Д.Түмэн-Өлзий: Арай цөөхөн малтай парламентыг зөвхөн “Z” үеийнхэн сонгож чадна

HumanZ.mn сайтын онцлох булангуудын нэг бол “GenZ ба БИ”. Энэхүү буланд “Y”, “Х” үеийн төлөөлөл болсон хүмүүс “Z” үеийнхний тухай ярих болно. Энэ булангийн анхны зочноор “BSP” компанийн үүсгэн байгуулагч, нийтлэлч Долгорын Түмэн-Өлзийг урьлаа. Түүнийг цахим орчинд уншигчид “Артгаа” нэрээр нь илүү мэдэх байх. Хошин үгтэй ишлэл, шогоор илэрхийлсэн шүүмж, хатуухан бичсэн нийтлэл нь түүний үзэл бодол, хандлагыг илэрхийлнэ.

- Таныг 18 настай байх үед манай нийгэм, хүмүүсийн хандлага ямар байв даа?

-Миний 18 нас 1996 он юм байна. Яг л “Z” үеийнхэн мэндэлж байж. Тухайн үед манай нийгэм ид шилжилтийн үедээ байсан. Нэгийгээ чирсэн, нэг нь бусдаас ялгарах гэхээр буцааж авчирч адилхан болгодог “хамт олонч” байдал дөнгөж өөрчлөгдөж байв. Жишээ нь, томчуудаас нуугдаж тамхи татаж байгаад баригдвал чихдүүлээд гэртээ ордог байлаа. Тэгээд нэмж гөвшүүлэх ч юм болно. Харин өнөөдөр манай хүүхдийг тамхи татаж байхад нь нэг хүн алгадаж уйлуулаад, аваад ороод ирвэл би өөрийг нь цагдаад өгнө. Тэр хүний бодол зөв. Гэхдээ хандлага нь тэнэг байгаа биз дээ. Тэгээд ч өнөөдөр тийм хүн манай нийгэмд байхгүй байх, нийгэм их өөрчлөгдсөн.

-Тухайн үед та олны танил ямар хүнийг үлгэрлэн дуурайдаг байсан бэ?           

-Өнөөдөр сошиал мэдиагийн ачаар хэн ч хэний ч үлгэр дуурайл болох боломжтой болж. Миний бага байх үед зурагтаар гардаг урлаг спортынхноо л мэддэг байлаа. Шараваа ах, Жамьянпүрэв начин гэх мэт ....

-Сар хүрэхгүй хугацааны өмнө “Iphone 11” худалдаанд гарлаа. Зарим залуус талх шиг авч, харин ихэнх нь ийм утастай болохыг мөрөөдөж байна гэхэд буруудахгүй. Харин та 20 настай байхдаа юу авахыг хамгийн ихээр хүсдэг байв?

-Ямар ч байсан гар утас бүтэшгүй зүйл байв. Мангар үнэтэй. Нэг минут ярих тариф нь хүртэл 250 төгрөг. Хорин жилийн өмнөх 250 төгрөг гэдэг тоглоом биш байгаа биз. Машин бол бүр саналтгүй. Харин ойрын хүсэл төлөвлөгөө гэвэл зөөгчийн ажил олдох болуу гэх, дараа нь оюутан болчихоод надаар зураг зуруулах, тоо бодуулах хүүхдүүд байгаа болуу гэсэн зүйлд л эргэлддэг байж. Тухайн үед мэдээлэл тааруухан болохоор гадаад сургуулийн тэтгэлэг энэ тэрийг ч сураг дуулснаас цаашгүй. Урсгалаа дагаад л явдаг байсан байна.

-Монголын “Z” үеийн залуусын хамгийн сайн болон сул талыг та юу гэж хардаг вэ?           

-Хамгийн гол давуу тал нь манай үеийнхэн шиг уянгалдаггүй. Би энийг ихэд олзуурхдаг. Манайхан болон манайхаас дээшээх үеүд чинь зөвтгөх ч аргагүй, буруутгаж ч болохгүй балай юм их ярьдаг. Монгол тулгатны 100 эрхэмдээ бүр ороогдоод хордчихсон. Шүлэглээд л, нулимсаа арчаад л. Нийгэм болон хувь хүний хөгжилд огт хэрэггүй, харин ч хордуулах увдистай энэ маанагралыг “Z” үеийнхэн зогсоож чадах байх. Юманд бодитой хандана, хэрэггүй бол хаяна, хэрэгтэй бол авна. Энэ л тэднийг алтаар үнэлэх гол чанар болоод байна.

Харин сул тал нь гэвэл хэтэрхий залуу насыг нь л хэлэх болов уу даа. Мэдээж залуу нас өөрөө олон дутагдалтай байдаг. Хүнээс үг сонсох, ачаалал даахаас эхлээд долоо хэмжиж нэг огтлох сонголт амьдрал дээр олон таарна. Гэхдээ миний хамгийн чухалчилж захих нэг л зүйл бий. Хүсээгүй жирэмслэлтээс л сэргийлээд сурчхаасай. Анх танилцаад удаагүй байж “за яадаг юм гээд гэрлэчихнэ, хоёр гурван жил хэрэлдэж байгаад салдаг. Гэр бүл салалт арай л хэтэрч байна.

-Ажил олгогчдын дунд сүүлийн үеийн хүүхдүүд хариуцлагагүй, залхуу гэх шүүмж их. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Бид нар өөрсдөө бага, залуу байхдаа ах нарын зараалаар дэлгүүр гүйж, илүү цаг ажиллаж, ямар ч төлөвлөөгүй гэнэтийн ажлыг хэл амгүй хүлээж авдаг байлаа. Одоо тэр цаг өнгөрсөн шүү. Тийм байж таарахгүй. Мэдээж зохицуулах чадвар үргэлж чухал, өндрөөр үнэлэгдэх чанар мөн. Гэхдээ яралзтал төлөвлөж чаддаг байх нь түүнээс чухал шүү дээ.

Одоогийн залуус хий гэж хэлээгүй ажил гэнэт даалгах, хажуугийн гуанз руу гүйгээд ир гэхэд гайхаж байхыг би хэд хэдэн удаа анзаарлаа. Нүүрэн дээр шууд хэлэхээс эхлээд ямар нэг үйлдлээрээ дургүйцлээ илэрхийлдэг. Үүнийг нь хэдэн хөгшин гарууд “одооны бацаан нар залхуу, эх захгүй” гэж шүүмжилдэг. За мэдээж зарим дутагдалтай хүүхдүүд байлгүй л яахав. Тэрнээс биш бүх л бүтэн нэг үе ташраараа залхуу, юу ч чадахгүй байна гэж байхгүй.

- “Y” үеийнхэн ажлын байр сонгох тал дээр онцгой ач холбогдол өгдөг юм шиг ажиглагддаг. Яагаад юм бол?

-Ер нь хүүхдийг хэн нэгнээс айдаг болгож, өөрийнхөөрөө байхыг нь хорьж болохгүй л дээ. “Бага байхдаа том хүнээс айдаг байлаа, даруулгатай байлаа” гэж манай үеийнхэн их л бахархаж ярьдаг. Энэ бол бахархаж ярих зүйл биш. Хүн ирэхээр л эвгүйрхээд, хувцсаа янзалж, төв царай гаргадаг сонин үзэгдэл манай үеийнхнээр дуусах байх. “Энэ намайг юу гэх бол” гэсэн бодол манай нийгмийг сүйрүүлж байна. Хамаатнууд, ангийнхан, найзуудаасаа санаа зовсондоо болоод бүгдээрээ ямар нэг дарга, эсвэл зангиа костюмтай ажил хийхийг хүсдэг. Үүнээс болоод гар хөлөө хөдөлгөж хөдөлмөрлөх талбар хүчгүйдээд байна.

Энэ нь өөрөө нийгэм дэх хөдөлмөрийн орчин, хөдөлмөрлөх хүчнийг тэр чигт нь бусниулж байна. Манай улс үй олон таксичидтай болсон тийм үү. Ид хийж бүтээх насны хүмүүс 40, 50 мянгаараа такси гэх зүйлээр голоо зогоогоод явж байна шд. Шалтгаан нь дээрээ даргагүй, дуртай бол хийж, дургүй хүрэхээрээ больж болдог сайхан ажил. Гэхдээ энд ямар ч үр дүн, ахиц дэвшил байхгүй. Жилийн дараа, таван жилийн дараа машин нь л улам муудна уу гэхээс дараа үеийн “таксист” болох гэх мэт дэвшил байхгүй шүү дээ. Энэ бол “Y” үеийн хүмүүст байгаа, нэн түрүүнд салах ёстой хоцрогдсон хандлагаас үүдэн бий болж асуудлуудын ердөө нэг тал нь. Ийм хандлага бидний үеэр дуусч, бусдаас хамааралгүй, өөрийн гэсэн үзэл бодолтой “GenZ” үеийнхэн 25,35,45 нас хүрээд, эрх мэдэл болон хөдөлмөр, мэдлэгийн фронтыг бүрдүүлж эхлэхээр манай нийгэм арай өөр болно гэж хардаг.

-Анх интернет ашиглаж эхлээд голдуу юу хийдэг байв?  

-Анх 27 настай байхдаа сошиалд нийтлэл бичиж эхэлсэн. Блог талбар дээр тавина, хүмүүс уншина. Тухайн үедээ бас л “моод”-ны бичиглэгч байлаа. Уншигчийн хандалт өдөр ирэх тусам улам нэмэгдээд л. Яг л одоогийн “сошиал од” залуус шиг байсан гэхэд худлаа гэх хүн гарахгүй. Одоо ч контентийн хэлбэр өөрчлөгдөөд, яриа хуучраад, хандлага хоцрогджээ. Гэхдээ өнөөдөр фэйсбүүк, твиттер дээр миний арваад жилийн өмнө зохиосон богино шог ярианууд явж л байдаг. Бодвол манай үеийнхэн л явуулдаг юм болов уу.

Үе болгон өөрсдийн гэсэн хэлтэй байдаг. Жишээ нь, би өөрөөсөө 15, зарим нь 20 дүү насны хүмүүсийг ажилд авсан. Ажиллахад хүндрэл бэрхшээл байхгүй. Гэхдээ ажлын зав чөлөөгөөрөө маазрах боломж хомс. Ярианы өнцөг, нюанс таарахгүй байна шүү дээ. Тэдний ба бидний инээд хүрэх юмс өөр. Сонсдог дуу хөгжмөөс эхлээд танилын хүрээ минь хүртэл тэс өөр байна. Гэхдээ би тэдэнтэй ойлголцохыг үргэлж хичээж байгаа. Би саяхан өөртөө итгэлтэйгээр дахин инстаграмм руугаа орсон. Тик токоо хөгжүүлье гэж бодож байгаа. Мэдээж би шууд хүнд хүрсэн контент хийж чадахгүй л байх. “Z”-үүдээсээ л суралцана даа.

-Хэрэв “Артгаа” 2019 онд 20 настай байсан бол юу хийх байсан бэ?    

-Магадгүй би гайгүй контент бүтээгч залуу байж магадгүй. Тэрийгээ хөгжүүлээд, хүний анхааралд өртүүлээд, зараад явах байх. Бас өөрийнхөө хамгийн их хүндэлдэг хүн дээрээ очоод “таны дэргэд үнэгүй, ямар ч цалингүй ажилламаар” байна гэх байсан. Тэр хүнээсээ суралцаад авахыг хичээнэ.

Мөн үеийнхнээ зөв хандлагад уриалагч болохыг хүсэх байх. Би одоо нийтлэлдээ оруулж бариад, эсвэл фэйсбүүк, твиттер гэх мэтээр чадах хэрээрээ л нийгмийн эрүүл хэв маяг, харилцааны хэвийн хэм хэмжээний тухай ярьсаар байгаа. Ер нь эрүүл нийгмийн хэм хэмжээнд бүгдээрээ суралцчихвал, манай улс дорхноо хөгжинө дөө. Үүнийг бүр цэцэрлэгээс нь эхлэх ёстой юм. Даанч зааж сургах хүмүүс өөрсдөө манай гажиг нийгмийн хэмжээсээр бүхнийг харах нь олонтаа.

-Бидний өмнөх үеийн төлөөллийн хувьд “Z” үеийн залууст хандаж найрсаг зөвлөгөө өгөөч?

-Хамгийн түрүүнд манай залуус өөрсдийгөө “Z” гэдэг нэртэй үед төрж өссөн гэдгээ мэдэх хэрэгтэй. Асар их оюуны бөгөөд хөдөлмөрийн чадамжтай гэдгээ ойлгох ёстой. Хүн төрөлхтний бүхий л түүхэнд залуу үе байсаар ирсэн боловч яг одоогийнх шиг залуу үе байгаагүй гэж би боддог. Хэмжээ хязгааргүй сошиал ертөнц, сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмж, мэдээллийн дунд өсч байгаа байгаа хүүхдүүд учраас нийгмийнхээ хэм хэмжээг сайн мэддэг. Жишээ нь, танихгүй хүнд гар хүрч болохгүй. Хүний халаас ухаж байгаа хүнийг цохиод авч болохгүй. Харин барьж аваад цагдаад өгвөл хүнд тус болно. Шөнө хүний гар утас руу залгаж болохгүй. Хүнээс мөнгө зээлэх гэдэг нь өөрөө асар их хариуцлага, нэр төрөө дэнчин тавьдаг хамгийн эмзэг харилцааны нэг. Дараалал дайрдаггүй. Хүн АМТ-аас мөнгө авч байхад араас нь шагайдаггүй. Энэ бүх нийгмийн энгийн харилцааг мэдэрч өсч буй хүмүүс бол “Z” үеийнхэн. Бас гуч гарч яваа насны залуус эдгээрийг мэддэг байж магадгүй. Тэрнээс дээш насныхан эдгээр наад захын соёлд суралцаагүй өнгөрсөн үе шүү дээ.

Мэдээж өөрийн амьдралаа үлгэр жишээ авч явах нь та нарын үүрэг. Мөн эх орноороо бахархаж, түүхээсээ суралцах хэрэгтэй. Эх орноо харж, ажиглахад бүх зүйлд нь хайр хүрдэг юм шүү. Гэхдээ цээжээ дэлдэж, согтуу галзуу юм шиг хашхирахаас илүү хувийн амьдрал, бизнес, боловсролдоо анхаарч хөгжүүлэх нь шилдэг эх оронч үйлдэл гэдгийг ойлгоорой. Мэдээж цаг нь ирэхээр улстөр, улстөрчдийн тухай ярьдаг, саналаа хэлэхтэйгээ болж төлөвшинө. Тэрний наана сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Заавал сонгуульд саналаа өгч сураасай гэж хүсч байна. Манайхан энэ мал гишүүн, энэ тэнэг сайд гэж ирээд л ярьдаг. Харин арай цөөхөн малтай парламентыг зөвхөн “Z” үеийнхэн сонгож чадна.

ЭХ СУРВАЛЖ: HUMANZ.MN сайт. GENZ ба БИ” булан. Сэтгүүлч: М.БААСАНДЭЛГЭР

                                                                                                     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ