С.Баяр: Миний гэх хэрэгт нууц юм байхгүй

Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцлаа.

-Улсын Ерөнхий прокурорт хандаж та нээлттэй захидал бичлээ. “Ил захидал” илгээх таны гэнэтийн шийдвэрийг юу гэж ойлгох вэ. Та аргаа барж, эцэстээ тулж байна уу, эсвэл тэмцлээ дөнгөж эхэлж байгаа нь энэ үү?

-Заавал энэ хоёр туйлын нэг нь байх ёстой юу. Амьд хүн байна даа, аргаа бүр бартал ч зай байх байлгүй. Тэмцлээ эхлэв үү гэж асууж байна уу. Би захиандаа хатуу хөтүү үг оруулж, хараал ерөөл тавиагүй. Бодит үнэнийг л товч, тодорхой дуулгах гэж оролдсон. Прокурортой тэмцэх биш, хуулийн дагуу хийх ёстой ажлынх нь талаар сануулж, санал бодлоо илэрхийлж хандсан.

-Ингэж хандсаны үр дүн гарна гэж та бодож байна уу?

-Бодох юу байх вэ, үр дүн гарсан. Миний асуудалд огт хамаагүй, хөндлөнгийн хүнд би хандаагүй. Тэр асуудалд хяналт тавих эрх, үүрэг бүхий Улсын Ерөнхий прокурорт хандсан.

Ор үндэсгүй худлаа юм бичиж, удирдаж байгаа тэр байгууллагыг нь гүтгэсэн бол тэр маань няцаагдаж би шившиг болох байв. Ор үндэстэй юм бичсэн учраас үр дүн нь гарсан. Захиа илгээснээс хойш хэд хоноод прокурорын байгууллагын удирдлага намайг хүлээж авч уулзсан. Санаа бодлыг маань асуусан, би хэлье гэснээ хэлсэн. Одоохондоо ийм л байна. Алсдаа яахыг нь харж л сууя.

-Таныг эрүүгийн гэмт хэрэг хийсэн гэж ялласан прокурорын тогтоолоо өөрчилсөн, заримыг хэрэгсэхгүй болгож, заримыг нь үлдээсэн гэсэн. Яг юу нь хэрэгсэхгүй болж, юу нь үлдсэн юм бэ?

-Товчхон хэлэхэд, намайг цагдан хорихдоо “гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор нэгдсэн гэмт бүлэг байгуулсан, элссэн... галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн зүйлээр хангасан” гэсэн агуулгатай зүйл ангиар ял тулгасан.

-Тийм, та энэ тухай захиандаа бичсэн байсан ч ойлгогдохгүй юм бас байна. Энэ ямар учиртай зүйл анги юм бэ. Яагаад Оюу толгойн гэрээ, Америкт байгаа долоон хаус гэж байснаа гэнэт галт зэвсэг болоод явчихав?

-Инээдтэй ч, гунигтай ч гэмээр. Энэ зүйл анги бол кинонд гардаг “мафи” гэж байдаг даа, тэрний тухай учраас галт зэвсэг энэ тэр гэж дагалдаад ордог биз.

Арван хоёр жилийн ялтай онц ноцтой гэмт хэрэг. Ийм хүнд ял тулгасан хэрнээ энэ талаараа надаас юу ч асуугаагүй. Тэр “мафийг” хэн байгуулсан, хэн хэн элссэн, ямар ашиг олж, түүнийгээ яаж хуваарилж байсан гэх мэт юм асуумаар даа. Тийм юм огт байгаагүй. Намайг цагдан хорьж 461-д суулгах, сүрийг бадрааж олон нийтийг цочроох үүднээс л ийм ял оноосон бололтой. Гэхдээ энэ ялаа одоо тулгахаа больсон.

-Одоо тэгээд таныг яг юунд буруутгаж байгаа вэ?

-Оюу толгойн гэрээтэй холбон “мафи” байгуулсан гэж тулгасан, гол ял нь бүтэхгүй болмогц “наалтуур” хэрэг гаргаж ирж байгаа санаатай. Тэр “наалтуурынх” нь утга нь, намайг Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Оюу толгой компанид их хэмжээний бензин шатахуун “шахсан”, тэндээсээ хууль бус орлого олсон, тэр мөнгөө угааж Америкт олон байр сав авсан гэх гэмт хэрэгт буруутгаж байгаа. Арай л гэмээр... Яагаад гэвэл, энэ нь хавтаст хэрэгт маань бэлхнээ байгаа олон баримтаар бүрэн няцаагдаж байгаа ял. Ухаандаа би бүр Оюу толгойн гэрээ сураггүй байх үеэс, Ерөнхий сайд болохоосоо хэдэн жилийн өмнө авлига аваад, Америкт байр савтай болоод, мөнгө угаагаад эхэлсэн гэх агуулгатай ял. Би захиандаа энэ талаар тодорхой бичсэн дээ уг нь.

-Та захиандаа миний гэх асуудал эхнээсээ л эрх зүйн гэхээсээ, улс төрийн өнгө аястай асуудал байсан гээд хэд хэдэн жишээ дурдсан. Мөн “Хэрэг явдлын гол зорилго нь үнэнд хүрэх биш, харин ч үнэнээс төөрүүлэх санаархал байсан юм биш биз гэх бодол төрсөөр удлаа” гэж бичсэн байсан. Энэ санаагаа арай дэлгэрүүлээд тайлбарлаад өгөөч. Таныхаар бол үнэн нь яг юу юм?

-Би сая хэлсэн. Намайг бүр эхнээсээ л ямар нэгэн аргаар Оюу толгойн гэрээтэй хамт буруутгах гэж оролдсоор ирсэн. Нэг арга нь мухардахаар өөр аргаар Оюу толгойтой заавал холбож яллах гээд л. Намайг гэхээсээ Оюу толгойн төслийг яаж ийж байгаад харлуулах гээд. Оюу толгойн төсөл гэдэг маань юу билээ. Дотоод, гадаадын олон субьектийн улс төр, эдийн засгийн эрх ашгийг хөндсөн, одоо ч хөндсөөр байгаа мега-төсөл юм. Оюу толгойн төсөл зөв буруу гээд улстөржсөн хэрүүл маргаан бид олон жил хийв. Асуудлыг сайн мэдэхгүйн улмаас маргасан, мэдэн будилж хэрүүл өдсөн юм бий. Гэхдээ энэ бол дотоодод өрнөсөн үйл явц. Гадаад талаас нь харвал Оюу толгойн төсөл манай улсын геополитик болон геоэкономик байдлыг бүхэлд нь өөрчилсөн. Монгол Улс “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” арай биш болсон. Гуравдахь хөршийн бодлого бодитоор хэрэгжиж улсынхаа аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар хангах нэг чухал хөшүүрэг нэмэгдсэн. Үнэн яг юу юм гэж чи асуулаа. Уянгын халилгүй хэлэх үнэн бол энэ л юм. Тэгээд бод л доо.

-Та ил захидалдаа “хэргийг шалгах хугацаанд АТГ, прокурорын байгууллагад хандаж нийтдээ 14 удаагийн хүсэлт, гомдол гаргасан” гэсэн байсан. Тэгж олон удаа хандаад байх ямар учир шалтгаан байсан юм бэ?

-Учир шалтгаан байсан учраас л хандсан. Ихэнх нь мөрдөн шалгах ажиллагааны явцтай холбоотой. Тэр бүхнийг ярина гэвэл урт удаан юм болно. Ганц жишээ хэлье. Манай Засгийн газрын 2009 онд үзэглэсэн Оюу толгойн гэрээг “Хууль тогтоомж зөрчсөн, улсад хохирол учруулсан” гэж шинжээчдийн нэг баг дүгнэсэн юм билээ. Хавтаст хэрэгт байсан тэр дүгнэлт нь яагаад ч юм гадуур тарж, зарим улстөрч үүн дээр нь яаран дөрөөлж “тоглолт” хийх гэж оролдон, оргүй юман дээр “халтирч” шараа болж байсныг санаж байгаа биз дээ. Учир нь, нэр бүхий таван хүнээс бүрдсэн “шинжээчдийн” гэх энэ баг ийм дүгнэлт хийхдээ илэрхий олон алдаа гаргаж, эрх мэдлээ арай дэндүү хэтрүүлсэн байсан.

-Яаж хэтрүүлсэн гэж?

-Жишээ нь, Засгийн газрын байгуулсан гэрээ мэт баримтын талаар албан ёсны дүгнэлт гаргахдаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг ягштал баримтлах ёстой. Гэтэл тэр “шинжээчид” хуулиа баримтлах биш, хүчин төгөлдөр хуулийн заалтыг үгүйсгэн буруутгах, бүр цаашлаад хуулийн тодорхой зүйл, заалтад үг үсэг нэмэх хасах байдлаар “дураараа аашилсан” байдаг. Эсвэл Оюу толгойн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр болоогүй байсан зүйл, заалтыг эш үндэс болгон Засгийн газрыг буруутгаж ч байх шиг. Харамсалтай нь иймэрхүү бүдүүлэг алдаа цөөнгүй гаргасан байсан.

-Тэгээд яасан бэ?

-Дээрх олон алдааг нь тэмдэглэн заагаад АТГ болон прокурорын байгууллагад санал хүсэлтээ бид хүргүүлсэн. Тэр хүсэлтэндээ Оюу толгойн гэрээний талаар аль нэгэн хүн, хүчин, байгууллагын явцуу эрх ашиг тусгаагүй дүгнэлт шинээр гаргуулах шаардлагатайг дурдсан. Аль эсвэл хуулинд заасны дагуу дээрх “шинжээч” нараас гаргасан дүгнэлтийнх нь талаар албан ёсны тайлбар, тодруулга авах санал тавьсан.

-Таны саналыг прокурор тэгээд хүлээн аваагүй юм уу?

-Зөвхөн тэр саналыг ч биш, өөр бусад олон санал, хүсэлт, гомдлыг маань хүлээж аваагүй учраас би дээд шатны удирдлага нь болох Ерөнхий прокурорт хандсан санаатай. Дашрамд хэлэхэд, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахдаа нийт дөрвөн баг шинжээч томилоод Оюу толгойн гэрээний талаар дүгнэлт гаргуулсан юм билээ. Би хэргийн материалтай танилцаж байхдаа энэ талаар мэдсэн. Дээрх “шинжээчдийг” эс тооцвол бусад гурван баг шинжээчид нь Оюу толгойн гэрээний талаар “хууль зөрчсөн, улсад хохирол учруулсан” гэх ямар нэгэн сөрөг дүгнэлт гаргаагүй байсан. Гэтэл тэр гурван дүгнэлтийг нь ор тас орхиод, буруутгасан ганцыг нь эш үндэс болгоод, яллаад байлаа. Энэ нь яллагдагч болсон мань мэтэд ч, улсад ч хохиролтой.

-Таны тухайд бол ойлгомжтой, харин улс яаж хохирно гэж?

-“Шинжээчдийн” буруу ташаа дүгнэлтийг эш үндэс болговол прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэр ч буруу ташаа гарна. Тэгвэл Оюу толгойн гэрээг үзэглэсэн Засгийн газрын тэргүүн миний бие болон энэ гэрээний төслийг боловсруулж, гарын үсэг зурсан Засгийн газрын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт ч гэлээ хилс хэргээр яллагдан хохирно. Цаашилбал, үүнтэй харьцуулшгүй илүү том хохирол гарч мэдэх юм. Учир нь дээрх “шинжээчдийн” дүгнэлтийг эш үндэс болгосон шүүхийн шийдвэр гарвал хөрөнгө оруулагч тал их хэмжээний татвар цаашдаа дутуу төлөөд явах эрх зүйн буруу үндэс бий болно. Яагаад гэвэл, шүүхийн шийдвэр бол эрх зүйн болон аж ахуйн аливаа хэрэг, маргааныг эцэслэсэн эрх зүйн баримт юм. (Энэ талаар Сангийн сайд асан С.Баярцогтын эмхэтгэн гаргасан товхимолд дэлгэрэнгүй дурдсан байгаа). Оюу толгой төслөөс Монголын талын хүртэх үр ашиг үлэмж буурч болзошгүй учраас АТГ болон прокурорын байгууллага, ҮАБЗ-д энэ талаар бид сануулсан. Тэд үүнийг анхааралдаа авсан биз гэж найдаж байна.

-Сонин цаг үе юм. Монгол Улсын хэд хэдэн Ерөнхий сайд нарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад, мөрдөнд суулгаад, одоо хэргийг нь шүүхэд шилжүүлж байна. Ийм цаг үе манай түүхэнд байсан уу. 1930-аад онд олон Ерөнхий сайд, том дарга, сайд нарын толгойг залгисан хэлмэгдүүлэлтийг санагдуулж байна гэж зарим хүн ярьж байна. Таны бодол юу вэ?

-Арай ч ийм хүнд ноцтой харьцуулалт, дүгнэлт хиймгүй байна. Ямар ч байсан яг одоо нэгд, асуудал дөнгөж одоо л Шүүхийн шатанд очиж байгаа учраас шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна. Хоёрт, цаг үе, орчин нөхцөл нь огт өөр болсон. Бид Коминтерний үеийн хаалттай Монголд биш, чөлөөт ардчилсан, нээлттэй Монголд аж төрж байна. Гуравт, 1930-аад онд хэлмэгдсэн нь манайх ч, хэлмэгдүүлсэн тал нь гадных байв. Одоо гадны ил тийм хүч алга байх шиг.

-Ерөнхий сайд асан М.Энхсайхан өөрт нь үүсгэсэн эрүүгийн хэрэгтэй холбоотой бүх зүйлээ нээлттэй байлгана гэж хэлсэн. Өөрийг нь мөрдөн шалгасан байцаагч, хяналт тавьсан прокурор, шүүсэн шүүгч гээд бүх хүмүүсийг нэртэй устай нь ил гаргаж, нийтлэлээ олны хүртээл болгоно гэсэн. Та ч гэсэн тэгнэ биз дээ. Энэ нь таны хамгаалалт болох юм биш үү?

-Миний гэх “хэрэгт” нууц юм байхгүй. Бүх зүйл ил тодорхой. Энэ асуудлын явц, үр дүн, шүүхийн шийдвэр гээд тэртэй тэргүй л олны хүртээл болох биз. Яагаад гэвэл, миний, бидний гэх энэ “хэрэг” хэд хэдэн онцлогтой. Нэгд, энэ нь“Оюу толгой” гэх энэ зууны том төсөл, сэдэвтэй холбоотой. Тийм учраас олны анхаарлын төвд олон жил байсаар ирсэн, цаашдаа ч тийм байна. Хоёрт, хэрэг хуучирдаггүй гэдэг. Энэ бол улсын Ерөнхий сайд байсан хүнийг яллаж байгаа хэрэг учраас олны анхаарал хандаастай л байна. Жишээ нь, би гэм буруутай хэрнээ ямар нэгэн аргаар ял завшсан байх, эсвэл гэм буруугүй хэрнээ хилс хэргээр ял авсан байх аль ч тохиолдолд энэ нь алсын үр дагавартай юм болно. Хэргийг шийдсэн, хэргээ шийдүүлсэн гэх хоёр талд хоёуланд нь. Тэгээд ч би хэдэн жил гүтгүүлэн доромжлуулж, эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагч, одоо шүүгдэгч болж байгаагийнхаа хувьд ёроолд нь тултал сайн шалгуулж аваад энэ асуудлаа дуусгана гэсэн бодолтой яваа. Ийм байна. Одоо энэ асуудлаар өөр юм яримааргүй байна. Байдлыг харзная.

-За тэгвэл сэдвээ өөрчилье. Сонгууль ойртоод улс төрийн нам, эвслүүд цалинг гурав, таван сая болгох, зээлийн хүүг нэг хувь болгох, орон сууцтай болгоно гэсэн амлалт хэлсэн. Улс төрийн хүчнүүдийн өгч байгаа амлалтууд нь эдийн засгийг савлуулах, сонгуулийн саналыг худалдаж авах арга гэж үзэж байгаа хэсэг байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Сонгууль, сонгуулийн амлалтын тухай би телевизийн мэдээ, түйтэрийн жиргээний хэмжээнд л мэдээлэлтэй байгаа. Тэгэхдээ ерөнхий нэг сэтгэгдэл үлдсэн. Том жижиг гэлтгүй бүх л нам корона-вирусгүй орчинд амьдарч байгаа юм шиг, энэ цар тахал нь бидний болон дэлхийн өнөөдөр, маргаашд урьд өмнө байгаагүй сөрөг нөлөө үзүүлэхгүй юм шиг загнажээ гэж санасан. Гэхдээ нөгөө талаас нь бодвол, сонгууль дөхөж байхад зөвхөн Ко-вирусийн “кризис менежмэнт” л яриад байх нь хаашаа юм. Сонгууль л юм хойно нэг юм амлахаас өөр аргагүй байгаа биз. Тэр нь хэр бодитой, эдийн засгийн үндэстэй вэ гэдэг л байна. Үндэсний аудитын газар хянаж байгаа биз.

-Тантай санал нэг байна. Коронавирусээс шалтгаалж дэлхийн болон манай улсын эдийн засаг хүнд байдалд орж, даруй арга хэмжээ авах шаардлагатай талаар улстөрчид, эдийн засагчид яриад, маргаад эхэллээ. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд нэн тэргүүнд төрөөс тодорхой ямар арга хэмжээ авах ёстой вэ. Та тодорхой санал хэлээч...

-Иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг онцлох уу, улсынхаа эдийн засгийн аюулгүй байдал, ирээдүйг онцлох уу гэж нийгмийн сүлжээнд маргаад байх шиг. Миний бодлоор бол “алийг нь вэ” гэх сонголт байхгүй. Аль алиныг нь адил харж хандах ёстой. Дэлхийн улс орнуудыг харж байхад “Цар тахлын сан” байгуулаад ДНБ-нийхээ 25 хувь хүртэлх мөнгө тэндээ хуримтлуулаад эхлэв. Манай нөхцөлд энэ нь дор хаяж 5-6 их наяд төгрөг гэсэн үг. Энэ их мөнгийг хаанаас гаргах, олох юм. Зардлаа байдгаар нь танах, хаанаас ч хамаагүй мөнгө босгох хэрэгтэй болж байна. Гэхдээ миний энэ үг бол ерөнхий л яриа. Яг яах ёстой гэдгийг би тодорхой хэлж мэдэхгүй. Тодорхой санал хэлэхийн тулд тодорхой мэдээлэлтэй байх ёстой. Надад тэр нь алга. Ерөнхий юм яриад яах юм. Шийдвэр гаргагчдад ерөнхий зөвлөгөө шиг хэрэггүй юм байдаггүй.

-Манай төр засаг корона-вирусийн эсрэг авч байгаа арга хэмжээг та хангалттай гэж үзэж байна уу?

-ҮАБЗ, Засгийн газар, Улсын онцгой комисс, ЭМЯ, ОБЕГ, ЦЕГ гээд олон байгууллага, олон хүн хоёр сар гаруй хар чадлаараа л зүтгэж байна. Тэрний үр дүн ч гарч байна. Галт уулын яг бэлд нь байгаа айл гэхэд бид одоохондоо харьцангуй гайгүй л явна. Аливааг харьцуулж байж дүгнэдэг. ДЭМБ хүртэл манай төр засгийг онцлоод, дэлхийгээр нэг магтаад байсан. Гэтэл хашир туршлагатай, бэл бэнчинтэй гэх АНУ, Европын зарим орон эхнээсээ цаг алдаж, одоо тун ч хэцүүхэн байх шиг. Саяхнаас л сандарцгааж “Дэлхийн II дайнаас хойш үзээгүй том гамшиг нүүрлэв” гэх том мэдэгдэл хийгээд л, хөл хатуу хорих, хилээ таг хаах арга хэмжээ авлаа. Хөрш зэргэлдээ ОХУ-д л гэхэд сарын дараа болох ёстой байсан бүх нийтийн санал асуулгаа хойшлуулж, эдийн засгаа, иргэдийнхээ орлогыг хамгаалах онцгой арга хэмжээ аваад эхэллээ.

-Коронавирусээс болж сонгууль хойшлох болов уу. Энэ үеийн улс төрийн сонгуулийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Сонгууль хойшлох эсэхийг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Цар тахлын өрнөл тархалт, хүн амд учирч болзошгүй эрсдэлээс л бүх юм хамаарна. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу хийгдэх ёстой. Эмч мэргэжилтнүүд саналаа хэлж, төр засаг онц байдал тогтоох эсэх шийдвэрээ гаргаж байж л сонгууль хойшилно. Сонгууль хойшлох нь хүсээд байх юм биш. Үндсэн хууль болон бусад олон хуулийн зохицуулалт гацна гэсэн үг. Гэхдээ цар тахлын аюул одоогийн Итали, Испанийн хэмжээнд хүрвэл “тахлын үед найрлах” гэдэг шиг юун сонгууль монгууль манатай болно. Нөгөөтэйгүүр, хүссэн ч, эс хүссэн ч аль ч сонгууль талцал дагуулдаг. Цар тахлын аюул бүр нөмрөөд ирвэл тийм талцал шиг хэрэггүй юм байхгүй. Бид нийтээрээ, нэгдсэн хүчээрээ л тэр аюулыг давж чадна.

-Та олон сонгуульд оролцож, халуун тогоонд нь ажиллаж явсан хүн. Сонгууль хойшиллоо гэхэд улс төрийн аль хүчинд ашигтай байх вэ. Танд нэг багцаа байгаа байх...

-Мэдэхгүй. Хийх ёстой ажлаа хийсэн гэж сонгогчид үзвэл эрх баригчдад ашигтай л буух байх. Ажлаа хийж чадаагүй гэж үзвэл ашиггүй. Сонгууль хойшилсон нөхцөлд бүх юм өөр болно. Төр засаг сайн муу ажилласан гэж дүгнэхдээ сүүлийн дөрвөн жил гэхээсээ, сүүлийн дөрвөн сарыг л онцгойлон үзэх биз. Сөрөг хүчнийг ч мөн адил. Зөв зүйтэй чигт зүтгэв үү, эсвэл цар тахал далимдуулж улстөржив үү гэдгээр нь л дүгнэх байх. Нийгмийн хандлага, сэтгэлгээ нь эгзэгтэй ийм үед үлэмж хувирамтгай байдгийг хүний, өөрийн жишээн дээрээс харж болно. Тэгээд ч Монголын сонгогчид нэг сонин онцлогтой. Олон сонгуулиар энэ нь ажиглагдсан. Урсгал мэдээллээс дэндүү хол, улс төр сонирхоогүй мэт явж байснаа, яг сонгуулиа өгөхдөө торгон мэдрэмжтэй, хоорондоо тохирчихсон мэт нэгдмэл нэгэн хандлага гаргадаг тийм онцлогтой. Тиймээс наана нь хий хоосон “Вангаадаад” нэмэргүй юм билээ.

-Эцэст нь ганцхан асуулт асууя. Та долдугаар сарын 1-ний тухай ном бичиж байгаа. Энэ ном хэзээ гарах бол. Аль нэг хэсгээс сонирхуулж болох уу?

-Номоо бол бичээд ерөнхийдөө дууссан. Гэхдээ түүхэн баримтат ном учраас албан ёсны тоо, баримт, оролцогч, гэрч нарын үнэн бодит сэтгэгдэл дурсамж дээр тулгуурласан байх ёстой. Гэтэл эдгээр баримтын зарим нь нууцын зэрэгтэй. Нууцаас нь гаргах талаар ярьсан, хөөцөлдсөн ч бүтэмж муутай л байна. Тэрнийг нь хасаад гаргана гэхээр “Бүрэн зураглал” биш болно. Учраа олохгүй л сууж байна. Би энэ номыг бичихдээ өөрийгөө зөвтгөж, өрөөлийг буруутгах зорилго огт тавиагүй. Тэр өдөр яг юу болсон, хэн хэн юу хийсэн, төр засаг, улс төрийн нам хөдөлгөөн, хууль хүчнийхэн, сэтгүүлч сурвалжлагч нар, үймээнд оролцсон иргэд гээд тэр олон хүн чухам яасан гэдгийг баримтаар тусган харуулах гэсэн юм. Ингэсний үр дүнд “7 сарын 1” шиг ийм юм дахин гаргахгүй байх, гай болж дахин гарлаа гэхэд хаа хаанаа ойлголт мэдээлэлтэй, сургамж авсан байдалтай байлгахаар бодсон санаатай.

-Танаас өөр хэдэн асуулт асууя гэж бодож ирсэн боловч та олон сэдвийг хольж хутгаад хэрэггүй гэсэн. Тэр хэдэн сэдвээр тантай дараа ярилцана шүү...

-Чи надаас “стратегийн бодлого” гэж юу вэ, манайд тэр нь бий юү, гадаад орнуудад ямар байдаг вэ гэж сонирхсон. Мөн Оюу толгой, Таван толгой, ураны төсөл зэрэг асуудал шийдэх гэж байх үеийн гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдлын онцлог, энэ үед миний бодож байсан бодол, олсон ололт, гаргасан алдаа юу байв гээд сонирхолтой асуудлууд хөндсөн. Энэ бол тус тусдаа том сэдвүүд. Дараа жич ярилцаж болно.

dnn.mn Б.НОМИН-ЭРДЭНЭ


СЭТГЭГДЭЛ БИЧИХ