З.Ойдов: Одоогийн хүүхдүүд шөнөжин компьютер тоглоод, өглөө үүрээр орондоо ороод, өдөржин унтаж байна


HumanZ.mn сайтын онцлох булангуудын нэг бол “GenZ ба БИ”. Энэхүү буланд “Y”, “Х” үеийн төлөөлөл болсон хүмүүс “Z” үеийнхний тухай үзэл бодлоо хуваалцдаг билээ.

Энэ удаагийн зочноор Монгол Улсын ХХ зууны “Манлай тамирчин”, олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдовийг урьж ярилцлаа. Тэрээр 1949 оны тавдугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын "Азар" хэмээх газар төржээ. Тухайн үеийн мянга мянган Монгол хүүхдүүдийн адил, Монгол ахуй, амьдрал дунд хонины бэлчээр, адууны захад өссөн тэрээр шар дэвжээтэй хувь заяагаа холбож, хөлсөө дуслуулж эхэлсэн цагаас хойш дэлхийн хүн болох эхлэл нь тавигдсан гэдэг. 1976 оны Монерал хотод болсон зуны 21-р олимпийн төрөлд  62 килограммын жинд “мөнгөн” медаль хүртсэн нь түүний бахдам амжилтын хамгийн оргил цэг. Өөрийн залуу насаа спортын амжилтаар чимсэн ахмад настны залуу үеийн тухай үзэл бодлыг хуваалцлаа.

- Таныг 18 настай байх үед манай улсын нийгэм, хүмүүсийн хандлага ямар байв даа?

- Миний 18 насыг одоогийн хүүхдүүдтэй харьцуулах юм биш. Тэс өөр. Би Өвөрхангай аймгийн Хархорин сумаас холгүй төрсөн, эгэл хөдөө айлын жирийн нэгэн хүү. Хөдөөний хүүхэд юу хийж, ямар байдаг жишгээр л өссөн. Одоогийнх шиг утас, интернет гэж байхгүй. Манай монголчууд ярьдаг шүү дээ. Бид үдээс өмнө, үдээс хойш гэсэн хоёрхон цагтай гэж. Яг л тэр үеийн хүн чинь би байгаа юм. Тухайн үед хүмүүсийн сэтгэл зүй харьцангуй амгалан, тайван байж л дээ. Одоогийнх шиг мөнгөний ханш, барааны үнэд анхаарал тавьж, цалин хөлсөндөө санаа зовж, яах уу ийх үү гэсэн хүн байсангүй. Нийт хүмүүсийн 90 орчим хувь нь ажилтай. Сургууль төгссөн хүнд ажлын байр шууд олддог. Цалин бага байсан ч амьдралд хүрдэг. Дээд сургууль төгссөн хүн 650 төгрөгний цалин авдаг байлаа. Гуанзанд орвол ногоотой шөл нэг төгрөг тавин мөнгө, Улаанбаатар ресторанд нэг таваг хуйцаа зургаан төгрөг байсан гэхээр тухайн үедээ л боломжийн цалин. Ингээд бодохоор одоотой жишиж ярихад их хэцүү.

- Тухайн үед таны үеийн залуусын хамгийн их авахыг хүсдэг байсан зүйл нь юу вэ?

- Намайг бага байхад авахыг хүсдэг зүйл гэж бараг л байгаагүй дээ. Авах нь битгий хэл тэр тухай мэддэг ч үгүй байсан гэхэд болно. 18 настайдаа барилга дээр ажилладаг байлаа. Хамгийн сайн ажилтан болж тэргүүлнэ гэж хичээдэг байж. Одоо бодохоор би бусад хүнээс илүү байх юмсан л гэж боддог байсан нь авахыг хүсдэг зүйл юм болов уу. Хүнээс мэдэхгүй зүйлээ тэр дор нь асууна. Хүний заасан зүйлийг уйгагүй сайн сурахыг эрмэлзэнэ. Сурсан зүйлээ ажил, амьдралдаа нэвтрүүлэх гэж хичээнэ. Үүний үр дүнд ойр дотны хүмүүсээсээ олон зүйл сурчээ. Бидний багад чинь хичээл дээр даалгавар өгнө. Ном уншиж ир, хуулж бичиж ир гээд л. Гэхдээ одоо шиг тав, зургаан ном унш энэ тэр гэхгүй л дээ. Хөдөөний хүүхдэд тийм боломж байхгүй. Гэртээ байгаа ахмад хүнээсээ асууж, мэддэг байсансан. Настай хүний үг хууль шиг байсан үе. Монгол ахуй, ёс заншлыг бидэнд нэг бүрчлэн заадаг байлаа. Настай хүн залуучуудад хандаж хэзээ ч муу санаж үг хэлэхгүй. Дандаа өөрт нь хэрэгтэй, тустай гэсэн бүхнийг зааж сургадаг.

- Та бага байхдаа хэнийг, ямар хүнийг үлгэрлэн дуурайж, хүндэлдэг байсан бэ?

- Сонин, радио дээр гарсан хүн л хамгийн мундаг нь байсан даа. Эх орон, 52 нэртэй шугамын хүлээн авагч буюу “бөгтгөр хүрэн” гэдэг радио байсан юмдаг. Хамгийн анхны телевиз гэх юмуу даа. Төв суурин газарт бол “Сэвээр” гэж бидний нэрлэдэг радиотой. Залуучууд ихэвчлэн “Үнэн” сонин захиалдаг. Сонин дээр хэзээ ч худлаа зүйл гарахгүй. Үнэн сонин дээр үнэн л мэдээ гарна гэж бүх олон нийт итгэдэг байлаа шүү дээ. Сонин дээр манай сумын тэргүүний ажилтанууд тодорлоо гэж гарна. Радиогоор зарлана. Ажлаа сайн хийсэн болон тааруухан гүйцэтгэсэн хүмүүсийн зурган дээр тоншуул, матар, гахай зэрэг амьтан тавьж магтахын зэрэгцээ ичээнэ. Тэр бүү хэл сургуулийн хүүхдийг “Дэгээ төмөр шиг хоёрын тоо, дэгдээд ирлээ. Айхтар хурдан хоёрын тоо араас чинь гүйцээд ирлээ. Гурвын тоо руу зугтаарай” гэсэн дуу хүртэл байлаа. Сайн ногоочин, малчин, адуучин гэсэн хүмүүсээс л үлгэр дуурайлал авна. Хүндлэх хүнээ холоос хайхгүй. Бүхий л ажлыг уралдаж хийдэг байсан цаг юм даа. Хажуу айл өглөө эрт босоод, үнээгээ саасан байхад л тэргүүний, мундаг айл. Ердөө л энэ. Мөн аймаг, сумын заан, улсын цолтой бөхчүүдийг харж, бишрэнэ. Олон сайхан бөх байсан даа. Тэднийг дагаж яваад, яаж барилдахыг нь шимтэн харна.

- “Z” үеийнхэн гэж нэрлээд буй одоогийн залуусын талаар та ямар бодолтой явдаг вэ?

- Тэр нарийн нэршил, дууддаг хочийг би сайн мэдэхгүй. Ямартай ч хөдөөгийн болон хотын хүүхдэд ялгаа их юм. Хөдөө бол гэр сургалт гэж байдаг юм даа. Эмээ, өвөө нь хүүхдүүддээ сургаалиа хайрлаж, мэддэг болгоноо зааж сургана. Ахмадын үг их сонссон хүүхэд сайхан хүмүүждэг. Харин ийм цөөхүүлээ байгаа газар настай хүнээс, орчин тойрноосоо үлгэр дуурайлал авах гэсэн зүйл бараг байдаггүй юм байна. Одооны хүүхдүүд хүнээс үг сонсдоггүй, юу ч хийж чаддаггүй болсон байна гэж сүүлийн үед их ярьдаг болж. Үүний шалтгаан нь тэдний үзэж хардаг зүйл хэтэрхий олон болсонтой холбоотой байх л даа. Интернет, зурагт, гар утсаар дэлхий дээр байгаа сайн, муу бүх зүйлийг үзэх боломж тэдэнд байна. Үүнийгээ дагаад тэдэнд хийх ажил байдаггүй. Намайг бага байхад гадаа гараад л чөдөр, ногт, уурга хураах, малын баас арилгах, хашаа хороо барих, хонь хариулах гээд хийх ажил бишгүй байлаа. Одоо бол үглүүлэн барин хэдэн аяга угаана, дуртай дургүй тоос соруулна. Бусад цагт нь гар утсаар тоглоно. Хаа сайгүй байгаа компьютер тоглоомын газрууд руу орно. Ингээд бодохоор миний болон одоогийн үе хоёр тэнгэр газар шиг ялгаатай болохоор тодорхойлж хэлэхэд учир дутагдалтай юм.

- Ахмад настай хүмүүсийн дийлэнх нь сүүлийн үеийн залуусыг цаг барьдаггүй гэж шүүмжилдэг. Та санал нэг байна уу?

- Залуу хүмүүсийг дандаа шүүмжлээд байж болохгүй. Гэхдээ цаг барих бол шүүмжлэлтэй хандахаас өөр аргагүй асуудал. Монголчуудын 60 хувь нь өглөөний болон холимог хэв шинжтэй хүн юм гэсэн. Энэ нь өглөө эрт босдог хүмүүсийг хэлж байгаа хэрэг. Над шиг хөдөөний хүн нар битүү байхад босохгүй бол ажил амждаггүй байлаа. Гэтэл одоогийн хүүхдүүд шөнөжин компьютер тоглоод өглөө үүрээр орондоо ороод, өдөржин унтаж байна. Өнгөрсөн ганц минут эргэж олдохгүй. Цаг барьж сураарай л гэж залуустаа захиж хэлэх байна. Хүнтэй таван цагаас уулзана гэчихээд 15 минут хоцроод очвол тэр хүний 15 минутыг хий дэмий үрнэ. Жижиг мэт энэ зүйлээс уур уцаар эхэлнэ. Би өөрөө яс цаг барьдаг хүн биш л дээ. Гэхдээ ажлаасаа хоцордог хүн биш. Тэгэхээр цагийг ажлыг цагт нь дуусгах дадлыг өөртөө бий болгоорой.

-Бидний өмнөх үеийн төлөөллийн хувьд “Z” үеийн залууст хандаж найрсаг зөвлөгөө өгөөч?

Хүнд амьдралын шугам болдог нэг л үг бий. Эзэн хичээвэл, заяа хичээнэ. Хичээж явахад ажил заавал бүтнэ ээ гэсэн үг. Монголчуудын бас нэг айхтар сургааль бий. Нар битүү уулын толгой дээр гарсан хүнээс үхлийн аюул зайлдаг гэж. Бар цагт босч эрдэм сур гэж номтой улс сургадаг. Энэ нь өглөөний 5-6 цаг. Өглөө зургаан цагаас өмнө босвол хүний эрүүл мэндэд тустай гэсэн шинжлэх ухааны үндэслэл байдаг. Тиймээс залуус минь өглөө эрт босч бай. Үдээс өмнийн нэг цаг нь үдээс хойших гурван цагтай тэнцдэг. Эрт босч ажлаа амжуулж сурсан байхад хэн ч чамаас булааж авахгүй. Мөн өөрт оногдсон ажлаа хийхдээ баяр баясалтайгаар эхлүүл. Ямар ч хэцүү, хүнд даалгавар байсан ч чин сэтгэлээсээ хичээж, баярлаж хийвэл бие ядрахгүй, сэтгэлээр унахгүй. Бодсоноос илүү том амжилтад хүрнэ.

Эх сурвалж: HumanZ.mn сайт. "GENZ ба БИ" булан. М.Баасандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ