Шинэ коронавирусийн халдварт өртөх хамгийн өндөр эрсдэл бүхий глобал улс, хотуудын прогноз зураглал
Эрдэмтдийн хийсэн урьдчилсан тооцооллоор БНХАУ-аас асар олон тооны жуулчин авдаг Тайланд Улсын Бангкок хот коронавирусийн халдварт нэрвэгдэх эрсдэл хамгийн өндөр глобал хотоор шалгарсан бол Сөүл, Токио, Нью Йорк, Лондон зэрэг аварга хотууд халдварт өртөх эрсдлийн түвшин өндөр хотуудын тоонд оржээ.
Их Британийн Саутэмптон Их Сургуулийн профессор Эндрю Татемээр ахлуулсан эрдэмтэн судлаачдын баг БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ коронавирусийн халдварт өртөх эрсдэл хамгийн өндөртэй глобал хотууд болон дэлхийн улс орнуудын урьдчилсан тооцооллыг хийж гаргаснаа дэлхийн хүн амын тархалтын дата мэдээллийн нэгдсэн платформ болох World Pop цахим хуудсанд 2020 оны нэгдүгээр сарын 25-нд нийтлүүлжээ.
Ингэхдээ тэдгээр судлаачид Хятадын Цагаан сарын баярын өмнөх 15 хоног болон баяраас хойших хоёр сар хагас орчим хугацаанд шинэ коронавирусийн голомт болсон БНХАУ-ын Ухань хотын иргэдийн (Зураг 1, Хүснэгт 1) болон тус хотод орж гарч буй хүмүүсийн олон улсын нислэгийн мэдээлэл, гар утасны болон IP хаягны байршил, шилжилт хөдөлгөөний дата мэдээллийг ашигласан байна.
Тэдний гаргасан уг зураглалаас үзвэл жил бүр БНХАУ-аас, түүн дотроо Ухань хотоос олон тооны жуулчин хүлээн авдаг Тайланд улсын Бангкок хот шинэ коронавирусийн халдварын тархалтад өртөх эрсдэл хамгийн өндөртэй глобал хот болох нь харагдсан байна.
Харин эдийн засаг, гадаад худалдааны хувьд БНХАУ-тай нягт уялдаа бүхий Сөүл, Токио, Сидней, Мельбурн, Лос-Анжелес, Нью Йорк, Дубай, Лондон зэрэг аварга хотууд эрсдлийн зэргээрээ эхний 20 байрт орсон нь шинэ коронавирусийн тархалт асар хурдацтай нэмэгдэж буй өнөө цагийн байдлыг урьдчилан прогнозолсон маш бодитой бөгөөд аюултай дүр зураг болжээ. (Хүснэгт 2, 3)
Хятадын Цагаан сарын баярын өмнөх өдрүүдэд БНХАУ-ын иргэдийн шилжилт хөдөлгөөн хамгийн өндөр байдаг.
Энэ удаагийн коронавирусийн дэгдэлтийн төв голомт болсон нэр бүхий хотуудаас олон сая хүн улс дотроо төдийгүй гадаад улсыг зорьсны дотор хамгийн олон жуулчин Тайланд улсын нийслэл Бангкок хотод очиж нь тэдгээр жуулчдыг дагаж очих коронавирусийн халдварт өртөх уг хотын болон Тайланд улсын эрсдлийг үлэмж нэмэгдүүлжээ.
Одоогоор (2020-02-28) Тайланд улсад шинэ коронавирусийн 40 тохиолдол бүртгэгдээд байна. Тэр утгаараа Тайландын Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракул БНХАУ-аас тус улсыг зорих жуулчдын тоо тогтмол өндөр байдаг тул хэрэв шинэ коронавирусийн халдвар тус улсад тархсан тохиолдолд нөхцөл байдлыг хяналтандаа авах нь туйлын хүндрэлтэй байх болно гэж мэдэгдэж байсан юм.
Дээрх тооцооллоос дэлхийн бусад том хотуудын эрсдлийн зэргүүдийг авч үзвэл Бангкок хотын дараа БНХАУ -н эзэмшлийн тусгай бүс Хонг Конг, Тайванийн Тайпэй, түүнчлэн БНСУ -н нийслэл Сөүл, Япон улсын нийслэл Токио хотууд жагсаж байгаа ба улс тус бүрээр нь авч үзэхэд Тайланд, Япон, Хонг-Конг, Тайван, БНСУ зэрэг улс орнууд эхний 5 -д орсон нь тэдгээр улс, хотуудад урт богино хугацаагаар тогтмол зорчдог Монголчууд бидний хувьд яах аргагүй анхааралдаа авах ёстой маш чухал мэдээлэл юм. (Зураг 2)
Хэдийгээр дээрх судалгаанд БНХАУ-д харилцан зорчих иргэдийн бодит тоон утга жагсаалтад багтсан бусад улсуудтай харьцуулахад харьцангуй цөөхөнтэй Монгол Улс ба түүний нийслэл Улаанбаатар хот ороогүй ч БНХАУ болон БНСУ-д зорчих зорчигчдын хувь хэмжээ улсынхаа нийт хүн ам дундаа хамгийн өндөрт ордог нь дамжиггүй манай улсын хувьд зураглал нь туйлын сэрэмжлүүштэй үзүүлэлт юм.
Түүнчлэн БНХАУ-ын хотуудаас шинэ коронавирусийн халдвар дэгдэж эхлэх дээрх хугацаанд Ухань хоттой хамгийн олон зорчигч солилцсон Бээжин, Гуанжоу, Шанхай, Чунчин зэрэг хотууд, Гуандун, Жэйжян, Сичуан, Хэйнан зэрэг муж өндөр эрсдэлтэй нутаг орнуудад орж байгаа нь дээрх бүс нутгуудтай эдийн засаг, гадаад харилцааны нягт холбоо бүхий манай улсын хувьд ч мөн анхаарууштай мэдээлэл болж байна.
Дэлхийн олон бүс нутгуудад коронавирусийн тархалт илэрч буй өнөө үеийн байдлаас үзэхэд Саутэмптоны Их Сургуулийн судлаачдын гаргасан дээрх прогноз үнэнд ойр магадлал харагдаж байна. Мөн БНХАУ-аас гадна халдварын олон голомт бий болсон нь уг вирусийн халдварын дэгдэлтийг улам эрчимжүүлэн глобалжуулах аюулыг дагуулж байгаа юм.
Хэдийгээр шинэ коронавирусийн халдварын эсрэг өвөрмөц үйлчилгээтэй эм болон уг халдвараас хүн амыг хамгаалах вакцин үйлдвэрлэх судалгаа шинжилгээ дэлхийн олон оронд явагдаж байгаа ч “SARS-CoV-2” хэмээн нэрлэгдсэн энэхүү шинэ коронавирусийн халдвар хэзээ дуусах нь тодорхойгүй хэвээр байна.
Зураг 1. БНХАУ -н Ухань хот болон Хубэй мужийн хүн амын хөдөлгөөний зургаан сарын турш үргэлжлэх төлвийн зураглал /Ногоон: Цагаан сарын өмнөх 2 долоо хоног; Улаан: Цагаан сарын дараах 2 долоо хоног; Хөх ягаан: Дэнлүүний баяр; Ягаан: Эцэг өвгөдийн өдөр; Улаан шугам: Хубэй мужийн хотуудад хорио тогтоосон өдөр/.
Хүснэгт 1. Цагаан сарын өмнөх ба дараах 2 долоо хоногт Ухань хотоос зорчигчид хүлээж авдаг БНХАУ -н мужуудын жагсаалт.
Хүснэгт 2. Хятадын цагаан сарын өмнөх ба дараах үеийг хамарсан 3 сарын хугацаанд БНХАУ -н коронавирусийн халдварын өндөр эрсдэл бүхий 18 хотоос зорчигчид хүлээж авдаг дэлхийн том хотуудын жагсаалт.
Хүснэгт 3. Хятадын цагаан сарын өмнөх ба дараах үеийг хамарсан 3 сарын хугацаанд БНХАУ -н коронавирусийн халдварын өндөр эрсдэл бүхий 18 хотоос зорчигчид хүлээж авдаг улс орнуудын жагсаалт
Зураг 2. Хятадын цагаан сарын өмнөх ба дараах үеийг хамарсан 3 сарын хугацаанд БНХАУ -н коронавирусийн халдварын өндөр эрсдэл бүхий 18 хотоос зорчигчид хүлээж авдаг дэлхийн том хотуудын зураглал.
Эх сурвалж: Worldpop.org ikon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ