COVID-19-ийн улмаас АНУ-ын Калифорниа мужид онц байдал зарлаж , Хятадад байдал намжиж байна

3-р сарын 4-ны 0-24 цагийн байдлаар, Хятадын эх газарт коронавирусээр халдварласан 139 хүн шинээр нэмэгдэж, 31 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 143 тохиолдол нэмж бүртгэгдэв. Ингэснээр зөвхөн Хятадад нийт халдвар авагсдын тоо 80409, нас барагсад 3012 боллоо.

COVID-19 Корона вирусийн халдвар БНСУ- д 438-аар нэмэгдэж нийт халдвар авсан хүний тоо 5766 боллоо гэж БНСУ-ын Батлан ​​Хамгаалах Төв агентлаг мэдээллээ.

Батлагдсан өвчтөний 320 нь Тэгү хотод, 87 нь Кёнбук аймагт шинээр бүртгэгдсэн байна.

Түүнчлэн Кёнги болон Кённамаас 9 хүн, Сөүл болон Чуннамаас 4 хүн, Гангвоноос 2 хүн, Гванжу, Дэжон, Чунбук болон Чэжүгээс тус тус 1 хүн халдвар илэрчээ.

Корона вирусийн улмаас 3 хүн нэмж нас барж нийт 35-д хүрчээ.

Арай сэтгэл сэргээх мэдээ нь бүрэн эдгэрч хорио цээрээс чөлөөлөгдсөн өвчтөнүүдийн тоо 47 болж нийт 88 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Япон улсад халдвар авсан хүний тоо 1035-д хүрч,12 хүн нас баржээ.
Нас баралт урд өдрүүдээсээ нэмэгдээгүй ба эмнэлгээс эдгэж гарч буй хүмүүсийн тоо  229 д хүрч нэмэгдэж байгаа юм байна

АНУ-ын Калифорниа мужид   шинэ төрлийн коронвирусийн халдвараар хүн нас барсны дараа онц байдал зарлахаар боллоо. Туж мужид халдвар авсан хүний тоо дор хаяж 53-т хүрээд байгаа аж. Лхагва гарагийн өглөө эрт Калифорнийн орон нутгийн эрүүл мэндийн ажилтнууд Плацер Каунтид шинэ төрлийн коронавирусээр хүн нас барсныг мэдэгджээ. Улмаар онц байдал тогтоохоор болсон байна.  

Онц байдал тогтоох хэвлэлийн хурлын үеэр "Калифорниа мужийн захиргаа вирусийн тохиодлыг хурдан шуурхай илрүүлэх, тархалтыг удаашруулахад анхаарч ажиллаж байна" хэмээн захирагч Гэвин Ньюсом мэдэгдсэн байна. Онцгой байдал тогтоох талаар мэдэгдэлд иргэдэд үнэ хөөрөгдөхгүй байхыг сануулж, ялангуяа эмнэлгийн хэрэгслийн үнийг нэмэгдэхээс сэргийлсэн заалтуудыг оруулж өгчээ.  Өчигдрийн байдлаар тус мужийн эрүүл мэндийн ажилтнууд 9400 хүнийг хяналтад байлгаж байгаа ажээ.

Даваа гарагт Италид нас барсан хүний тоо 52 байсан бол мягмар гарагт 79 болж огцом нэмэгджээ. Харин лхагва гарагт коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 92 болсон байна. Харин нийт халдвар авсан хүний тоо 2922 хүрчээ. Италид коронвирус улс орон даяар тархсан бөгөөд 20 мужаас нь ганцхан Valle D’Aosta-д л бүртгэгдээгүй байгаа аж.

Италийн Засгийн газар шинэ төрлийн коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор ЕБС, их, дээд сургуулийг хоёр долоо хоногийн хугацаанд хаахаар болжээ.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас тус улсад коронавирусний халдвартай иргэдийн тоо 28-д хүрсэн тухай мэдээллээ.

Тус иргэн нь Итали улсаас ирсэн аяллын өгүүлэмжтэй бөгөөд коронавирусний шинжилгээнд хамрагдахаас өмнө Агра хотод гэр бүлийнхэндээ очиж уулзжээ.

Уттар Парадеш мужийн Агра хотод гэр бүлийнхэнд нь шинжилгээ авахад зургаан хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Вирус халдварласан дээрх долоон иргэнийг Шинэ Дели хотын Сафдаржун эмнэлэгт эмчийн хяналтад оруулж, тусгаарласан байна.

Мөн Телангана мужид Арабын нэгдсэн эмирт улсаас ирсэн аяллын өгүүлэмжтэй 24 настай иргэнээс коронавирусний халдвар илэрсэн юм. Эрүүл мэндийн яам тус иргэн Энэтхэгт ирэхдээ зорчсон газрыг тогтоосон бөгөөд халдвар авсан байх магадлалтай хүмүүсийг тогтоож байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ