Сергей Диордица: Коронавирусийн дэгдэлт хэдий хугацаанд үргэлжлэхийг хэлэх боломжгүй байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордицатай ярилцлаа.

-Дэлхий нийтэд түгшүүр болж байгаа шинэ коронавирусийн өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ. ДЭМБ ямар арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Халдвар авсан хүний тоо 100 гаруй мянга болж, тохиолдол бүртгэгдсэн орнуудын тоо нэмэгдэж байгаа нь дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. БНХАУ-д дэгдэлт тууштай буурч, харин БНХАУ-аас бусад улсад шинэ тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, гуравдугаар сарын 6-ны байдлаар Иран, Итали, БНСУ гэсэн гурван оронд БНХАУ-аас гаднах нийт тохиолдлын 80 хувь нь бүртгэгдсэн. Мөн, Герман, Франц, Испани, Швейцарь зэрэг Европын орнуудад хоногт 100-гаас дээш тохиолдол бүртгэгдэж голомтлон тархаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ)-ын Ерөнхий захирал гуравдугаар сарын 7-ны мэдэгдэлдээ БНХАУ болон бусад улсын жишээнээс харахад Засгийн Газар нийгмийн бүх түвшинд авч байгаа арга хэмжээний үр дүнд вирусийн тархалтыг удаашруулах, үр нөлөөг бууруулах боломжтой байна гэж дурдаад улс орнууд тохиолдлын тоог бууруулах, вирусийн тархалтыг удаашруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ үргэлжлүүлэхийг уриалж, цар тахал гэж зарлах түвшинд хараахан очоогүй байгааг тэмдэглэсэн. Ямар ч улс орон халдварыг хяналтгүй тархах нөхцөл бүрдүүлэхүйц шийдвэр гаргаж болохгүй. Энэ нь зөвхөн тухайн улсын иргэдэд хор хөнөөл учруулахаас гадна бусад улсыг эрсдэлд оруулж байна. ДЭМБ-аас хоёрдугаар сарын 28-ны өдөр халдварын тархалтын эрсдэл ба "COVID-19"-ийн нөлөөллийн үнэлгээ хийж, нийт тохиолдлын тоо болон БНХАУ-аас гадна дөрвөн улсад голомтлон гарч, тохиолдлуудын тоо нэмэгдэж байгаа. Зарим оронд оношилгоо, эмчилгээний хүчин чадал хязгаарлагдмал байгаа болон халдварын улмаас улс орнуудын нийгэм, эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөө, хамгаалах хэрэгслийн хомсдолтой байдал зэргийг харгалзан бүс нутгийн болон дэлхийн түвшинд эрсдэлийг маш өндөр болгож нэмэгдүүлсэн.

ДЭМБ-ын зүгээс судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2016 оноос эхлүүлээд байсан “Судалгаа, хөгжлийн зураглал”-аа идэвхжүүлэх, шаардлагатай нөөц, эмнэлгийн хэрэгслийг хамгийн хэрэгцээтэй газарт нь хүргэх, хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, тандалт, халдварын сэргийлэлт, хяналт, тохиолдлын менежмэнт зэрэг асуудлаар техникийн түр удирдамж боловсруулан түгээх, эмнэлгийн ажилтнуудад зориулсан, олон нийтэд нээлттэй цахим сургалтууд гаргах, цуурхал, буруу ташаа мэдээлэл, мэдээллийн найдвартай эх сурвалжийн нэгдсэн сүлжээ бий болгох, гишүүн улс орнуудад дэмжлэг, техникийн туслалцаа үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийн нэгдсэн сүлжээг байгуулж, нэн шаардлагатай байгаа орнуудын жагсаалтыг гарган 47 оронд хувийн хамгаалах хэрэгсэл, 93 оронд лабораторийн оношлуур, урвалж бодисыг хуваарилаад байна. ДЭМБ коронавируст халдвар Монгол Улсад орж ирэхээс сэргийлэх, тархалт гарах тохиолдолд хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах үүднээс Эрүүл мэндийн яамтай хамтран, техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн манай байгууллагын зүгээс Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, бусад олон улсын байгууллагуудтай тогтмол мэдээлэл солилцон, хамтын ажиллагааг хангахад ЭМЯ-ыг дэмжиж ажиллаж байна. Үүний нэг жишээ нь ЭМЯ, Герман Улсын ЭСЯ, Азийн хөгжлийн банк, ДЭМБ-ын хамтын ажиллагааны хүрээнд халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр ДЭМБ-ын зөвлөх багийг урьж ажиллуулж байна. Зөвлөх баг нь халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр зөвлөмж, зөвлөгөө өгөхөөс гадна салбарын шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн үндэсний сургагч багш нарын багийг бэлтгэж байна.

-Монгол Улс халдвар өргөн хүрээнд тархах магадлалыг тооцож, бэлтгэл хангах цаг ирлээ гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Такэши Касай хэлсэн байсан. Бид одоо бэлтгэлээ хэрхэн хангах ёстой вэ?

-Др Такэши Касайн илтгэл нэг ч улс халдвар манай оронд бүртгэгдээгүй гэж тайвширч болохгүйг бидэнд сануулсан. Манай улсад халдвар одоогоор бүртгэгдээгүй байгаа нь сайн хэрэг хэдий ч бид эхний тохиолдол бүртгэгдэх, халдварын голомтууд үүсч эхлэх аюулд бэлтгэгдэх хэрэгтэй. Ингэхийн тулд "COVID-19" халдвар манай улсад орж ирэхгүй байх, орж ирсэн ч цөөн голомтоор хязгаарлагдах, эсвэл нийт хүн амыг хамарч тархах гэсэн болзошгүй гурван хувилбарт нэгэн зэрэг бэлтгэхийг биднээс шаардаж байна. ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын бэлэн байдлыг хангуулахад үндсэн гурван чиглэлээр анхаарал хандуулж дэмжлэг үзүүлж байна. Нэгдүгээрт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамгаалах, хоёрдугаарт хамгийн эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулах, гуравдугаарт, өөрийн нөөц боломжоороо халдвартай тэмцэх боломжгүй улс орныг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Монгол Улс гамшгаас хамгаалах хууль, эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалт бүхий тогтсон системтэй. 2017 онд батлагдсан Гамшгаас хамгаалах хуульд эрсдэлийн үнэлгээ хийх, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлт, хяналт, үнэлгээ зэргийг гамшгийн өмнөх үйл ажиллагаанд оруулсан. Үүнтэй холбоотойгоор эрсдэлийг үнэлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэх зэрэг урьдчилан сэргийлэлт, бэлэн байдлыг хангахад илүү анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд тогтсон энэхүү тогтолцооны бэлэн байдал, чадавх, уялдаа холбоог одоо шалгах цаг ирлээ. Монгол орны хувьд өргөн тархалтын тохиолдолд хариу арга хэмжээ авна гэдэг нь халдвар хүн амын дунд тархах тохиолдолд, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд хамгийн эрсдэлтэй бүлгийн иргэд болон хамгийн хүнд тохиолдлуудад тусламж, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байх тал дээр анхаарах юм. Үүнд эмнэлгийн ачаалал хэт ихсэхээс сэргийлэх үүднээс халдвар авсан бүх хүнийг тусгаарлахын оронд хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүсийг эдгэртлээ гэртээ эмчлэгдэх боломжийг бүрдүүлж болно. Түүнчлэн эмнэлгийн нөхцөлд халдвар дамжих эрсдэлээс сэргийлж, эрүүл мэндийн байгууламж, эмнэлгийн ажилтнууд, тусламж үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах хэрэгтэй. Төр засгийн зүгээс хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээнээс гадна хүн бүр зөвхөн өөрийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй гэр бүл, ойр дотны хүмүүс, олон нийт болон хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах хамтын хариуцлага хүлээж байгаа. Энэ нь маш энгийн, гараа ойр ойрхон савандаж угаах, ханиаж найтаах үедээ ам, хамраа амны цаасаар эсвэл шууны дотор талаар халхлах, амьсгалын замын халдварын шинж илэрсэн хүнээс нэг метрийн зай барих, хэрэв та өвчтэй бол бусдад халдвар тараахаас сэргийлж гэртээ байхаас эхэлнэ. Түүнчлэн цахим ертөнц, найз нөхөд, гэр бүлийн хүмүүстээ цуурхал, буруу ташаа мэдээлэл тараахгүй байх нь чухал. Буруу мэдээлэл нь хүнийг өөрт болон бусдад хохирол учруулах шийдвэр гаргах эрсдэлд оруулдаг.

-Коронавирус яг ямар замаар дамжин халдварлаж байна вэ?

-Одоог хүртэл бий болоод байгаа баримт сэлт болон бусад төрлийн коронавирустэй тэмцэж ирсэн өмнөх туршлагаас харахад "COVID-19" халдвар голчлон агаар-дуслын болон хавьтлын замаар дамжиж байна. Энгийнээр тайлбарлахад, агаар-дуслын зам гэдэг нь халдвартай хүн ханиаж, найтаах үед шүлсээр дамжин халдварлахыг хэлнэ. Харин хавьтлын зам гэдэг нь халдвартай өвчтөн ханиаж, найтахад бохирдсон гадаргууд хүрэлцэж, дараа нь бохир гараараар ам, хамар, нүдэндээ хүрснээр халдвар дамжихыг хэлж байна. Тийм учраас ДЭМБ-ын зүгээс гарын болон амьсгалын замын ариун цэвэр сахихыг зөвлөж байгаа.

-Вакцин хийх гээд улс орнууд хаана хаанаа хичээж байна. ДЭМБ үүн дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Одоогоор "COVID-19"-ийн халдварын эсрэг өвөрмөц вакцин байхгүй байгаа хэдий ч эмнэл зүйн туршилт судалгаа гурваас дөрвөн сарын дараа эхэлнэ. ДЭМБ-аас "COVID-19" халдварын эсрэг эмчилгээ, вакцины судалгааны аргачлалыг дэмжих, судлаачдын нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Өнөөдрийн байдлаар ДЭМБ-ын зүгээс оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр шалгуур хангасан оношилгооны 40 судалгаа, вакцины 20 судалгааны төсөлд зөвшөөрөл өгөөд байна.

-Хэдий хугацаанд энэ халдварын дэгдэлт үргэлжлэх бол...

-Халдвар нэгдүгээр сарын 23-26-ны орчим оргилд хүрч буурах хандлагатай байсан. Гэвч хоёрдугаар сарын сүүлээс эхлэн БНХАУ-аас бусад улс орнуудад халдвар голомтлон тархаад байгаа. Халдварын дэгдэлт хэдий хугацаанд үргэлжлэхийг одоогоор хэлэх боломжгүй байгаа. Халдварын тархвар зүй, хүндрэлийн зэргийг бид үргэлжлүүлэн судалж байна. Вирусийн эсрэг өвөрмөц эм, вакцин гараагүй байгаа энэ үед хамгийн үр дүнтэй арга бол урьдчилан сэргийлэлт юм. Монгол Улсын төр засгаас авч болох бүх шийдвэртэй арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Гэхдээ энэ цаг үед та бид, хувь хүмүүсээс хамаарах зүйл хамгийн их байна гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Халдвараас сэргийлэх энгийн, бид бүхний мэддэг болсон гарын ариун цэвэр, амьсгалын замын халдварын шинж илэрвэл бусдыгаа хамгаалан заавал амны хаалт зүүх, хөл хөдөлгөөнийг багасгах зэрэг хүн бүхний хийж чадах аргуудаа хэрэгжүүлэхийг дахин сануулъя.

-Коронавирус намжихад цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөх болов уу?

-Амьсгалын замын цочмог хүнд халтай хам шинж (SARS), Ойрхи Дорнодын Амьсгалын хам шинж зэрэг Хүний коронавирусийн халдварын үүсгэгчид металл, шил, хуванцар зэрэг амьгүй биет дээр 2-9 хүртэл хоногийн хугацаанд орших чадвартай бөгөөд+30-аас +40 хэмийн халуунд энэ хугацаа богиносож, харин +4 хэмд амьдрах хугацаа нь 28 хоног хүртэл нэмэгддэг байна. Коронавирус нь гадаргуугийн халдваргүйжүүлэгчид тэсвэргүй, хялбархан идэвхгүйждэг. Гадаргуугийн халдваргүйтгэлийг 62-71 хувь этилийн спирт, 0.5 хувийн устөрөгчийн хэт исэл, 0.1 хувийн натрийн гипохлоридын уусмалаар хийхэд халдвар үүсгэгч нэг минутын дотор идэвхгүйждэг болохыг судлаачид тогтоосон байна.

-Монгол Улс өндөр эрсдэлтэй бүсэд хамаарч байгаа. Энэ тухайд?

-Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед Монгол Улсын Шадар сайдын 8 тоот тушаалын дагуу салбар хоорондын эрсдэлийн үнэлгээ хийгддэг. Эрсдэлийн үнэлгээ нь хариу арга хэмжээг төлөвлөх, шуурхай шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах зорилготой юм. БНХАУ-д халдвар бүртгэгдэсэнээс хойш Монгол Улсад салбар хоорондын мэргэжилтнүүд хамтран таван удаагийн эрсдэлийн үнэлгээ хийсэн. Нэгдүгээр сарын 6-нд хийсэн анхны үнэлгээгээр Монгол Улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг “дунд” гэж үнэлсэн. Энэ үнэлгээний үр дүнд хилийн хяналтыг сайжруулан, хилийн нэвтрэх цэг дээр голомттой бүс нутгаас орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн мэдүүлэг авах, зорчигчдын эрүүл мэндийн үзлэг, тандалтыг идэвхжүүлсэн. Мөн халдвар орж ирэх тохиолдолд эмнэлгийн бэлэн байдлыг үнэлэхэд эрсдэлийн түвшин “өндөр” гарсны дагуу яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, лабораторийн оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн ор, тусгаарлах байр, хүнд өвчтөнийг эмчлэх эрчимт эмчилгээний тасгуудын бэлэн байдлыг хангахад анхаарч ажиллаж байна. Тав дахь удаагийн үнэлгээг холбогдох яам, агентлагууд, мэргэжлийн 18 байгууллага хамтран хийсэн. Ийм өргөн цар хүрээтэй салбар хоорондын хамтарсан баг үндэсний түвшний эрсдэлийг үнэлсэн нь Монгол Улсын хувьд анх удаагийн тохиолдол болсон л доо. Энэ удаад халдвар орж ирсэн тохиолдолд холбогдох салбаруудын бэлэн байдал, нийгэм, эдийн засагт үүсч болох сөрөг үр дагаврын эрсдэлийг “өндөр” гэж үнэлсний үр дүнд Улсын Онцгой Комиссоос Монгол Улсыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Улсын онцгой комисс есөн удаа хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг цаг тухай бүрт нь гаргаж байна. Монгол Улсад салбар хооронд мэдээлэл солилцохоос гадна эрсдэлээ хамтран үнэлж, тухайн эрсдэлд тохирсон хариу арга хэмжээг төлөвлөж байгаа нь ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн орнуудын дунд үлгэр жишээ болж байна гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ