Коронавирус олон улсын аялал жуулчлалын салбарт доргилт үүсгэж байна

Дэлхий нийтийг цочроогоод буй шинэ төрлийн коронавирусын халдвар 116 оронд тархаж, 118326 мяган хүн халдвар авч, нийт 4292 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Харин манай улсад Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусын халдвар илэрсэн. Харин түүнтэй нэгдүгээр хавьтлын 126 хүн халдвар аваагүй эерэг мэдээлэл бий.

Пандемик буюу цар тахлын хэмжээнд хүрээд буй коронавирусын дэгдэлт дэлхийн эдийн засагт, ялангуяа аялал жуулчлалын салбарт муугаар нөлөөлөх нь тодорхой болоод байна.

Тухайлбал, БНХАУ-ын иргэд аялал жуулчлалд хамгийн их мөнгө зарцуулдаг. 2015 онд 100 сая хүн нь гадаад улс оронд аялсан бол 2018 он гэхэд 160 саяд хүрч, 288 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо бий. Хятад жуулчид хүлээж авдаг улсууд энэ хэмжээний мөнгө олох боломжоо алдана гэсэн үг. Үүнээс болж олон улсын аялал жуулчлалын салбарт доргилт үүсэх юм байна.

Олон улсыг хамарсан өвчин тахал нь эдийн засгийн ул мөр заавал үлдээж байдаг. Тухайлбал, эбола вирусын халдвар дэгдсэнээс болж Африк тив 53 тэрбум ам.долларын хохирол амссан гэсэн статистик бий. Аялал жуулчлал, бусад салбараас олох байсан орлогоо алдаж, голомт болсон Конго улсад одоо ч байдал хүнд байна.

Энэ 2020 онд олон улсын аялал жуулчлалын өсөлт 3.0-4.0 хувийн өсөлттэй байх таамгийг Мадрид хотод төвтэй Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдээлжээ. Хэдийгээр энэ онд болох зуны Олимпийн наадам, Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг спортын томоохон арга хэмжээнүүд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боловч Хятад улсад гарсан коронавирусын халдварын тархалт дэлхий нийтээр хөл хорих магадлалтай.

Дэлхий нийтийг цочроогоод байгаа коронавирусын тархалт, өвчлөл нь манай улсад илрэхгүй бол нэг талаар Монгол Улсын аялал жуулчлалд эерэгээр нөлөөлөх магадлалтай. Учир нь дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага Ази-Номхон далайн оронд чиглээд байсан. Аялал жуулчлалын голлох орон БНХАУ, Япон, БНАСУ, Австрали, Тайван, гэх мэт орнуудад коронавирус тархсан нь жуулчдын хувьд халдварт өвчний голомт болсон оронд аялах нь тийм ч таатай бус юм. Тэгвэл бид коронавирусын тархалтгүй байгаа орны хувьд энэ жил аялал жуулчлалын салбарт дорвитой анхаарч жуулчдын тоог өсгөх боломж гэж судлаачийн хувьд харж байна.

 

Судлаач В.Мөнхбаяр: Халдвар тархахгүй бол хамгийн аюулгүй орон Монгол Улс болно

 

-“Тогтвортой хөгжлийн засаглал” гэсэн дөрвөн бүлэг зорилт, салбарын бодлогод баримтлах зарчмууд, тус бүрдээ 2016-2020, 2021-2025, 2026-2030 гэсэн гурван үе шат бүхий 44 нарийвчилсан зорилт бүхий манай улсын хамгийн том бодлогын баримт бичиг юм. Тус алсын хараанд дурдсан эдийн засгийн олон салбарын тэргүүн эгнээнд багтах салбаруудын нэг бол аялал жуулчлалын салбар зайлшгүй юм. Бид энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн тулд юу хийв, цаашид юу хийх вэ гэдэг нь чухал. Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Дорноговь, Завхан зэрэг аймгууд анхаарч аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Үүнээс гадна бид дэлхийн нийтийн чиг хандлага хаашаа байна вэ гэдгийг байнга ажиглах нь зүй.

2020 онд жуулчдын тоо 1995 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдэж 1.6 тэрбумд хүрэх бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт аялах жуулчдын тоо дэлхийн бусад бүсүүдээс илүү хурдацтай нэмэгдэнэ гэж үзэж байна. 2020 онд Ази, Номхон далайн оронд аялах жуулчдын хувьд хэрэв энэхүү халдвар тархахгүй бол хамгийн аюулгүй орон Монгол Улс болох юм.

Түүнчлэн ирэх 20 жилд Герман, Япон, АНУ, БНХАУ, Англи, ОХУ-ын иргэд гадаадад хамгийн их жуулчлах ба 55-59 насны жуулчид давамгайлж, 15-25 насны жуулчид дэлхийн нийт аяллын 20 орчим хувийг эзэлнэ гэж үзэж байна.  Европын бүс нутаг 2010 онд 51 хувь байсан бол 2030 онд 41 хувь, Америкийн бүс нутаг 2010 онд 16 хувь байсан бол 2030 онд 14 хувь тус тус буурах хандлагатай байна. Харин Хойд Америкийн бүсийн аялал жуулчлалын өсөлт хамгийн удаан байна гэж таамагласан байна. 2030 он гэхэд Зүүн Хойд Ази дэлхийн хамгийн олон хүн аялдаг дэд бүс нутаг болно. Үүнийг дагаад манай оронд ирэх жуулчдын тоо өсч болох юм.

Тус байгууллагаас гаргасан урт хугацааны урьдчилсан мэдээгээр 2030 он гэхэд олон улсын жуулчдын тоо 1.8 тэрбумд хүрнэ. Дэлхийн хэмжээгээр жилд дунджаар 3.3 хувиар өснө гэдгийг хэлсэн юм. Үүний үр дүнд олон улсын аялал жуулчлалын зах зээлд жил бүр 43 сая жуулчин шинээр нэмэгдэх юм.

 

Эдийн засагч Н.Энхбаяр: Дэлхий дахинаа аялал жуулчлалын орлого буурах нь тодорхой

 

-“Коронавирус дэлхийн эдийн засагт нөлөөлөх бас нэг суваг нь аялал жуулчлал. Хятадын жуулчид дэлхий даяар асар олон тэрбум ам.доллар зарцуулдаг. Америк, Европын хамгийн номер нэг жуулчид нь хятадууд.

Аялал жуулчлал хумигдаад ирэхээр дэлхий дахинаа аялал жуулчлалын орлого буурах нь тодорхой. Үүнийг дагаад агаарын тээврийн компаниудын нислэгийн орлого ч буурна. Манай улсын хувьд ч мөн ялгаагүй буурна.

Уг нь манай үе, үеийн Засгийн газар 2020 онд нэг сая жуулчин хүлээн авдаг болохын тулд чамгүй зүйл хийсэн. Олон улсын нислэгийн тоогоо нэмэгдүүлж, авиа компаниудын шинээр оруулж ирснээс эхлээд үзэж харах эвентүүдийнхээ тоог олшруулахаар аймгуудаа бүсчилж, Хэнтий зэрэг зүүн аймагт түүхийн аялал жуулчлал, Хөвсгөл зэрэг аймагт байгалийн аялал жуулчлал, төвийн бүсдээ иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэхээр болж, бодлогоо тодорхойлж,  ажлаа эхлүүлсэн. Түүний хүчинд өнгөрсөн жил аялал жуулчлалын салбарын орлого 569 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөгт хүрлээ. Бусад улс орнуудтай харьцуулахад бага ч Монголдоо бол чамлахааргүй орлого. Харин энэ жил нэг сая жуулчин хүлээн авснаар аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэнэ гэж тооцоолж байсан юм.

 

Эдийн засагч Ч.Отгочулуу: Жуулчид Хятад руу аялахын оронд өвчлөл гараагүй улсыг сонгоно

 

-Энэ вирус цаашаа ямар, ямар улсууд руу яаж тархахыг хэн ч мэдэхгүй байгаа учраас хэлэхэд хэцүү байна. Харин таамаглаж болж байгаа юм. Үүнд хамгийн эхэнд аялал жуулчлалын салбар өртөнө, нислэгийн компаниуд, далайн тээвэр, төмөр замын тээвэр, зорчигч тээвэр дээр саатал үүсэх нь тодорхой боллоо. Гэхдээ зарим судлаач урьд өмнө нь үүнээс айхтар вирусүүд тархаж байсан ч эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаагүй гэж үзэж байна. Тэдний хувьд, энэ вирусын тархалт эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж хэлэхэд эрт байна гэнэ. Учир нь, мэдээж Хятадын эдийн засгийн өсөлт саарах ч гэсэн өөр улсын эдийн засагт өсөлт гарах боломжтой. Жишээлбэл, Хятад руу аялахын оронд өвчлөл гараагүй өөр улс орон руу аялах ч юм уу. Энэ утгаараа Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засаг агшиж болох ч, өөр бүс, өөр тивийн эдийн засагт өсөлт гарах магадлалтай учир дэлхийн эдийн засаг гэдэг том утгаараа баланслахыг үгүйсгэхгүй. Яах аргагүй том сорилт мөн. Яг энэ хүрээнээс цаашаа хэтрэхгүй гэх юм бол буцаж хэвийн байдалдаа ороход дор хаяж хагас жил үргэлжлэх болов уу. Өөрөөр хэлбэл тархалтыг зогсоож чадна гэж үзвэл хагас жилийн дараа эдийн засаг эргээд сэргэлтийн байдал ажиглагдаж магадгүй.

Эдийн засагчдын байр суурь ийм байна. Хэрэв монголчууд бид сэтгэл итгэл нэгдэн, хариуцлагатай байж халдвар тархаалгүй барьж чадвал дэлхий Монголыг сонирхож, аялал жуулчлал нэмэгдэх сайн тал ч бий болохыг үгүйсгэхгүй юм.

Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ