Энэтхэг "Таж махал"-аа, Москва Амьтны хүрээлэнгээ хаав
Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас Энэтхэгийн Агра хотод байрлах алдарт Таж Махал цогцолбор үүдээ барьжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн эрх баригчид тус сүм, бусад дурсгалт газрууд болон музейнүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хаах шийдвэр гаргасан байна. Энэтхэгийн Соёлын сайд Прахлад Пател твиттер хуудастаа хориог сунгах эсэхийг тухайн үед нь шийднэ хэмээн жиргэжээ.
Жил бүр ертөнцийн өнцөг булан бүрээс Таж Махалыг 3 сая орчим жуулчин зорин очиж үзэж сонирхдог байна. Одоогийн байдлаар Энэтхэгт шинэ төрлийн коронавирусийн халдварын 129 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн амиа алдаад байгаа аж.
ОХУ-ын нийслэл Москвагийн амьтны хүрээлэн шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас ирэх дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл иргэдэд үйлчлэх боломжгүй болжээ. ОХУ гуравдугаар сарын 17-ны Мягмар гаригаас гадны орны иргэд хүлээж авахгүйгээ албан ёсоор зарлаж, хилээ хаасан билээ.
Моска хотын дарга Сергей Собянин ирэх сарын 10-ны өдрийг хүртэл 50-иас дээш хүн нэг дор цугларахыг хориглосон шийдвэр гаргажээ.
Б.ЖАРГАЛ news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ