрдүүлэгч ЖДҮ эрхлэгч нар луу энэ бодлогыг чиглүүлэх нь хамгийн оновчтой хувилбар гэдгийг эдийн засагчид дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, тэвчиж болох зардлуудын зориулалтыг өөрчлөөд, өмнө жилийн гүйцэтгэл нь дутуу төслүүдийг явуулж болно гэж харагдана. Харин цоо шинээр эхлүүлж буй төслүүдийг бүр орхих хэрэгтэй. Ялангуяа, сумдад соёлын төв, спорт ордон маш ихээр баригдахаар улсын төсөвт суусан байгаа. Эдийн засгийн онцгой нөхцөл байдалтай энэ хямралын үед үүнийг зогсоох л ёстой. Тодруулбал, энэ мэт хэрэггүй төсөлд 900 тэрбумаас 1,2 их наяд төгрөг гаргах тооцоо байгаа. Энэ мөнгийг тэвчиж болох зардал гэж үзэн хөрөнгө оруулалтыг нь хасаад ЖДҮ буюу ажлын байрыг хадгалах, ноос ноолуур луу оруулах ёстой.
Монгол Улс жилдээ 10 мянган тонн ноолуур гаргадаг. Үүний 5000 тонныг экспортод гаргаж, үлдсэнийг нь дотооддоо хэрэглэдэг. Үүнд 600 орчим тэрбум төгрөг гаргаад явах ёстой. Хил хориотой байгаа учраас экспортод гаргадаг ноолуураа төр худалдан аваад хадгалах хэрэгтэй гэсэн санаа. Хадгалж үлдэх 5000 тонн ноолуурыг дотоодын үйлдвэрлэлүүд худалдаж аваад бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд явуулсан нь дээр. Иймд 300 тэрбум төгрөгөө дотоодын үйлдвэрлэгчдэд өгөөд үлдсэн 300 тэрбум төгрөгөөр гадагшаа гарах экспортыг төр өөрийн мөнгөөр худалдан авч, үнийг нь буулгахгүй хадгалах ёстой юм.

4:


Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгох гэдэг дээр энэ бол эн тэргүүнд хийх ёстой ажил биш гэж бодож байна. Хэдийгээр орлогогүй эцэг, эхчүүдийн амьжиргааг дээшлүүлнэ гэж байгаа боловч өнөөдрийн амин чухал, эдийн засагт шууд нөлөө үзүүлэх дэмжлэг болж чадахгүй.

5:

2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас бензин, шатахууныг литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх энэхүү хариу арга хэмжээнд нийт 5,1 их наяд төгрөг шаардагдана хэмээн тооцоолжээ. Тэгвэл нэгдүгээрт, Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ 3-4 дахин унасан, хамгийн багадаа А-92-ийг 1200-1300 болгох бүрэн боломжтой. Энэ хоёр санал Засгийн газрын шийдвэрт багтсан нь сайшаалтай. Саудын Араб, ОХУ-тай үнийн дайн зарласнаар газрын тос 29 ам.долларт хүрч, түүхэн доод хэмжээнд хүрч уналтад ороод байна. Энэ нь манай улсад суурь үнэ өсөхгүй байх боломжийг бүрдүүлнэ. Шатахууны үнэ өсөхгүй байх нь суурь үнэ өсөхгүй байх гол хүчин зүйл. Үнийн өсөлт бий болохгүй байхад тодорхой нөлөөлөл бий болно. Жишээ нь, нефтийн үнэ бүх төрлийн бараа бүтээгдэхүүний суурь үнэ болж өртөгт нь шингэдэг. Тиймээс өртөгт орж байгаа үнийн өсөлт нэмэгдэхгүй байх ач холбогдолтой. Талх, гурил, будаа бүх зүйл шатахууны үнэтэй холбоотой байдаг. Иймд суурь өсөлт бий болохгүй байхад эерэг нөлөө үзүүлэх юм. Шатахууны үнэ цаашид буурах ёстой. Үнийн бодлогоо өндөр хэвээр нь бариад байж болохгүй ээ. Дэлхийн эдийн засагт нефтийн үнэ буурч байгаа тохиолдолд адилхан дагаж бууруулах чиглэлд Засгийн газар ажиллах шаардлагатай байна.

6:

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монгол Улсын төсөвт тодотгол хийхгүй. Гэхдээ 5.1 их наяд төгрөгийн зээл авч эдгээр долоон арга хэмжээг авахаа зарлалаа. Төсвийн тухай хуулийн 34.1.2-т төсвийн орлого, зарлага 1.2 их наядаар хөдлөхөд тодотгол хийх нөхцөл бүрддэг байна. Тэгэхээр хүссэн, эс хүссэн ч Засгийн тодотгол хийх үүрэгтэй. Хэрэв төсвийн тодотгол хийж эдийн засгаа аврах арга хэмжээ авахгүй бол 260000 хүн ажилгүй болж, ипотекийн зээлээ төлж чадахгүй байх бодит аюул нүүрлэнэ. Коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан АНУ ипотекийн зээлээ төлөөгүй бол байрнаас нь хөөхийг хориглосон хууль гаргалаа. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүссэн айл болгоны ипотекийн зээлийн гэрээний үлдсэн хугацааг нэг жилээр сунгаад 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2021 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл төлбөрийг ямар нэг торгууль шимтгэлгүй царцаах арга хэмжээг авах нэн шаардлагатай. Ипотектэй 100000 айл хойшлуулсан төлбөр болох 400 тэрбумаа өөр зүйлд зарцуулах хувилбар нь хамгийн зөв, эдийн засагтаа ч тэр, ард иргэддээ ч тэр өгөөжтэй гаргалгаа юм.

Тэрчлэн Засгийн газар 5.1 их наяд төгрөгийг яаж тооцоолсноо, ямар эх үүсвэрээс шийдэхээ олон нийтэд нээлттэй зарлах хэрэгтэй. Долоон шийдвэртэй харьцуулахад арай өндөр тоо гэдгийг доорх инфографикаас харж болно. Хамгийн гол нь, 5.1 их наяд төгрөг гэхээр төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлага гарчхаж байгаа юм. Төсвийн хоёр их наяд төгрөгийн алдагдал дээр нэмээд долоо гаруй их наяд төгрөгийн алдагдал болгож тооцоод байна уу, эсвэл өөр эх үүсвэр байна уу? Эдийн засгийн шинжээчдийн харж буйгаар төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 3.8 их наяд гэж тооцсон. Тэр дотроо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх нь 1.8 их наяд төгрөг. Улс оронд үүссэн онцгой нөхцөл байдалтай холбогдуулж энэ мэт зардлаа яагаад царцааж болохгүй гэж. Төсөвт тодотгол хийхгүйгээр өөр ямар ч нөөц, боломж харагдахгүй байгаад асуудлын гол нь буй. Өвчлөл, хорио цээрийн хугацаа, эдийн засгийн хүндрэл ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Ийм үед төсөвт тодотгол хийхгүй байх нь эдийн засгийн хувьд зохимжгүй байлтай. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТА хууль дээдлэх ёс, парламентын засаглалыг хүндэтгэн, энэ бүхнийг үл огоорсон шийдвэрүүдээ эргэж нэг харна уу. Ерөөс дарангуйлагч нарын түүх хүн төрөлхтөнд цар тахлаас илүү гай гамшиг, хор хөнөөл авчирсныг олон арван бодит түүх гэрчилдэг юм шүү.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

СЭТГЭГДЭЛ БИЧИХ