Их Британи Назарбаевынхны олон саяын үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ
“Үндэслэлгүйгээр баяжсан” хэмээн сэжиглэж байгаагаас болоод Их Британи Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын охин болон зээ хүүгийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ. Мэдээллийн «Русская служба Би-би-си» алба ингэж мэдээлсэн байна.
Энэ нь Казахстаны сенатын дарга Дарига Назарбаева, түүний том хүү Нурали Алиев болон түүний гэргий Аида нарын эзэмшил өмч гэдгийг тэмдэглэж байна. Энэ хөрөнгийг бүр 2019 онд битүүмжилсэн ч, энэ тухай ярихыг шүүх сая л зөвшөөрчээ.
Казахстаны хуучин удирдагчийн гэр бүлийн төлөөлөгчид энэ хөрөнгийг худалдан авсан мөнгөний гарал үүслийг тайлбарлах учиртай юм. Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлагийн мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, 2015 онд амиа хорлосон Назарбаевын хүргэн асан Рахат Алиевын гэмт үйлдлээр уг хөрөнгийг худалдан авсан байж болох талтай ажээ.
Назарбаевынхан Лондон хотод нийтдээ 100 гаруй сая ам. долларын (манайхаар 276 тэрбум 660 сая гаруй төгрөг – ред.,) өмчтэй гэнэ. Дээрх албаны мэдээлснээр, үл хөдлөх хөрөнгийг Антилийн арал, Панам болон британийн Ангилья гэсэн гурван офшорт бүртгүүлсэн байна. Энэ хөрөнгийн дотор Бишопс-гудамжин дахь усан сан, кинотеатр бүхий харш, Хайгет дүүрэг дэх байшин, тансаг Челси дүүрэг дэх байр байдаг байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ