Г.Ганзориг: Хиймэл хөл минь надад бэрхшээл биш давуу тал болдог

Энэ удаагийн Монгол “Z” буландаа буудлагын спортын нэгдүгээр зэргийн тамирчин, Ганжаргалын Ганзоригийг онцолж байна. Тэрээр 1999 онд Булган аймагт төрж өссөн залуу үеийн нэгэн төлөөлөл. Аймгийнхаа нэгдүгээр арван жилийг төгссөний дараа МҮИС-ийн аялал жуулчлалын ангид элсэн, одоо гуравдугаар дамжааны оюутан болжээ. Сургуулиа төгсөөд, нутагтаа очиж ажиллах байгаль орчны чиглэлээр ажиллах зорилгоор аялал жуулчлалын ангийг сонгосон гэнэ. Г.Ганзориг есөн настай байхдаа автын ослоор зүүн хөлөө алджээ. Түүний зүүн хөл нь хиймэл. Хиймэл хөл нь түүнд сэтгэлээр унах шалтгаан биш, харин давуу тал болдог гэдгийг ярилцлагын зочин минь онцоллоо.

-Яагаад буудлагын спортоор хичээллэх болсон бэ?

-Манай ээж буудлагын спортын мастер хүн л дээ. Ээжийгээ буудахыг хараад сонирхдог байсан ч тууштай явалгүй орхисон. Жил гарангийн өмнө нутгийн маань ах над руу утсаар ярьж, “чи буудлагын спортоор хичээллээд үзээч” гэж санал тавьсан юм. Надад ч таалагдаж, оролдоод үзье гэж бодоод, шууд л яваад очсон. Одоо би “Аварга” клубын тамирчин. Анх удаа буу барих эвгүй санагдаж байсан ч, удалгүй дасчихсан. Байгаа онох, буугаа зөв барихаас эхлээд сурах зүйл их байсан болохоор идэвхтэй бэлтгэл хийх болсон. Бэлтгэл хийж, тэмцээнд оролцох тусам энэ спортод илүү дуртай болж, амьдралынхаа ихэнх цаг хугацааг зарцуулдаг болсон доо.

-Анхны амжилтаасаа бидэнтэй хуваалцаач?

-Буудлагаар хичээллэж эхэлсэн эхний гурван сардаа хийн буудлагын аварга, клубуудын аварга гэх мэт тэмцээнд оролцож байсан. Том амжилт үзүүлээгүй л дээ. Харин энэ онд Залуучуудын улсын аваргын тэмцээнд ороод найман медаль авсан. Буудлагын тэмцээн нь арав, хорь, тавин метрт, холимог гэх мэт олон төрлөөр болдог. Энэ тэмцээнд орж дөрвөн алт, дөрвөн мөнгөн медаль авсан нь миний анхны амжилт. Түүний дараа АНЭУ-руу Алтан цомын тэмцээнд багаараа явсан. Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрх өгдөг, чансаа өндөртэй тэмцээнд багаараа мөнгөн медаль авсан нь миний том амжилтуудын нэг. Бас миний анхны гадаад улс руу явсан тэмцээн. Хэдхэн хоногийн өмнө Австрали руу дэлхийн аваргын тэмцээнд явчихаад ирлээ. Хүнд бахархаж хэлэхээр том амжилт гаргаагүй: Гэхдээ залуучуудын дэлхийн редордыг шинээр тогтоочихоод ирсэндээ баяртай байна. Энэ тэмцээн минь надад маш том туршлага болж үлдлээ.

-Энэ спортоор хичээллэх нь хүнд ямар давуу тал олгодог юм бэ?

-Миний бодлоор буудлагын спортоор хичээллэх юм бол бусад хүнээс илүү тэвчээртэй болдог. 10 метрийн нэг дасгалыг буудахад тасралтгүй 75 минутын турш зогсдог. Үүнийг хийхийн тулд сэтгэл зүйн бэлтгэл чухал. Өөрийгөө ялан дийлж чадсан хүн спортын амжилт үзүүлдэг гэж би боддог. Өдөр бүр хоёр удаа 2-4 цагийн бэлтгэл хийнэ. Буудлагын спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд бие бялдарын шалгуур өгдөг. Сүүлийн үеийн хүүхдүүд нэг л сулбагар, туниа муутай харагддаг. Биеэ хөгжүүлэхгүй, байнга утсаараа оролддог болохоор тэр байх. Харин буудлагын спортоор хичээллэхийн тулд чанга, чийрэг бие хэрэгтэй. Би хиймэл хөлтэй ч гэсэн эрүүл хүмүүстэй өрсөлддөг. Надтай адилхан энэ спортоор хичээллэж байгаа 10 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн бий. Бүгд эрүүл хүнтэй өрсөлддөг. Зөвхөн бидэнд зориулсан тэмцээн байдаггүй болохоор тэр шүү дээ. Гэхдээ манай буудлагынхан бид нарыг ялгаварлаж, муухай харьцдаггүй.

Би хиймэл хөлтэй болоод 11 жил болж байна. Автын ослоор зүүн хөлөө алдчихсан юм. Хиймэл хөл минь надад бэрхшээл биш илүү давуу тал болдог.

-Г.Ганзориг бол монголын “Z” үеийн нэгэн төлөөлөл. Чиний бодлоор энэ үеийн залуусын гол онцлог юу вэ?

-Одоо цагт бол миний үеийн болон надаас дүү хүүхдүүд бүгд ухаалаг утас хэрэглэж байна. Тийм болохоор орчин үеийн залуус мэдээллийг бусад хүмүүсээс түрүүлж авдаг. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаж, түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөдөг нь манай үеийн залуусын онцлог гэж бодож байна.

HumanZ.mn сайт. МОНГОЛ Z” булан. Сэтгүүлч- М.Баасандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ