ДЭМБ Зүүн Өмнөд Азид “эрчимтэй” арга хэмжээнүүд авахыг уриаллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБкоронавирусний халдварын тархалтын эсрэг “эрчимтэй арга хэмжээнүүд”-ийг авч хэрэгжүүлэхийг Зүүн Өмнөд Азийн орнуудад уриалжээ.


Зүүн Өмнөд Азид халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор тус бүс нутгийн улс орнуудын эрх баригчид хилээ хааж, сургуулиудын сургалтыг зогсооход хүрчээ.


ДЭМБ-ын ангилсан Зүүн Өмнөд Азийн бүс нутагт Индонез, Шри Ланка, Тайланд, Зүүн Тимур, Бангладеш, Бутан, БНАСАУ Энэтхэг, Мальдив, Мьянмар, Балба зэрэг 11 улс орон багтдаг бөгөөд тэдгээр орны дийлэнхэд халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.


ДЭМБ-ын Бүс нутгийн асуудал хариуцсан дарга Пунам Хетрапал Сингх, Зүүн Өмнөд Азийн бүс нутагт вирусний халдварын олон голомт үүссэн нь батлагдсан хэмээгээд, бид нэн даруй илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж хэлжээ.


Зүүн Өмнөд Азид нөхцөл байдал ямар байна вэ?

ДЭМБ-ын тодорхойлсон Зүүн Өмнөд Азид багтдаггүй тус бүс нутгийн улс орнууд халдварын эсрэг хариу арга хэмжээнүүдийг хоцорч хэрэгжүүлсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол олноор нэмэгдсэн тул эрчимтэй арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна.


Тэдгээр орноос Малайзад хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тус улсад халдвар авсан хүний тоо олноор нэмэгдэх үе хүртэл зайнаас харилцах гэх мэт хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээгүй юм. Мөн Малайзад халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь шашны цуглаанд оролцсон хүмүүс байгаа аж. Тус улсын эрх баригчид хилээ хааж, дотоодын хөдөлгөөнийг хязгаарлаж, сургуулиудыг хаажээ.


Жон Хопкинсийн нэрэмжит их сургуулийн тооцоогоор, Индонезод халдварын 172 тохиолдол бүртгэгдсэн байна. Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодо хүмүүсийг сандралд оруулахаас сэргийлэхийн тулд халдварын тухай олон нийтэд мэдээлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.


Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр уг вирусийг “алгадмаар” байна хэмээн хошигнож байсан бол саяхан олон сая оршин суугчтай нийслэл Манила хотод хөл хорио тогтоосон байна.


Мьянмар, Лаост халдварын ямар ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдээлж байгаа боловч уг мэдээллийг үнэн эсэхэд мэргэжилтнүүд эргэлзэж байна. Мьянмарын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, ард түмний “амьдралын хэв маяг, хооллолт” нь вирусээс хамгаалж байгаа аж. Мөн Зүүн Тиморт халдвар бүртгэгдээгүй байгаа юм.


ДЭМБ юу гэж зөвлөсөн бэ?

Зүүн Өмнөд Азид халдварын тохиолдол нэмэгдэж буйгаас үзэхэд “зарим оронд олон нийтийн дунд халдвар тархсан байж болзошгүй” байна гэж ДЭМБ мэдээлээд, цаашид “илрүүлэх, оношлох, эмчлэх, тусгаарлах, хавьтлыг тогтоох” зэрэгт илүү их хүчин чармайлт гаргахыг уриалжээ.


Мөн П.Сингх зайнаас харилцахыг чухалчлах шаардлагатай гэдгийг онцлоод, ганцхан үүнийг баримталснаар халдвар тархах эрсдэлийг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой гэж хэлжээ. Мөн тэрбээр бид яг одооноос эхэлж шийдэмгий алхмуудыг хийх хэрэгтэй гэж хэлсэн байна.


Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байна вэ?

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, дэлхий даяар 197139 хүн халдвар авч, 7916 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх нь өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр вирус анх дэгдсэн Хятадад бүртгэгдсэн байна. Харин сүүлийн үед халдвар Хятадаас бусад улс оронд хурдацтай тархах болсон бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт Европын орнуудад халдвар авсан хүний тоо огцом нэмэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Европын Холбоо гадаадын иргэдийг хилээрээ 30 хоног нэвтрүүлэхгүй байхаар болжээ. 

montsame.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ