АНУ коронавирусний тархалттай тэмцэх арга барилаа шинэчилнэ
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид шаардлагатай тохиолдолд коронавирусний тархалтын эсрэг хэрэглэж буй аргуудаа шинэчилнэ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“Бид хүчин чармайлт гаргаснаар АНУ-ын оршин суугчдын хувьд халдварт өвчний аюулын түвшин маш бага хэвээр байна. Өвчин тархахын хэрээр бид хийх ёстой зүйлээ хийж, коронавирусний халдварын нөхцөл байдалд зохицож, хэрэглэж буй аргуудаа шинэчлэхэд бэлэн байна” хэмээн тэрбээр ярьсан байна.
Өвчний тархалттай тэмцэхэд олгох хөрөнгө мөнгөний хувьд
Д.Трампын мэдэгдсэнээр, АНУ коронавирусний тархалттай тэмцэхэд хэдий хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай байна тэр хэмжээгээр нь гаргах бодолтой байгаа аж.
“Тархалттай тэмцэхэд хэдий хэмжээний мөнгө шаардлагатай байна төдий чинээг бид зарцуулах болно. Коронавирустэй тэмцэхэд 2.5 тэрбум ам.доллар гаргахыг бид Конгрессоос хүссэн. Бүгд Найрамдах намын зарим гишүүн энэ өвчний тархалттай тэмцэхэд 4 тэрбум ам.доллар олгохыг хүсэж байгаа бол Ардчилсан намын зарим гишүүний хувьд 8.5 тэрбум ам.доллар зарцуулахыг хүсэж байна” хэмээн Д.Трамп цохон тэмдэглэжээ.
“Коронавирусний тархалттай тэмцэхэд 2.5 тэрбум ам.долларыг хүссэн нь маш их хэмжээний мөнгө юм. Хууль тогтоогчид илүүг өгвөл бид илүү хүчин чармайлт гаргах болно. Өвчний тархалтыг хамгийн бага түвшинд байлгахын тулд маш сайн ажиллаж байгаа учир үүнд их мөнгө зарцуулах шаардлагагүй болно гэж найдаж байна” хэмээн тэрбээр мөн ярьсан байна.
Халдвар авсан хүмүүсийн биеийн байдал
“Нэг хүнийг эс тооцвол АНУ-д коронавирусээр халдварласан хүмүүсийн биеийн байдал сайн байгаа. Японоос ирсэн АНУ-ын зарим өвчтөнийг хөл хорионд оруулсан бөгөөд тэдний биеийн байдал ч мөн сайжирч байгаа” хэмээн Д.Трамп онцлон тэмдэглэжээ.
Үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах
“АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майкл Пенсийг эмч мэргэжилтнүүд болон коронавирустэй холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байгаа бусад хүнтэй хамтран ажиллана. Энэ чиглэлд Майкл Пенс тэргүүлэн ажиллах болно” хэмээн АНУ-ын Төрийн тэргүүн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Харин АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пенс мэдэгдэхдээ, Д.Трамп өмнө нь коронавирустэй тэмцэх тусгай бүлэг байгуулсан бөгөөд үүнд АНУ-ын засаг захиргааны төлөлөөгчид, халдварт өвчинтэй тэмцэх салбарт ажилладаг шинжээчид багтсан гэжээ.
“Бүлэг байгуулагдсан цагаасаа хойш өдөр бүр цугларч, орон нутгийн эрх баригчид, Конгрессын гишүүдтэй хамтран ажиллаж байгаа. Энэ бүлгийг нэгтгэж, ерөнхийлөгчид байж болох хамгийн сайн хувилбаруудыг танилцуулах нь миний үүрэг юм. Коронавирус дэгдэж эхэлсний дараа АНУ иргэдээ хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Иргэдийн хувьд коронавирус тархах аюул бага байгаа” хэмээн М.Пенс онцлон тэмдэглэжээ.
Хөдөлгөөнүүдийг хязгаарлах
Шаардлагатай тохиолдолд коронавирус дэгдсэн орнуудтай хийх хөдөлгөөнийг АНУ хязгаарлаж магадгүй хэмээн Д.Трамп хэлжээ. БНСУ, Итали болон коронавирус илэрсэн бусад орнуудтай хөдөлгөөнийг хязгаарлах боломжийг АНУ-ын Засаг захиргаа авч хэлэлцэж байгаа эсэх тухай сэтгүүлчийн асуултад тэрбээр ийнхүү хариулсан байна.
"БНСУ, Итали зэрэг коронавирусний тархалт өндөртэй байгаа орнуудаас ирж буй олон хүнийг бид шалгаж байгаа. Хятад улсын хувьд өвчтөнүүдийн тоо буурч байгаа нь маш сайн мэдээ юм. БНХАУ-аас ирсэн зарим иргэнийг улс орондоо нэвтрүүлэхээс АНУ татгалзсан. Хөл хорио тогтоох ажлыг зохион байгуулах олон боломж бидэнд бий” хэмээн тэрбээр ярьсан байна.
Эдийн засагт үзүүлэх нөлөө
“Коронавирусний дэгдэлт АНУ-ын эдийн засагт нөлөөлж байгаа хэдий ч эдийн засаг сэргэх болно. АНУ- д ажилгүйдлийн түвшин маш бага болох болно. Дотоодын нийт бүтээгдэхүүнд ямар өөрчлөлт гарсныг нарийн хэлэх боломжгүй хэдий ч коронавирус ДНБ-нд нөлөөлж байгаа” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн коронавирустэй холбоотой нөхцөл байдал Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх гол индексүүд унахад нөлөөлсөн гэдгийг Д.Трамп хүлээн зөвшөөрчээ.
Мөн АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн системийн бодлогыг Д.Трамп дахин шүүмжилсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ