“Мэс ажилбар хийлгэснээ олон нийтэд зарласан хоёр дахь хүн нь би байх”
Фэйсбүүкийн “Гоё хоолтой газар хаана байна” группын админ, маркетер, "Unicorn" кафе-н захирал Б.Энхсарантай ярилцлаа.
-Та онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан юм билээ. Энэ мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?
- Нэг жилийн өмнө Тайваньд амьдарч байхдаа онгоцны үйлчлэгч болох шалгаруулалт хаана яаж болдог талаар зургаан сарын турш судласан. Анкет авч байна гэдгийг дуулаад шууд л 7 хоногийн дараа Монголд очсон байхаар тооцож онгоцны билетээ захиалсан. Сонссон хүмүүс итгэхгүй “ингээд л бүх зүйлээ хаяад явчихлаа гэж үү” хэмээн их асууж байсан. Мөрөөдөх, мөрөөдөлтэй байна гэдэг үнэхээр сайхан. 2017 оны зургадугаар сарын 11-нд Тайваньд “Qatar airline”-д ороод нэг, хоёрдугаар шатандаа тэнцээд, гуравдугаар шатнаасаа хасагдаж байсан. Их туршлага болсон доо. Бараг л орон орны 3000-4000 охидтой өрсөлдөнө гэдэг амаргүй даваа байсан. Түүнээс нэг жилийн дараа буюу 2018 оны зургадугаар саны 11-нд “Хүннү Эйр”-т ажиллахаар болсон юм. Үнэхээр гайхалтай. Миний мөрөөдөл биелсэн мөч. Хүмүүс онгоцны үйлчлэгчдийг цай, кофе зөөхөөс өөр юу ч мэдэхгүй гэж их ярьдаг юм байна лээ. Үнэн хэрэгтээ таныг татаад унахад, ухаан алдахад, ямар нэгэн осол болоход таныг аврах гол хүмүүсийн нэг нь шүү дээ.
Бас дурдахгүй байхын аргагүй хүмүүс бол миний хоёр эрэгтэй сургагч багш. Анх эрэгтэй хүн юу заах юм бол оо гэж гайхаж байсан. Гэтэл үнэхээр мундаг багш нар байсан. Надад яг л охин шигээ хандаж, олон хэрэгтэй зүйл зааж өгсөн хүмүүс дээ.
Манай ахлах үйлчлэгчдийн нэг, надад анкет авч байна гэдэг мэдээг анх дуулгасан нэгэн гайхалтай эмэгтэй бий. Тэр хүнээс би үлгэр дуурайлал авдаг. Мундаг тууштай хүн бий. Энэ ярилцлагаар дамжуулж чин сэтгэлээсээ баярлаж явдаг гэдгээ хэлье. Тэр хүнгүйгээр би мөрөөдлөө биелүүлж чадахгүй байсан юм шүү. Одоогоор би өөрийн үндсэн мэргэжил болох маркетингийн чиглэлээр ажиллаж байна.
Хүмүүс намайг “Эрхсаран” гэдэг нэрээр минь илүү мэддэг. Харин миний иргэний үнэмлэх дээрх нэр Б.Номин-Эрдэнэ. “Эрхсаран” бол ээжийн минь намайг өхөөрдөж дууддаг нэр. Энэ нэрэндээ би маш их хайртай. Анх фейсбүүкийн хаяг нээж байхдаа л “Эрхсаран” гэж нээж байсан юм. Хувь хүн талаас харвал би их хатуу хүн. Тийм ч уян зөөлөн хүн биш. Хэлэх гэсэн зүйлээ шууд хэлчихдэг. Б.Номин-Эрдэнэ гэдэг хүнээ гээж, хуурамч аашаар жүжиг тавьж чаддаггүй минь зарим хүмүүст хүндээр тусдаг байх. Гэхдээ энэ нь тийм ч том асуудал биш шүү дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ