Улс орнуудын "COVID-19" халдвар тархахаас сэргийлэх бодлого
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тагнуулын ерөнхий газраас улс орнууд "COVID-19" халдвараас сэргийлэхээр хэрэгжүүлж буй бодлогыг нэгтгэн гаргажээ.
Олон улсын хэмжээнд энэ сарын 12-ны 15:00 цагийн байдлаар 124 улс орон, нутаг дэвсгэрт 126 мянга 380 хүн халдвар авч, 4635 хүн нас баржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “COVID-19” вирусийг “ЦАР ТАХАЛ”-ын хэмжээнд хүрсэн хэмээн манай улсын цагаар 03 дугаар сарын 12-ны 00:25 цагт албан ёсоор зарлав.
АНУ-ын 24 муж онц байдал зарлаад байна. АНУ-д вирусний тархалттай холбоотойгоор халдвар авч болзошгүй нийгмийн эрсдэлт бүлэг буюу орон гэргүй, асрамжийн газрын хүмүүст онцгойлон анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Хэрэв эмзэг бүлгийн эдгээр хүмүүсийн дунд халдвар тархвал ихээхэн эрсдэлтэй юм. АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн “COVID-19” вирус зэс гадаргуу дээр 4 цаг, картон цаасан дээр 24 цаг, хуванцар болон зэвэрдэггүй гадаргуу дээр 3 хүртэл хоног амьдрах чадвартай гэж дүгнэв. Өнгөрсөн сард “Journal of Hospital Infection” сэтгүүлд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд хүний коронавирусийг амьгүй биет буюу гадаргуу, түүний дотор металл, шил эсвэл хуванцар гадаргуу дээр 9 хүртэл хоног амьдрах чадвартай гэжээ.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель “Вирусний эсрэг эмчилгээ, вакцин байхгүй энэ үед Германы хүн амын 60-70 хувь халдвар авах магадлалтай” хэмээн мэдэгдэв.
Их Британийн Эрүүл мэндийн сайд коронавирусний халдвар авснаа зарлаж, өөрийгөө тусгаарлаад байна. Тус улсын хэмжээнд “хориглон барих” горимд шилжиж, олон улсын нислэгийг зогсоож байгаа ч томоохон арга хэмжээг зогсоох арга хэмжээ авах хараахан болоогүй хэмээн үзэж байна.
Франц Улсын бүх мужид вирусний халдвар илэрсэн бөгөөд голомт нь Оуаз, Морхибан, Страсбург, Аннеси хот болж байна. Халдвар их тархсан газруудад ерөнхий боловсролын сургуулиудыг хаагаад байна. Тус улсын Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга нар өдөр бүрийн 19 цагт вируснтий тархалт, авч буй арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэл өгч байгаа юм. Халдвар хурдацтай тархаж байгаа ч эдгэрэлтийн хувь бага байгаа тул тус улсын иргэд эрүүл мэндийн тогтолцоондоо эргэлзэх хандлагатай гарч байгаа аж. Тус улсын “Санофи” компани өнгөрсөн сарын 18-наас эхлэн вакцин гаргахаар ажиллаж байгаа бөгөөд “SARS” өвчний эсрэг гаргаж авсан ДНК-тай биетэд тулгуурлан эсрэг биетийг туршиж эхлээд байна. Уг вакциныг хамгийн эртдээ 2020 оны наймдугаар сард бэлэн болгох боломжтой хэмээн мэдэгдэв. Мөн Парис хот дахь Пастур институт (Микробиологийн судалгааны хүрээлэн) “COVID-19”-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш судалгаа хийж эхэлсэн бөгөөд тодорхой үр дүнд хүрээд байгаа талаар мэдээлжээ.
Итали Улсад өвчилсөн хүний тоо 12462-т хүрч, 827 хүн нас барснаар Хятадаас гадна хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн орон болов. Улсын хэмжээнд онц байдал зарлаж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Эдийн засгийн дэд сайд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд зогсоосныг зарласан байна. Тус улсын Ломбарди мужид өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц дуусч, эмнэлгийн ор хүрэлцэхгүй болжээ. Өвчний тархалт оргил үедээ хэзэ хүрэхийг тодорхойлох боломжгүй байгаа тул эдгэрэх боломжтой иргэдэд эхэлж эмнэлгийн тусламж үзүүлнэ хэмээн мэдэгдэж байна.
Саудын Арабын хилээр нэвтрэхэд биеийн байдал болон аяллын маршрутын талаар худал мэдээлэл өгсөн иргэнийг харьяалал хамаарахгүй 500 мянган риал буюу 133 мянган ам.доллараар торгох шийдвэр гаргаад байна. Мөн олон нийтийн цахим сүлжээгээр коронавирусийн талаар худал мэдээлэл түгээсэн иргэнийг 3 сая риал буюу 800 мянган ам.доллар, 5 хүртэл жил хорих ялаар шийтгэж байна.
Бахрейн Улс коронавирусний тархалттай холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж халдварын голомт бүхий орноос ирсэн иргэн өөрийгөө тусгаарлах дэглэм зөрчсөн тохиолдолд халдварт өвчнийг нуун дарагдуулсан, бусдад санаатайгаар тараахыг завдсан хэргээр 2600 ам.долларын торгууль, 3 сарын хорих ялаар шийтгэж байна.
АНЭУ энэ сарын 8-наас цэцэрлэг, сургуулийг дөрвөн долоо хоног хаах шийдвэр гаргав. Олон нийтийн цахим сүлжээгээр коронавирусний тархалттай холбогдуулан худал мэдээлэл түгээсэн иргэнийг 3 сая дирхам буюу 817 мянган ам.доллараар торгох, 3 сараас бүх насаар нь хорих шийдвэр гаргасан.
Кувейт Улсад илэрсэн халдвар авсан иргэд бүгд Иран Улсаас ирснийг тогтоогоод байна. Энэтхэг, Египет, Филиппин, Шри-Ланка, Бангладеш, Сири, Ливан, Турк, Азербайжан, Гүржээс ирэх иргэд тухайн оронд суугаа Кувейтийн ЭСЯ-ны сонгосон эмнэлэгт шинжилгээнд хамрагдаж, “COVID-19”-ийн халдваргүй гэсэн албан ёсны бичиг авсан тохиолдолд тус улсын хилээр нэвтрэх журам энэ сарын 08-наас эхлэн хэрэгжиж байна. Кувейт Улс олон нийтийн цахим сүлжээгээр коронавирусийн тархалттай холбогдуулан худал мэдээлэл түгээсэн иргэнийг 5 жил хүртэл хугацаагаар хорих шийдвэр гаргаснаа зарлаад байна.
Оман Улс худал мэдээлэл тараасан иргэнийг 3 хүртэл жил хорих шийдвэр гаргав.
Япон Улсын Яманаши мужид халдвар авсан 20 настай эрэгтэйд менингит буюу тархи, нугасны гадна мембраны үрэвсэл үүсгэсэн байж болзошгүй тохиолдлыг эмч нар илрүүлсэн байна. Хэрэв вирус менингит үүсгэдэг нь нотлогдвол маш их аюултай талаар мэргэжилтнүүд анхааруулж байна. Японы Ерөнхий сайд Онцгой байдлын хоёр дахь шатны арга хэмжээний хүрээнд дараах ажлыг яаралтай гүйцэтгэхийг үүрэг болгов. Үүнд:
-Халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
-Сургуулиудын үйл ажиллагааг түр хаахтай холбоотой асуудлаар яаралтай арга хэмжээ авах;
-Бизнесийн үйл ажиллагааг боломжит хэмжээнд хумих, ажлын байрны асуудлыг шийдвэрлэхэд анхаарах;
-Холбогдох яамдууд нөхцөл байдалд тохирсон уян хатан арга хэмжээг яаралтай авах.
Мөн халдварын тархалтыг бууруулахад чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх долоо хоногт парламентад өргөн барихыг холбогдох сайд нарт үүрэг болгов. Энэ сарын 6-наас эхлэн иргэд Эрүүл мэндийн үйлчилгээний төвөөр дамжилгүй коронавирусний шинжилгээнд хамрагдах, ингэхдээ шинжилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалд хамруулахаар шийдвэрлэсэн нь үр дүнгээ өгч байна хэмээн мэдэгдэв.
БНАСАУ-ын Засгийн газраас халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг “улс орны хувь заяатай холбоотой амин чухал асуудал” гэж тодорхойлов. Олон улсын мэргэжилтнүүд тус улсын халдварт өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн салбар тун муу, эдийн засгийн чадамж хүрэхгүй гэж үзэж байна. Умард Солонгосын эрх баригчид халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж байгаа ч судалгааны байгууллагууд тус улсад халдвар авч хэд хэдэн хүн нас барсан байх магадлалтай гэж дүгнэж байна.
БНХАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Жан Жун халдвар тархаж буй өнөөгийн нөхцөлд БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг цаг үеийн шаардлагаар хэсэгчлэн цуцлах нь зүйтэй гэв. Тэрбээр Умард Солонгосын эрүүл мэндийн салбарын хоцрогдмол байдал, нэгдсэн цахим системгүй, төсөв хөрөнгө хүрэлцээгүй, орчин үеийн тоног төхөөрөмж дутагдалтай, эмнэлгийн хүртээмж муу зэрэг нь тус улсад халдвар тархах өндөр эрсдэлтэй тул тусламж дэмжлэг хэрэгцээтэй байгааг онцлов.
БНСУ-д энэ сарын 09-нөөс зөвхөн эмийн сангуудаар иргэний үнэмлэх, гадаадын иргэний оршин суух үнэмлэхний дугаараар долоо хоногт хоёр амны хаалт худалдан авах зохицуулалт хийв. Тус улсад энэ сарын 02-ны байдлаар 4335 хүн халдвартай нь тогтоогдсон байсан бөгөөд 1 сая хүн тутмын 2138-г шинжилгээнд хамруулж байжээ. Өнөөдрийн байдлаар Итали Улс халдварын том голомт бол, БНСУ дахь халдварын тархалт тогтворжих хандлагатай байна. Эндээс үзэхэд сэжигтэй байж болзошгүй аль болох олон хүнийг шинжилгээнд хамруулж, шаардлагатай тусгаарлалтын арга хэмжээг авах нь үр дүнтэй байна. “COVID-19”-ийн Гамшгаас урьдчилсан сэргийлэх төв штаб Улсын сэтгэлзүйн эрүүл мэндийн төв, Үндэсний сэтгэцийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эмч нараас бүрдсэн Сэтгэлзүйн зөвлөгөөний нэгдсэн баг байгуулж халдварын бүсэд ажиллаж буй эмч, сувилагч нарт сэтгэлзүйн зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг хийж байна.
БНСУ-ын Химийн хүрээлэнгийн эрдэмтэд (CRIST) SARS, MERS вирусний эсрэг биеэс шинэ төрлийн коронавирусний үйлчлэлийг сулруулагч эсийг олсон бөгөөд энэ нь вакцин, эмчилгээний аргыг гаргаж авахад тус болно гэж үзэж байна. Коронавирусийн гадаргуу хэсэгт байрлах “спайк” уургийн үйлчлэлийг сулруулж чадвал халдварыг саармагжуулж чадах эсрэг биетийг гаргаж авах боломжтой болох юм. Саармагжуулах эсрэг биет нь вирус хүний биед нэвтрэхэд үйлчлэлийг нь сулруулж, дархлаа бий болгох эс юм. Эрдэмтдийн өмнө илрүүлж байсан SARS, MERS вирусийг саармагжуулах 11 төрлийн биетийн гурваас нь “спайк” хэмээх уурагтай нийлэгжих боломжтой биетийг олсон гэж тэмдэглэв. Эрдэмтэд энэ биетийг вирус дээр туршихаар төлөвлөж байна.
БНСУ-ын Халдварт ѳвчин судлалын тѳв болон Үндэсний эрүүл мэндийн судалгааны тѳв хамтран вирусний “тандалтын зориулалттай эсрэг биетийн уураг”-ийг амжилттай бүтээсэн талаар мэдэгдлээ. Халдвараас бүрэн эдгэрсэн иргэдийн цусыг авч халдварын гэрэлтүүлэгч шинжилгээний /IFA/ аргыг ашиглан цаашид олон тѳрлийн вирусний антиген уургийг цэвэрлэх, саармагжуулах аргыг гарган авч эмчилгээнд ашиглах тѳлѳвлѳгѳѳтэй байна. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва “Халдварын эрт үеийн шинжилгээ, оношилгооны боломжийг нэмэх хүрээнд хамгийн хурдан, аюулгүй оношилгоо болох машин дотор шинжилгээ хийх явуулын “Drive thru” аргыг нэвтрүүлж иргэд 10 минутад багтаан шинжилгээ өгөх боломжтой болов. Мөн Инчоны нисэх буудлаар зорчигчдыг 3 шатны шинжилгээнд хамруулах зэрэг арга хэмжээ авч байна” хэмээн мэдэгдэв.
Вирусний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цэргийн 96 эмчийг нэмэлтээр орон нутгийн харьяа эмнэлгүүдэд ажиллуулж байгаа бөгөөд мэргэжлийн дотрын эмч нар аж.
ОХУ-д халдвар авсан иргэдийн дунд бага насны хүүхэд байгаа бөгөөд түүнээс өвчний шинж тэмдэг илрээгүй боловч тээгч болсон байжээ. Эрх баригчид халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлж энэ сарын 13-наас ХБНГУ, БНФУ, Итали, Испани Улс руу хийх нислэгийг хязгаарлах, бизнес, хүмүүнлэгийн болон албаны шугамаар зорчихоос бусад Италийн иргэдэд виз олголтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байна. Мөн Хорио цээрийн албанаас иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ачаалал ихтэй цагуудад зорчихгүй байх зөвлөмж гаргажээ. ОХУ-ын Эрүүл мэндийн хяналтын албаны даргын мэдээлснээр ОХУ-ын нийт нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа алба, хэлтсүүд нь вирусийн халдвар илрүүлэх оношлуураар бүрэн хангагдсан, нөхцөл байдал бүрэн хяналтад байгаа гэж мэдэгдэв. Вирусээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, ариутгал халдваргүйжилт хийх, эмчлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд эмнэлзүйн удирдамжийг 2 удаа шинэчлэн боловсруулсан бөгөөд энэхүү удирдамжийн дагуу эмчилгээ хийж байна. Эмчилгээний удирдамжид рибовирин, лопинавир, интерферон зэрэг вирусийн эсрэг эм, хавсарсан нянгийн халдвараар хүндэрсэн тохиолдолд амоксициллин, клавулант, левофлоксацин, моксифлоксацин, карбапенем, линозолид зэрэг антибиотикийг зааврын дагуу хэрэглэхээр тусгасан байна.
Энэхүү халдварын тохиолдлын хүнд хэлбэрийн үед эрдэс агуулсан шингэн, 10-20%-ийн альбумин, реамбирин, ремаксол зэргийг хангалттай хэмжээгээр сэлбэж амин үзүүлэлтийг тасралтгүй хянаж байхаар зааварлажээ. Шинж тэмдгийн эмчилгээнд парацетамол, ибупрофен, метамизол натри зэрэг эмийг халуун бууруулах, өвдөлт зовуурь намдаах зорилгоор хэрэглэж байна. Хорио цээрийн албаны мэдээллээр вирусийн шинжилгээний дээжийг Москва хотын Мытищи дүүрэгт байрлах Эрүүл ахуй, халдварт өвчний судалгааны төвд илгээж дунджаар 12-24 цагт, яаралтай тохиолдолд 6-7 цагт хариуг гаргаж байна. Вирусний тархалт ихтэй улс орноос ирж буй зорчигчдыг Шереметьево нисэх онгоцны буудлын “F” терминалаар нэвтрүүлж холбогдох үзлэг шалгалтыг хийж байна. Тухайлбал,
- Онгоц газардмагц тусгай мэргэжилтнүүд бүхээгт нэвтэрч биеийн халууныг хэмжих;
-Нисэх буудлын дамжин өнгөрөх хэсгүүдэд биеийн дулаан хэмжигч багаж болон эмч нар давхар хяналт тавих (өндөр халуурсан тохиолдолд тухайн зорчигчийг тусгаарлах байгууламжид яаралтай хүргэх);
-Баримт бичиг шалган нэвтрүүлэх хэсэгт Хорио цээрийн албаны ажилтнууд нислэгийн маршрутыг шалгах;
-Эмнэлгийн үзлэгийн цэгт ОХУ-аар дамжин өнгөрөх хугацаа 24 цагаас бага тохиолдолд биеийн халууныг хэмжих, баримт бичгийг хуулбарлан авч зөвлөмж өгөх, 24 цагаас их тохиолдолд зорчигч нэг бүрээс халдварын шинжилгээ авах;
-Зорчигчид өөрийн бүртгэл мэдээлэл, эрүүл мэндийн асуумжийг бөглөж, улсын хилээр нэвтрэх аж.
БНХАУ-ын Төв банк вирусээс урьдчилан сэргийлэх үүднээс бэлэн мөнгийг ариутган халдваргүйжүүлэх шийдвэр гаргаж, эхний ээлжид банкинд хадгалагдаж буй мөнгөн тэмдэгтүүдийг ариутгаж, дараа нь иргэдээс авсан мөнгийг халдваргүйжүүлэн долоо хоногийн дотор буцаан эргэлтэд оруулахыг мэдэгдээд байна. Харин халдварын тархалт өндөр бүс нутагт хураан авсан мөнгөн тэмдэгтүүдийг ариутгаснаас хойш 14 хоногийн дараа эргэлтэд оруулах аж. БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг Итали Улсад эмнэлгийн багаа илгээхээр төлөвлөж, талууд энэ асуудлаар зөвлөлдөж байна. Одоогийн байдлаар Хятадын тал өөрийн эмч мэргэжилтнүүдийг Иран, Ирак Улсад илгээгээд байна.
Хятадын эрдэмтэн Жун Наньшань халдвар олон оронд хамгийн багадаа энэ оны зургаадугаар сар хүртэл үргэлжлэх магадлалтай гэсэн байна. Мөн Хятад Улс уг өвчний дэгдэлтийг хяналтдаа оруулах бодлого, төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж гаднаас халдвар орж ирэхээс хамгаалахад чиглэсэн төлөвлөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ. Иргэний хэргийн яам халдварт өвчинтэй тэмцэхэд тусалж дэмжсэн сайн дурын ажилтнуудыг урамшуулах үүднээс “онцгой даатгал+халамжийн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлж эхлээд байгаа талаар мэдэгдсэн байна. Тус даатгалд 18-70 насны хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд үүнд энэ сарын 10-ныг хүртэл сайн дураар туслалцаа үзүүлсэн иргэд хамрагдах аж.
БНХАУ-ын Ерөнхий Сайд Ли Көчян энэ сарын 10-нд Төрийн зөвлөлийн Байнгын хороог хуралдуулж, халдварт өвчний нөхцөл байдал сайжирч байгаа тул эдийн засаг, санхүүгийн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэл өгөв. Ингэхдээ санхүүгийн байгууллагын гадаад худалдааны зээлийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг түр хугацаанд зогсоох, даатгалын компаниудыг богино хугацаанд төлбөрийн нөхцөлөө бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад хамтын ажилллагааг хөгжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. БНХАУ-ын Гуанжоу хотын Сунь Яцэний их сургуулийн эрдэмтэд коронавирус +8.72 хэмд хамгийн идэвхтэй, түргэн тархдаг учраас халуун орнуудад өвчлөл удаан тархаж байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Тайванийн Засгийн газраас 1000-аас дээш хүн цуглахгүй байх, ийм төрлийн арга хэмжээнд оролцохгүй байхыг олон нийтэд уриалав. Мөн халдварын өндөр эрсдэлтэй Хятад, Хонконг, Макао, Өмнөд Солонгос, Итали, Иран зэрэг орноос ирж буй зорчигчдод зориулан онгоцны буудлаас байрлах газарт нь хүргэх тусгай такси үйлчилгээний журмыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Журам зөрчсөн иргэнийг 3300-33000 ам.доллараар торгох аж.
Тайванийн Засгийн газраас вирусний тархалтаас үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг нөхөх, эрсдэлийг бууруулахад 60 тэрбум тайвань доллар төсөвлөөд байна. Тайванийн Эдийн засгийн яамнаас вирусний тархалтаас үүдэлтэй эдийн засгийн эрсдэлийг бууруулах зорилгоор Тайванийн 350 мянга орчим бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд зориулан “Stimulus coupons” төслийг танилцуулав. Эдийн засгийн сайд Шэн Рунжин хэлэхдээ “олон нийтийг худалдан авалт хийх, төрөл бүрийн үйлчилгээ авахыг дэмжихэд чиглэгдсэн тасалбар бөгөөд Засгийн газрын 60 тэрбум тайвань долларын тусгай төсвөөс 2 тэрбум тайвань долларыг /66.86 сая ам.доллар/” уг төсөлд зарцуулна” гэв. Төлөвлөгөө ёсоор 600-800 тайвань доллартай тэнцэх тасалбарыг цаасан болон цахим хэлбэрээр тараах ба 140 мянган ресторан, 280 мянган худалдааны төв, 10 мянган зах, 1700 орчим соёл урлаг спортын төвд дээрх тасалбарыг ашиглах боломжтой болох юм байна.
Иргэд эмнэлэг, албан байгууллагад нэвтрэх, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх, гараа ариутгах, биеийн халуунаа хэмжүүлэх зэрэг журмыг мөрдөж байна. Тухайлбал, Жанхуа мужийн эмнэлэгт ирсэн иргэд амны хаалт зүүгээгүй тохиолдолд 500 хүртэл тайвань доллараар торгох журам гаргав. Мөн Тайбэй хотын Нэгдсэн эмнэлэг өвчтөний эргэлтийг зогсоож, энгийн болон эрчимт эмчилгээний тасгийн өвчтөний сахиурыг 2 хүнээс илүүгүй байхаар тогтоосон байна.
Хонконгийн засаг захиргаа ахлах ангийн сурагчдын хичээлийг дөрөвдүгээр сард, бага болон дунд ангийн сурагчдын хичээлийг тавдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөөд байна. Харин Макаод “Covid-19”-ийн өвчлөл буурч байгаа тул сургуулиуд дөрөвдүгээр сарын 20-оос өмнө нээх аж.
montsame.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ